Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Өын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Я

 

Нэхэмжлэгч: Ж.Ө

Хариуцагч: Монгол Улсын Шадар сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1885,  2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2251 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, тус тогтоолоор Албанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилуулахаар санал болгосон Ж.Өыг тухайн албан тушаалд томилохыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс буюу нэр дэвшигч Ж.Өыг хуульд заасан хугацаанд томилоогүй хууль бус үйлдлээс үүдэн гарсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0018 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Ө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0038/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Өаас Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1885, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2251 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, тус тогтоолоор Албанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилуулахаар санал болгосон Ж.Өыг тухайн албан тушаалд томилохыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс буюу нэр дэвшигч Ж.Өыг хуульд заасан хугацаанд томилоогүй хууль бус үйлдлээс үүдэн гарсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0018 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 27 дугаар зүйлийн 27.3, 33 дугаар зүйлийн 33.12, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Өын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1885, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2251 дүгээр татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, тус тогтоолоор Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилуулахаар санал болгосон Ж.Өыг тухайн албан тушаалд томилохыг хариуцагч Монгол Улсын Шадар сайдад даалгаж, үлдэх хэсэг болох “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс буюу нэр дэвшигч Ж.Өыг хуульд заасан хугацаанд томилоогүй хууль бус үйлдлээс үүдэн гарсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Я дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал, нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн буюу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102 дугаар тогтоолын 1-р хавсралтад заасан “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн захирагчийн ажлын албан тушаалын тодорхойлолт, түүний 3-р хэсэг Албан тушаалд тавигдах тусгай шаардлага “Ур чадвар”-ын хэсгийн бусад нөхцөлд тусгасан “Англи болон орос хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах гэсэн тусгай шаардлагыг хангасан эсэх талаар нэхэмжлэгч нотлоогүй. Гадаад хэлний мэдлэгийг үнэлэх мэдээлэл анкетад тусгагдаагүй байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.10-т заасан тусгай шаардлагыг хангаагүй тул нэр дэвшигчийг томилохоос татгалзсан Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Түүнтэй холбоотой татгалзсан шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч талд харилцаа холбооны техник хэрэгсэл /Viber/-ээр мэдэгдсэн ба нэхэмжлэгч талаас татгалзалтай холбоотой гомдол гаргаагүй болох нь тогтоогдсон.

3.2. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тогтоол шийдвэр хүргүүлэх тухай албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. Тус албан бичиг нь Ж.Өыг ажил албан тушаалд нь томилох, хуульд заасан арга хэмжээг авна уу гэх агуулгатай. Үүний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-2/215 дугаартай албан бичгээр Ж.Өыг тус албан тушаалд томилох боломжгүй буюу гадаад хэлний мэдлэгийн шаардлагыг хангахгүй байгаа тухай мэдэгдлийг “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.6-д заасны дагуу албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Нэхэмжлэгч тал маргааны гол зүйл болох албан тушаалын тусгай шаардлагын гадаад хэлний мэдлэгийг тогтоох, тогтоосон тухай холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй түүнийгээ нотолж чадаагүй байгааг үнэлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0018 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.Өаас Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/188, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2251 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, тус тогтоолоор Албанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилуулахаар санал болгосон Ж.Өыг тухайн албан тушаалд томилохыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс буюу нэр дэвшигч Ж.Өыг хуульд заасан хугацаанд томилоогүй хууль бус үйлдлээс үүдэн гарсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... төрийн албаны хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн байхад хуульд заасан хугацааг хэтрүүлж, үндэслэлгүйгээр томилохоос татгалзсан” гэж тодорхойлон маргасан.

3. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “... чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалын чиг үүрэгт хамаарах “Англи болон Орос хэлний мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай байх” шаардлага хангаагүй тул татгалзсан нь хууль ёсны болсон” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

4. Хэргийн үйл баримтын тухайд;

4.1. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/864 дүгээр албан бичгээр Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга ирүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад нэхэмжлэгч Ж.Ө оролцож, 61.0 оноо авч тэнцсэн.

4.2. Ингээд Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалд түүнийг томилохыг санал болгож, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 251 дүгээр тогтоолыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад хүргүүлсэн.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1885 дугаар албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг үндэслэн “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан эрхэлсэн түшмэлийн албан тушаалын “ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан гадаад хэлний шаардлагыг тус тус хангаагүй” гэж үндэслэлээр томилохоос татгалзсан.

4.3. Улмаар Ж.Өаас гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөл 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” 02/2537 дугаар албан бичгээр “... Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагад гадаад хэлний түвшний шаардлага тавигдаагүй бөгөөд тухайн албан тушаалын тодорхойлолтын “боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага” хэсэгт тавигдсан шаардлагыг Ж.Ө хангасан ... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолын хэрэгжилтийг анхаарна уу” гэсэн албан бичгийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад хүргүүлжээ.

4.4. Дээрх албан бичгийн хариуд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/2251 дүгээр албан бичгээр “... нэр дэвшигч Ж.Ө нь Төрийн албан хаагчийн анкетыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор батлагдсан маягтаар бус, харин мөн зөвлөлийн 2019 оны хүчингүй болсон маягтын дагуу бөглөж мэдээллээ ирүүлсэн. Тус хүчингүй болсон маягтад дурдсан мэдээллээс Албан тушаалын тодорхойлолтод заасан хэлний шаардлага болон Монгол хэл бичгийн чадварыг харах боломжгүй байгаа тул уг нэр дэвшигчийг томилохоос татгалзаж байна” гэх хариуг Төрийн албаны зөвлөлд ирүүлдэг.

5. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1885, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2251 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, тус тогтоолоор Албанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилуулахаар санал болгосон Ж.Өыг тухайн албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Учир нь Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.5. “албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтооно, 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно, 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно”, 33 дугаар зүйлийн 33.12-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Харин Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.10-т “Тухайн ажлын байранд гадаад хэлний мэдлэгийн ур чадварын тусгай шаардлага тавигдсан тохиолдолд тухайн гадаад хэлээр сургалт нь явагддаг их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан бол боловсролын баримт бичиг эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн бол уг иргэний түүнд холбогдох баримт бичгийн оноог тус тус үндэслэн гадаад хэлний мэдлэгийн тусгай шаардлага хангасан эсэхийг тогтооно”, 12.3-т “Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно”, 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэж,

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 3.2-т “Албан тушаалын тодорхойлолтын төслийг томилох эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч, эсхүл ажлын хэсэг хариуцан бэлтгэнэ”, 3.4-д “Албан тушаалын тодорхойлолт нь дараах бүрэлдэхүүнтэй байна: 3.4.3. Албан тушаалын тусгай шаардлага”, 3.5.4-д “албан тушаалын онцлогоос хамаарч гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад шаардлагатай ур чадварыг тухайн албан тушаалын чиг үүрэгтэй уялдуулан нэмэлтээр тогтоож болно” гэж тус тус заасан.

7. Хууль, журмын эдгээр зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан тайлбарлахад, төрийн захиргааны албан тушаалын онцлогоос хамааран тавигдах шаардлага, болзол шалгуурыг тухайн албан тушаалын тодорхойлолтод бүрэн тусгаж боловсруулах, Төрийн албаны зөвлөл уг шаардлагад нийцүүлэн сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хамгийн өндөр оноо авч тэнцсэн оролцогчийг нэр дэвшүүлэх, томилох эрх бүхий албан тушаалтны хувьд түүнийг томилохоос татгалзах хуульд заасан үндэслэл байвал 14 хоногийн дотор энэ талаар Төрийн албаны зөвлөлд мэдэгдэх ба төрийн албаны удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөх харилцаа бүхэлдээ Төрийн албаны тухай хуульд Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журамд нийцэх учиртай.

8. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд, Төрийн албаны зөвлөл нь Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж ирүүлсэн “албан тушаалын тодорхойлолт”-ын дагуу зохион байгуулсан.  

Нэхэмжлэгчийн өрсөлдсөн уг албан тушаалын тодорхойлолтод “гадаад хэлний мэдлэг”-ийн шаардлагыг тусгайлан заагаагүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтын “Туршлага-Ур чадвар-Бусад” хэсэгт дурдсан “англи болон орос хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах” гэж заасныг тусгай шаардлага тогтоосон гэж үзэхээргүй учир “албан тушаалын тодорхойлолтод заасан гадаад хэлний шаардлага хангаагүй” гэж нэр дэвшигчийг томилохоос татгалзах нь хууль бус, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт бүхэлдээ үндэслэлтэй зөв байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд, Ж.Өыг тухайн сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн үйл баримттай маргаагүй, гагцхүү албан тушаалын тодорхойлолтод заасан гадаад хэлний шаардлагыг хангаагүй учраас томилохоос татгалзсан гэх татгалзал нь дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдож байгаа нөхцөлд “... гадаад хэлний мэдлэгийг үнэлэх мэдээлэл анкетэд тусгагдаагүй, түүнийгээ нотолж чадаагүй, тусгай шаардлага хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

10. Нэхэмжлэгчийн тодорхойлсон ... ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрх зөрчигдсөн гэх үндэслэлийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хохирол бодитоор учирсан байх нөхцөл бүрдээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс буюу нэр дэвшигч Ж.Өыг хуульд заасан хугацаанд томилоогүй хууль бус үйлдлээс үүдэн гарсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн л үндэслэл бүхий болсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө төрөөс цалин хөлс олгохоор зохицуулсныг нэмж дурдах нь зүйтэй.

11. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Я-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ