| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
2023 01 30 2022/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан хийж,Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2225007370024 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-22 дугаар байрны хойд талын автозам дээр тээврийн хэрэгслийг цохилоо гэх үл ялих шалтгааны улмаас зам хөндлөн гарч явсан М.Бтай маргалдан, улмаар түүний зүүн хөлийг нь өшиглөх үед замын хашлага хэсэг рүү цээжээрээ тэгнэж унасны улмаас эрүүл мэндэд нь “зүүн талын дөрөвдүгээр хавирганы цууралт, цээжинд зүүн хөхний хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч С.Бын мэдүүлсэн: Тухайн өдөр гарцан дээр явж байхад миний машин руу цохисон. Би бууж маргасан. Тэгээд хөл рүү нь өшиглөхөд унаж хавирга нь гэмтсэн. Эмчилгээний зардлыг төлсөн. Машин цохихоор нь уур хүрээд л тэгсэн. Гэм буруугаа хүлээж байна, миний буруу гэх мэдүүлэг,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-хохирогч М.Бын мэдүүлсэн ... 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед эхнэр Г.Жаргалтогтохын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-22 дугаар байрны ард талын төв замын явган хүний гарцаар гарч байтал 93-02 ОРА улсын дугаартай хар бараан өнгийн машин эхнэрийг шүргэх шахаад хурдтай явсан. Би тухайн үед манай эхнэр өөрөө цочоод цочсондоо машинд гар хүрчихсэн юм. Улмаар жолооч бууж ирэхээр нь чи яаж яваад байгаа юм бэ? хүн аллаа шүү дээ гэж хэлтэл намайг шууд л зүүн хацарт гараараа цохьсон. Чи одоо хаашаа юм бэ? хүн дайрах шахчихаад хүн зодох чинь зөв юм уу?, би эрхээ эдлэж гарцаараа зам хөндлөн гарч байна гэж хэлэхэд дахин зүүн хацар руу нэг удаа цохиж, зүүн хөлийг өшиглөх явцад саад дамнаж унахад зүүн талын хавирга хөндүүр болсон. Улмаар цагдаагийн газарт хандсан. 2022 оны 11 дүгээр 22-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. Одоо надад зовиур байхгүй. Намайг зодсон гэх хүн нь надад эмчилгээнд 100,000 төгрөгийг өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү? намайг зодсон гэх залуу надаас уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-н 11-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 889 дугаартай...М.Бын биед зүүн талын дөрөв дүгээр хавирганы цууралт, цээжинд зүүн хөхний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. Зүүн талын дөрөв дүгээр хавирганы цууралт, цээжинд зүүн хөхний хэсэгт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15-р тал/
-шүүгдэгч С.Бын сэжигтнээр мэдүүлсэн: 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5 дугаар микрээс өөрийнхөө эзэмшлийн 93-02 ОРА улсын дугаартай машинтай үйлчилгээ тал руу явж байхад Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-22 дугаар байрны ард талын засмал замын гарц өнгөрөх явцад машиныг араас цохих шиг чимээ гарсан. Замын гарц өнгөрөөд машинаа зогсоогоод машинаасаа буугаад машин цохисон гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хөгшин дээр очиход өөдөөс гарцаар гарч байхад дайрах шахлаа гэж элдвээр хэлээд байхаар нь хацар хэсэгт нь эрэгтэй хүнийг нь алгадсан. Улмаар хэрүүл маргаан болоод тухайн хүнийг нэг удаа өшиглөхөд замын хажуугийн саадны хашлага дээр тээглээд уначихсан. Тэгээд би тэр хүнд хандаж машины дугаар харсан биздээ та гомдолтой бол гомдлоо гаргаарай гэж хэлээд яваад өгсөн... Би тухайн хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
Үйл баримт: Шүүгдэгч С.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-22 дугаар байрны хойд талын авто замаар авто машин жолоодож явган хүний гарц дээгүүр гарах үед уг гарцаар гарч явсан М.Бтай “машин руу цохилоо” гэх шалтагаар маргалдан хохирогчийн хацарт нь алгадаж,зүүн хөл рүү нь өшиглөхөд М.Б нь замын хашлага хэсэг рүү цээжээрээ тэгнэж унасны улмаас биед нь зүүн талын 4-р хавирганы цууралт, цээжинд зүүн хөхний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч С.Бын үйлдлийн улмаас М.Бын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Бын мэдүүлсэн... Улмаар жолооч бууж ирэхээр нь чи яаж яваад байгаа юм бэ? хүн аллаа шүү дээ гэж хэлтэл намайг шууд л зүүн хацарт гараараа цохьсон. Зүүн хөлийг өшиглөхөд нь саад дамнаж унахад зүүн талын хавирга хөндүүр болсон....гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 889 дугаартай...М.Бын биед зүүн талын дөрөв дүгээр хавирганы цууралт, цээжинд зүүн хөхний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.Зүүн талын дөрөв дүгээр хавирганы цууралт, цээжинд зүүн хөхний хэсэгт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдвол зохих байдал нотлогдсон, нотлох баримт хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч С.Бын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, М.Быг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь болох нь тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Хэргийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг ойлгож байна гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохиролд 100,000 төгрөг төлжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.Б нь шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний төлбөрт 100.000 төгрөгийг авсан гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Сын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ