Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/02334

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/02334

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ж.А,

 

Нэхэмжлэгч: М.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С ХХК /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 45.877.242 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, М.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

                                  

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хово маркийн 3 автомашинаа СХХК-нд түрээсэлж, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байх уурхай дээр ажиллуулсан. Нэг автомашиныг сарын 13.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж, 3 автомашины урьдчилгаанд 15.000.000 төгрөг авсан. Дараа нь 6.965.517 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан. Тэгээд 11 сарын 10-наас автомашины түрээсийг сараар биш рэйсээр тооцож ажиллуулсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр СХХК-тай тооцоо нийлж, Т.Б захирлаар тамга даруулж авсан. Рэйсээр явуулсан түрээсийн төлбөрт 36.800.000 төгрөг авах ёстойгоос 10.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 26.802.700 төгрөг дээр гэрээний дагуу алдангийг 122 хоногоор, хоногийн 0.02 хувиар тооцсон 653.986 төгрөг нэмж, нийт 27.456.686 төгрөгийг хариуцагч СХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би СХХК-тай Хово маркийн 3 автомашин түрээслэхээр гэрээ байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл уурхай дээр ажилласан. Нэг автомашиныг сарын 13.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж, 3 автомашины урьдчилгаанд 15.000.000 төгрөг авсан. Дараа нь 7.368.965 төгрөг авсан. Тэгээд 11 сарын 10-наас автомашины түрээсийг рэйсээр тооцож ажиллуулсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр СХХК-тай тооцоо нийлж, Т.Б захирлаар тамга даруулж авсан. Рэйсээр явуулсан түрээсийн төлбөрт 27.981.800 төгрөг авах ёстойгоос 10.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 17.981.800 төгрөг дээр гэрээний дагуу алданги шүүхэд хөндөх хүртэл 122 хоногоор, хоногийн 0.02 хувиар тооцсон 438.756 төгрөг нэмж, нийт 18.420.556 төгрөгийг хариуцагч СХХК-иас нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын байгуулсан түрээсийн гэрээний 1.5, 3.1, 4.1, 4.2, 5.2, 6.1-д заасныг үндэслэн гаргасан. Хариуцагч талын ярьсан 20 тонн түлштэй холбоотой харилцаанд нэхэмжлэгч нар оролцоогүй. Захиалагч буюу хариуцагч тал түлшийг хариуцаж, өдөр өдрөөр нь тооцож, гаргадаг байсан. 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б баталгаажуулсан. Хариуцагч тал дээрх хугацаанд ажил хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч 2018 оны 11 сарын дундаас ажил зогссон мэтээр тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал татгалзлаа нотлох баримтаар нотолсонгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая талуудын байгуулсан гэрээг би биш манай захирал баталгаажуулах ёстой байсан гэлээ. Энэ тайлбар үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр. Гэрээний дагуу нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рэйсийн тооцоо хийсэн хүн байхгүй гэлээ. Гэтэл цаг бүртгэгч н.Ууганбаяр анх нэхэмжлэлийн хувь гардаж авсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2019 оны 02 сард нэхэмжлэгч Ж.А хариуцагч талтай уулзсан. Тэр үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөрт машин өгч барагдуулна гэж хэлж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтгүй шүүхэд худал мэдүүлж байна. Иймд Ж.Агийн 27.456.686 төгрөг, М.Эийн 18.420.556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  СХХК нь Ж.А, М.Э нартай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг би баталгаажуулсан. Манай компанийн захирал н.Ц гэж хүн байдаг. Сүүлд захирал намайг гэрээ баталгаажуулах ёсгүй, гарын үсэг зурах эрхгүй байсан гэж хэлсэн. Эдгээр хүмүүс уурхай дээр ирж ажилласан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр нэг машинд 5.000.000 төгрөг, 6 машинд 30.000.000 төгрөг өгсөн. Эхлээд нэг сарын 13.000.000 төгрөг гэж тохирч, сарын дараа нэг рэйс 15.000 төгрөг болгосон. СХХК-иас нэхэмжлэгч нарт урьдчилгаа төлбөрөөс өөр мөнгө өгөөгүй. Гэтэл нэхэмжлэгч нар сүүлд манай захиалагч компанитай шууд харьцаж, мөнгө авсан байсан. Тухайн үед СХХК-д ажиллаж байсан цаг бүртгэгч н.Ууганбаяр Япон явсан, тооцоо хийсэн нягтлан н.Э ажлаасаа гарчихсан. Би тооцоо нийлсэн актан дээр гарын үсэг зурсан. СХХК-ийн захирал гэрээнд дээр гарын үсэг зурсан юм байна. Би 2018 оны 11 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нарт амаар гэрээгээ цааш үргэлжлүүлэхгүй, цуцалсан гэж хэлсэн. Захиалагч компанийн н.Ц захирал байхгүй болохоор надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би 2019 оны 02 сард цагаан сарын дараа эдгээр хүмүүстэй уулзахдаа хохирлыг нь барагдуулна гэж хэлсэн. Дараа нь манай компанийн нягтлан 20 тонн түлш байхгүй болсон байхад та яагаад эдгээр хүмүүсийн хохирол барагдуулна гэж хэлж байгаа юм бэ гэсэн. Би 20 тонн түлшний асуудлыг сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч нар н.Цоггэрэлээс мөнгөө авахаар тохирчихоод СХХК-иас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч нар нь хариуцагч СХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт Ж.А төгрөг, М.Э төгрөг, нийт 45.877.242 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь уурхай дээр байсан 20 тн шатахууныг зөвшөөрөлгүй авч ашигласан, захиалагч байгууллагатай шууд харилцаж төлбөр авсан, гэрээг цуцлах талаар мэдэгдсэн тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

            Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч СХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаатай, 21-31 УНР, 98-06 УНЛ, 96-57 УНС улсын дугаартай, автосамосвал машиныг түрээслэх гэрээг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, сарын түрээсийн төлбөр нь машин тус бүр 13.000.000 төгрөг байхаар тохиролцож бичгээр механизмын түрээсийн гэрээг үйлджээ.

Нэхэмжлэгч М.Э нь мөн адил хариуцагч СХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаатай, 84-89 УБИ, 29-84 УНО, 87-58 УНӨ улсын дугаартай, автосамосвал машиныг түрээслэх гэрээг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, сарын түрээсийн төлбөр нь машин тус бүр 13.000.000 төгрөг байхаар тохиролцож бичгээр механизмын түрээсийн гэрээг үйлдсэн байна.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байна гэж дүгнэж, түрээсийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж үзлээ.

Гэрээний явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс түрээсийн төлбөрийг сараар тооцохгүйгээр автомашины рэйсээр, нэг удаагийн рэйс нь 15.000 төгрөг байхаар тохиролцож, өөрчилсөн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч талаас 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааны рэйсийн тооцоог машин түр бүрээр хийж, улмаар холбогдох түрээсийн төлбөрийн тооцоог хариуцагч тал гаргаж өгснийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрчээ.

Энэхүү рэйсийн төлбөрийн тооцооны дагуу нэхэмжлэгч Ж.А нь 3 автомашины түрээсийн төлбөрт 36.802.700 төгрөг, нэхэмжлэгч М.Э нь 27.981.800 төгрөг авахаар гарсан байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус бүр 10.000.000 төгрөг шилжүүлэн авснаа хасч тооцож түрээсийн төлбөрт Ж.А 26.802.700 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 653.986 төгрөг, нийт 27.456.686 төгрөгийг гаргуулахаар, нэхэмжлэгч М.Э нь түрээсийн төлбөрт 17.981.800 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 438.756 төгрөг, нийт 18.420.556 төгрөгийг тус тус хариуцагчаар гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, захиалагч байгууллагаас нэхэмжлэгч нар мөнгөө бүрэн авсан, уурхай дээрх шатахууныг авсан гэсэн үндэслэлүүдээр татгалзсан боловч татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөөгүй тул түүний татгалзлыг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Талуудын хооронд байгуулсан механизмын түрээсийн гэрээний 3.2-т Түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр олгох-оор, 6.1-т Түрээслэгч тал нь төлбөрийг энэхүү гэрээний 3.2-р зүйлд заасны дагуу хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй байгаа тэрхүү үнийн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгч талд төлнө гэж тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу төлөгдөөгүй мөнгөн дүнгээс алданги тооцож шаардах эрхтэй байх бөгөөд төлбөл зохих 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 122 хоногийн алдангийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Агийн хувьд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 26.802.700 төгрөгөөс хоногийн 0.02 хувийн алданги тооцоход 5.360 төгрөг 54 мөнгө, хэтэрсэн 122 хоногоор тооцоход 653.986 төгрөг, нэхэмжлэгч М.Эийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17.981.800 төгрөгөөс хоногийн 0.02 хувийн алданги тооцоход 3.596 төгрөг 36 мөнгө, хэтэрсэн 122 хоногоор тооцоход 438.756 төгрөг болжээ.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч СХХК-иас 27.456.686 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ад, 18.420.556 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Эөд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 387.337 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч СХХК-иас 45.877.292 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ад 27.456.686 төгрөг, нэхэмжлэгч М.Эөд 18.420.556 төгрөгийг тус тус олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 387.337 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                         

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ