| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/01144/И |
| Дугаар | 102/ШШ2019/01862 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2019/01862
| 2019 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2019/01862 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь орон сууцнуудын шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 86.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 132.000.000 төгрөгөөр үнэлсэн. Барьцааны 2 байр нь Хан-Уул дүүргийн 1, 11 дүгээр хороо буюу Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээч үл хөдлөхийн м.кв-ын үнийг нэг сая хүрэхгүй үнээр зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Иймд үл хөдлөхийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч НШШГГ-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 шатны шүүхийн шийдвэрээр Г.О-с 286.325.024 төгрөг гаргуулж О И ББСБ ХХК-д олгох, төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчийг удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Иймд барьцааны үл хөдлөхийг хурааж битүүмжилсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Г.О Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2 өрөө орон сууцыг 285.250.000 төгрөг, өмчлөгч Д.У үл хөдлөхийг 135.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үл хөдлөхийг төлбөр төлөгч Г.О 289.695.000 төгрөг, өмчлөгч Д.Ж 382.000.000 төгрөгөөр үнэлж, талуудын үнэлгээ зөрснөөр О. И ББСБ ХХК-иас үл хөдлөхийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаснаар манай байгууллага хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөхүүдийн зах зээлийн бодит үнийг тогтоолгосон. 2019 оны 3 сарын 27-ны өдрийн 4/7407, 7408, 7409, 7410 дугаартай албан бичгүүдээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн. Шинжээч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2 өрөө орон сууцыг 132.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувь буюу 92.400.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 3 өрөө орон сууцыг шинжээч 136.500.000 төгрөгөөр үнэлж, 70 хувь 95.550.000 төгрөгөөр тус тус тооцож анхны албадан дуудлага худалдааны доод үнэ тогтоосон. Төлбөр төлөгч албадан дуудлага худалдааны үнийг зөвшөөрөхгүй, үл хөдлөхийг өөрөө зарж борлуулах боломжтойгоо бичгээр мэдэгдэх ёстой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О И ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Үл хөдлөхийн үнэлгээний талаар саналын зөрүү гарсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөндлөнгийн шинжээч томилсон. Нэхэмжлэгч тал үл хөлдөхийн зах зээлийн үнэ ханшийг тодорхойлсон баримт гаргаж өгдөггүй. Албадан дуудлага худалдаагаар үл хөдлөхүүд зарагдаагүй, нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг хөндөгдсөн нь тодорхойгүй. Харин нэхэмжлэгчийн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүйгээс О И ББСБ ХХК хохирч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь 2 өрөө орон сууцнуудын шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь үнэлгээ хуулийн дагуу явагдсан гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5519 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 282 дугаар тогтоолын дагуу төлбөр төлөгч Г.О-с 286.325.024 төгрөгийг гаргуулан төлбөр авагч О И ББСБ ХХК-д олгох, уг үүргийг барьцааны хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллага Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхэлж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч төлбөрөөс төлөөгүй байна.
Хариуцагч байгууллага 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14250625/02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалагдсан хөрөнгө болох 3 өрөө орон хураан авч, төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нараас үнийн санал авчээ.
Төлбөр авагч нь өмчлөгчийн дээрх үнийн саналыг зөвшөөрөөгүй байх бөгөөд үнийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллага шинжээч томилж, орон сууцнуудын үнэлгээг тогтоолгосон, шинжээч тогтоосон үнийн талаар төлбөр төлөгч, барьцаалуулагч нарт хариуцагч байгууллага мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.
Дээрх ажиллагаануудыг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь барьцаалсан хөрөнгийн үнийн талаар өөр өөр саналтай, тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн шинжээчээр орон сууцны үнэлгээг тогтоолгожээ.
Шинжээч нь орон сууцуудыг өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар тус бүрчлэн үнэлсэн байх бөгөөд шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96 дугаар байрны 902 тоотод байрлах, Д.Ж-ны өмчлөлийн 82.77 м.кв талбайтай, орон сууцыг ижил байршилд байгаа орон сууцны зах зээлийн үнэтэй жишиж, жишиг үнийн аргаар 136.500.000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг ижил байршилд байсан орон сууцыг худалдан борлуулсан үнэтэй харьцуулж, зах зээлийн хандлагын аргаар үнийг 132.000.000 төгрөгөөр тус тус тодорхойлж, тогтоожээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар санал болгох доод үнэ тогтоогдох тул шинжээчийн тогтоосон үнэлгээг 30 хувиар бууруулахаар мэдэгдсэн хариуцагчийн мэдэгдэл хууль зөрчөөгүй байна.
Эдгээр орон сууц нь төлбөр төлөгчийн санал болгосон үнэ бүхий болох нь нотлогдоогүй, орон сууцнуудын зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь баримтаар нотлогдоогүй тул хэт бага үнэлсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан 2 өрөө орон сууцнуудын шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ