Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2017/02275/И |
Дугаар | 001/ХТ2021/01415 |
Огноо | 2021-11-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2021/01415
2021 11 17 001/ХТ2021/01415
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02438 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 540 дүгээр магадлалтай,
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“............” ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “............” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг “............” ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Содномын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” компани “............” ХХК-тай 2016.06.27-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “............” компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо 40, 50 мянгатын 45-1 тоотод байрлах 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 490 000 000 төгрөгөөр “............” ХХК-д худалдаж, “............” ХХК нь 2012 оны XCMG маркийн 1876 УБ улсын дугаартай авто буулгагч, 2010 оны NORDBENZ маркийн 4255 УНМ улсьн дугаартай өөрөө буулгагч ачааны автомашинуудыг нийт 130,000,000 төгрөгөөр бартерт, үлдэх 360,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс “............” ХХК нь 2016.09.08-ны өдөр 260,000,000 төгрөг, 2016.09.09-ний өдөр 19,500,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлснээр нийт 279,500,000 төгрөгийг төлсөн. Гэрээнээс өмнө өгсөн 10,000,000 төгрөгийг ямар учраас шилжүүлсэн нь тодорхойгүй байдаг. Мөн Энхжаргал нь компанийн гүйцэтгэх албан тушаалтан биш байхад түүний дансаар шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж “............” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн. Гэвч “............” ХХК нь 1876 УБ улсын дугаартай авто буулгагчийн бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгсөн боловч уг авто буулгагч /ковш/-ийг биет байдлаар нь хүлээлгэн өгөөгүй. Улмаар эдгээр өөрөө буулгагч ачааны машин болон ковшийг бусдад худалдан борлуулсан байсныг нь гэрээ байгуулсныхаа дараа олж мэдсэн. Ийнхүү “............” ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх хугацаа олгосоор байхад ямар ч үр дүн гарахгүй байсан учир 2017.05.03, 04-ний өдрүүдэд гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийг “............” ХХК нь хүлээн авсан боловч ямар ч үр дүн гараагүй. “............” ХХК-ийн захирал Н.Баяржавхлангийн дээрх үйлдэл нь залилан мэхэлсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй учир бид 2017.05.09-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Цагдаагийн хэлтэст “............” ХХК-ийн захирал Н.Баяржавхлан нь автомашин, төлбөрийг удахгүй барагдуулна гэсэн тайлбарыг өгсөн учир Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. 2016.06 дугаар сараас хойш жил гаруй хугацаанд “............” ХХК-аас ачааны машин болон ковш, үлдэгдэл төлбөрөө гаргуулан авах гэхэд Н.Баяржавхлан нь худал хэлэн, хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрлээ. Одоогийн байдлаар манай компани үл хөдлөх хөрөнгө ч үгүй, гэрээний төлбөрт авах автомашин, техник, мөнгө ч үгүй болоод байна. Мөн “............” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй атлаа 2016.06 дугаар сард худалдах, худалдан авах гэрээгээр худалдан борлуулахаар харилцан тохиролцоогүй манай компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар өргөтгөлд үйл ажиллагаа явуулан “............” ХХК нь хууль бусаар эзэмшиж, ашигласаар өнөөдрийг хүрсэн. Манайх өмнө нь өргөтгөлийг 60 м.кв талбайтай гэж бодож нэхэмжилсэн ч саяхан Барилгын зураг төслийн Алтан дуулга хаус ХХК-ийн гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Найман шарга ХҮТ-ийн 17/20 тоот “............” ХХК-ийн барилгын өргөтгөл, цайны газрын ажлын зургийг олж авснаар талбайг нь 92,07 м.кв гэж мэдсэн. 2016.06.27-ны өдөр “............” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа зөвхөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, 40,50 мянгатын 45-01 тоот хаягт байрлалтай 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай ............дугаарт бүртгэлтэй объектыг худалдахаар тохиролцсон. Гэтэл “............” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны зээлээр барьсан 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектыг ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр манай өмч гэж маргаж өнөөдрийг хүртэл эмийн сан, оёдлын газарт түрээслүүлэн ашиг олж байна. Иймд “............” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь “............” ХХК нд ашиггүй болсон тул Иргэний хуулийн 225.3-т зааснаар 2016.06.27-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “............” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг “............” ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, “............ ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХХК-тай нэг байранд өөрсдийн тус тусын эзэмшлийн объектод үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2016.04 дүгээр сараас эхлэн “............” ХХК-ийн үүсгэн байгуулагчид гэх З.Энхтуяа, З.Энхжаргал нар нь манай компани Худалдаа хөгжлийн банкинд 100,000,000 төгрөгийн зээлтэй, зээл нэхэгдээд хэцүү байгаа учраас караоке худалдах гэсэн юм, караокег худалдаад авчих, ашиг орлого ихтэй, тэгээд ч нэг байранд байдаг юм чинь өргөтгөлд нь ажлын өрөөгөө хийчих боломжтой, бид нар даан ч зээлээ төлж чадахгүй балраад байна гэх мэтээр байн байн гуйх болсон. “............” ХХК-ийн караоке явуулж буй объектыг үзэхэд дээвэр тал нь цоорхой, ус гоождог, шарлаж мөөгөнцөртсөн нуралт үүссэн байсан. Ийм байрыг авахгүй гэхэд, бид нар засварлаад өгнө, засварын мөнгийг урьдчилаад гаргачих, засаад өгнө, ашигтай шүү, бүр болохгүй бол ажиллуулахад чинь тусална гэж надад итгэл төрүүлсэн. Тэд засварт өгсөн мөнгийг чинь объектыг худалдан авах төлбөр 490,000,000 төгрөгөөс чинь хасаад тооцно. Мөн тус мөнгөний тодорхой хэсэгт хоёр машин оролцуулан авахад татгалзах зүйлгүй гэсэн. Ингээд 2016.06.27-ны өдөр “............” ХХК-ийг төлөөлж захирал З.Энхтуяа, үүсгэн байгуулагч З.Энхжаргал, Ц.Содном нар, “............” ХХК-ийг төлөөлж Н.Баяржавхлан нар оролцон Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь худалдагч тал “............” ХХК нь Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 40, 50 мянгат /15171/ хороолол жуулчны гудамж, 45-1 тоотод байрлалтай 204,28 м.кв үйлчилгээний зориулалттай ............дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн ............ тоот гэрчилгээтэй Үл хөдлөх хөрөнгийг 490,000,000 төгрөгөөр “............” ХХК-д худалдахаар тохиролцон доорх нөхцлөөр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөр болох 130,000,000 төгрөгт “............” ХХК-ийн захирал Н.Баяржавхлангийн ХСМG маркийн УБ1876 улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн шинэвтэр авто буулгагч, УНЧ 3443 улсын дугаартай ТОҮОТО САМRҮ маркийн 2007 оны машин зэргийг “............” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж үлдэгдэл 360,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Манай “............” ХХК нь гэрээний дагуу УБ 18-76 улсын дугаартай авто ачигчийг “............” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ц.Содномын нэр дээр албан ёсоор шилжүүлсэн. Харин УНЧ 34-43 улсын дугаартай суудлын машиныг шилжүүлээгүй байгаа учир нь бидний дунд тохирсон яриа байгаа. “............” ХХК хэлсэн ёсоороо гэрээ байгуулахаас өмнө буюу 2016.06.08-ны өдрөөс эхлэн дараах байдлаар төлбөрийг төлж эхэлсэн. 2016.06.08-ны өдөр 3,000,000 төгрөгийг /бэлэн мөнгөний баримт байгаа/ “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргал, Содном нарт, 2016.06.08-ны өдөр 2,900,000 төгрөгийг “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалын 5024210459 дансанд, 2016.06.08-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар 2,000,000 төгрөгийг “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2016.06.18-ны өдөр 2,100,000 төгрөг 5029530020 /андуурч хийгээд Эрдэнэ-Очироос Ц.Содном, З.Энхжаргал хоёр очиж авсан/-д, 2016.06.27-ны өдөр гэрээ хийсний дараа 22,000,000 төгрөгийг З.Энхжаргал, Ц.Содном хоёрт, 2016.07.06-ны өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2016.09.05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн татвар болох 6,000,000 төгрөгийг /Чингэлтэй дүүргийн үл хөдлөхийн гадаа миний бие болон Ц.Моломжамцын хамт байсан/ “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Содном, З.Энхжаргал нарт, 2016.08.05-ны өдөр 500,000 төгрөгийг 500726930 дансаар “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2016.09.09-ний өдөр дулааны төлбөрт өртэй байсан 747,790 төгрөгийг “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяа, Ц.Содном, З.Энхжаргал нар, 2016.09.09-ний өдөр гэрээ болон нотариатын зардал бусад зардалд 252,210 төгрөгийг З.Энхтуяа, З.Энхжаргал, Ц.Содном нарт, 2016.09.09-ний өдөр 19,500,000 төгрөгийг “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяагийн 5011207828 тоот дансанд, 2016.09.09-ний өдөр “............” ХХК-ийн 5020614896 тоот данснаас 260,000,000 төгрөгийг “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх З.Энхтуяагийн 5011207882 тоот дансанд, 2016.09.19-ний өдөр /............ 5024210459/ 8,000,000 төгрөгийг “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2016.09.26-ны өдөр 300,000 төгрөг “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяад манай тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд авсан/ 2016.11.30-ны өдөр 5014249183 дансаар 5,000,000 төгрөгийг “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх Ц.Содном, З.Чимгээгийн дансанд хийлгэсэн, 2016.12.22-ны өдөр 20,000,000 төгрөг “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2017.01.11-ний өдөр 500,000 төгрөгийг 5024210459 “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 200,000 төгрөгийг Моломжамцаас “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 500,000 төгрөгийг Гантулгаар өгүүлсэн. “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 300,000 төгрөгийг Моломжамцаас “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2017.03.13-ны өдөр 1,200,000 төгрөгийг /5024210459/ “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, 2017.03.22-ны өдөр 1,000,000 төгрөгийг /5024210459/ “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхжаргалд, Цахилгааны гэрээ авч өгөхөд 1,500,000 төгрөгийг тус тус өгч нийт 360,500,000 төгрөгийн төлбөр биет байдлаар хийгдсэн. Банкнаас 2016.09.05-ны өдөр 300,000,000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгох, газрын гэрчилгээ байхгүй байгаа тул 40,000,000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсны дараа олгох шийдвэр гарсан. Бид “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч З.Энхтуяа, Ц.Содном, З.Энхжаргал нарт энэ тухай танилцуулсан, тэд ч газрын бичгээ гаргаж өгнө, энэ мөнгөө авч байя гээд зээлээ авах болоход “............” ХХК-ийн үүсгэн байгуулагчид бид мөнгө байхгүй чи мөнгө зээлээд тус үл хөдлөх хөрөнгийг суллаад өгөөч бидэнд мөнгө зээлэх хүн байхгүй гэж хүссэний дагуу би 100,000,000 төгрөгийг Г.Өнөрбатаас зээлж, Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан тооцооны төв рүү З.Энхжаргал, З.Энхтуяа, Ц.Содном нарын хамт явж тус үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлүүлсэн. 2016.09.09-ний өдөр бид караокег хүлээж аваад дотор нь мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвлөмжийн дагуу хана, шал, тааз гал тогооны өрөө бүгдэд нь засвар хийсэн. “............” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Содном нь бид одоо ямар нэгэн бизнес байхгүй хоолны мөнгөө олох хэрэгтэй байна. Танайх одоохондоо зөвшөөрөл чинь гараагүй байгаа юм чинь түр хугацаагаар түрээслээч гэсэн санал тавьсан. Караокег тусгай зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгж ажиллуулах ёстой. Тухайн үед энэ зөвшөөрлийг түр хугацаагаар хаасан байсан учир 2016.09.15-ны өдрөөс эхлэн “............” ХХК-д түрээсэлсэн. Түрээсийн гэрээг “............” ХХК-ийн захирал З.Энхтуяа, Н.Баяржавхлан хоёрын дунд байгуулсан. Гэтэл байгууллагын санхүүгийн мэргэжилтний зүгээс энэ объектод караоке, баарын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж явуулах ёстой хувь хүнд тийм эрх байхгүй цаашлаад мэргэжлийн хяаналтын байгууллага хүртэл энэ үйл ажиллагааг явуулахыг хориглодог тул гэрээг “............” ХХК-тай хийх ёстой гэсэн. Ингээд тэр өдрөө З.Энхтуяатай дахин уулзаж “............” ХХК-тай дахин түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөр болох 2,200,000 төгрөгийг сар сард нь төлж байхаар тохиролцсон. Сарын дараа эхний түрээсийн төлбөр болох 2,200,000 төгрөгийг “............” ХХК нь төлсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа “............” ХХК-ийн захирал З.Энхтуяа манай байгууллага дээр ирээд нөгөө түрээсийн гэрээ чинь хэрэг болоод байна. Би гэрээгээ олохгүй байна. Ц.Содномд үзүүлчихээд эргээд аваад ирнэ гэж авч яваад ирээгүй. Дараа сарын түрээсийн төлбөр төлөх хугацаа өнгөрөхөөр нь төлбөрөө гэрээгээ нэхэхэд би түрээсээ одоохон өгнө, дансаа өгчих, одоохондоо бэлэн мөнгө алга удахгүй мөнгөтэй болохоор гэрээтэй чинь хамт аваад очно гэж хэлчихээд түүнээс хойш таг чиг болсон. Харин сүүлдээ төлбөр төлөх талаар шаардахад та нар манайхыг мэхэлсэн гэж хэлээд цагдаад өгч шалгуулж, маргаан үүсгэн цаг хожих болсон. Цагдаа уг асуудлыг эрүүгийн хэрэг биш гээд татгалзаж хаасан. “............” ХХК нь одоогийн байдлаар 24,500,000 төгрөгийн түрээсийн өртэй. Газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд одоог хүртэл манай байрыг суллаж өгдөггүй, танайхыг шүүхэд өгсөн гэж хэлчихээд үйл ажиллагаа явуулсаар байгаа. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа нэхэмжлэгч нотлох ёстой. Энэ объект бол биднийг худалдах-худалдан авах гэрээ хийж байх үед хамт яригдсан зүйл юм. Нотариатч гэрчээр мэдүүлэг өгөхдөө Энэ өргөтгөл газрын болон Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй учраас 2 удаа буцаасан гэж ярьсан. ............ны судалгаанд ч орсон байдаг. Өргөтгөлийг бариад гоё болгосны дараа нэхэмжлэгч өөрийн өмч гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 225.4-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй байна. УндрамОд ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь манай байгууллагаар 100,000,000 төгрөгийн зээлээ хаалгачихаад, мөн 360,000,000 төгрөгийн зээл авахуулж өчнөөн төгрөгийн хүү төлүүлчихээд, 360,500,000 төгрөг төлбөрт авчихаад иж бүрэн засвар хийлгэчихээд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болсны дараа урьд хийсэн гэрээнээсээ татгалзаж байгаа нь үнэхээр бусармаг үйлдэл юм.Иймд “............” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “............” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХХК-ийн зүгээс “............” ХХК нь “............” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг худалдан авахад зориулж 2016.09.08-ны өдөр Чингэлтэй төвлөрсөн тооцооны төв буюу тухайн зээл олгох үед баруун дөрвөн зам бизнес төвөөс 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 23,4%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, эхний 3 сард хүү, үлдсэн саруудад сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй хэсэгчлэн олгохоор шийдвэрлэсэн. 2016.09.08-ны өдрийн БГҮ/201642700876 дугаартай барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн ............дугаар бүхий худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд тухайн объектыг эзэмших эрх бүхий газрын гэрчилгээ гарсны дараа нөхөж барьцаалахаар зээлийн хорооны шийдвэрт заасан бөгөөд эхний ээлжинд 260,000,000 төгрөгийн олголт хийсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй эзэмших эрх бүхий газрын гэрчилгээг банкинд нэмж барьцаалаагүй байгаа тул зээлийн үлдэгдэл болох 40,000,000 төгрөгийг зээлийн олголт хийгдээгүй байгаа болно гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02438 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ............ ХХК-ийн хариуцагч ............ ХХК-д холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ............ ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг............ ХХК-д даалгах, өргөтгөлийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектын /өргөтгөлийн/ өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 818 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 540 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 818 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Содном хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “Худалдан авагч /”............” ХХК/ нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 490,000,000 төгрөгнөөс нийт 405,900,000 төгрөгийг худалдагч /“............” ХХК/-д төлсөн /325,900,000 төгрөгийг бэлнээр болон дансаар, 80,000,000 төгрөгийн үнэ бүхий авто ачигчийг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын нэр дээр шилжүүлж/ үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэсэн үндэслэлгүй байна. “............” ХХК нь худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд З.Энхжаргалд 2016.06.08-3,000,000төгрөг, 2016.06.08-2,900,000 төгрөг, 2016.06.08-2,000,000 төгрөг, 2016.06.18-нд 2,100,000 нийт 10,000,000 төгрөгийг өгсөн байдаг. З.Энхжаргал шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ тус мөнгийг надад гэрээ байгуулсны урамшуулал гэж тусад нь өгсөн гэж мэдүүлдэг. /хх 247-249 дэх тал/ Шүүх З.Энхжаргалын авсан дээрх мөнгийг худалдах худалдан авах гэрээний төлбөрт оруулан тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40,50 мянгатын 45-1 тоотын баруун талд залгаа баригдсан 2 давхар 92,07 м.кв талбай бүхий үйлчилгээний объектыг худалдсан мэтээ буруу дүгнэсэн. 2016.06 сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний зүйл нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/ хороолол, Жуулчны гудамж 45/1 тоот хаягт байрлалтай, 204.28 м.кв, үйлчилгээний зориулалттай, ............дугаарт бүртгэлтэй, ............ тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө юм. Тус объекттой залгаа баригдсан 92,07 м.кв талбай бүхий объектыг худалдах тохиролцоо гэрээнд огт тусгагдаагүйн зэрэгцээ, ийм тохиролцоо огт байгаагүй талаар гэрч З.Энхжаргал, З.Энхтуяа нарын мэдүүлэг байгаа болно. “...............ны зээлийн судалгаанд хамрагдаж байсан нь талуудын тайлбар, гэрч С.Буяннэмэх, Г.Энхмаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна” гэсэн нь үндэслэлгүй. Зээлийн судалгаанд хамрагдаж байсан гэх мэдүүлэг нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний тохиролцоог нотлохгүй, хамааралгүй болно. Мөн шүүх “...нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч “............” ХХК-д өргөтгөлийн хэсгийг ашигласны түрээсийн төлбөр төлж байсан баримт, гэрч Г.Энхмаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна” гэсэн үндэслэлгүй байна. Манай компани өргөтгөлийн хэсгийг ашиглаж түрээсийн төлбөр “............” ХХК-д огт төлж байгаагүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрч З.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг, түрээсийн төлбөрийн маргаан нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох үндсэн объект 204.28 м.кв-ийн маргаан болно. Шүүх гэрчийн мэдүүлэг, талуудын маргааны үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Мөн шүүх өргөтгөлийг “............” ХХК-ийн өмч гэж маргаж байгаа боловч-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 38.6-д зааснаар нотлоогүй гэсэн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тус объектын эскиз зураг, баригдаж байх үеийн фото зураг зэрэг баримтуудыг гарган өгсөн болно. Харин хариуцагч нь объектыг 92.7 м.кв объектыг буулгаад өөрсдийн зардлаар барьсан гэдэг боловч хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “Тэргүүн жинст” ХХК-иар 12,600,000төгрөг барилгын шугам сүлжээ ажлыг хийлгэсэн баримтаар нотлогддог. Мөн хариуцагч нь 92.7 м.кв объектыг худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон эсхүл бид өөрсдийн зардлаар барьсан гэдэг 2 өөр тайлбар гаргадгыг шүүх анхааралдаа авна уу. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.-1, 109.2-т заасан шаардлага хангасан хэлцэл хийсэн байх ёстой байдаг. Бидний хооронд дээрх хуулийн шаардлагыг хангасан хэлцэл байгуулагдаагүй шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Иймд шийдвэр, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 40, 50 мянгатын 45-1 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцааж шилжүүлэх, уг барилгын баруун талд залгаа баригдсан 2 давхар, 92.07 м.кв талбай бүхий үйлчилгээний өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, уг өргөтгөлийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Талуудын хооронд 2016.06.27-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “............” ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Жуулчны гудамж, 45/01 тоот хаягт оршин байрлах, 204.28 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “............” ХХК-д 490,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 130,000,000 төгрөгт тооцон 18-76 УБ улсын дугаартай авто ачигч, 34-43 УНЧ улсын дугаартай Тоёото камери маркийн автомашиныг шилжүүлэх, үлдэх 360,000,000 төгрөгийг зээл авч төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Талууд барилгын өргөтгөл нь худалдсан эд хөрөнгөд хамаарах эсэх, 80,000,000 төгрөгт тооцон өгсөн машины өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн эсэх, З.Энхжаргалд өгсөн 10,000,000 төгрөг гэрээний төлбөрт хамаарах эсэх, гэрээнээс татгалзах үндэслэл байгаа эсэх талаар маргасан, шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон хийгээд гэрээний дагуу нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө, түүний өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 325,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 80,000,000 төгрөгт тооцон автоачигч нийт 405,900,000 төгрөгийг төлсөн, барилгын өргөтгөл нь барилгын хамт анхнаасаа гэрээний зүйл байсан, хариуцагч үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэгдсэн, хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй бөгөөд хариуцагч нь 490,000,000 төгрөг төлөхөөс 405,900,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй шалтгаан нь өргөтгөлийн маргаан болон уг газрын гэрчилгээ гараагүйтэй холбоотой нөхцөл байдалд шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй байна. Хариуцагч нь “............” ХХК-ийн хувьцаа эзэмшигч З.Энхтуяа, З.Энхжаргал нарын дансанд эд хөрөнгийн үнийг шилжүүлсэн ба үүнээс 10,000,000 төгрөгийг З.Энхжаргалд урамшуулалд өгсөн, төлбөрт хамаарахгүй гэх байдал нотлогдоогүй, энэ талаарх татгалзал, гомдлоо нэхэмжлэгч нотлоогүй байна.
Гэрээнд ...204.28 м.кв, үйлчилгээний зориулалттай, ............дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн, ............ тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг худалдахаар тусгасан боловч уг хөрөнгөд залгаа, өргөтгөл баригдсан байсан, гэрээг байгуулах үед өргөтгөлийн гэрчилгээ байхгүйн улмаас нотариатч татгалзаж байсан, гэрээний үнэ, эд хөрөнгийг байгаа байдлаар нь хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтаас үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийг өргөтгөлийн хамт худалдсан, энэ талаар шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Гэрч Н.Болормаа, З.Энхжаргал, Ц.Моломжамц нарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь автоачигчийг бусдад захиран зарцуулсан нь тогтоогдсон, эд хөрөнгийг хүлээж аваагүй гэх гомдол үндэслэлгүй байв. /1хх-7,28-48, 247-249, 2хх-167-168/
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02438 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 540 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 2,818,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР