Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2019/01241

 

2019 оны 05 сарын 29 өдөр

         Дугаар 183/ШШ2019/01241

              Улаанбаатар хот

 

    

     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Б /РД:Б/-ын нэхэмжлэлтэй

             Хариуцагч: А /РД:Д/,

 Хариуцагч: Д /РД:Д/ нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 9 дүгээр сарын эхээр манай компанийн ХАБ-ын ажилтан н.Ц яриад чи 15 000 000 төгрөг зээллээч манай нэг хуурай дүү байдаг юм. Тэр оросоос бараа оруулж ирэх гэсэн мөнгө нь дутаад, эндээс буруу тооцоолоод мөнгөө дутуу аваад явсан байна. Яаралтай мөнгөний хэрэг гараад байна. 2-3 хоногийн дараа мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд Н гэх эмэгтэй нь оросоос миний 99055553 дугаар луу залгасан бөгөөд би Орост байна. Яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд ажил бүтсэний дараа мөнгийг чинь нугалаад өгсөн ч болно гэхээр нь мөнгөө л буцааж авч байвал надад хамаагүй гэж хэлээд барьцаа надад хэрэгтэй. Дараа нь та нараас би яаж мөнгөө буцааж авах юм бэ гэсэн. Гэтэл Н нь манай нэг хөгшин байдаг.  150 000 000 төгрөгийн үнэтэй газар барьцаанд өгье гэж хэлсэн. Түүний дагуу 2018.09.11-ний өдөр Л.Д, Ж.А гэх хоёр хүнтэй уулзаж, 15 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 5 хувийн алданги тооцохоор тохиролцож, Л.Дтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Л.Д нь барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах, 425.79 м.кв газрыг барьцаанд тавьсан юм. Тэр гэрээний дагуу Л.Дтэй хүргэн гэх Ж.А гэгч нь надаас бэлнээр 6025 ам.долларыг ирж авсан юм. Үүнээс хойш Л.Д, Ж.А нар нь утсаа авахгүй, гэрт нь очихоор өнөө маргааш өгнө гэж худлаа хэлж, сүүлдээ хэл амаар доромжилж байна. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 15 000 000 төгрөг, зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт зааснаар алдангид 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг хариуцагч Л.Д, Ж.А нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бын нэхэмжилж байгаа 15 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй. Бид нэг ч төгрөг авч хэрэглээгүй болно. Энэ мөнгийг банк хоорондын гуйвуулгаар Т.Нд Б.Б шилжүүлсэн болно. Манай бэр болох Т.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр намайг 1 дүгээр хороололд байхад над руу утсаар ярьж, танайд очсон чинь та алга. Дүү нь яаралтай мөнгөний хэрэг байна. Танай газрын бичиг баримтыг таньдаг хүндээ тавиад цөөхөн мөнгө аваад удахгүй буцааж өгөөд танай бичгийг өгнө гэж гуйсан. Би эхнэртэй Т.Нгийн хүсэлтийг хэлэхэд эхнэр зөвшөөрч, газрын гэрчилгээний эх хувийг өгсөн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Т.Н 79247738732 гэсэн дугаараас “Би Орост явж байна. Танай газрын гэрчилгээг нэг хүнд орхисон. Та маргааш тэр хүн дээр хөгшинийг дагуулж очоод нотариатаар баталгаажуулчихвал тэр хүн мөнгө өгнө” гэж хэлсэн. Намайг ээжийгээ дагуулаад очиход Б.Б гэгч залуу манай газрын гэрчилгээ, бичиг баримтыг барьчихсан зогсож байсан. Тэгээд нотариат дээр очиж гэрээ байгуулаад, маргааш нь уулзахаар болоод салсан. Маргааш нь Б.Бын дуудсанаар Дүүхээ төв дээр очиж, Б.Бын хамт Х банк  орж Б.Б Т.Нтай ярьж, мөнгийг гуйвуулгаар шилжүүлсэн. Бэлнээр нэг ч төгрөг аваагүй болно. Банкны баримтуудыг шүүхэд хавсарган өгсөн. Иргэн Б.Б нь нэхэмжлэл дээрээ Ж.А надаас бэлнээр 6025 ам.долларыг авсан гэж бичсэн байна. Би бэлнээр нэг ч доллар, нэг ч монгол мөнгө аваагүй. Банкаар мөнгийг шилжүүлсэн. Мөн иргэн Б.Б манай гэрт удаа дараа ирж, бид мөнгийг нь өнөө маргаашгүй өгнө гэж огт хэлж байгаагүй. Худал зүйл бичсэн байна” гэжээ.

 

  Хариуцагч Л.Д шүүхэд ямар нэг тайлбар ирүүлээгүй байна.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөгийг хариуцагч Ж.А, Л.Д нараас гаргуулахаар шаардаж, зээлийн гэрээг Л.Дтэй байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг Ж.Аад хүлээлгэн өгч түүний хүсэлтээр гадаад улсад байгаа Т.Н руу гуйвуулсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ж.А, Л.Д нараас шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна. 

 

Хариуцагч Ж.А зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй бөгөөд Т.Н зээлийг авсан, харин Т.Нгийн хүсэлтээр газрын гэрчилгээгээ барьцаалуулсан тул зээлийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Л.Д хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.Б, Л.Д нар 15 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ, зээлийн барьцаанд Н бичил эко аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн зөвшөөрөл бүхий газрыг бариулахаар тохиролцсон барьцааны гэрээ зэргийг байгуулсан байна. 

 

Шүүх, дээрх гэрээг шинжлэн судлаад, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээнд хамаарах боловч нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Учир нь:

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т  мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаантай тохиолдолд уг мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгснөө нотлох үүрэг зээлдүүлэгчид хамаарна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч Л.Дтэй зээлийн гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг Ж.Аад хүлээлгэн өгсөн болох нь кассын зарлагын ордер гэх баримтаар нотлогдоно гэж тайлбарлах боловч шүүх, зээлийн гэрээний 2.3-т “зээлийн хугацаа 2018.09.12-2019.03.19-ний өдөр хүртэл 7 хоногийн хугацаатай”, 2.4-т “зээлийн эргэн төлөлт 2018.09.12-нд бэлнээр төлнө” гэх зэргээр цаг хугацааны хувьд ойлгомжгүй тусгасан байдал, 2018.09.12-ны өдрийн 10 цаг 57 минутад нэхэмжлэгч Х банкин дахь Х дугаар данснаас 6 025 ам.долларын зарлагын гүйлгээ хийж, 11 цаг 07 минутад  өөрийн нэрээр олон улсын мөнгөн гуйвуулгаар 200 ам.долларын шимтгэл төлөөд 5 825 ам.долларыг Т.Нд гуйвуулсан үйл баримтыг кассын зарлагын ордер А зээл 6 025 доллар гэж тэмдэглэгдсэн баримттай харьцуулан дүгнээд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг хариуцагч Ж.Аад хүлээлгэн өгсөн, түүний хүсэлтээр иргэн Т.Нд гадаад улс руу гуйвуулсан гэх тайлбар хангалттай нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагч нарт зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор гардуулсан болох нь баримтаар нотлогдохгүй тул зээлийн гэрэээний үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.    

 

Шүүх 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Л.Дг шүүхэд албадан ирүүлэн нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эрх үүрэг тайлбарлаж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн  72.2-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн баримттай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч хэн аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан баримт сэлт ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай уулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч  А /РД:Д/, Д /РД:Д/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай Б /РД:Б/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ