| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0028/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн 2318000000020 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт *** *** РД:/***/ ,*** оны *** дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ***, ам бүл ***, ***, *** хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** дугаар брак байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд *** удаагийн ял шийтгэлтэй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ *** ” гэх баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** маргалдаж ,түүний толгойн тус газар нь пивоны шилээр цохиж духны хуйханд шарх, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10/, Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 19/, Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 21/, Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 23/, *** тусламж үзүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26-27/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47/, *** иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 89/, “ *** ” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 119/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: : “...Тухайн өдөр хөл бөмбөг үзэхээр *** бааранд орсон. Тэнд таньдаг хоёр ахтайгаа таарсан. Гарах гэж байтал энэ хүн манай хоёр ахтай маргалдсан. Салгах гэтэл нэг нь түлхэж унагаад дээрээс өшиглөсөн. Босоод ирэхэд чи зүгээр зайл гэсэн. Би согтуу байсан болохоор гартаа байсан пивоны шилээр цохисон. Тэнд байж байгаад цагдаа дуудаарай гээд дуудсан.
...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажлаа хийгээд хүний хохирлыг л хурдан барагдуулмаар байна. Ахиж алдаа гаргахгүй” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.
Хохирогч *** : “...14-ий өдрөөс 15-нд шилжих шөнө ок бааранд эдний таньдаг 2 ахтай муудалцаад гадаа маргаж байсан. Гадаа миний хажууд манай ажлын 2 дүү хамт байсан. Бөөнөөрөө маргалдаад зогсож байхад дундуур орж ирээд ах нар юу болж байна гэсэн. Тэгэхээр нь чамд хамаагүй холд гээд эргээд хартал пивоны шилээр цохисон. 13-14 минут ухаангүй хэвтсэн.
Би сарын 1,300,000 төгрөгийн цалинтай. Дөрөв хоног ажилдаа явж чадаагүй. Өдрийн 85,000 төгрөгийн цалинтай. Ажилгүй байсан хугацааны цалингаа авмаар байна. Өвчин намдаах эм авч уусан. Баримт байхгүй. Цохисон шил нь хагараагүй. Битүү доргилттой цохисон. Томографт харуулах шаардлагатай байна.” гэх мэдүүлгийг өгсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх Улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” гэх баарны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* маргалдаж ,түүний толгойн тус газар нь пивоны шилээр цохиж духны хуйханд шарх, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10/;
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд миний бие Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг *** гэх нэршилтэй бааранд архи дарс уугаад хөл бөмбөг үзчихээд баарны гадаа зогсож байсан юм. Тухайн үед би *** болон *** гэх зах дээр цуг ажилладаг таньдаг хүмүүстэйгээ хамт тус баарны гадаа зогсож байсан чинь хоёр залуу бид хоёртой маргалдах гээд томроод байсан юм. Тэгсэн чинь өндөр залуу нь *** ахыг шууд гартаа барьж байсан пивоны шилээр толгой руу нь цохичихсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/;
-Гэрч **** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд *** бид хоёр хөл бөмбөг үзэх гээд Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг *** гэх нэршилтэй бааранд орсон юм. Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан болохоор пиво ууцгаасан.Тэгээд бааранд байхад нэг залуу далжганасан байдалтай бид нартай харьцаад байсан юм. Тэгээд баарнаас гараад *** болон *** бид гурав байж байсан чинь тэр залуу *** өшиглөөд унагаачихсан юм. Тэгсэн чинь *** босож ирээд газарт байсан пивоны шилээр толгойн тус газарт нь нэг удаа цохиж тэр залуугийн толгойг нь хагалсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/;
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний 23 цагийн үед миний бие өөрийн найз болох *** хамтаар *** бааранд орсон юм. Ороод *** тааралдсан. *** миний таньдаг хуурай дүү байгаа юм. Тэгээд *** бид хоёр хоёр пиво уугаад хөл бөмбөг үзээд 03 цагийн үед баарнаас гарсан чинь тархи руугаа цохиулсан гэх залуу өөрөө эхэлж далжганаад байсан. *** тэр залуу өшиглөөд унагаачихсан. Тэр үед нь би *** газар унасан түрийвч утсыг нь авч өгчхөөд эргээд харсан чинь тэр хэрүүл өдөөд байсан залуугийн толгой нь хагарчихсан, цус гарсан байдалтай толгойгоо бариад зогсож байсан. *** миний харснаар ууж байсан пивоны шилээр цохичихсон юм байна лээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/;
- *** тусламж үзүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26-27/;
-“... *** биед “духны хуйханд шарх, тархи доргилт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29/;
-“... *** биед “зүүн гарын зулгаралт, хуйханд хаван” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
-“ *** нь “ *** ” ХХК-д хамгаалагчийн албан тушаал дээр ажилладаг. *** нь 2022.12.15-2022.12.19-нийг дуустал өвчтэй буюу 4 хоног ажиллаагүй, ба нэг гарааны мөнгө 85000 төгрөг байдаг нь үнэн болно” гэх “***” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 119/-оос дүгнэхэд гэмт хэргийн улмаас хохирогч *** учирсан хохирлыг 340,000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоох нь зөв байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч **** нь **** маргалдаж, түүний толгойн тус газар нь пивоны шилээр цохиж “духны хуйханд шарх, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Хохирогч ***д учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр түүний толгойн тус газарт пивоны шилээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч **** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар эдлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 360 /гурван зуун жаран цаг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч *** нь “ *** ” ХХК-д хамгаалагчийн ажил эрхэлдэг бөгөөд гэмт хэргийн улмаас үүрэгт ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болон 2022.12.15-2022.12.19-нийг дуустал 4 хоногийн хугацаанд эрүүл мэндийн чөлөөтэй байсан байна. Түүний нэг өдрийн хөдөлмөрийн хөлс нь 85,000 /наян таван мянга/ төгрөг байдаг нь тухайн ажил олгогч байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч *** 340000 төгрөг гаргуулж, хохирогч *** олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч **** анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** 340000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчид олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ