| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/01453/И |
| Дугаар | 102/ШШ2019/02194 |
| Огноо | 2019-08-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2019/02194
| 2019 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2019/02194 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.Ч-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОМ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2.185.000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан хохиролд 5.686.736 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, гэрч Д.Х, О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : ОМ ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний нэг сарын төлбөр 1.035.000 төгрөг, барьцаа 1.150.000 төгрөг нийт 2.185.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Н.Чнь ОМ ХХК-тай 2019 оны 02 сарын 13-ны өдөр Арвидах худалдааны төвийн В12 лангуу түрээслэхээр гэрээ байгуулсан. 2019 оны 04 сарын 15-ны өдөр түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах ёстой байсан. 2019 оны 04 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч түрээсийн талбайд очиж, ОМ ХХК-ийн удирдлагатай уулзсан. Уулзахдаа Арвидах хүнсний зах гэсэн гаднах хаягийг сольж, биднийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгнө үү гэж гэрээний 4.3-д зааснаар шаардлага хүргүүлж, санал тавьсан. ОМ ХХК-иас нэхэмжлэгчийн саналыг хүлээж аваагүй. 2019 оны 04 сарын 17-ны өдөр Н.Ч ОМ ХХК-д гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Арвидах худалдааны төвөөс Н.Ч-гийн хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 04 сарын 17-ны өдөр албан бичгээр хариу мэдэгдэх хуудас өгсөн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.5-д зааснаар ОМ ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага болох 2.185.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ОМ ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОМ ХХК Н.Ч-тэй 2019 оны 02 сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, 2019 оны 04 сарын 15-ны өдөр түрээслэгчийг талбайд оруулахаар тохирсон. Манай компани 2019 оны 04 сарын 15-ны өдөр гэхэд түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон. Н.Ч Хороолол барилгын материал зарагдахгүй гэхээр манайхыг түрээслэхээ больсон. ОМ ХХК-иас 2019 оны 04 сарын 15-ны өдөр Н.Ч-д түрээсийн талбай бэлэн болсон, ороорой гэж мэдэгдэл өгсөн. Гэтэл Н.Ч ороогүй. Арвидах худалдааны төв ганцхан В1 давхар биш, 3 давхар объект. Арвидах худалдааны төв гэсэн хаягийг авах ямар ч боломжгүй. Анх түрээслэгч нарт ч гаднах хаяг авах боломжгүй гэдгийг хэлж байсан. Манай төвд Монгол нэр хүндтэй барилгын материалын худалдаа ажиллаж байсан учраас барилгын материалын гэсэн хаяг байгаа. ОМ ХХК-иас Н.Ч-д хаяг нэмж тавиулахаар бол талбайд ямар нэг зүйл оруулаад тавьчих гэж хэлсэн. Н.Чтүрээслэх сонирхолгүй байсан учраас хаягаар шалтаглаж байна. 2019 оны 04 сарын 15-ны өдөр гэхэд талбайг бүрэн төлөөлж, үлдэгдэл бараа зарах гэсэн хэдхэн хүн жижиг талбайд худалдаа эрхэлж байсан. Хаягийн талаар гэрээнд тусгаагүй. Н.Ч-гийн өгсөн 2.185.000 төгрөгөөр хүнсний захаар ажиллаж байсан талбайг өөрчилж, барилгын материал зарахад бэлэн болгож засаж тохижуулсан. 2019 оны 02 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан хүмүүст 14.600.000 төгрөгийн барилгын материал авах гэж байна, ажлын хөлстэйгээ нийлээд нийт 19.000.000 төгрөгийн засвар хийх гэж байна. Зөвшөөрөхгүй бол эрхтэн мэдэгдээрэй гэж гарын үсэг зуруулсан. Н ЦХХК-тай 9.400.000 төгрөгөөр гэрээ байгуулж, бусад зардал нийт 10.000.000 гаран төгрөгийн засварын ажил хийсэн. Хороолол барилгын материал зарагдахгүй гэснээр манайхыг түрээслэхээ болихын тулд шалтаг шалтгаан хайж байна гэв.
Хариуцагч ОМ ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө манайхыг архи, пивоны чиглэлээр Т ХХК-д сарын 1.500.000 төгрөгөөр түрээсэлж байсан. 2019 оны 01 сараас хойшхи түрээсийн төлбөр аваагүй, 2 сард төлсөн мөнгийг бид буцаан олгосон. 2019 оны 2, 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг, 2, 3, 4 дүгээр сарын ашиглалтын зардал 1.186.736, нийт 5.686.736 төгрөгийг нэхэмжлэгч талаас шаардаж байна гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Арвидах худалдааны төв улсын бүртгэлийн гэрчилгээгээр Л.Б-ын өмч болох нь тогтоогдсон. Иймд О М ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тул хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Н.Ч гэрээнээс татгалзаж байгаа мэдэгдэж, 2019 оны 04 сарын 17-ны өдөр ОМ ХХК-иас гэрээ цуцалсан. Гэрээ цуцалснаас үүдэх үүргийн шаардах эрх дуусгавар болсон. Хариуцагч тал Н ЦХХК-иар ажил гүйцэтгүүлсэн гэрээний үүрэг нэхэмжилж байна гэдэг. Н.Ч-гийнтүрээслэхийг хүссэн лангуу хуучин хэвээр, Н ЦХХК-иар ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу өөрчлөгдсөн зүйл байхгүй. Хариуцагч тал хуучин түрээслэгч нарыг гаргасан гэлээ. Тийм зүйл байхгүй, хариуцагч тал хуучин түрээслэгч нарыг цаад булан руу шахаж, талбай гаргаж өгсөн. Гэрээний үүргээс үүдэж, хохирол учирсан гэх сөрөг нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч ОМ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзсан тул түрээсийн төлбөр, барьцааны хамт 2.185.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээнээс үндэслэлгүй татгалзсан хохиролд 5.686.736 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх Н.Ч-гийнгаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1.150.000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 1.035.00 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч ОМ ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Н.Ч, хариуцагч ОМ ХХК нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвидах худалдааны төвийн В1 давхарт байрлах В12 тоот павилоныг барилгын материалын худалдааны зориулалтаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож, түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.
Талууд дээрх гэрээгээр Арвидах худалдааны төвийг бүхэлд нь бус, харин тус төвийн В1 давхрын В12 тоот павилоныг түрээслэхээр тохирсон байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд, шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалтыг баримтлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч ОМ ХХК нэг гишүүнтэй бөгөөд, тус компанийн захирал Л.Б нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжинд байрлах Арвидах худалдааны төвийн В1 давхрын В12 тоот павилоныг нэхэмжлэгч Н.Ч-дтүрээслүүлэхээр тохиролцсон байх бөгөөд зохигчид түрээсийн зүйлийн өмчлөгч, тухайн талбайг түрээслүүлэхээр захиран зарцуулах эрхийн талаар хэн аль нь маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний 4.3 дахь хэсэгт Түрээслүүлэгч нь түрээслэгчийн худалдаа үйлчилгээ явуулах таатай орчныг бүрдүүлэх, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллана гэж заасан үүргээ биелүүлээгүй буюу гадна хаягийг барилгын материалын худалдаа гэж өөрчлөх шаардлагыг биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн 1 сарын түрээсийн төлбөр 1.035.000 төгрөг, барьцаанд байршуулсан 1.150.000 төгрөг, нийт 2.185.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч нь түрээсийн зүйлээ ашиглаагүй нь өөрийнх асуудал, гаднаа хаяг байгаа, мөн гэрээ цуцалбал төлбөрийг буцаан олгохгүй гэж тохиролцсон гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
ОМ ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2/5 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт түрээслэгчдэд хандан, талбайг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болгох, талбайн төлөвлөлт зохион байгуулалт, павилоны хаалт хуваалт хийхэд 19.400.000 төгрөгийн төсөв гарах, мөн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээ цуцалсан тохиолдолд төлөгдсөн барьцаа болон түрээсийн төлбөр буцаан олгогдохгүй болохыг нэхэмжлэгч Н.Ч-дмэдэгдэж, тэрээр уг мэдэгдэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрөн гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний зүйл болох талбайг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ашиглахаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Н.Чнь хариуцагч ОМ ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу түрээслүүлэгчид 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 10% хөнгөлөлттэйгөөр буюу 1.035.000 төгрөг, мөн барьцаа 1.150.000 төгрөг, нийт 2.185.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбар болон 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын ордер зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түрээсийн гэрээний дагуу түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, улмаар нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа ОМ ХХК-д бичгээр мэдэгджээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн түрээслэгчийн худалдаа үйлчилгээ явуулах таатай орчныг бүрдүүлэх, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллана гэсэн үүргээ биелүүлээгүй гэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийн ялимгүй зөрчил үзэж болохоор байх ба энэ тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс нэхэмжлэгч нь тухайн түрээсийн зүйлийг ашиглах хэрэгцээ шаардлагагүй болсон нь гэрээнээс татгалзах гол нөхцөл болсон байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн журмын дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзах боломжтой байжээ.
Гэвч нэхэмжлэгч нь үүргийн зөрчил байсан гэж татгалзсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй байсныг нотлож, хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй болно. Дээрх нөхцөл байдлаас гэрээнээс татгалзахад хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар хариуцагч нь хохирол, зардлыг хариуцахгүй юм.
Иймд түрээсийн талбайг өөрөө хүлээн аваагүй, гэрээний хугацаа эхэлснээс хойш татгалзсан байх тул тухайн сарын түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгч нь чөлөөлөгдөхгүй ба түрээсийн төлбөрт төлсөн 1.035.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэн, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түрээсийн гэрээний 3.15 дахь хэсэгт ...хэрэв түрээслэгч тал хугацаанаас өмнө түрээсийн гэрээг цуцлах тохиолдолд барьцаа мөнгийг олгохгүй гэж заасан хэдий ч уг гэрээ биелэгдээгүй, тухайн гэрээний 3.13 дахь хэсэгт заасан барьцааны мөнгөнөөс хохирол суутгах үндсэн нөхцөл нь уг гэрээ хэрэгжсэнээр бий болох тул гэрээ биелэгдээгүй буюу цуцлагдсан үед барьцаа мөнгийг нэхэмжлэгч Н.Чшаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчаас барьцаанд төлсөн 1.150.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч ОМ ХХК нь нэхэмжлэгч Н.Ч-гээс гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсаны улмаас учирсан хохиролд В12 тоот павилоныг 2019 оны 2, 3, 4 дүгээр сард бусдад түрээслүүлэн олох байсан орлого 4.500.000 төгрөг, уг талбайн цахилгаан, дулааны 2, 3, 4 дүгээр сарын зардал 1.186.736 төгрөг, нийт 5.686.736 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ... түрээсийн зүйлийг ашиглаагүй учир ашиглалтын зардал болон өмнөх түрээслэгчийн түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй... хэмээн тайлбарлаж маргав.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний нөгөө тал үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчтэй Н.Ч-тэйбайгуулсан гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх байтал үүнээс өмнөх хугацааны буюу 2019 оны 2, 3, 4 дүгээр сарын цахилгаан, дулааны зардал шаардаж буй нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хариуцагчийн зүгээс маргааны зүйл болох павилоныг архи пиво ундааны зориулалтаар бусдад нэг сарын 1.500.000 төгрөгөөр түрээслүүлж байсан бөгөөд 2019 оны 2 дугаар сарын түрээсийн 1.500.000 төгрөгийг буцааж өмнөх түрээслэгчид өгсөн, 3 дугаар сард өөр талбайг үнэгүй ашиглуулсан тул олох байсан орлогыг 2019 оны 2, 3, 4 дүгээр сараар тооцон 4.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж, Толиухан ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.
Гэвч түрээсийн талбайг одоог хүртэл архи пиво ундаа худалдаалах зориулалтаар ашиглаж байгаа ба 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн асуудалд нэхэмжлэгчийн буруутай байдал тогтоогдохгүй, мөн түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн нь нотлогдохгүй байна.
Улмаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг урьдчилж авсан тул ийм хэмжээний орлого олж чадаагүй, хохирол хүлээсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 292 дугаар зүйлийн 292.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч ОМ ХХК-иас 1.150.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ч-долгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.035.000 төгрөг гаргуулах хэсэг, нэхэмжлэгч Н.Ч-гээс 5.686.736 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч ОМ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Ч-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.025 төгрөг, хариуцагч ОМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.938 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ