| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оюунчимэг,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ц-ын Х-т холбогдох 2334000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Х нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах Жульяа” гэх бааранд Б.Э-тай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Х нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах “Жульяа” гэх бааранд Б.Э-тай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2334000000032 хэрэгт авагдсан:
Хoxиpoгч Б.Э-ын “2022 оны 12 дугаар саpын 28-нaac 29-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад ........... дугаараас залгаад “Бааранд хүрээд ир” гэж хэлсэн би “Маргааш ажилтай амарч байна баар хаачихсан байгаа биз дээ” гээд утсаа тасалсан. Удалгүй дахин дахин залгаад байхаар нь утсаа авсан чинь “Бааранд байна зүгээр хүрээд ир” гээд байхаар нь хувцсаа өмсөөд 3 өнгөрч байхад Жулъяа бааранд очсон. Хаалга хаалттай дотроо сууж байсан би орсон чинь дотор Чанцал гэх эмэгтэй, Х гэх залуу эхнэрийн хaмт гypвyулаа 1 шил тал архитай сууж байсан...шахаад болохгүй болохоор нь 2 удаа өгсөн архийг уусан. Ууж байсан архи нь дуусаад явах гэсэн чинь Х “Дахиад нэг шил архи авъя ганц шил архинд 13 тоглоод хожигдсон архи авч өгье” гэхээр нь би “Би архи ууж хөзөр тоглох гэж ирээгүй. Би өглөө ажилтай нэмж уухгүй явлаа” гэж өөдөөс барьж байсан хөзрөө шидээд “Чамайг яасан ч яадгийн” гэж хэлээд нүүр хэсэгт цохисон. Ч босож ирээд салгахаар нь би босоод ......... гэсэн утсанд дуудлага өгсөн чинь чи муу цагдаа дууддаг хэн бэ гээд миний толгойн ар хэсэгт гараараа цохиод дээрээс дараад зодож эхэлсэн. Ч намайг зодсон залуугийн эхнэр салгаад байж байхад цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,
Гэрч Б.Ч-ын “02 цаг өнгөрч байхад Х Э ахын дугаарыг өгчих гээд байсан. Би шөнө болсон хойно хүн дуудаад яах нь уу гэж бодоод дугаарыг нь өгөхгүй байсан. Эхнэр Ү нь наадах чинь ганцаардаад байх шиг байна дугаарыг нь өгчих гэхээр нь би өгсөн. Э 3 цаг өнгөрч байхад ирээд бид хэд юм яриад сууж байгаад Ү-н хамтаар тооцоо бодохоор гарсан. Э, Х хоёр архинд тоглоод Э хожигдоод Х архиа авч өг гэж нэхээд Э би чамд өртэй өрөө өгч чадахгүй байхад юун нэг шил архи гээд нөгөөх нь нэхээд байхаар нь арга байхгүй нэг шил архи авч өгсөн. Э уурлаад чи одоо хар шөнө хүн дуудаж архи авхуулж хүн өрөнд хийх гэж дуудсан юм уу гээд уурласан чинь Хатанбаатар гартаа барьж байсан хөзрөө Э рүү шидээд зодолдоод эхэлсэн. Зөндөө цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Шүүгдэгч Ц.Х-ын “2022 оны 12 сарын 29-ний 02 цагийн үед Жулъяа баарыг хаасных нь дараа харихынхаа өмнө гээд Ч, Ү бид гурав 0,5 литрийн Чингэс нэртэй 1 шил архийг задлаад Жулъяа баар нь дотор уугаад сууж байгаад би Э руу залгаад "хүргээд өгчих" гээд залгасан. Тэгтэл удаагүй Э гадаа хар өнгийн автомашинтайгаа ирээд орж ирээд хамт архи уусан. Тэгж байтал Ү арын өрөөнд ороод унтаад өгөхөөр нь ахиад 0,5 литрийн Чингэс нэртэй 1 шил архи аваад задлаад хувааж уунгаа Э бид хоёр 13 хөзөр тоглоод надад хожигдохоор нь би юмаа авахгүй юм уу? Гэтэл Э намайг чи ямар архичин пизда вэ? Гэхээр нь би уурлаад баруун завж хэсэг рүү нь гараараа 1 удаа цохитол эерүүлээд намайг 1 удаа шанаадсан. Тэгээд Ч цагдаа дуудаад бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надаас эмчилгээний зардал гэж мөнгө нэхэмжлээгүй учраас төлөөгүй. Э бид 2 эвлэрчхээд санал гомдолгүй, бэртэл гэмтэл учраагүйн улмаас шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний утас руу залгасныг нь анзаараагүй байна лээ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б. Баяртогтохын гаргасан 2023 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн №803 дугаартай шинжээчийн: “1. Б.Э-ын биед баруун дээд 1-р шүдний сулрал, доод уруулд шарх, дээд, доод уруулд цус хуралт, уруул, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Х нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Ц.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг,
Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирлын баримт хэрэгт авагдаагүй бөгөөд 2 өдрийн тээвэрт явж авах ёстой байсан 1.300.000 төгрөгийн цалингаа нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хохирогч Б.Э-ын 2 хоногийн авах ёстой байсан 1.300.000 төгрөгийн хохирлын талаарх компанийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх хуулга, уг цалинг өмнө нь авч байсан гэдгийг нотлох татвар төлөлтийн баримт хэрэгт ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж 2 хоногийн цалин 1.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2334000000032 дугаартай хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт Ц-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г овогт Ц-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ц.Х-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дорнод аймгийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Хохирогч Б.Э нь 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн 2334000000032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч
Ц.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ