| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0718/з |
| Дугаар | 221/МА2025/0179 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0179
“М Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Нэхэмжлэгч: “М Б” ХХК
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05/684 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг “М Б” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0987 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0718/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М Б” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05/684 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг “М Б” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0987 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05/684 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг “М Б” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны даргын хамтран баталсан “Б аймагт хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу Б аймаг дахь Эрүүл мэндийн байгууллагуудын тус байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн хэрэгжилт, цахим жор бичиж буй эмч нарын жор бичилт, эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олголтын үйл ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэж харьяаллын дагуу Б аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 220200459 дугаартай хэрэгт Б аймгийн эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сангууд, эмч нарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн. Тус эрүүгийн хэрэгт М Б эмийн сан холбогдон шалгагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1-т “...яллагдагчаар татаагүй талаар дурьсан байна” гэж тусгасан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй ”заасантай зөрчилдөж байна гэж үзэж байна. Иймд хуульд заасны дагуу хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байхад түдгэлзүүлээгүй.
3.2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь гаргасан нэхэмжлэлдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05/684 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоох гэсэн бөгөөд тус бичиг нь “М Б” ХХК нь 2022 оны 02 дугаар сард даатгуулагчдад эмийн хөнгөлөлт үзүүлсэн төлбөрийн нэхэмжлэлээ гэрээнд заасан тайлбарт хугацаанд ирүүлээгүй тул санхүүжилтийг олгох боломжгүй гэдгийг Б аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13/05 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.
Нэхэмжлэлийг хянах боломжгүй тухай шийдвэр нь манай байгууллагын нэхэмжлэл хянах үйл ажиллагаатай холбоотой бөгөөд 2022 оны 03 дугаар сард уг шийдвэр гарснаас хойш тухай байгууллага нь тус албан бичгийг гаргасан байгууллагад мөн дээд шатны байгууллага, шүүхэд нэхэмжлэлийг хянуулах талаар гомдол гаргаагүй байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05/684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон ч 2022 оны 03 дугаар сарын 13/05 дугаартай шийдвэр хүчинтэй байна.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйл 33.14-т “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно”, 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянаж шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан байна.
Анхан шатын шүүх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т заасан хөөн хэлэлцэх хугацааг нягталж үзэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
3.4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ ирүүлээгүй талаар: Анхан шатын шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт 3.5-т “... Думан Махббат гэх мэйл хаягаар 2 дугаар сарын нэхэмжлэхийг Б аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн...” гэсэн байна. Нэхэмжлэгч тал Б аймгийн Эрүүл мэндийн даатгалын цахим хаягаар нэхэмжлэлээ ирүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Б аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын цахим хаяг өөрчлөгдсөн тул нэхэмжлэлээ илгээгээгүй мөн гэрээ хугацаа хоцорсон тул илгээх цахим хаягийг мэдээгүй гэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хэрэг үүссэнээс эхлэн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, өгсөн тайлбар, шүүх хурлын үед ярьсан байдаг. Гэтэл Захиргааны хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал гэнэт цахим хаягийг мэддэг байсан болж Б аймгийн нотариатын тамга тэмдэгтэй тус эмийн сангийн ажилтан явуулсан гэх цаасыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэл ирсэн гэдгийг шүүгч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан байна.
3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т цахим шуудангаар ирсэн мэйлд үзлэг хийх, нотариат батлах чиг үүрэг байхгүй байхад тус цахим хаягт үзлэг хийж цахим шуудангийн хаягаар нэхэмжлэлийн мэдээлэл ирсэн мэт нотлох баримт гаргасан. Гэвч тус цахим шуудан нь Б аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст ирээгүй гэдэг нь баримтаар нотлогддог. Шуудан нь илгээгчээс хүлээн авагчид ирж байж ирсэн гэж тооцогдох тухай ойлголт гэж үзэж байна.
36. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6, 32.9-д заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч талаас нотлох баримтаар хасуулах тулаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй.
Тус нотлох баримтыг хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Иймд хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “М Б” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05/684 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 25,906,031 төгрөгийг “М Б” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ “... хариуцагчтай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг шинээр байгуулж, өөрчлөгдсөн загварыг 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсныг хариуцагч мэдэж байгаа, тус оны 2 дугаар сарын нэхэмжлэхийг 3 дугаар сарын 02-нд цаасаар хүргүүлэхэд хүлээж аваагүй, цахим шуудангаар хүргүүлсэн байхад нэхэмжлэх ирүүлээгүй эмийн сангийн жагсаалтад орсон гэж олгохоос татгалзах нь үндэслэлгүй” гэх зэргээр шаардлагын үндэслэлийг тодорхойлж маргасан.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “...нэхэмжлэхийг хүлээн авах, хянах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй, 2022 оны 2 дугаарын нэхэмжлэхийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй эмийн сангийн тоонд М Б багтсан тул уг тайлант хугацааны санхүүжилтыг хянаж, олгохоос татгалзах үндэслэлтэй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаат хэтрүүлсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд;
4.1. “М Б” ХХК нь Бн аймгийн Засаг даргын 2019 оны А/359 дүгээр захирамжаар тус аймгийн хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улмаар ээлжит жилийн БӨ-04/17 дугаартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр байгуулж, албажуулсан гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч байгууллагаас хүлээн авсан.
4.2. Шинэчлэн байгуулсан гэрээнд сар бүрийн тайлант хугацааны нэхэмжлэх хүлээн авах аймгийн Эрүүл мэндийн газрын цахим шууданг [email protected] гэж заасан бол түүнээс өмнөх хугацааны нэхэмжлэхийг хуучин гэрээний хавсралтад тодорхойлсны дагуу ********* хаягаар хүргүүлж байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй.
4.3. “М Б” ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөр огноолсон хөнгөлөлттэй эмийн 25,906,031 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэхийг Б аймгийн Эрүүл мэндийн газрын ********** хаягт цахим шуудангаар 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн.
4.4. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/02 дугаар удирдамжийн дагуу Б аймаг дахь эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлж буй тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланд “... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ********* цахим шуудангийн нэвтрэх эрхийг 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр сэргээснээр хяналт хийсэн, даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн баримт, мэдээлэл, нотолгоог 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл авахад М эмийн сан огт гаргаж өгөөгүй” гэж тэмдэглэсэн бол аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 02/743, Б аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 13/05 дугаар албан бичигт нэхэмжлэгч хуулийн этгээдийг нэхэмжлэх ирүүлээгүй талаар дурджээ.
4.5. Ингээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 05/684 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн дээрх нэхэмжлэхэд заасан дүнгээр эмийн үнийн хөнгөлөлт олгохоос татгалзсан хариу өгсөн.
5. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... 25,906,031 төгрөгийн нэхэмжлэхийг аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр цахим шуудангаар хүргүүлсэн болох нь тотоогдсон байхад нэхэмжлэх ирүүлээгүй эмийн сангуудын жагсаалтад багтсан гэж санхүүжилт олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, хэн нэг албан тушаалтан, хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй гэж цагдаагийн байгууллагаас лавлагаа ирүүлсэн тул энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
6. Учир нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.4. “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага болон эмийн санг; 3.1.8. “даатгалын гэрээ” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг;”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ”, 10.2-т “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэж,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “М Б” ХХК-тай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн БӨ-04/17 дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 1.5-д “Талуудын харилцах сувгийг тодорхойлсон хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болно”, 2.1.7-д “Дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах: 2.1.7.2. гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл”, 2.2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авагч дараах үүрэг хүлээнэ: 2.2.1. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, хяналтын үр дүнд суурилсан шаардлага хангасан нэхэмжлэлийн төлбөрийн хэмжээг тогтоох”, 2.4-т “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 2.4.4. тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгээр гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар, эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сарын бүрийн 05-ны дотор хүргүүлэх”, 4.2-т “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоногт тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн харилцааг зохицуулсан хууль, түүнд нийцүүлэн байгуулсан гэрээний зохицуулалт ёсоор нэхэмжлэгч нь Б аймгийн даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлж, тухайн сард үзүүлсэн үйлчилгээний нэхэмжлэхийг дараа сарын 05-ны өдрийн дотор гэрээний хавсралтад заасан сувгаар буюу цахим шуудангаар захиргааны байгууллагад хүргүүлэх, эрүүл мэндийн хөнгөлөлттөй тусламж, үйлчилгээг худалдан авч буй захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэх тогтоосон хугацаанд ирсэн, үнийн хөнгөлөлт олгох холбогдох нөхцөл шаардлагыг хангасан эсэх зэргийг хянаж шалгасны дүнд үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээдэд төлбөр олгох эсэхийг баталгаажуулж, олгох төлбөрийн хэмжээг тогтоох ба гэрээгээр тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлбэл хоног тутамд ногдох алдангийг суутган тооцох зохицуулалттай байна.
7. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2022 онд шинэчлэн байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “М Б” ХХК-д хүргүүлсэн, уг гэрээний хавсралтад нэхэмжлэх хүлээн авах цахим шууданг өөрчилсөн, Б аймагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэгч байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын ажлын хэсэг өмнө нь нэхэмжлэх хүлээн авч байсан ********* цахим шууданд нэвтрэх эрхийг 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сэргээж чадаагүй.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс 2022 оны 1 дүгээр сарын нэхэмжлэхийг 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын нэхэмжлэхийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн, харин 2022 оны 2 дугаар сарын нэхэмжлэхийг 2022 оны 3 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд М эмийн сангийн эрхлэгчийн “Д М” нэртэй цахим шуудангаас илгээсэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2022 оны 1, 3, 4, 5, 6 дугаар сарын санхүүжилтыг ирүүлсэн нэхэмжлэхээс бууруулсан дүнгээр “М Б” ХХК-д олгосон болох нь тогтоогдсон.
8. Өөрөөр хэлбэл, хууль болон гэрээний дагуу 2022 оны 2 сарын тайлант хугацааны нэхэмжлэхийг хуучин цахим шуудангаар хүргүүлсэн, цахимаар ирүүлэх хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг захиргааны байгууллага чиг үүргийнхээ хүрээнд хянаж тогтоолгүйгээр, тухайн сард хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг нөхөн олгохоос татгалзсан нь үндэслэлгүй болжээ.
9. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар иргэнийн хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1929 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1678 дугаар магадлалаар хянаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1313 дугаар тогтоолоор, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.
“М Б” ХХК-ийн хувьд, 2022 оны 2 дугаар сард даатгуулагчдад үзүүлсэн хөнгөлөлттэй эмийн үнийн зөрүү болох 25,906,031 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргуулахаар тасралтгүй маргаж, улмаар 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болохыг ч дурдах нь зүйтэй.
10. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй учир шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ