| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0153/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 152
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Ц.А,
Хохирогч: Н.Б,
Шүүгдэгч: Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х-д холбогдох 17280000000081 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Ө аймгийн Н суманд тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х овгийн Ц Х, РД: КЖ.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн байранд Н.Б-ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Х-г гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Эхний удаа би зүгээр амаар энэ хүнд хэлсэн. Би шууд мэдээд давхиж очоогүй. 11 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр найзуудтайгаа явж байхад нь очсон чинь манай нөхөр энэ хүн рүү баахан залгасан байсан. Тэгээд би утсыг нь аваад шидсэн. Тэгээд 3 дугаар сургууль дээр очсон. Хүний биед халдсан нь миний буруу л даа. Гэхдээ урьд нь анхааруулж хэлсэн байсан. 09 дүгээр сарын 05-ны өдөр би очиж уулзсан. Тэр үед би дахиж харилцаа холбоо тогтоохгүй гэж хэлсэн. 3 дугаар сургуулийн захирлын өрөөний үүдэнд нарийн бичгийн өрөөнд толгой руу нь цохиогүй, цамцных нь захыг урсан. Тухайн үед би эрүүл байсан. Гаднаас хүн орж ирээд Б-ыг сандал дээр суулгасан. Уулзах гэж л очсон байсан. Цагдаа дээр байхад надаас уучлал гуйж ирсэн. Хүний биед халдсан нь миний буруу л даа. Хууль судлаад үзэхээр бүтэн жилийн хугацаанд миний сэтгэл санаа ямар байгаа билээ. Манай нөхөр бүтэн жилийн хугацаанд гэр орондоо ирэхгүй гадуур яваад байсан нь энэ хүнтэй л холбоотой байгаа байхгүй юу. Шөнө орой явуулахгүй гэхээр түлхэж хаяад л явдаг байсан. Сэтгэл санааны хувьд маш их хохиролтой байгаа. Гэхдээ яах вэ? Би уучилсан. Нөхөртөө гомдсон гомдол арилдаггүй юм билээ. Энэ хүнтэй учирснаас хойш ааш авир нь өөрчлөгдөөд байсан юм билээ. Үр хүүхэд хань ижилдээ тавих хайр халамж нь холдоод байсныг би мэдрээд байсан. Өөрөө надад жил гаруй хугацаанд гэр орондоо хайр халамж тавихгүй явчихсан байна. Одоо тэгэхгүй гэж хэлсэн. Би уураа барьж чадаагүй. Манай нөхөр рүү залгасан байсан дугаарыг харсан. Гэр бүлийн гадуур харилцаатай байсан нь нөлөөлсөн.
Хохирогч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ байхад Ц.Х ирсэн. Орж ирээд үгийн зөрүүгүй чи миний нөхөртэй явдаг хэн бэ гээд толгой руу цохсон, цээж самардсан. Хүчтэй цохьсон учраас би ширээ давж унасан. Хөл хөхрөлттэй, толгой доргисон. Ширээ тойроод зугтаасан чинь амдаж гарч ирээд толгой руу цохсон. Тэр үед гаднаас О нар орж ирсэн. Намайг сандал дээр суулгасан. Ц.Х-г боль гэж цааш нь түлхсэн. Эхлээд гомдолтой гэж гомдол гаргасан байсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Анх намайг нөхөртэйгөө хардаж орж ирсэн байх. Тэр өдөр нөхөр нь над руу 11 удаа залгасан байсан. Би тэр үед утсаа авч яриагүй. Түүнээс өмнө 09 дүгээр сард мессеж бичсэн байсан. Тэрнээс болж ажлын байран дээр ирж намайг хэл амаар доромжилсон. Тухайн үед би юм хэлээгүй. Миний нөхрийг өг гээд орилоод хашхираад байхаар нь миний буруу байсан Уучлаарай гэж хэлсэн. Түүнээс хойш нөхөртэй нь холбоо сүлбээ байгаагүй. Энэ хүний нөхөртэй жилийн хугацаанд дотно харилцаатай байгаагүй. Эдний амьдралд өөр хүн байсан юм байлгүй. Би мэдэхгүй байна. Мессежээр харилцдаг байсан. Мессежнээс л болсон байх. Мессеж дээр миний хайр гэдэг үг л орсон байсан. Миний хайр гэртээ харь уулзахгүй гэж бичсэн байсан. Согтуу надруу залгаад байсан. Би утсаа аваагүй. Нөхөр нь өөрөө залгаад байдаг. Битгий залгаад бай, ямар асуудалтай саллаа гэж би хэлдэг. 09 дүгээр сард уучлал гуйсан. Миний буруу байсан гэжуучлал гуйсан. Гомдол саналгүй.
Манай найзаар дамжуулаад хэлүүлсэн байсан. Боловсролын байгууллагад ажилладаг миний нэр хүнд л байна. Өргөдлөө буцааж авъя гэсэн боловч болохгүй гэсэн. 2008 онд би 3 дугаар сургуульд ажиллаж эхэлсэн. Тэр үеэс 2016 он хүртэл хамт ажиллаж байсан. Үнэн, найз нөхдийн хооронд уулзах үе байсан. 2 биений хувьд бол мессежээр л харьцдаг байсан. Зүгээр мессежээр л тэгж бичдэг байсан. Гэхдээ найзууд хоорондоо хайраа гээд л яриад байдаг шүү дээ. Нөхөртэй нь харилцаагүй болсон үед миний бие эрх чөлөөнд халдсан учраас би өөрөөсөө болсон гэж үзэхгүй байгаа.
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”... 2017 оны 11 дүгээр 06-ны өдөр 16 цаг өнгөрч байхад хуучин хамт ажиллаж байсан Ц.Х манай өрөөнд орж ирсэн. Ирээд хэл амаар доромжилж үгийн зөрүүгүй намайг зодсон. Би ширээ тойроод зугтаагаад зодуулаад байж байхад гаднаас О, Ө, Н нар орж ирээд О намайг сандалруу түлхэж суулгасан. Ө багш Хг цааш нь түлхэж зодохыг нь болиулсан юм. Тэгээд Х намайг элдвээр хэлж байгаад гараад яваад өгсөн юм. Х намайг нөхөртэйгээ хардаж зодсон юм. Тархи доргисон, эрүү, хацар, цээж зэргийг маажсан. Зүүн хөл хөхөрсөн. Одоо зүгээр бид хоёрын харилцаа хэвийн болсон. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Тэр өдөр би найзуудын хамтаар Хаан болорын караокед орж суугаад 1 шил архи 3 уул хувааж уусан. Тэгээд нэлээд согтоод гадаа гарч ирээд машинд сууж байхад эхнэр ирсэн байсан. Тэгээд намайг гэртээ харъя гэсэн би харинаа гэж хэлээд байж байхад эхнэр миний гар утсыг авах гээд булаацалдсан. Тэгж байгаад гар утас булааж аваад газар саваад эвдэлсэн. Тэгээд яваад өгсөн санагдаж байна, би салхинд гараад согтсон байна лээ. Тэгээд ээжийн гэрт очоод хоносон байсан ийм зүйл болсон юм. Намайг Б гэдэг эмэгтэйрүү залгасан байна гээд уурлаад миний гар утсыг эвдчихээд 3-р сургууль орж тэр эмэгтэйг зодсон байна лээ. Б бид хоёр уулзаж байх нь байсан тэгэхдээ энэ асуудал дуусаад цэг тавьсан байсан юм. Би тухайн өдөр залгасан шалтгаан бол би Б-ыг эвгүй байдалд оруулсан юм. Тэгээд уучлал гуйх санаатай залгаж байсан юм. Би эхнэрээ зодоод байсан зүйл байхгүй. Б-тай нэр холбогдсон асуудлаас болж бид хоёрын дунд хэрүүл маргаан их гарах болсон юм. Бусдаар бол сүртэй асуудал болоод байсан зүйл байхгүй. Би тэгтэл нь хэл амаар доромжлоод байсан зүйл байхгүй. Хааяа нэг явган хэрүүл хийдэг л юм. Бид хоёр ярилцсан одоо харилцаа хэвийн болсон дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”,.. 2017 оны 11 дүгээр 06-ны үдээс хойш байх, би захирлын өрөөнд орж бичиг баримт өгөх гээд багш Н, Ө нарын хамтаар явж байхад манай сургуульд хуучин ажиллаж байсан Х шатаар гараад ирсэн. Х-г хараад мэндэлсэн чинь дуугарахгүй шууд яваад захирлын өрөөнд орсон. Бид гурав араас нь яасан юм бол гээд яваад ороход Х, Б-ыг өшиглөж байгаа харагдсан. Тэгээд очоод Б-ыг хамгаалах гээд очиход Х Б-ыг цохих гэсэн чинь Б гараараа хаасан чинь Б-ын хумс нь угаараа хугараад цус гарсан. Тэгээд би Б-ыг цааш нь түлхээд сандал дээр нь суулгасан. Хг Ө хаасан байх тэгж байхад Х баахан юм харааж байгаад гараад яваад өгсөн юм. Ийм зүйл болсон юм. Бид нар хамт ажилладаг байсан хүмүүс Х 5-р сургууль байгуулагдахад тийшээ шилжсэн юм. Хамт ажилладаг л хүмүүс байгаа юм. Харилцан зодолдсон зүйл болоогүй Х нэг удаа өшиглөж авсан мөн гараараа цохих гэж байхад Б гараараа хааж хумсаа хугалуулсан мөн хувцсыг нь урсан байх шиг байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны үдээс хойш захирлын өрөөнд орж бичиг баримт өгөх гээд багш Н, О нарын хамтаар явж байхад манай сургуульд хуучин ажиллаж байсан Х шатаар гараад ирсэн. Х-г хараад бид нар мэндэлсэн чинь дуугарахгүй шууд яваад захирлын өрөөнд орсон. Бид гурав араас нь яасан юм бол гээд яваад нарийн бичгийн өрөөнд орсон чинь Х, Б-ыг зодож байгаа бололтой харагдсан тэгсэн О очоод салгасан би болохоороо Х-г боль гээд цааш нь түлхсэн тэгсэн Х хаалганы хавьд оччихоод Б-ыг манай нөхөртэй явсан тэгээд элдвээр хэлж байгаад гараад явсан юм. Х бид хоёр урьд нь хамт ажилладаг байсан юм. Б-тай бол найзууд байгаа юм. Харилцан зодолдсон зүйл болоогүй Х, Б-ыг зодоод байсан юм” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нөхрийн найз Б миний гар утасруу залгаад нөхөр чинь Хаан болорт согтуу байна ирээд авчих гэж хэлсэн. Би өөрийн машинтайгаа яваад Хаан болрын гадаа очиход нөхөр Э Хаан болрын гадаа машинд сууж байсан би машины ард нь орж суугаад явъя гэртээ харъя гэхэд Э уурлаад намайг элдвээр хэлээд өөрийн гар утсаа оролдоод байхаар нь харсан чинь утсан дээрээ байсан дугаар устгаад байсан лавлаад харсан чинь Б гэх эмэгтэйн дугаар байсан. Тэрийг хараад миний уур дээд цэгтээ тултал хүрсэн. Тэгээд нөхөр Э хүзүүг нь самардаад гар утсыг нь булааж аваад машинаас буугаад утсыг нь газар шидэж эвдэлсэн. Тэр үед нөхөр Э машинаас буугаад Хаан болор луу орсон. Би араас нь орсон чинь нөхөр Э-т караокены өрөөнд ороод сууж байсан. Тэгэхээр нь Э явъя гэсэн чинь Э над руу шилтэй архи аваад шидсэн. Тэр нь миний ташаа хэсэгт оносон юм. Тэгээд би тэндээс гараад 3-р сургууль руу яваад сургуулийн нарийн бичгийн өрөөнд ороход Б ганцаараа сууж байсан. Тэгэхэд нь би очоод цамцны энгэрээс нь зулгааж цамцыг нь ураад 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний өмнөөс Б дайрсан тэгж байхад гаднаас О, Н, Ө гэх багш нар орж ирсэн. Тэгээд Б-ыг О багш хорьсон. Тэгж байхад захирлын өрөөнөөс А захирал Ө багш нар гарч ирсэн байсан харагдсан. Би Б-ыг хүний амьдралд гай болсон муу бузартай хүүхэн гэж хэлээд гараад явсан. Ийм явдал болсон юм. Б манай нөхөр Э хоёр намайг бүтэн жил хуурч уулзаж учирч явсан байсныг нь би мэдээд эхний удаад нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б-тай уулзаж ярилцсан. Тэгэхэд Э, Б нар хоёулаа надад дахин уулзахгүй, ярихгүй гэж амласан байсан юм. Тэгсэн чинь дараа нь ярьсан байхаар нь миний уур хүрээд Б дээр очиж хэрүүл, маргаан, зодоон хийсэн юм. Хөнгөн гэмтэл учруулсан байна. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай нөхөр жилийн өмнөөс эхлээд ааштай, авиртай болсон. Мөн намайг элдвээр хэлдэг болсон юм. Учир нь энэ хүүхэнтэй уулздаг болоод л гэрээсээ гарах гээд байдаг байсан юм байна лээ. Тэгээд л надад уурлаад хэрүүл маргаан болдог байсан талаар сая л мэдсэн юм. Бусдаар бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг зүйл байдаггүй юм. Яг цохиж зодоод байсан зүйл байхгүй сүүлийн үед хэл амаар доромжлоод байдаг байсан. Нөхөр Э надаас уучлалт гуйж дахин ийм харилцаа үүсгэхгүй талаар бид хоёр гэр бүлдээ ярилцсан байгаа. Одоо бид хоёрын харилцаа хэвийн болсон. Б бид хоёр уулзаж ярилцсан байгаа одоо ямар нэгэн асуудалгүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.09-ны өдрийн №546 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.Б-ын биед тухайн хэргийн нөхцөлд тархины доргилт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, цээжний жижиг зулгаралт, зүүн гарын 4. 5-р хурууны өндөгний жижиг шарх, зүүн гуя, 2 шилбэний цус хуралт гэмтлүүд үүсчээ. Хуучин гэмтэл тогтоогдоогүй. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн байранд Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11,09-ны өдрийн №546 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.Б-ын биед тухайн хэргийн нөхцөлд тархины доргилт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, цээжний жижиг зулгаралт, зүүн гарын 4. 5-р хурууны өндөгний жижиг шарх, зүүн гуя, 2 шилбэний цус хуралт гэмтлүүд үүсчээ. ...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 13-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Х нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Хүний биед халдсан нь миний буруу л даа” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Б-ын...Мессежээр харилцдаг байсан. Мессежнээс л болсон байх. Мессеж дээр миний хайр гэдэг үг л орсон байсан. Миний хайр гэртээ харь уулзахгүй гэж бичсэн байсан... Үнэн, найз нөхдийн хооронд уулзах үе байсан. 2 биений хувьд бол мессежээр л харьцдаг байсан. Зүгээр мессежээр л тэгж бичдэг байсан Гэхдээ найзууд хоорондоо хайраа гээд л яриад байдаг шүү дээ. Нөхөртэй нь харилцаагүй болсон үед миний бие эрх чөлөөнд халдсан учраас би өөрөөсөө болсон гэж үзэхгүй байгаа...гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Х-ийн... “Хууль судлаад үзэхээр бүтэн жилийн хугацаанд миний сэтгэл санаа ямар байгаа билээ. Манай нөхөр бүтэн жилийн хугацаанд гэр орондоо ирэхгүй гадуур яваад байсан нь энэ хүнтэй л холбоотой байгаа байхгүй юу. Шөнө орой явуулахгүй гэхээр түлхэж хаяад л явдаг байсан. Сэтгэл санааны хувьд маш их хохиролтой байгаа...гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн
1 дэх хэсгийн 1,4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Хохирогч Н.Б нь шүүх хуралдаанд одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.Х-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөр хохиролгүй гэж үзэв.
Хавтаст хэргийн 40-р хуудсанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р бүрэн дунд сургуулийн захирал Б.О хүргүүлсэн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн мэдэгдэл авагдсан байх бөгөөд шүүгдэгч нь “хэргийн материалтай танилцахад энэ мэдэгдэл байгаагүй, надад хэргийн материал танилцуулсны дараа мэдэгдэл хийсэн байна” гэх тайлбар өгч байх бөгөөд шүүгдэгчийн мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрх нь зөрчигдсөн байна.
тогтоох нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Х нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА