Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 177

 

 

 

 

                         

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Д.Батсуурь, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.Үүрийнцолмон,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

улсын яллагч С.Солонго,                                                                                                                                                                                                     

хохирогч Ж.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Я,Болд, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Янжинлхамын Болдод холбогдох 201625011869 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Шивээговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь 2 дугаар баг, нэрт 2-7 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33-14 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны Өршөөлийн тухай хуулиар эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн Боржигон овогт Янжинлхамын Болд /РД: ЕЙ92052619/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.Болд нь ялтай байхдаа 2016 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, “Сайжирна” хүнсний дэлгүүрийн гадна байсан хохирогч Б.Баярсайханы эзэмшлийн Чансаа маркийн мотоциклийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,

            2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 53 дугаар гудамжинд хохирогч Ж.Оюун-Эрдэнийн эд хөрөнгийг авах зорилгоор хоолойд нь хутга тулган, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож хүндэвтэр гэмтэл учруулан, бэлэн 760.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

            2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 48 дугаар гудамжны 66 тоотод оршин суух хохирогч Д.Отгоны Монгол гэрийг санаатай галдан шатаасны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Я.Болд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.

Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ямар нэгэн байдлаар хохирлыг барагдуулна, хөнгөн ял оноглуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Я.Болд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Бямбасүрэн буюу Улаанаа эгчийнд Баянтал суманд сар болсон. Хэрэг үйлддэг өдөр Улаанаа эгчийнд хөдөөнөөс Чука ах мотоциклийн эзэн хоёр ирээд ямаа хийгээд тэрний гэдсийг нь чанаж идээд архи уугаад байсан. Тэгээд Улаанаа эгч Батмөнхийн гэрт хонохоор явсан. Тэр хоёр согтуу хүнтэй хамт би Улаанаа эгчийн гэрт хоносон. Би тэр архинаас нь жоохон уусан ба архины халуундаа болоод хулгай хийх сэдэл төрсөн. “... дэлгүүрээс гарч яваад гэрийн гадаа байсан Улаанаа эгчийнд ирсэн хөдөөний согтуу залуугийн мотоциклийг асааж унаад Баянталын шатахуун түгээх станцаас 10.000 төгрөгөнд бензин хийгээд Чойроор дайраад Шивээгийн зүүн тийшээ Чойр уул ороод мөргөчихөөд хойшоо Сансар ууланд гарч мөргөсөн. Тэндээ хаданд хоночихоод маргааш нь уулнаас бууж ирээд Чойр луу ороод гэр гуанзны харалдаа хулгайлсан мотоциклоо тавьчихаад замын унаанд суугаад Улаанбаатар хот орсон”. Миний хулгайлсан мотоцикл улаан шар өнгийн Чансаа маркийн улсын дугааргүй мотоцикл байсан /хх-111-112х/,

Би 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Дамбын тэндээс зам дээрээс гар өргөөд таксинд суусан тэгээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн гудамжинд очсон. Тухайн үед халамцуу байсан тэгээд тухайн жолооч эмэгтэйгийн гар цүнх нь жолоочийн хажуу талын суудал дээр байсан харахад түнтийгээд мөнгөтэй юм шиг харагдсан. Тэгээд жолооч эмэгтэйг машинаа зогсоо гэхэд зогссон тэгээд би өмднийхөө ард хавчуулсан байсан хутгаа гаргаж ирээд эмэгтэйн хоолойнд тулгасан. Тэгээд мөнгөө гаргаад ир гэсэн чинь орилоод чарлаад байхаар нь хутгаар зүссэнээ мэдэж байна хааш нь зүссэнээ мэдэхгүй байна нэг мэдэхэд машин дотор болон миний гар эмэгтэйн нүүр, ам нил цус болсон байсан тэгтэл тэр эмэгтэй эргэж хараад намайг арын суудал дээр дараад миний гараас хутгыг булааж аваад машинаа онгойлгоод гараад зугтаасан. Би машин дотроос цүнхийг нь аваад зугтаасан. Уг цүнхэн дотор 210000 төгрөг, монетон бөгж 1 ширхэг байсан бусад эд зүйлийг цүнхтэй бөгжтэйн жалга руу шидсэн зөвхөн бэлэн мөнгийг нь аваад явсан. Бусад эд зүйлийг үзэхэд шар өнгийн мэдрэгчтэй утас байсан ажилдаг эсэхийг мэдэхгүй, бусад зүйлийг ажиглаагүй шууд хаясан. Миний хохирогчийг хутгалсан хутга нь бугын эвэр шиг бариултай арзгар өнгө шаргалдуу, богино хутга байсан. Уг хутгыг хохирогч эмэгтэй надаас булаагаад зугтаасан. Дээрэмдэж авсан мөнгөөрөө Сансарын тэнд бааранд ороод архи пиво авч уугаад дуусгасан. 04 цаг 30 минут хүртэл бааранд байсан. Би мөнгө олох зорилгоор ийм гэмт хэрэг хийсэн нь үнэн /хх-ийн 40-42х/, 

2016 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын уулын оройгоор эзэнгүй айл байна уу гээд хараад явж байтал нэг айл эзэнгүй юм шиг харагдсан. Тэгээд тэр айл гадна талаараа тал хашаатай байсан. Тэр монгол гэрийн хаалганд хавтгай цагаан цоож байсан. Тэр цоожийг барьж явсан трубагаараа цохисон, тэгтэл цоож мултраад газарт унасан. Тэгээд хаалгыг онгойлгоод гэрт орон түмбүүшиг, авдрыг онгойлгож үзэхэд мөнгө олдоогүй тэгээд хоолны шүүгээнээс 2 ширхэг  нэг нь хар иштэй том хутга нөгөөдөх нь бор иштэй том хутга байсан тэр хоёр хутгыг аваад гарахдаа гэрийн хоймор байсан буйданд шүдэнз зурж асаагаад гал тавьчихаад гараад явсан. 2 хутга л авсан өөр авахаар  юм байгаагүй. Би тэр гэрт байсан эд хогшлийг сайн анзаараагүй баруун хойд талд нь бор өнгийн авдар байсныг л санаж байна бусдыг санахгүй байна /хх-ийн 80-81/ гэжээ.

 

Хохирогч Ж.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой 18-19 цагийн хооронд Дарь-Эхэд явж байгаад шүүгдэгч Я.Болд нэг хүүхэнтэй гар өргөөд зогсоход, ганцаараа суусан. Тэгсэн Алтан-Өлгий орно гээд хүүхэн нь үлдсэн. Ингэхдээ хойд замаар явна гэсэн. Тэгээд Алтан-Өлгийгийн гудамжинд ороод араас хоолойнд хутга тулгаад мөнгөө гаргаад ир гэсэн. Мөн зогс, цонхоо хаагаад хаалгаа түгж гэсэн. Тэгэхээр нь би жолооч талын цонхоо хаагаад жолоочийн эсрэг талын цонхоо хаагаагүй. Тэгтэл хутгаа ойртуулж тулгаад нөгөө талынхаа цонхоо хаа, мөнгөө гаргаад ир гээд би урд хайрцагнаасаа мөнгөө гаргаад шидэж өгсөн. Тэгэхэд миний үснээс зулгаасан байснаа тавихаар нь би хутгатай гартай нь ноцолдоход миний зүүн талын мөрөнд хутгалж зүссэн. Мөн хурууныхаа шөрмөсөө туслуулсан. Сүүлдээ би дийлэхгүй гэдгээ мэдээд жолоочийн эсрэг талын хаалгаар өнхөрч буугаад гудамжаар туслаарай гэж орилсон. Тэгэхэд шүүгдэгч миний цүнхийг аваад дээшээ зугтаагаад явсан. Тэгээд би нэг эмэгтэй хүн дээр гүйж очоод ухаан алдсан байсан. Тэр хүн түргэн, цагдаа дуудсан байсан. Миний түрүүвчинд бэлэн мөнгө 270.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, машины бичиг баримтууд, S3 гар утас, монетон ээмэг, бөгж байсан. Мөн миний болон компанийн бичиг баримтууд байсан. Нийт 760.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаашид гарын шөрмөс гэмтсэн тул эмчилгээ хийлгэнэ. Би анхны эд зүйлээ үнэлсэн дүнгээр нэхэмжилж байна. Барилгын компанийн гэрчилгээ байсан. Машины бичиг баримтаа дахин авсан. Харин бусад бичиг баримтаа аваагүй байгаа. Эцсийн дүнгээр 1 сая төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой гэв.

 

Хохирогч Б.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тэр өдөр намайг гэртээ байж байхад манай аав Баасансүрэнгийнд ямаа самнахаар ирсэн Ганбаатар гэдэг ах миний мотоциклийг гуйж аваад Говьсүмбэр аймгийн Баянтал сум руу явсан. Тэгээд 2 хоногийн дараа Ганбаатар ах над руу яриад чиний мотоциклийг Баянтал сумаас алдчихлаа гэж ярьсан. Тэгээд би тэр өдрөө Баянтал суман дээр ирсэн чинь Ганбаатар ах айлд архи ууж байгаад согтсон хойгуур нь мотоциклийг чинь алдсан байсан гэсэн. Тэгээд би Баянтал сумын хэсгийн төлөөлөгчид тайлбараа өгчихөөд буцсан. Би 2016 оны 04 сарын эхээр Улаанбаатар хотын Өгөөмөр захаас 1500000 төгрөгөөр худалдаж авсан шинэ мотоцикл байсан юм. Миний алдсан мотоцикл улаан өнгийн улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикл байгаа юм. Хэд хоногийн дараа Баянтал сумын хэсгийн төлөөлөгч утсаар яриад мотоциклоо ирж ав гэсэнХэх Х ОЖЙЗАОЙДБЛАЛЖХБӨӨОӨӨОЛМТ . алдсан мотоциклоо олж авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 99-100х/ гэжээ.

 

Хохирогч Д.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Энхтуяа маань Эрдэнэт хот руу явахаар болсон. 20 цаг 40 минутанд би эхнэрийгээ вокзал руу хүргэж өгөхөөр өөрийн машинтай гарсан. 21 цаг 40 минутын үед Төмөр замын вокзалаас эхнэрийгээ гаргаж өгсөн. Ганцаараа болохоор эвгүй санагдаад хүү Энхнарангийн 7 буудалд байх гэрт нь 22 цаг өнгөрч байх үед очиж хоносон. Манай гэрт хүн хоноогүй. 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 07 цагт ажил дээрээ очоод Багшийн дээдээс ажилчдаа аваад зогсож байхад 07 цаг 30 минутын үед хүргэн дүү Батбаатар утсаар залгаад “танай гэр шатаж байна гэж надад баазаас хэллээ” гэсэн. Би “ажилтай байна, чи түрүүлээд очиж бай, би ажлаа зохицуулаад араас чинь очъё” гэж хэлсэн. Би ажилчдаа аваад Зайсан руу явж байхад 08 цагийн үед Онцгой байдлын ажилчин залгаад “таны гэр шатсан, боломжтой бол хурдан хүрч ирж уулз” гэж хэлсэн. 09 цагийн үед хашаандаа ирэхэд гэр бүрэн шатсан, галыг унтраасан байсан. Гэрээс авах зүйл юу ч байхгүй болсон. Намайг очиход галын шинжээч нар үзлэгээ хийж байсан ба намайг ирсний дараа 11 цагийн үед цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэгээ хийсэн. Би өчигдөр гэрээсээ гарахдаа хөргөгч, хөлдөөгчөө цахилгаанд залгаатай орхисон. Бусад бүх эд зүйлийг цахилгаанаас салгаад гэрээ цоожлоод гарсан /хх-ийн 58-59х/  гэжээ.

 

Гэрч Ч.Ганбаатарын мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянжаргалантын 2 дугаар баг Хар тос гэх газарт Баасансүрэн гэдэг айлд ямаа самнахаар очсон юм. Тэгээд би Баасансүрэн ахын төрсөн дүү Баярсайханаас мотоциклийг нь гуйж аваад замаараа Батцэрэн гэдэг айлаас нэг ямаа аваад Баянтал суманд байдаг Гутлын хар Чукаа гэдэг хүнтэй хамт Баянтал суман дээр ирээд дэлгүүрийн хажууд байдаг айлд Отгоо гэх залуутай гуравуулаа архи ууж байгаад би согтоод тэр айлдаа хоносон. Тэгээд өглөө босоод ирсэн чинь миний унаж явсан мотоцикль алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Миний архи уусан айлын урд талын дэлгүүрт бас хулгай орсон гэж ярьж байсан /хх-ийн 103х/ гэжээ.    

 

Гэрч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр энэ хэрэг үйлдэгдээд манай эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтаар уг хэрэг дээр шөнө 02:00 цаг хүртэл ажилласан ингээд тухайн шөнө бүгд амраад маргааш өглөө нь 09:00 цагт дахин дээрх бүгд алба хаагчид цуглаад ажлаа хувиарлан аваад бүгд ажил ажилдаа гарсан юм ингээд би хохирогчийн явсан маршрутыг нь шалгасан. Тэгээд явж байгаад би хэрэг гарсан талаар хэд хэдэн хүнд хэлсэн байсан сэжигтэй этгээдийн өмсөж явсан хувцас болон содон шинж тэмдэгээр нь хүмүүст хэлсэн байсан ингээд тухайн хэлсэн хүмүүсээс надад нэг нь Янжинлхамын Болд гэдэг этгээд урд шөнө нь мөнгөтэй бааранд явж байсан талаар хэлсэн ингээд би дэд дарга, цагдаагийн хурандаа Гомбод энэ талаар танилцуулж бааруудаар явж хайхаар ажлаас гараад МТ шатахуун түгээх станцын хажууд явж байхад уг газар сэжигтэй этгээдтэй маш төстэй согтуу хүн гуйваад явж байхаар нь уг этгээдийг хэлтэс дээр авч ирж биед нь үзлэг хийж шалгасан шалгахад Янжинлхамын Болд гэгч этгээд болох нь тогтоогдсон би биенээс нь 1 том хутга гарч ирсэн Болд иргэн Оюун-Эрдэнийг дээрэмдсэн болон Д.Отгоны монгол гэрийг санаатай галдан шатаасан талаараа анхны мэдүүлгээр шууд хүлээсэн /хх-ийн 63х/ гэжээ.

 

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шижээчийн 7091 тоот дүгнэлтэд:

1. Ж.Оюун-Эрдэнийн биед зүүн мөр, 2 гарын сарвууны зүсэгдэж, хатгагдсан шарх, баруун сарвууны 5 дугаар хурууны нугалах шөрмөс тасарсан гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс шалтгаална /хх-24х/ гэжээ.

 

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2016 оны 07 дугаар сарын  06-ны өдрийн шинжээчийн 326/1265 тоот  дүгнэлтэд

“... гал түймэр нь ил галын улмаас гарсан байна. /Ил гал гэдэгт асаасан шүдэнз, асаасан тамхи, галын цог, ил задгай үнс нурам болон бусад ил задгай галыг тооцно/ Хэргийн газрын үзлэгээр тухайн гэрт гарсан гал нь ямар нэгэн багаж хэрэгслүүдийн эвдрэлээс болж гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй болно. Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шаталтын тархан дэлгэрэлтийн байдлаас үзэхэд гэрийн дотор талдаа хойд хэсгээс эхлэн хялбар шатах материалаар дамжин бусад хэсэгт жигд тархан ассан байна..... цахилгааны шаардлага хангаагүй байдлаас гал гарсан гэх шинж тэмдэг илрээгүй болно /хх-ийн 78/ гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Я.Болдыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх- 39-45, 57-59, 79-81/, хохирогч Д.Отгон /хх 58-59х/, Б.Баярсайхан /хх98-89х/, Ж.Оюун-Эрдэнэ /хх-16-19х/, гэрч Ч.Ганбаатар /хх-103х/, Ц.Алтангэрэл /хх-62-63х/ нарын мэдүүлгүүд, 7091 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24х/, 326/1265 тоот шинжээчийн дүгнэлт /хх-78х/, эд мөрийн баримт авсан тэмдэглэл /хх-12-13х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-50-5, 88-89х/, фото зураг /хх-52-56, 90-93х/, эд зүйлийн үнэлгээ /хх-66-69х/, 1-р хавтас 105х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-94х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-154х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-155х/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-160-162х/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-163-166х/, мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэлүүд /х-175-178х/, зэрэг нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай  гэж үнэллээ.

Шүүгдэгч Я.Болд нь ялтай байхдаа 2016 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Сайжирна” хүнсний дэлгүүрийн гадна байсан хохирогч Б.Баярсайханы эзэмшлийн Чансаа маркийн мотоциклийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан,

            2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр таксинд сууж явахдаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 53 дугаар гудамжинд жолооч Ж.Оюун-Эрдэнийн хоолойд  хутга тулган, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж биед нь зүүн мөр, 2 гарын сарвууны зүсэгдэж, хатгагдсан шарх, баруун сарвууны 5 дугаар хурууны нугалах шөрмөс тасарсан хүндэвтэр гэмтэл учруулж 760.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,  

            2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 48 дугаар гудамжны 66 тоотод орших хохирогч Д.Отгоны гэрийн цоожийг эвдэн орж  улмаар санаатай галдан шатааж хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, эд мөрийн баримт, галын шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.Болдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Я.Болдыг ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатааж хүнд хор уршиг учруулсан, бусдын авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа согтуугаар үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус авч үзэв. 

Шүүгдэгч Я.Болдоос нийт 20914000 төгрөгийг гаргуулж  хохирогч Ж.Оюун-Эрдэнэд 760000 төгрөг, хохирогч Д.Отгонд 20838000 төгрөг тус тус олгож,   хохирогч Ж.Оюун-Эрдэнийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Б.Баярсайхан нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.

Шүүгдэгч Я.Болд нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 141 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохилтой. 

Шүүгдэгч Я.Болд нь тодорхой цалин орлогогүй, эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оноох боломжгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25,5 см урттай, шаргал эрээн өнгийн иштэй, ажлын хэсэг нь 14,5 см урттай 1 ширхэг хутга, мөн урт үзүүртэй бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Янжинлхамын Болдыг ялтай байхдаа  бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатааж, хүнд хор уршиг учруулсан, бусдын авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Я.Болдыг эд хөрөнгө хураахгүйгээр 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар  6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан хугацаагаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Я.Болдод эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт зааснаар   оногдуулсан 8 жилийн хорих ял дээр мөн хуулийн 153.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, мөн хуулийн 223.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг багтаан, биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Болдод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Болдын цагдан хоригдсон 141 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан  тооцсугай.                                                                                                                                                                                                                                                                                                   

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25,5 см урттай, шаргал эрээн өнгийн иштэй, ажлын хэсэг нь 14,5 см урттай 1 ширхэг хутга, мөн урт үзүүртэй бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг  дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Я.Болдын ар гэрийн хувьд ноогдох хөрөнгөөс нийт 20914000 /хорин сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Отгонд 20838000 /хорин сая найман зуун гучин найман мянга/ төгрөг, Ж.Оюун-Эрдэнэд 760000 /долоон зуун жаран мянга/ төгрөг тус тус олгосугай.

            9. Хохирогч Ж.Оюун-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Болдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                    С.ОЮУНГЭРЭЛ

                  ШҮҮГЧИД                                       Д.БАТСУУРЬ

                                                                          Ч.АЛТАНЦЭЦЭГ