Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч Б.Дашням,

         Шүүгдэгч Д.Х, Б.М нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х, Б.М нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Х

            Б.М

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Х, Б.М нар бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Төв саадны урд талд хохирогч Б.Н-ыг зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч Д.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн үед би улаан шорт, цагаан подволктой явж байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Хохирогч 200.000 төгрөг нэхэмжилснийг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн мэдүүлэг,

          -Шүүгдэгч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Би тэр үед хар подволк, хар шорттой байсан. Би хохирогчийн хавирч унагасан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирлыг төлөөгүй. Төлж барагдуулна. Хэргийн хувьд маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч БН-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 07 сарын 31-ний орой 23 цаг 30 минутын үед найзА, Р, Ц нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын төв саадны урд хэсэгт явж байх үед үл таних согтууруулах ундаа хэрэглэсэн хэдэн залуучууд бид нарын өөдөөс ирж байсан. Манай найзыг мөрлөөд үг хэлээр доромжлоод манай найзАыг цагаан подволктой туранхай 160-170 см өндөртэй залуу үүрч явсан цүнхээрээ саваад цохисон дахин савах гэж байхад нь би цээж рүү нь жийж унагасан. Тэгтэл хажуу талаас ямар хувцастай байсныг нь санахгүй байна. Би өөрийгөө хамгаалах гээд хөлөөрөө өшиглөх гэтэл миний хөлийг бариад газар унагасан. ...би тэгэхээр нь тэр залууг жийсэн чинь боржуур даваад унасан. Унаж байх үед нүүр лүү нэг залуу нь өшиглөсөн. Би тэгээд ухаан балартсан ... Би газар унаад ухаан алдсан. Тэгээд би ухаан ороход миний хамраас цус гарсан, толгойн ард дагз хэсгээрээ их хөндүүр толгой эргэсэн ухаан балартсан байдалтай байсан. Тэгээд манай найзууд нэгдсэн эмнэлэгт хүргэж өгч эмнэлгийн тусламж авсан. Би эмчид үзүүлэхэд миний хамар хугарсан, толгойн ард хэсэгт цус хурсан, тохой, өвдөг шалбарсан, цээж баруун талаараа хөндүүртэй байна. Хамар муруйсан амьсгаа авахад их хөндүүртэй байна гэсэн мэдүүлэг /хх 10-11, 48-49, 93 ху/,

          -Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 07 сарын 31-ны орой хамт ажилладаг найз Б.Н, Б.Нын эхнэр Ц, найз Ры хамт дөрвүүлээ Сайншанд сумын төв сааданд гэртээ харих гээд явж байх үл таних залуучууд таарсан. Тэр залуучуудын нэг нь намайг албаар мөрлөөд "Чи муу яахаараа намайг мөрлөдөг юм" гээд цүнхээрээ толгой руу цохих үед нь би зүүн гараараа хаатал, ямар овоо пизда вэ гээд дахиад цохих үед манай найз Б.Н болиулах гэтэл цүнхээрээ цохисон. Тэгээд дахиад цохих гэхэд нь Н нөгөө залууг жийх гэтэл хөлийг нь бариад манай найзыг зодож эхэлсэн. Манай найз газарт унахад дээрээс нь дэвсээд байсан гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,

          -Гэрч П.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой би нөхөр Н болон түүний 2 найзтай нь хамт Сайншанд сумын төв сааданд 23 цагийн үед гэр лүүгээ явж байхад бид нарын өөдөөс үл таних хэсэг залуучууд явж байсан. Тэгээд тэр залуучууд бид нартай зөрөлдөхдөө "хөөе пиздаанууд яаж яваад байна аа" гээд шууд өдөж хоргоогоод эхэлсэн. Тэгээд манай нөхөр Б.Н, найзА хоёрыг нэг залуу нь цүнхээрээ цохиод байсан. Манай нөхөр тэр залууг болиулах гээд болихгүй байхаар нь жийгээд унагаж байх шиг байсан. Тэгээд манай нөхрийг зодож эхэлсэн. Голчлон зодсон 2 залуу байсан нэг нь цагаан өнгийн пудволктой, намхан туранхай, майга залуу нөгөө нэгийг нь санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 7, 53 ху/,

          -Гэрч Т.Ры мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би найз Н түүний эхнэр Ц,А нарын хамт орой салхилаад Дорноговь аймгийн Сайншанд сумын Төв сааданд явж байсан. Бид хэдийн өөдөөс согтууруулах ундаа хэрэглэсэн 5 залуу зөрж өнгөрөх үедээ манай найзАтай маргалдсан. Юу болсон бэ гэтэл цагаан пудволктой 160-170 см орчим өндөртэй туранхай залуу үүрч явсан цүнхээрээ 3-4 удаа савсан. Энэ үед Н тэр цүнхээрээ савж байсан залууг жийж унагасан. Хажуу талаас нь хамт явж байсан залуучууд Ныг өшиглөх гэж байхад нь хөлийг нь барьж унагасан. Ныг хоёр залуу нийлж байгаад унагасан. Дээр нь хар подволктой, хар шорттой залуу нүүр рүү нь гараараа цохиж байсан. Би тэр залууг татаж босгоод барьж байсан. Н газар ухаан алдаад унасан. Мөн татаж байх үед нь нэг залуу нүүр рүү нь өшиглөж байсан. Цүнх үүрсэн цагаан подволктой залуу байсан гэж санаж байна гэсэн мэдүүлэг /хх 14-15 ху/,

          -Гэрч Э.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой найз М, Х, Э бид хэд Викториа баарнаас гараад төв саадаар дамжаад урд зүг рүү явж байх үед өөдөөс ирж байсан 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй Х ах маргалдсан. Би хамт явсан гурваасаа түрүүлээд ганцаараа утсаар ярих гээд явж байсан юм. Тэгээд эргээд хартал нэг бүдүүн ах Мийг жийгээд газар унагааж байсан. М боржуур даваад унасан босож ирээд үүрч явсан цүнхээ жийсэн хүн рүүгээ шидэх үед цүнхэн дотор байсан эд зүйл тарсан. Би түүнийг түүж байсан чинь хэн гэдэг нь мэдээгүй нэг ах газар унасан байсан гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/,

          -Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би найз Уэ, Х, М нарын хамт Викториа баарнаас гараад төв саадаар дамжаад урд зүг рүү явж байх үед өөдөөс ирж байсан 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй Х ах маргалдсан. Би Х ахын ард зогсож байсан. Маргалдаад байхаар нь болиулах гээд Х ахыг тэвэрч байх үед М хавсраад унагаасан. Энэ үед Х ах нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээр тэр хар хувцастай ах ухаан алдсан гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/,

           -Яллагдагч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би найз Уэ, Х, Э нарын хамт Викториа баарнаас гараад төв саадаар дамжаад урд зүг рүү явж байх үед өөдөөс ирж байсан 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй Х ах маргалдсан. Би хажууд нь очсон чинь намайг цохих гээд дайрахаар нь би үүрч явсан цүнхээрээ савсан чинь намайг Х ахтай маргалдаж байсан ах жийгээд боржур даваад газар унасан. Би босож ирээд үүрч байсан цүнхээрээ өөдөөс нь шидсэн чинь дотор байсан эд зүйлс бүгд тараад унасан. Уэ цүнхэнд байсан эд зүйлсийг түүж байсан. Намайг босоод ирсэн чинь тэнд байсан эгч миний араас зуурсан чинь нэг бүдүүн ах миний хоолойноос боогоод тавихгүй байсан. Энэ үед над руу дайрч байсан ах газар унасан хажууд нь Х ах зогсож байсан  гэсэн мэдүүлэг /хх 20-21, 52, 90 ху/,

           -Яллагдагч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 31-ны өдөр найзуудтайгаа хамт Викториа баар ороод хоёр хоёр шил пиво уучхаад 22 цагийн үед гарсан. Баарнаас гараад Төв саад руу явж байтал урдаас 3 залуу 1 эмэгтэй ирж байсан. Тэгээд хажуугаар гарахдаа намайг мөрлөөд гарахаар нь би замаа харалдаа гэж хэлсэн чинь урдаас тулаад ирэхээр нь М салгах гээд ирсэн чинь манай найзыг хөлөөрөө жийгээд унагаасан. М уначаад босож ирээд үүрч байсан цүнхээрээ саваад араас нь хавираад унагаасан. Унаж байхад нь би нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд тэр залуу унаад газар хэвтээд өгсөн гэсэн мэдүүлэг /хх 35-36, 54, 79-80 ху/,

           -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02/0355 дугаартай дүгнэлтэнд:

          1.Б.Нын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй

        4.Учирсан зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

        5.Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 26-27 ху/,

         -Яаралтай тусламжийн хуудас, компьютер томографийн дүгнэлт /хх 28-30 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 94, 112 ху/

         -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 95-111, 116-120 ху/

         -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 69-72, 81-84 ху/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч Д.Х, Б.М нар бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Төв саадны урд талд хохирогч Б.Ныг зодож, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Хгийн “...Тухайн үед би улаан шорт, цагаан подволктой явж байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Мийн “...Би тэр үед хар подволк, хар шорттой байсан. Би хохирогчийн хавирч унагасан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өсгөн хохирогч Б.Нын “...Унаж байх үед нүүр лүү нэг залуу нь өшиглөсөн. Би тэгээд ухаан балартсан. Эмчид үзүүлэхэд миний хамар хугарсан, толгойн ард хэсэгт цус хурсан, тохой, өвдөг шалбарсан, цээж баруун талаараа хөндүүртэй байна. Хамар муруйсан амьсгаа авахад их хөндүүртэй байна” гэсэн, гэрч Х.Аын “...Н нөгөө залууг жийх гэтэл хөлийг нь бариад манай найзыг зодож эхэлсэн. Манай найз газарт унахад дээрээс нь дэвсээд байсан” гэсэн, гэрч П.Цгийн “...Манай нөхөр Б.Н, найзА хоёрыг нэг залуу нь цүнхээрээ цохиод байсан. Манай нөхөр тэр залууг болиулах гээд болихгүй байхаар нь жийгээд унагаж байх шиг байсан. Тэгээд манай нөхрийг зодож эхэлсэн. Голчлон зодсон 2 залуу байсан нэг нь цагаан өнгийн пудволктой, намхан туранхай, майга залуу нөгөө нэгийг нь санахгүй байна. Манай нөхрийн хамар руу нь цохиж унагаасан” гэсэн, гэрч Т.Ры “...цагаан пудволктой 160-170 см орчим өндөртэй туранхай залуу үүрч явсан цүнхээрээ 3-4 удаа савсан. Энэ үед Н тэр цүнхээрээ савж байсан залууг жийж унагасан. Хажуу талаас нь хамт явж байсан залуучууд Ныг өшиглөх гэж байхад нь хөлийг нь барьж унагасан. Ныг хоёр залуу нийлж байгаад унагасан. Дээр нь хар подволктой, хар шорттой залуу нүүр рүү нь гараараа цохиж байсан” гэсэн, гэрч Э.Уийн “...эргээд хартал нэг бүдүүн ах Мийг жийгээд газар унагааж байсан. М боржуур даваад унасан босож ирээд үүрч явсан цүнхээ жийсэн хүн рүүгээ шидэх үед цүнхэн дотор байсан эд зүйл тарсан. Би түүнийг түүж байсан чинь хэн гэдэг нь мэдээгүй нэг ах газар унасан байсан” гэсэн, гэрч Б.Эын “...Өөдөөс ирж байсан 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй Х ах маргалдсан. Би Х ахын ард зогсож байсан. Маргалдаад байхаар нь болиулах гээд Х ахыг тэвэрч байх үед М хавсраад унагаасан. Энэ үед Х ах нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон 02/0355 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, компьютер томографийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Х, Б.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Х, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Мд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

        Энэ хэргийн улмаас хохирогч Б.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь эмчилгээний төлбөр 200.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар төлж барагдуулаагүй байна.

         Шүүгдэгч Д.Х, Б.М нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нь хохирлыг төлөх үүрэгтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирол дээр маргаагүй, төлөхөө илэрхийлсэн тул 200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн /200.000:2=100.000/ гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.Х, Б. М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Мийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Б.М нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хгээс 100.000 төгрөгийг, Б.Мээс 100.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.Н-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА