Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагч Б.Ариунтөр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Б.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын ажилтнуудад цалин олгох Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралт НХМаягт ЦХ-56 баримтыг завсарлаж ашиглан цалингийн тооцоог илүү бодож 2021 оноос 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Төрийн сангаар дамжуулан 166.612.585 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан буюу хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Би 5 дугаар сургуульд 2018 оны 03 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарыг хүртэл ажилласан. 5 дугаар сургуулийн нийт багш, ажилчдын цалинг бодож олгодог байсан. Менежерүүдээс цагийн тооцоо ирдэг байсан. Тэгээд цалинг бодож, захирлаар баталгаажуулж, төрийн сангаас цалингаа авдаг байсан. Энэ актаар тогтоогдсон мөнгийг авсанаа хүлээн зөвшөөрнө, маргахгүй. Би архины хамааралтай байсан болохоор АА нийгэмлэгт явсан. Архи уухгүй гээд өөрийгөө саатуулахын тулд покер тоглодог болсон. Ингэж мөнгө авч байгааг захирал мэддэггүй байсан. Сар болгон арван хэдэн саяар нь авдаг байсан. Покероос өөр зүйлд зарцуулж байгаагүй. Тухайн үед өрөө, ширээ компьютерыг гарын үсэг зурж хариуцуулсан. Төсөв захиран зарцуулах эрхгүй. Би 2 дугаар гарын үсэг зурдаг. Захирал хянаж 1 дүгээр гарын үсэг зурснаар захиран зарцуулна. Ийм алдаа гаргасандаа гэмшиж байна. Хэргийн хувьд маргахгүй, хохирлоо төлнө. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Төсөл маань шалгарсан, хохирлоо төлнө. Торгох ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайд санхүүгийн аудитын газраас шалгалт хийж, 5 дугаар сургуулийн нягтлан бодогч Э нь 166.612.585 төгрөгийн дутагдал гаргасан акт тавигдсан. Одоо уг хохирол төлөгдөөгүй байгаа гэсэн мэдүүлэг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Сайншанд сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогч Б.Э нь өөрийн цалин дээрээ 2021 он, 2022 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд их хэмжээний мөнгө нэмж бодсон, энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан. ...Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь нь 08 сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд шалгалтыг хийж гүйцэтгэн акт, дүгнэлтийг Сайншанд сумын засаг дарга Ч.Тд хүргүүлсэн байгаа гэсэн мэдүүлэг /1хх 10, 2хх 127 ху/,

-Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний ажлын байрны тодорхойлолт нь Сайншанд сумын нийт төсөв хөрөнгийг Сайншанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, сумын санхүүгийн нэгтгэл тайланг гарган нэгтгэж Төрийн аудитад шалгуулах үндсэн чиглэлээр ажиллаж байна. ...манай тасгийн хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй. Харин сангийн яамнаас Сайншанд сумын 5 дугаар сургуулийн алба хаагчийн дансанд их хэмжээний мөнгө орсон байна гэж манай аймгийн холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдсэн юм шиг байна лээ. Энэ мэдээллийн дагуу Санхүүгийн хяналт дотоод аудитаас 5 дугаар сургуульд шалгалт орсон. Энэ шалгалтаар 167 сая орчим төгрөгийн зөрчил байцаагчийн актаар илэрсэн. Уг зөрчилд тухайн сургуулийн нягтлан бодогч Б.Э нь дээрх хэмжээний мөнгийг өөрийнхөө цалин дээр нэмж дансандаа авсан нь төрийн албаны цалингийн нэгдсэн систем /ПТАЦНС/-ийн цалин олгох хүснэгтээр тогтоогдсон гэсэн мэдүүлэг /1хх 15-16 ху/,

 -Гэрч Х.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Аймгийн Засаг даргын орлогч Г.М даргаас 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хяналт шалгалт хийх тухай гэсэн утгатай албан бичиг ирсэн. Уг албан бичгийн дагуу 08 дугаар сарын 03-ны өдрөөс Сайншанд сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд хяналт шалгалтыг эхлүүлсэн. Хяналт шалгалтыг 2021 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн нэгдсэн мэдээллийн санд нэвтэрч эрсдэл үнэлсэн. ...нэг бүрчлэн шалгаж үзэхэд Б.Э 2021 оны 03 дугаар сараас 2022 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд их хэмжээний мөнгө өөр дээрээ илүү бодож, хуурамч баримт бичиг бүрдүүлж авсан байсан. Уг шалгалтын төлбөрийн акт, дүгнэлтийг Сайншанд сумын засаг дарга Ч.Тд хүргүүлсэн. Хяналт шалгалтаар эрсдэл үнэлж түүвэрлэн шалгалт хийхэд санхүүгийн зарим бичиг баримт нь огт байхгүй, санхүүгийн байгаа бичиг баримтуудад үзлэг шалгалт хийхэд цалин олгох хүснэгтийн мөнгөн дүнг хуурамчаар засаж 2021 оны 12 дугаар сарын 19-нд 3.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 25-нд 10.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-нд 13.591.234 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-нд 14.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 24-нд 18.000.000 төгрөгийн зөрүүг тус тус гаргасан нягтлан бодогч цалин олгох хүснэгтийн нийт мөнгөн дүн төлбөрийн хүсэлттэй таарч байгаа боловч нэг бүрчлэн бодож үзэхэд дээрх мөнгөн дүнгүүдийн зөрүү гарч байсан. Хяналт шалгалтын явцад зарим саруудын цалин олгох хүснэгт байхгүй байсан тухайлбал 2021.01.26, 2021.04.21, 2021.04.22, 2021.06.24, 2021.08.21, 2021.05.24, 2021.06.15, 2021.06.18, 2021.09.29, 2021.10.21, 2021.11.20, 2021.12.19, 2022.04.26-ны 2 удаагийн 2022.06.21-ны өдрүүдийн цалин олгох хүснэгтүүд огт байгаагүй цалин олгох хүснэгт байгаагүй саруудын цалингийн мэдээллийг төрийн албаны цалингийн мэдээллийн системээс тухайн байгууллагын захирлын эрхээр орж нэг бүрчлэн татан авч шалгахад нягтлан бодогч Б.Э нь 2021, 2022 онд нийт 166.612.585 төгрөг илүү бодож авсан байсан нь тогтоогдсон гэсэн мэдүүлэг /1хх 18, 2хх 133 ху/,

-Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Эгийн утас холбогдохгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай өрөөнд уулзахад захирлаа би авчихсан юм аа, та намайг ажлаас чөлөөлчих, би хуулийн дагуу бух хариуцлагаа хүлээнэ, 160 орчим сая төгрөг авсан, энэ мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон гэж хэлсэн. Би Эгээс чи бид нараар худлаа баримт бичиг дээр гарын үсэг зуруулаад байсан юм уу, хэдэн сарын хэдний өдрөөс эхлээд ингэж худлаа баримт бичиг бүрдүүлсэн юм бэ, би чиний бодсон цалинг өөрийнхөө хэмжээнд хянаж байсан ш дээ гэж асуухад 2021 оны 04 дүгээр сараас эхлэн өөртөө илүү авч эхэлсэн, цаасан дээр юу ч илрэхгүй, төрийн аудит илрүүлж чадахгүй байгаа зүйлийг та ч илрүүлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. ...зөрчил гарсантай холбогдуулан нягтлан бодогч Б.Э илүү бодсон цалинг холбогдох хүмүүсээс нь авч төсөвт төвлөрүүл гэсэн үүрэг өгсөн. Тухайн үедээ би Б.Эгээс энэ хүмүүсийн цалинг илүү бодож хувьдаа авсан юм биш биздээ гэж асуухад үгүй гэж хэлж байсан. Б.Э 2021 оны 08 дугаар сард илүү бодсон цалинг холбогдох хүмүүсээс нь авч төсөвт төвлөрүүлсэн гэж хэлсэн. ...Нягтлан бодогч Б.Э нь ажилчдын цалингийн хавтгай төлбөрийн хүсэлтийг хоёр хоёр хувь цаасаар нь гаргаж надад хянуулан гарын үсэг зуруулдаг байсан. Цалингийн хавтгайг үзэж хянахад цалингийн хүснэгтийн хөл дүн болон төлбөрийн хүсэлт нь нэгдсэн системийн хөл дүнтэй таарч байгаа эсэхийг хянаж терийн албан цалингийн нэгдсэн системд орж илгээж байсан. Цалингийн нэгдсэн систем дэх дүн цаасаар хэвлэсэн цалингийн хавтгай хоёрын дун таарч байх ёстой учраас цаасаар хэвлэсэн цалингийн хавтгайг нэг бүрчлэн хянаж илгээж байсан. Цаасаар бодсон дүнгээр жишээ нь нягтлан бодогч Б.Э нь 2022 оны 06 дугаар сард өөртөө 327.632 төгрөгний цалин авснаар хянагдсан байдаг. Мөн нэгдсэн системд бодолт хийсэн хөл дүн тухайн сард цалин авбал зохих ажилчдын тоо зэргийг хянадаг байсан. Нэг удаа ажилчдаас 1 хүн дутаж буцаахад нягтлан бодогч үйлчлэгч Бадамгэрэлийн цалинг бодоогүй байсныг бодуулсан гэсэн мэдүүлэг /1xx 20-21, 2хх 141 ху/,

-Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гарсан тушаалын дагуу 4 хүнтэй бүрэлдэхүүн ажлын хэсэг гарч сургуулийн нягтлан бодогч Б.Эгийн санхүүгийн бичиг баримтад үзлэг шалгалт хийсэн. Үзлэг шалгалтаар багш Т.М, Б.Ннарыг ажиллаагүй байхад 2 дугаар сарын цалинг бүтнээр нь бодсон. T.М, Тнарыг ажилласан цаг, цагийн бүртгэлд 3 хоног бичигдсэн 1 дүгээр сард байхад 17 хоногоор илүү цалин олгосон, Н, Тнар дээр 1 дүгээр сард 3 хоногийн илүү цалин бодсон, Э, У нарын мэргэжлийн зэрэг дууссан байхад 1 дүгээр сарын цалин дээр 10 хувь нэмж бодсон зэрэг нэлээд олон зерчил илэрсэн. Зөрчил бүрийг одоо цээжээр хэлж мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /2хх 128 ху/,

-Гэрч У.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...шалгалт хийж цалин олгосон санхүүгийн карт, захирлын тушаалыг тулгалт хийж үзэхэд урьд нь хүний оронд түр орон тоон дээр ажиллаж байгаад ажлаас гарсан Т.М, Нбагш нарт цалин бодож олгосон байсан. Тухайн багш нар түр хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан байсан. Мөн хэд хэдэн багш нарыг би нэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Заах аргын нэгдлийн ахлагчын нэмэгдэл цалинг зарим олгох ёсгүй багш нарт олгосон, зарим нэмэгдэл авах ёстой багш нарын цалин нь олгогдоогүй зөрчил гарсан. Мөн багш У, Э нарын зэргийн хугацаа дууссан байхад зэргийн нэмэгдэл цалинг олгосон байсан. Дээрх зөрчил дутагдал илэрсэн болохоор бид сургуулийн захиралд танилцуулж тухайн үед Б.Эд өөрт нь зөрчил дутагдал гаргасан талаар хэлсэн гэсэн мэдүүлэг /2хх 132 ху/,

-Гэрч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би нөхрийгөө хэрэгт холбогдсон талаар 2022 оны 08 сарын сүүлээр мэдсэн. Б.Э Зүүнбаян багийн наадамд яваад орой гэртээ ирээд би чамд нэг юм хэлэх гэсэн юм сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай цаашдаа юу ч болж магадгүй шүү хэрэгт холбогдсон байгаа би сургуулиас их хэмжээний мөнгө авчихсан гэж надад хэлсэн. Би тухайн үедээ гайхаад чи юун мөнгө төгрөг авсан гэж яриад байгаа юм бэ хэдэн төгрөг авсан юм бэ гэж асуухад 100.000.000 гаран төгрөг аваад тоголчихсон. Би захиралд санаа зовж байгаа, захирал мэдээгүй байгаа гэж надад хэлсэн. Би тухайн үед нилээд бухимдаж уурласан маргаан үүсгэсэн. Тэгээд чи захиралдаа тэгвэл үнэнээ хэлээд өөрөө наад бүх хариуцлагаа хүлээ гэж хэлсэн. Үүний дараа Б.Э захирлынхаа утас руу миний утсаар “Сайн байна уу би мөнгө авчихсан” гэж мессеж бичиж явуулсан байсан ба захирлаас нь “хэдийг” гэсэн хариу явуулсан байсан. Э хариу бичихдээ “140.000.000” гэсэн байсан захирал нь “яаж миний гарын үсгийн хаагуур нь яаж авсан юм бэ” гэсэн хариу ирсэн байсан. Тухайн үедээ мессежийг нь устгасан. Тэр үед нь би Б.Эд одоо мессеж бичээд яадаг юм утсаар яриад уйчлалт гуй гэж хэлсэн. Б.Э захиралтайгаа утсаар яриад захирал хотод явж байна гэнэ би Улаанбаатар хотод очиж захиралтай уулзаад ирье гэж хэлээд явсан. Би нөхрийгөө хэрэгт холбогдсоноос хойш удаа дараа нөхөртэйгөө хэрүүл маргаан үүсгэж чи мөнгө төгрөгийг яаж авсан юм бэ захирлын чинь нэгдүгээр гарын үсэг зурагддаг биз дээ гэж хэлэхэд надад тодорхой зүйл хэлэхгүй байж байгаад захирлыгаа яахав дээ ажлаа л хийдэггүй хүн байсан байхгүй юу даа гэж хэлсэн. Би нөхрийнхөө хэлсэнээс мөнгө санхүүтэй холбоотой бүх зүйлийг нягтландаа даалгадаг санхүүгийн баримт юмаа өөрөө хянаж шалгаддаггүй хүн байсан юм болов уу гэж бодож байна. Б.Э 5 дугаар сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа их мөнгө төгрөгтэй явж гэр орондоо юм авч байгаагүй гэсэн мэдүүлэг /2хх 137 ху/,

-Яллагдагч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Сайншанд сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд 2018 оны 3 дугаар сараас эхлэн нягтлан бодогчоор ажилласан. Би нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд багш ажилчдын сар болгоны цалин олгох хүснэгтийг засварлаж, ажилласан хоног болон цалингийн зөрүүн дээрээс өөртөө илүү цалин бодож олгож байсан. Ингэхдээ цалин олгох хүснэгтийн нэгдсэн дүнг гүйлгээний төлбөрийн баримттай тааруулж байсан боловч уг хүснэгтийн дотор бодолтыг хуурамчаар бодож өөртөө илүү цалин авч байсан. Би хэд хэдэн саруудад өөртөө хэдэн төгрөгийн цалин илүү бодож авч байснаа санахгүй байна. ...Төрийн албаны цалингийн нэгдсэн систем нь 2022 оны 04 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг нэгдсэн системийг хэрэгжихээс өмнө бол цалин олгох хүсэгтийг хөл дүн буюу нийт дүнг нь төлбөрийн гүйлгээтэй тааруулаад дотор бодолтыг нь хийхдээ өөртөө илүү цалин бодож авч байсан. Төрийн албаны цалингийн нэгдсэн систем хэрэгжиж эхэлсний дараа манай захирал надад нэгдсэн системд бодсон хүснэгтээ цаасаар хэвлээд аваад ир гэж хэлдэг байсан. Би хөл дүнг нь тааруулж буруу бодсон хүснэгтээ авч очиж үзүүлж байсан. Захирал тухайн хүснэгт дүнг үзээд нэгдсэн системд өөрийн эрхээр нэвтэрч цалинг сангийн яам руу илгээдэг байсан. Захирал төрийн албаны цалингийн нэгдсэн системд байгаа цалин олгох хүснэгтийг хяналгүй илгээдэг байсан. Тухайн нэгдсэн системд бол цалин дээр илүү бодолт хийж засвар оруулах ямарч боломжгүй байдаг. Тухайн системд миний өөрийн цалин 10.000.000 төгрөгөөс дээш бодогдож орж байсан. Тэгтэл тухайн миний бодогдсон цалинг захирал анзааралгүй баталгаажуулан илгээдэг байсан гэсэн мэдүүлэг /2хх 123 ху/,

-Б.Эгийн эзэмшлийн арилжааны банкууд дахь 2021-2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 22-23 ху/,

-Б.Эгийн Хаан банк дахь ..... дугаартай дансны хуулга /1хх 43-183 ху/,

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2019 оны Б/04 дугаартай “Б.Эг ажлаас халж, хуулийн байгууллагад шилжүүлэх тухай” тушаал /1хх 186 ху/,

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2022 оны Б/41 дугаартай “Б.Эг ажилд томилох тухай” тушаал /2хх 177 ху/,

-Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дугаартай акт, хавсралт /1хх 187-190 ху/,

-Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-115 дугаартай акт, хавсралт /1хх 200-201 ху/,

- Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2021-2022 оны цалингийн гүйлгээний засвартай, огт байхгүй баримтын жагсаалт /1хх 204 ху/,

-Цалин олгох хүснэгт /1хх 207-250, 2хх 1-81, 183-187 ху/,

- Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт /2xx 82-84 ху/,

-Б.Эг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 116-118, 123 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 143 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын ажилтнуудад цалин олгох Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралт НХМаягт ЦХ-56 баримтыг завсарлаж ашиглан цалингийн тооцоог илүү бодож 2021 оноос 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Төрийн сангаар дамжуулан 166.612.585 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан буюу хөрөнгө завшсан үйл явдал болсон болох нь шүүгдэгч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 5 дугаар сургуульд 2018 оны 03 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарыг хүртэл ажилласан. 5 дугаар сургуулийн нийт багш, ажилчдын цалинг бодож олгодог байсан. Менежерүүдээс цагийн тооцоо ирдэг байсан. Тэгээд цалинг бодож, захирлаар баталгаажуулж, төрийн сангаас цалингаа авдаг байсан. Энэ актаар тогтоогдсон мөнгийг авсанаа хүлээн зөвшөөрнө, маргахгүй. ...Ингэж мөнгө авч байгааг захирал мэддэггүй байсан. Сар болгон арван хэдэн саяаар нь авдаг байсан” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дын “Манайд санхүүгийн аудитын газраас шалгалт хийж, 5 дугаар сургуулийн нягтлан бодогч Э нь 166.612.585 төгрөгийн дутагдал гаргасан акт тавигдсан. Одоо уг хохирол төлөгдөөгүй байгаа” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, М.Б, Х.О, Б.Э, М.М, У.Т, Д.С нарын мэдүүлгүүд, Б.Эгийн эзэмшлийн арилжааны банкууд дахь 2021-2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Эгийн Хаан банк дахь 5362003898 дугаартай дансны хуулга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2019 оны Б/04 дугаартай “Б.Эг ажлаас халж, хуулийн байгууллагад шилжүүлэх тухай” тушаал, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2022 оны Б/41 дугаартай “Б.Эг ажилд томилох тухай” тушаал, Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дугаартай акт, хавсралт, Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-115 дугаартай акт, хавсралт, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2021-2022 оны цалингийн гүйлгээний засвартай, огт байхгүй баримтын жагсаалт, цалин олгох хүснэгт, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          “Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээ шаардагдахгүй гэмт хэрэг юм.

“Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшихыг ойлгоно.

            “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой. Удааширсан гэмт хэрэг нь тодорхой цаг хугацаанд завсарлагагүй, тасралтгүйгээр үргэлжилдэг, агуулгын хувьд нэг үйлдлээр хэрэгжүүлдэг өвөрмөц шинжтэй бөгөөд өөрөөр хэлбэл гэмт этгээд тодорхой нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийснээр эхлээд хэсэг хугацаанд үргэлжилж тэрээр гэмт хэргээс өөрөө татгалзсан эсхүл түүнийг нь эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас таслан зогсоохоор дуусгавар болдог онцлогтой.

           Шүүгдэгч Б.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан, мөн хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулж байна гэж дүгнэлээ.

 Дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч болон өмгөөлөгч нарын гаргасан ялын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

   Хохирлын хувьд энэ гэмт хэргийн улмаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газарт 166.612.585 төгрөгний хохирол учирсан ба шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Э нь 3.040.000 төгрөгийг төлсөн тул нийт хохирлоос хасч тооцон, үлдэх 163.572.585 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгээс 163.572.585 /нэг зуун жаран гурван сая таван зуун далан хоёр мянга таван зуун наян тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА