Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/01872

 

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/01872

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: МК ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Д-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2.450.000 төгрөг гаргуулж, Э А С Э ХХК-д ажиллахгүй байхыг даалгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МК ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.Д МКХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, судлаачийн албан тушаалд ажилд орсон. 2018 оны 7 дугаар сарын 30-ын өдөр МК ХХК, П Э А М Ч ТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-д судалгааны ажил хариуцах ажилтан МК ХХК-иас Э.Дбайхыг дурдсан. Э.Дгэрээт төслийн ажил хариуцаж ажиллаж байсан. 2018 оны 9 сард Э.Дбие өвдлөө гээд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авч, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цалингаа авч алга болсон. Э.Дг ажилдаа ирэхгүй 2 сар болсны дараа түүнийг өрсөлдөгч компани Э А С Э ХХК-д ажилд орсныг фэйсбүүкээс мэдсэн. Нэхэмжлэгч шүүхэд 2 шаардлага гаргасан. Нэг дэх шаардлага нь 2.450.000 төгрөг гаргуулах тухайд 2018 оны 7 дугаар сарын 30-наас 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Э.Д судалгааны ажил хариуцаж дуусгах үүрэгтэй байсан ч ажлаа дуусгахгүйгээр явсан. Нэхэмжлэгч тал захиалагчид гэрээнд заасан хугацаанд ажил хүлээлгэж өгөх ёстой учраас Хууль зүйн сургуулийн багштай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлснээр 1.500.000 төгрөгийн зардал гарсан. Хэрэв Э.Дажилдаа хариуцлагатай хандаж, заасан хугацаанд ажил дууссан бол зардал гарахгүй байсан. Э.Д ажлыг 2 сарын хугацаанд хийх ёстой байсан. Гэтэл ажлаа хийхгүйгээр орхиж явсан тул цалин гэж олгосон 950.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн. Э.Дг өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байлгахыг даалгах 2 дахь шаардлагын тухайд хөдөлмөрийн гэрээний 7.1.25-д 2-оос доошгүй сарын өмнө ажлаас гарах тухай мэдэгдэж, гэрээний 7.1.27-д хөдөлмөрийн гэрээ цуцалснаас хойш 6 сарын дотор өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байх үүрэг хүлээхийг тус тус заасан. Э.Дэнэ 2 үүргийг биелүүлээгүй. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг өрсөлдөгч гэж тодорхойлсон. Э А С Э ХХК-ийг МКХХК-ийн өрсөлдөгч байгууллага болохыг нотолсон тендерийн гэрээг нотлох баримтаар өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Дгийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр Э.Д МКХХК-ийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй. 2 талыг мэдээллээр хангасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн МКХХК-д хохирол учруулсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Э.Д2018 оны 9 сараас ажлаас гарах өргөдлөө МКХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд мэйл хаягаар болон утсаар мэдэгдэж байсан. Э.Д 2018 оны 10 дугаар сард ажлаасаа гарч, 10 дугаар сард сайн дураараа нийгмийн даатгал төлсөн. Нэхэмжлэгч тал Үндсэн хуульд заасан хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МКХХК нь хариуцагч Э.Дд холбогдуулан 2.450.000 төгрөг гаргуулж, Э А С Э ХХК-д ажиллахгүй байхыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь урьдчилж мэдэгдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч Э.Д нь нэхэмжлэгч МКХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, судлаач албан тушаалд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажиллажээ.

            Нэхэмжлэгч МКХХК нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилт, инновацийн судалгаа хийх, зах зээл, маркетингийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа эрхлэн явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бусад байгууллагатай байгуулсан гэрээ зэргээр, хариуцагч Э.Дгийн одоо ажиллаж байгаа Э А С Э ХХК нь зах зээлийн судалгаа, нийгмийн шинжлэх ухаан, хүний хөгжлийн чиглэлийн судалгаа зэрэг үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, нэхэмжлэгч байгууллагатай тендерт оролцож байсан болох нь хэрэгт авагдсан албан бичгийн хуулбар зэргээр тус тус нотлогдлоо.

            Хариуцагч нь Э А С Э ХХК-д 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж байна .

Нэхэмжлэгч нь Э.Дг хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.25-т ажлаас гарах тухай ажил олгогчид 2-оос доошгүй сарын өмнө мэдэгдэнэ, 7.1.27-д хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш 6 сарын хугацаанд өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байх үүргийг хүлээнэ гэж заасныг тус тус зөрчсөн тул өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байхыг даалгаж, хариуцсан төслийн ажлаа дуусаагүйн улмаас судлаач хөлсөлсөн зардал 1.500.000 төгрөг, 9 дүгээр сарын цалин 950.000 төгрөг, нийт 2.450.000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч компанийн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1.27-д заасан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш 6 сарын хугацаанд өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байх үүргийг хүлээнэ гэсэн зохицуулалт нь иргэний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох үндсэн эрх, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь хязгаарлахыг хориглох тухай хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1.27 дахь заалт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх тул энэхүү заалтыг баримтлан өрсөлдөгч байгууллагад ажиллахгүй байхыг даалгахаар шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

Хүн хөдөлмөрлөснийхөө төлөө цалин хөлс авах эрхтэй бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээндээ цалингийн хэмжээг, хэрхэн олгох талаараа тохиролцсон байна. Хөдөлмөрийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр тул ажиллаагүй хугацааны цалин хөлс олгосон бол буцаан шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч Э.Дд 9 дүгээр сарын цалинг бүхэлд нь олгосон бөгөөд ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж буцаан шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцэхгүй байна.

Зохигчдын тайлбараар Э.Днь 2018 оны 9 дүгээр сарын 25-ныг дуустал хугацаанд ажилласан байх бөгөөд 9 дүгээр сарын цалинд 950.000 төгрөг бодогдож гарт нь нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгагдсан цалин олгогдсон болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. 2018 оны 9 дүгээр сар нь ажлын 20 хоногтой байх ба Э.Днь ажлын 17 хоног ажилласан байх тул тухайн сарын цалинг бүхэлд нь болон гарт олгогдоогүй дүнгээр цалин шаардах үндэслэлгүй байна. Харин ажиллаагүй хугацаа буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-28-ны өдөр хүртэл 3 хоногийн цалин шаардах эрхтэй байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хугацааг нэхэмжлэгч нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандаж, хэтрүүлсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр 2018 оны 9 дүгээр сарын цалин хөлс 950.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Э.Днь ажил үүргээ гүйцэтгээгүй орхиж явснаас болж хугацаа дуусч байсан төслийн ажлын судалгааг гаднаас судлаач гэрээгээр ажиллуулж дуусгасан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирлоо арилгуулахаар шаардаж байгаа гэж нэхэмжлэгч тал тайлбарлав.

Нэхэмжлэгч МКХХК нь санхүүгийн Зохицуулах хороотой 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын мөнгө угаах эрсдлийг үнэлэх түүвэр судалгаа-ны ажил хийхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Уг ажлын хугацаа нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хуанлийн 22 хоногийн хугацаатай бөгөөд 10.000.000 төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Мөн МКХХК нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр П Э А М Ч ГҮТТБ-тай Монгол улсын төслийн удирдлага, тус салбарын хөгжил, нөхцөл байдлын нэгдсэн судалгааны ажил-ыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал буюу ажлын 39 хоногт гүйцэтгэхээр 5.000.000 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т ажлын дотоод болон гадаад үйл ажиллагааны талаар хоёр талын төслийн менежер, захирлууд ижил тэнцүү мэдээллээр хангагдана. Энэхүү мэдээллээр хангах ажлыг МКХХК-наас төлсийн зохицуулагч Э.Дхариуцах бол .... нар хариуцна гэж заажээ.

Эдгээр гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр судлаач Н.Норовсамбуутай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор судалгааны ажлыг хүлээн авах, ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож, улмаар энэхүү хөлсийг төлсөн баримт хэрэгт авагдсан байна.

Дээрх судалгааны ажлуудыг ажилтан Э.Д ганцаар хариуцан гүйцэтгэж байсан талаар баримт байхгүй, хэдийгээр Э.Дтухайн судалгааны ажлууд дээр ажиллаж байсан, хугацаа хэтэрсэн, дуусаагүй гэж өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарласан боловч түүнийг дангаар энэ ажлыг хариуцаж байсан, нэмэлт судлаач ажиллуулсан нь хариуцагч Э.Дгийн буруутай үйлдлээс болсон гэж дүгнэх боломжгүй байх тул судлаачийн хөлсөнд төлсөн 1.500.000 төгрөгийн зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан 2.450.000 төгрөг гаргуулж, Э А С Э ХХК-д ажиллахгүй байхыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 227 дугаар зүйлийн 227.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Дгоос 2.450.000 төгрөг гаргуулж, Э А С Э ХХК-д ажиллахгүй байлгахыг даалгах тухай нэхэмжлэгч МКХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 124.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ