| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0041/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2318000000045 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *** оны ** дугаар сарын ***-ны өдөр, *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, яс үндэс ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ***, ам бүл ***, урьд *** удаагийн ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн *******ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох П-315 загварын насосын 75квт, 380вт-ын цахилгаан моторыг завшиж 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-12/, Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 22/, Хохирогч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/, Гэрч *** мэдүүлэг / хавтаст хэргийн 35-36/, Гэрч *** мэдүүлэг / хавтаст хэргийн 40-41/, Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48/, Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 50/, хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 59-60/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 90/, Хохирогч *******, шүүгдэгч *******нараас гаргасан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 100-101/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болохыг тэмдэглэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх Улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг “ Гахайн байр ” гэх газраас иргэн *******-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох П-315 загварын насосын 75квт, 380вт-ын цахилгаан моторыг завшиж 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/;
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-12/;
Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз *** хамтаар Шарын гол сумын *** баг *** гэх газарт хаягдал аккумлятор авах ажилтай явж байсан чинь *** таньдаг хүн хувийн алтны бичил уурхайд манаачаар ажилладаг болж таараад тэр хүнтэй уулзсан юм. Тэгсэн тухайн *** гэгч нь “маргааш өглөө ирж хаягдал төмөр ав” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь *** бид гурав тухайн ***гэгч дээр очоод төмөр авах гээд үзсэн чинь олигтой төмөр байхгүй байсан. *** гэгч нь бас таньдаг болж таараад “хоёр найздаа яаж хоосон явуулах уу энэ моторыг аваад яв” гэж хэлсэн. Тэгээд бид гурав Дархан ороод мотор нь ажиллахгүй байхаар нь моторонд байсан зэсийг зараад мөнгийг нь хувааж авсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/;
Хохирогч *******-ээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алдсан мотор маань усан бууны насосын мотор байсан. Заамар суманд үйл ажиллагаа явуулж байхдаа уг насосыг ажиллуулж байсан. Шарын гол суманд ажиллуулаагүй. Хэвийн ажиллагаатай мотор байсан.
... Миний бие алдагдсан гэх П-315 загварын насосын 75 квт-н 380 вт-ын цахилгаан мотортой адилхан алдагдалгүй хэвийн ажиллагаатай моторыг иргэний хариуцагч *** болон яллагдагч ******* нараас шалгаж авсан учраас одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/;
Гэрч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манаачид авч очсон архийг манаач нь ганц хоёр удаа татаад жаахан юм ярьж байгаад гэрээс гарч ирээд усан бууны хажууханд байсан төмрийг авах гэхэд манаач нь “хоёр найздаа чанартайхан юм өгье” гээд контейнерын хажууд байсан моторыг заагаад энийг ав гэж хэлэхээр нь бид нар моторыг очоод үзэхэд боолтыг тайлчихсан сул байхаар нь төмрөөр хөшиж үзэхэд хөдлөхөөр нь доор нь модоор эвээс хийж байгаад портерын гүүзүүтэй тэгшхэн болгож байгаад бид 4 өргөөд машинд ачаад хоёр машинаар бид 3 цуг сумын төв орсон.
...Маргааш нь 10 цагийн үед *** гражид цуглаад моторыг нь тастагчаар таслаад *** хоёр задлаад 15 цагийн үед дууссан. Гарсан зэсийг нь *** түүхий эд авдаг ченж ** аваачиж өгөөд 550.000 төгрөг боллоо гээд ** мөнгийг нь аваад ирсэн. Би 250.000 төгрөгийг нь авсан. Үлдсэн мөнгийг *** нар хувааж авсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 35-36/;
Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 дугаар сарын 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед *** гэрт нь очиж *** улсын дугаартай цэнхэр өнгийн портерыг аваад, *** жолоодоод би хажууд нь сууж явсан. Тэгээд Шарын гол сумын уурхайн арын гүүрээр гараад цаашаа жаахан яваад алтны уурхайн ам руу очсон. Бид 3 кемпийн манаачийн гэрт ороход *** гэгч нь нэг эмэгтэйгийн хамт байсан. Бид нар манаач *** гэдэг хүнд 0.75 граммын Хараа нэртэй архийг өгөхөд *** өөрөө архинаас 2 татсан, бид нар төмөр авахаар гэрээс гарч ирээд усан буу байсан газарт очиж үзэхэд олигтой төмөр байхгүй байхаар нь за за явъя, өөр юм байхгүй юм уу гэхэд *** энд нэг мотор байгаа гээд гэрийн хажууханд байсан контейнерын хажууд байсан цэнхэр өнгөтэй моторыг заагаад энийг аваад яв гэхээр нь за гээд моторыг үзэхэд боолтыг тайлсан байхаар *** нартай нийлээд бид 3 моторыг портерт ачсан. Тухайн үед Батаа наадах чинь шатчихсан байгаа юм, наадхаа аваад яв гэж байсан. Тэгээд бид Дарханд мотороо авчраад *** авто завсар дээр очсон. Маргааш нь 10 өнгөрч байхад уулзаад мотороо задалж дуусгаад *** зэсийг нь ченжид өгөөд 560.000 төгрөг болсон гэсэн. Би тэр мөнгөнөөс нь 85.000 төгрөгийг нь авсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 40-41/;
Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Шарын гол сумын *** байх гэрээс гарч яваад уурхайн баруун талд байх кемпэд очсон. Тэгээд би тэр хүнд хоол хийж өгч байхад гаднаас танихгүй 3 залуу орж ирээд манаачтай уулзаж ярилцаж байгаад “за төмрөө ачих уу” гэж нэг нь хэлсэн чинь за гээд манаач нөгөө танихгүй 3 залуугийн хамт гараад явсан. Би хоол хийж дуусгаад гэрээс гарч ирэхэд тэр хүмүүс контейнерын хажуугаас юм ачиж байхаар нь хоолоо идээрэй гэж хэлээд гэрт орсон. Хэсэг хугацааны дараа нөгөө хүмүүс манаачтай цуг орж ирсэн чинь манаач хоол ид гэхээр нь би тэр хүмүүст хоол хийж өгсөн. Тэгээд тэр хүмүүс хоол идчихээд явах гэж байхад манаач нь нөгөө хүмүүст юм захиад байсан. Удалгүй нөгөө хүмүүс захисан юм чинь гээд архи, нэг юм өгчхөөд явахдаа маргааш уулзъя гэж хэлээд явсан.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48/;
Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр намайг Буянт захад байхад *** нь хүрч ирээд 32 кг зэс, 37 кг хөнгөн цагаан авчирч өгөхөөр нь би зах зээлийн ханшаар бодож 675.000 төгрөгийг бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50/;
“П-315 загварын насосын 75квт, 380вт-ын цахилгаан моторын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 7500000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 59-60/;
-Хохирогч *******, шүүгдэгч ******* нараас гаргасан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 100-101/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
“П-315 загварын насосын 75квт, 380вт-ын цахилгаан моторын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 7,500,000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 59-60/-аас дүгнэхэд гэмт хэргийн улмаас хохирогч *******эд учирсан хохирлыг 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоох нь зөв байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч ******* нь Шарын гол суманд байрлах кемп-ийн манаач хийж цалин хөлс авдаг болох нь тогтоогдож байх бөгөөд түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу П-315 загварын насосын 75квт, 380вт-ын цахилгаан моторыг завшиж бусдад 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогч *******ийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байх тул *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгох албадлагын арга хэмжээ авахыг шүүхэд санал болгосон бөгөөд шүүгдэгч ******* нь энэхүү саналыг хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбараар /хавтаст хэргийн 90/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******ад анхааруулах нь зүйтэй байна.
Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд “алдагдсан П-315 загварын насосын 75квт, 380вт-ын цахилгаан мотортой адилхан хэвийн ажиллагаатай моторыг иргэний хариуцагч болон ******* нараас хүлээн авсан одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгсөн /хавтаст хэргийн 27/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч *******-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч *******-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******-д анхааруулсугай
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ