Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Цовогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2334000000063 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны дөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, ............ тоотод оршин суух гэртэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр Д.А-тай маргалдаж, улмаар толгойн тус газарт тогоогоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны дөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, .......... тоотод оршин суух гэртэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр Д.А-тай маргалдаж, улмаар толгойн тус газарт тогоогоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

  Энэ нь эрүүгийн 2334000000063 дугаартай хэрэгт авагдсан:

            Хoxиpoгч Д.А-ын өгсөн: “... Манай эхнэр өчигдөр 2023 оны 01 дүгээр сарын 22-нд утсаар залгаад дааганыхаа баасыг арилгаад далд орохгүй яасан юм гэж утсаар загинаад байсан. тэгээд өнөөдөр 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13 цаг 30 минутын үед хөдөөнөөс Лүн суманд байдаг гэртээ ирсэн чинь эхнэр Б.Б зайл яах гэж ирээв гээд хөөгөөд гэрээ аваад зайлахгүй юу ах дүү нараа хараад дарамтлаад байна гээд уурлаад байхаар нь гэртээ зогсож байсан чинь боорцог хийгээд дуусаж байсан тэгээд тосыг нь суллаж байгаад тогооны ирмэгээр өөдөөс цохиод толгой хагалчихсан. Тэгээд цус тогтохгүй байхаар нь гэрээсээ гараад явган эгчийндээ очоод манай дүү Д дагуулаад Лүн сумын эмнэлэг дээр очоод оёдол тавиулсан. Манай дүү цагдаад утсаар мэдэгдээд цагдаа дээр очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

            Гэрч Д.Д-н өгсөн: “Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ахтайгаа хамт Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2-р багаас Лүн суманд 13 цаг 30 минутын үед хамт орж ирсэн. Тэгээд би эгч А-нд буугаад ах А гэртээ орж хувцсаа сольчхоод ирье гээд явсан тэгээд удалгүй цусаа гоожуулаад орж ирсэн. Тэгээд эгч бид хоёр сандраад юу болсон бэ гэж асуусан чинь ах А манай эхнэр Б тогоогоор цохиод хагалчихлаа гэж хэлэхээр нь би Лүн сумын эмнэлэг рүү дагуулж яваад толгой дээр нь 3 оёдол тавиулаад юу болсон талаар хэсгийн төлөөлөгч рүүгээ яриад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

  Шүүгдэгч Б.Б-н өгсөн: “Бид хоёр хэд хоногийн өмнө хэрүүлтэй байсан тэгээд манай нөхөр Д.А 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед Төв аймгийн Лүн сумын 3-р баг ....... тоот гэртээ орж ирсэн Тэгэхээр нь яах гэж ирсэн юм бэ чи намайг хэл амаар доромжлоод байсан биздээ гар яв гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр толгой руу гараараа 1 удаа гараараа цохисон би зүүн талын орон дээр унаад босч ирээд гал дээр байсан хөетэй Түмпэнг шидсэн тэгсэн чинь нөхөр А-н духнаас цус гоожоод гэрээс гараад явсан би тоогоогүй жоохон байж байгаад ажил руугаа очоод ажлаа хийсэн. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаа дуудаад ирлээ. Би 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд Төв аймгийн Лүн суманд өөрийн гэртээ нөхөр А-тай маргалдаж улмаар толгой руу нь төмөр түмпэн шидээд гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/.

 

            Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн эмч Л.Бямбатуяагийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №68 дугаартай шинжээчийн: “1. Д.А-н биед духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 15 хуудас/ зэрэг хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 03 сарын 10-ны өдөр 36 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-55 тал/ 2023 оны 03 сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

            Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,

шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрөв.

 Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

   Иймд шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх 29/ гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2334000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр түмпэнг 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овогт Б-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ц овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 500 тэнцэх хэмжээний буюу 500 000-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Эрүүгийн 2334000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр түмпэнг 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ