| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/01198/И |
| Дугаар | 102/ШШ2019/02258 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2019/02258
| 2019 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2019/02258 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, гэрч Д.Э, Ч.Х, Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 7 сард манай нөхөр Т.Э Д.Ад Хятадаас нохой захисан. Би Японоос нохойны мөнгө шилжүүлсэн. Д.А 2018 оны 08 сарын 11-ний өдөр гэхэд нохой ирнэ гэсэн ч 14-ний өдөр хүртэл хүлээгээд ирээгүй. Тухайн үед бид гэр бүлээрээ Орос явах ажилтай байсан учраас явсан. 2018 оны 08 сарын 15-ны өдөр нохой ирсэн байсан. Д.Аг иртэл нохойг түр харж байгаарай гээд 14 хоногийн дараа ирсэн. Д.Агийнд нохой байхдаа хүнд өвдөж, шөнөжингөө зүү төөнүүрийн эмчилгээ хийж маргааш нь сэргэсэн гэсэн. Д.А надад эрүүл нохой өгсөн гэж худал тайлбар өгсөн байсан. Нохойг анх авахад хөл дээрээ арай гэж явсан, уушиг нь хэржигнүүртэй байсан. Д.Агээс нохойг аваад л 2, 3 мал эмнэлгээр явсан. Эмч нохойг үзээд хатгаа, гударга өвчин хавсарч туссан байна. Найдваргүй гэж хэлсэн. Би нохойны өвчний талаар Д.Ад хэлсэн. Д.А өмнө үхээд сэхсэн нохой зүү төөнүүрийн эмчилгээ дахин хийлгэе гэж надаас мөнгө нэхсэн. Нохой тэр шөнөдөө татсаар байгаад үхсэн. Д.А нохойг өвчтэй байсныг зөвшөөрч надаас нэмж 700.000 төгрөг аваад дахин нохой авчирахаар болсон. 2 дахь нохой миний захиалсан нохойноос том хэмжээтэй байсан. Миний захисан нохой teacup puddle гэсэн жижиг нохой юм. Би нохойг авахгүй гэсэн. Д.А 2 дахь нохойг Эрээнд үхсэн гэж хэлсэн. Д.А надад өвчтэй нохой өгсөн тул түүнээс нохой авахаар шилжүүлсэн 2.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Т.Энар Д.Ад Хятадаас пудель үүлдэрийн нохой захиалж, 1.500.000 төгрөг өгсөн. Д.А нохойг Монголд авчирахад захиалагч нар байгаагүй, 10 гаран хоногт нохойг гэртээ байлгаж, тэжээсэн. Ингээд нэхэмжлэгчийг гэртээ ирэхэд нохойг хүлээлгэж өгсөн. Д.А надад нохойг өвчин туссан гэж яриагүй, эрүүл нохой өгсөн л гэж хэлсэн. Нэхэмжлэгч дахин Д.Ад нохой захиалсан. 2 дахь нохойг Эрээнээс авахаар тохирсон. Нэхэмжлэгч 2 дахь нохойг аваагүй, Д.А очиж авч чадахгүй байсаар нохой үхсэн. 2 дахь нохойн тал мөнгийг Д.А төлж, талыг нь нэхэмжлэгчээс гаргуулсан. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, нохой өгч авалцсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар Д.А Б.Бт нохойг хүлээлгэж өгсөн. Б.Бийн өмчлөлд нохой шилжсэн учраас хариуцлага хүлээхгүй. 2 дахь нохойг Д.А тохирсон газраа авчирсан. Б.Б 2 дахь нохойг хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 2.200.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь эхний нохойг хүлээлгэн өгсөн, 2 дахь нохойг өөрөө хүлээн аваагүй зардал гарсан тул төлбөрийг буцаан өгөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Д.Атэй БНХАУ-аас аяганы пүүдл /teacup puddle/ үүлдрийн нохойн гөлөг авчруулах, төлбөрт нь 1.500.000 төгрөг өгөхөөр амаар тохиролцож гэрээ байгуулжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажил гүйцэтгэх гэрээ гэж тайлбарлаж маргасан боловч шүүхээс худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Нохойг хариуцагч нь нэхэмжлэгчийн буюу өөрийн материал үйлдвэрлэж, хийж гүйцэтгэх боломжгүй тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдан авахыг хүссэн нохойг БНХАУ-аас захиалж, нэхэмжлэгчид нийлүүлэх буюу хүлээлгэн өгөх ажиллагаа явуулсан байх тул зохигчдын хооронд үүссэн харилцаа нь худалдах, худалдан авах гэрээнд хамаарахаар байна.
Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээний төлбөр 1.500.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 2 хувааж, хариуцагчийн данс руу нөхөр Т.Э-ын данснаас шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.
Хариуцагч нь энэхүү захиалгын дагуу БНХАУ-аас аяганы пүүдл нохойн оруулж ирж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын өөрсдийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу өгсөн нохой нь хүнд өвчтэй нохой байгаад маргааш нь үхсэн бөгөөд харилцан тохиролцоод дахин нохой авчрах, мөнгөө хувааж төлөхөөр болоод 700.000 төгрөг шилжүүлсэн ч том нохой байсан учир аваагүй, одоо нийт шилжүүлсэн төлбөр 2.200.000 төгрөгийг буцааж авна гэж шаардлагаа тайлбарлав.
Харин хариуцагч нь эрүүл нохой хүлээлгэж өгсөн боловч үхүүлсэн, дахин гуйхаар нь нохой авчирсан боловч өөрсдөө Эрээнээс аваагүй, том гэж голоод тэр нохой нь мөн үхсэн, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцахгүй гэж татгалзлаа тайлбарлав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь багаасаа нохой тэжээсэн, одоог хүртэл нохой тэжээж байгаа бөгөөд нохойн талаар сайн мэднэ гэж тайлбарласан ба эхний нохойг Монголд хүлээн авсан, нохойг хүлээн авахдаа өвчтэй байсныг мэдсээр байж татгалзалгүй хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна. Түүнчлэн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд бий болсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж зааснаар худалдан авсан нохой үхсэн эрсдлийг худалдан авагч буюу нэхэмжлэгч хариуцахаар байна.
Улмаар зохигчид энэ тухайгаа харилцан тохиролцож, 2 тал дундаасаа мөнгө гарган дахин нохой худалдан авахаар тохиролцжээ.
Иймд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тохиролцооны дагуу гэрээний төлбөрт шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхгүй байна.
Харин хоёр талын тохиролцооны дагуу 2 дахь нохойг худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь нөхөр Т.Энхболдын данснаас хариуцагч Д.Ад шилжүүлж гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ биелүүлжээ.
Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь нохой захиалж БНХАУ-ын Эрээн хотод хүлээн авсан байх бөгөөд энэ нохойг нь нэхэмжлэгч өөрийн захиалсан үүлдэр биш том нохой байх тул авахгүй гэж татгалзаж, дээрх нохой Монгол Улсад орж ирээгүй талаар зохигчид маргахгүй байна.
Зохигчид гэрээгээ бичгээр байгуулаагүй бөгөөд гэрээний зүйл болох нохойг хаана, хэрхэн хүлээлгэн өгөх талаар тусгайлсан тохиролцоо байхгүй байгаа нь маргааны нэг хэсэг болж байна. Гэвч талуудын үндсэн тохиролцоо нь БНХАУ-аас нохой захиалж, нийлүүлэх тухай байх бөгөөд Эрээнд нохойг авчирснаар хариуцагч үүргээ бүрэн биелүүлсэн гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан бөгөөд худалдан авагч нь өөрийн захиалснаас өөр том нохой ирсэн гэж хүлээн авахаас татгалзсан байхад хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, гэрээний гол зүйл доголдолтой буюу захиалсан үүлдэр биш байгаа нь худалдан авагч гэрээг цуцлах үндэслэл болж, гарсан зардал, хохирлоо шаардах эрхтэй буюу 2 дахь нохойг худалдан авахад зориулж төлсөн 700.000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас 700.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 256.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Агээс 700.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.500.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 21.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ