| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01091/и |
| Дугаар | 183/ШШ2019/01726 |
| Огноо | 2019-08-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2019/01726
| 2019 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2019/01726 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б /РД:Н/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б /РД:Б/-д холбогдох
Гэм хорын хохиролд 1 085 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунбилэг, иргэдийн төлөөлөгч Б.Ану, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120-ийн уулзвар замд Х ТӨВ улсын дугаартай Хонда маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Б.Б миний жолоодон явсан Тоёота Приус маркийн ******* улсын дугаартай автомашиныг мөргөж гэмтээн эд хөрөнгийн хохирол учруулсан болно. Уг гэмтлийг хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-иас үнэлүүлэхэд 3 784 200 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд хариуцагч Т.Б нь өнөөдрийг хүртэл уг хохиролыг бүрэн төлж барагдуулалгүй, хохироосоор байгаа билээ. Манай хүүхэд халтууранд явж байгаад зам тээврийн осолд өртсөн бөгөөд тухайн үед хариуцагч зугтаачихсан. 2 хоногийн дараа цагдаагийн газар өөрөө ирэхдээ яаралтай ажилтай байсан гэж тайлбарладаг. Хариуцагч ямар ч мөнгөгүй, боломжгүй гэсэн. Мөн автомашины даатгалын хугацаа дууссан байсан тул оношилгоо хийлгэж чадахгүй байсан. Сүүлд хариуцагч нь өөрөө автомашиныг засуулах хүсэлт гаргасан бөгөөд техникийн зах дээр чирж авч очсон. Тэндээ ажил хийгээд өгнө гэхээр нь би тэндээ ажиллаад олсон мөнгөөрөө сэлбэг авах юм байх гэж бодож, зөвшөөрсөн. Гэтэл засуулахгүй байсаар байгаад цагаан сар өнгөрсөн. Тухайн үед радиатор, цахилгаан помп тавьсан боловч эвдэрхий байсан учир дахин задаргаанд оруулсан. Хариуцагчийг хүний эд хөрөнгийг эвдсэн учир хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна. ******* ХХК-иар тээврийн хэрэгсэлд учирсан хохиролын үнэлгээ хийлгэхэд 1 085 000 төгрөг болсон. Хэдий хүүхдийг эмнэлэгт үзүүлсэн болон бусад урсгал зардал байгаа хэдий ч тэрийг оролцуулаагүй. Иймд 1 085 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00:01 цагийн үед Хан-Уул дүүргийн 120 мянгатын уулзвар нэвтрэх үедээ нэхэмжлэгч н.Бийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хажуу хаалга дугуй хэсэгт мөргүүлсэн зам тээврийн осолд өртсөн бөгөөд миний бие гэрлэн дохио солигдох үед уулзварт нэвтэрч уулзвар гарц чөлөөлөх замын хөдөлгөөний дүрмийн дагуу нэвтэрсэн болно. Нэхэмжлэгч уулзвар гарц чөлөөлөгдөөгүй үед өндөр хурдтай бусад тээврийн хэрэгслээс түрүүлэн уулзварт нэвтэрч өмнө явсан тээврийн хэрэгсэл, явган зорчигч саадыг харалгүй мөргөн зам тээврийн дүрэм зөрчин осол гаргасан болно. Тухайн үед миний бие Монголын хүүхдийн ордонын сүлд модны наадмын дууны ая студийн бичлэгийг бэлтгэх чухал үүрэг хариуцлагатай явсан тул ослын газар зогсолгүй явж Монголын хүүхдийн ордоны сүлд модны наадмыг хүүхдийн бэлэг бэлтгэж, дууны ая хоолойн бичлэгийг хүргэж өгөөд Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газар өөрийн биеэр очиж хэрэг бүртгэлтэй танилцсан. Улмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг өөрийн биеэр бүрэн засварлаж, хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчид хүсэлтийнх нь дагуу нэг удаа 160 000 төгрөг, нэг удаа 100 000 төгрөг төлсөн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ослоос өмнө тохиолдсон зам тээврийн осолд өртсөн нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн засварлагдаагүй явсан эвдрэл мөн миний бие нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг завсарлан хүлээлгэн өгсөнөөс хэд хоногийн дараа өртсөн зам тээврийн ослын эвдрэл зэргийг үнэ төлбөргүй өөрийн биеэр засварлан өгсөн бөгөөд нэхэмжлэгч дээрх ослуудыг эвдрэлийн даатгалын нөхөн төлбөрүүдийг хүлээн авсан ба миний бие үнэ төлбөргүй засварлаж өгсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний бие болон даатгалын байгууллага нэхэмжлэгчийн хохиролыг бүрэн барагдуулсан гэж үзэж байна” гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд хариуцагч Т.Бээс 3 784 200 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралданаар хэргийг хэлэлцэх үед 1 085 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Хариуцагч Т.Б зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг өөрийн биеэр засварласан, үлдэх төлбөрийг нэхэмжлэгч даатгалын компаниас нөхөн төлбөр хэлбэрээр авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч Б.Б ******* улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркын тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад нь хариуцагч Т.Б ******* улсын дугаартай Хонда маркын тээврийн хэрэгслээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9г, 3.5г заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Б.Бийн автомашинд 3 784 200 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019.01.03-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны 381 дугаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, ослын газар хийсэн хэмжилт, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, 2019.01.02-ны өдрийн Вендо ХХК-ний үнэлгээний тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан ба энэ нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан шалтгаант холбоотой байхыг ойлгоно.
Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан хариуцагч Т.Б тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл хохирол учруулсан тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч Т.Б нэхэмжлэгчийг даатгалын байгууллагаас зохих нөхөн төлбөрийг авсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч тухайн тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тайлбартай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан байна.
Иймд шүүх, талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар автомашины зарим хэсгийг хариуцагч засварласан үйл баримт тогтоогдож байгааг харгалзан, шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр ******* улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркын тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн өнөөгийн үндэслэлтэй өртгийг 1 085 000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.
Мөн Б.Бийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркын тээврийн хэрэгсэл нь *******ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээгээр Б.Б эзэмшдэг гэж тайлбарлаж, *******ийн нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдсанаар шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг цахим зурвасаар мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын үйлдсэн тэмдэглэлээр нотлогдох ба хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан баримт сэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох хэмжээнгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б /РД:Б/-ээс 1 085 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б /РД:Н/-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 75 497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 30 590 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
Д.МӨНХЦЭЦЭГ