| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/52 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: А.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Г нь 2022 оны 10 дугаар сарын эхээр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод байрлах хохирогч Ц.Т-ын монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, Gofly, LG-F370K маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 70.000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжин шөнө хохирогч Н.О-ын эзэмшлийн УАЗ 469 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, аккумлятор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 7.720.000 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 6 дугаар баг, Оийн байрны гадаа байрлуулсан байсан хохирогч У.П-ийн эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг нууцаар, хууль бусаар тус тус авч бусдад нийт 8.490.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч А.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сар өдрөө сайн санахгүй байна. Тэр өдөр цас орчихсон байсан. Т ахынд очсон. Ах унтаж байсан. Надад “шартаж үхлээ, 2 утсыг сэлбэгт өгчих” гэж хэлсэн. Тэгээд би дулаацахаар хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Т ах бие засахаар гараад явсан үед нь нөгөө 2 утсыг нь хүүхдийнх нь утастай хамт авч явсан. Тэр утсыг нь зөвшөөрөлгүй авч явсан. Гараад дэлгүүр орж архины барьцаанд тавьсан. Дэлгүүрт хоёр утсыг нь барьцаанд тавьсан. Дараа нь Оын машиныг бариад явж байсан. Яаж авснаа мэдэхгүй байна. Согтуудаа болсон асуудлаа мэдэхгүй байгаа. Нэг ухаан ороход бариад явж байсан. Мөн нэг өдөр Оийн байрны гадаа нэг мотоцикл байхаар нь унаад явчихсан. Тэр үед найз хурдан хүрээд ир гэж залгахаар нь яараад тэр мотоциклийг унаад явсан. От аккумляторын мөнгийг ээж, эхнэр 2 төлсөн. Бусад эд зүйлийг биет байдлаар буцааж өгсөн. Олон хоног архи уугаад юу хийж байгаагаа мэддэггүй. Нэг мэдэхэд мотоцикл унаад явчихсан байдаг. Хэргийн хувьд Тын тооноор ороогүй. Намайг архи уудаг болохоор тэгж хэлсэн байх. Тэр авдрын цоож нь дутуу цоожлогдсон байсан. Өөр маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20-21 цагийн орчимд Бизнес түшиг төвийн 2 давхарт байрлах ресторанд эхнэртэйгээ уулзаж, гэрийнхээ түлхүүрийг авахаар очсон. Авто зогсоол дээр өөрийн ... улсын дугаартай, бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн машиныг байрлуулаад машиныхаа түлхүүрийг авалгүй орхисон. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед миний машин байхгүй байсан. Тэгэхээр нь би хуурай дүү Тамир гэх залууг аваад гэр лүүгээ явчихсан байна гэж бодсон бөгөөд 10 дугаар сарын 27-ны өглөө Тамиртай утсаар ярьтал таны машин цэнхрийн гадаа байхгүй байна, хяналтын камерын бичлэг шүүгээд зогсож байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм гэсэн мэдүүлэг /хх 24, 137 ху/,
-Хохирогч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай 4 ханатай гэр рүү үл таних хүн тооноор ороод манай гэрийн хойморт байсан эрээн авдрын цоожийг эвдэж тагийг хөшиж дотор нь байсан 2 ширхэг гар утсыг цэнэглэгчтэй нь хулгайлсан байсан. Би тэр орчмоор сураглаад явахад Сайншанд сумын 6 баатарын хөшөөний ард байх дэлгүүрт Дорноговь аймгийн Мандах сумын Г гэх залуу 2 гар утсыг цэнэглэгчтэй нь тавьсан байсан. Би хар өнгийн гар утсыг 2021 онд 160.000 төгрөгөөр, цагаан өнгийн гар утсыг нь 80.000 төгрөгөөр худалдан авсан. ...дэлгүүрийн залуу таны утсыг манайд тавьсан хүмүүс утас тавьсан мөнгөө надад өгөхөөр нь би таны утсыг аваад үлдчихсэн шүү гээд надаас мөнгө авалгүйгээр миний 2 утсыг буцаагаад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 88, 97, 157 ху/,
-Хохирогч У.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд гэрийнхээ гадаа мотоциклоо тавьчихаад ажилдаа явсан. Ажилдаа яваад 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн гадаа тавьсан байсан миний эзэмшлийн Бэни загварын шаргал өнгийн мотоцикл хулгайд алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /хх 52-53, 71-72, 155 ху/,
-Гэрч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 10 дугаар сард дэлгүүртээ сууж байтал гаднаас үл таних залуу орж ирээд цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас, хар өнгийн бүдүүн товчлууртай утас авч орж ирээд архины барьцаанд тавьсан. Маргааш өглөө нь 1 хүн орж ирээд өчигдөр манай гэрийн авдраас Г 2 ширхэг гар утас аваад танай дэлгүүрт архинд өгсөн байна гэхээр нь би тэр 2 ширхэг гар утсыг нь гаргаад үзүүлтэл миний гар утас мөн байна гэж таньсан. ...маргааш нь дахиж орж ирэхээр нь 2 утсыг нь өгөөд явуулсан гэсэн мэдүүлэг /хх 90-91 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8 ху/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 158-167 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 16-18, 56-58, 82-84 ху/
-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 61-62 ху/,
-Шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх 109-127, 174-179 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 98 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 28-29, 74-75, 104-105 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч А.Г нь 2022 оны 10 дугаар сарын эхээр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод байрлах хохирогч Ц.Тын монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, Gofly, LG-F370K маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 70.000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжин шөнө хохирогч Н.Оын эзэмшлийн УАЗ 469 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, аккумлятор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 7.720.000 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 6 дугаар баг, Оийн байрны гадаа байрлуулсан байсан хохирогч У.Пгийн эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг нууцаар, хууль бусаар тус тус авч бусдад нийт 8.490.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч А.Гийн “...Т ах бие засахаар гараад явсан үед нь нөгөө 2 утсыг нь авч хүүхдийнх нь утастай хамт авч явсан. Тэр утсыг нь зөвшөөрөлгүй авч явсан. Гараад дэлгүүр орж архины барьцаанд тавьсан. Дэлгүүрт хоёр утсыг нь барьцаанд тавьсан. Дараа нь Оын машиныг бариад явж байсан. Яаж авснаа мэдэхгүй байна. ...Мөн нэг өдөр Оийн байрны гадаа нэг мотоцикл байхаар нь унаад явчихсан. ... маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.О, Ц.Т, У.П, гэрч Г.О нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шийтгэх тогтоолуудын хуулбарууд болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...Хэргийн хувьд Тын тооноор ороогүй. Намайг архи уудаг болохоор тэгж хэлсэн байх. Тэр авдрын цоож нь дутуу цоожлогдсон байсан” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй ба учир нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй.
Гэвч түүний дээрх мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Тын өгсөн “...Манай 4 ханатай гэр рүү үл таних хүн тооноор ороод манай гэрийн хойморт байсан эрээн авдрын цоожийг эвдэж тагийг хөшиж дотор нь байсан 2 ширхэг гар утсыг цэнэглэгчтэй нь хулгайлсан байсан. Би тэр орчмоор сураглаад явахад Сайншанд сумын 6 баатарын хөшөөний ард байх дэлгүүрт Дорноговь аймгийн Мандах сумын Г гэх залуу 2 гар утсыг цэнэглэгчтэй нь тавьсан байсан” гэсэн, гэрч Г.Огийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сард дэлгүүртээ сууж байтал гаднаас үл таних залуу орж ирээд цагаан өнгийн мэдрэгчтэй гар утас, хар өнгийн бүдүүн товчлууртай утас авч орж ирээд архины барьцаанд тавьсан. Маргааш өглөө нь 1 хүн орж ирээд өчигдөр манай гэрийн авдраас Г 2 ширхэг гар утас аваад танай дэлгүүрт архинд өгсөн байна гэхээр нь би тэр 2 ширхэг гар утсыг нь гаргаад үзүүлтэл миний гар утас мөн байна гэж таньсан. ...маргааш нь дахиж орж ирэхээр нь 2 утсыг нь өгөөд явуулсан” гэсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч А.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Г урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан болох нь хэрэгт авагдсан прокурорын тогтоол, 2022 оны 12 сарын 31-ний өдрийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил, 1 сар, 20 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогч Ц.Тт 70.000 төгрөгийн, хохирогч Н.От 7.720.000 төгрөгийн, хохирогч У.Пд 700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Тт гар утсыг, хохирогч У.Пд мотоциклийг, хохирогч Н.От УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг тус тус биет байдлаар буцаан өгсөн ба шүүхийн шатанд хохирогч Н.От аккумляторын үнэ 220.000 төгрөг, спорт бээлийний үнэ 35.000 төгрөг, нийт 255.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Гийн цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Гийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 2 жил, 1 сар, 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА