Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 02376

 

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/02376

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч З.Доржнамжин, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.О

Хариуцагч: Г.Н.ХМХ

Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г.С 2019 оны 03 дугаар сарын дугаарын нүүрэн тал болон 12 дугаар талуудад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.О мисс бүсгүйтэй хамт амьдарч байна гэсэн гарчигтай гүтгэлэг агуулсан нийтлэлийг олон нийтэд тараасан. Уг нийтлэл нь илт худал. Нийтлэлд санхүүгийн зөрчил үүсгэсэн учраас энэ байгууллагын хэсэг нөхдийн хамт халагдаж байсан түүхтэй гэж ор үндэслэлгүй гүтгэсэн. Зүгээр нэг сурчихсангүй, намаар дамжуулж нэлээдгүй хэмжээний мөнгө луйврын аргаар босгож, сургалтын төлбөр олсон. Сайдын сайд болсноор Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь руу чиглэсэн сүржин бөгөөд хууль бус товчхондоо нэн популист дайралт хийж байгааг нурших нь юун. Бүхнээс гайхалтай нь энэхүү хууль бус популист дайралтууд нийгмийн сүлжээнд хөлсний бичээчид болон хар масст жигтэйхэн их таалагдаж буй нь өөрөө жигтэй. Шинэхэн сайд 2008 онд Монголын сайхан бүсгүй тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлт өдгөө Гадаад хэргийн яамны харъя дипломат байгууллагад үйлчилгээ аж ахуйн газрын даргаар ажиллаж буй Ё.Н-тай хамт амьдарч байгаа. Нас чацуу, мэргэжил ижил, улс төрийн карерь, замнал ойролцоо хоёр хамтын амьдралаа олны нүд чихнээс ихээхэн нууцалж байгаа ч гэлээ орчлонд нууц гэж байдаггүйн жамаар гадаад яам, саарал ордонд нэгэнт ил болжээ гэсэн үндэслэлгүй зүйлээр гүтгэн бичсэн байна. Энэхүү худал нийтлэл нь Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.О-ийн эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Л.О-ийн нэр, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан арга хэрэгслээр залруулга хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ГНС ХМХ, өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ГНС ХМХ нь бусдын нэр хүндэд халдсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талын гаргасан бүх шаардлагын хүрээнд залруулга, хийж өөрчлөлт оруулсан. Цахим хуудсанд оруулсан мэдээллээ устгасан. Худалдан авагчдад нэгэнт хүрсэн сэтгүүлийг эргүүлэн татах боломжгүй ч гэлээ Л.Од холбогдох өмнөх нийтлэл ташаа мэдээлэл байсан гэсэн залруулга хийсэн. Хэрэглэгчдийн гарт хүрээгүй, худалдаанд байгаа 3 дугаар улирлын сэтгүүлийг бүгдийг эргүүлэн татсан. Мэдээлэл тараасан арга хэрэгслээр Л.Оэс уучлалт гуйсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч ГНС ХМХд холбогдох нэр, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан арга хэрэгслээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

ГНС ХМХ нь Г.Сийн 2019 оны 03 дугаар сарын дугаарын нүүрэн тал болон сэтгүүлийн 12 дугаар хуудсанд ЗГХЭГазрын дарга Л.О намынхаа мисс бүсгүйтэй хамт амьдарч байна. Орчлонд нууц гэж байдаггүй юм гэсэн гарчиг бүхий мэдээллийг нийтэлж сэтгүүл олон нийтэд тараагдсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, баримтаар ирүүлсэн сэтгүүлээр тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.2-т хүний нэр төр, алдар хүнд...-ийг хүндэтгэх хэмээн тунхаглаж Иргэний эрх зүйгээр иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар бататгаж зохицуулжээ.

Нэр нь хүний салшгүй хэсэг болохынхоо хувьд иргэн бүрийг бие хүн болгон тодорхойлж буй нэг хэлбэр бөгөөд иргэний эрх зүйн бүх эрхийг зөвхөн өөрийн нэрээр олж авах тул тухайн хүнээс өөр бусад этгээд түүний нэрийг ашиглан иргэний эрх олж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээлэл хийх, ашиг хонжоо олох, олон нийтийг төөрөгдөлд оруулах зэргээс иргэний эрх зүй хамгаалж байдаг бөгөөд нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ, алдар хүнд нь хүний нэр төртэй уялдаа холбоо бүхий нийгэмд эзэлж байгаа түүний байр суурийн илрэл юм.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахдаа иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээдэг байна.

Хариуцагч нийтлэлдээ шинэхэн сайдын тухайд 2001 оны Монголын сайхан бүсгүй тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлт, өдгөө ГХЯ-ны харъяа дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргаар ажиллаж буй Ё.Н-тай хамт амьдарч байгаа аж. Нас чацуу мэргэжил ижил улс төр дэх карьерын замнал ч ойролцоо хоёр хамтын амьдралаа олны нүд чихнээс ихээхэн нууцалж байгаа ч гэлээ орчлонд нууц гэж байдаггүй жамаар яам болон саарал ордонд нэгэнт ил болжээ ..., Гэвч санхүүгийн зөрчил үүсгэсэн учраас энэ байгууллагаас хэсэг нөхдийн хамт халагдаж байсан түүхтэй, ингэхдээ зүгээр ч нэг сурчихсангүй, намаар дамжуулан нилээдгүй хэмжээний мөнгө бараг луйврын гэж болохоор аргаар босгож сургалтын төлбөрөө олсон, сайдын сайд болсноороо ХХБ, Эрдэнэтийн 49 хувь руу чиглэсэн сүржин бөгөөд хууль бус товчхондоо нэн популист дайралт хийж байгааг энд нурших юун. Бүхнээс гайхалтай нь энэхүү хууль бус популист дайралтууд нийгмийн сүлжээн дэх хөлсний бичээчид болон хар масст жигтэй их таалагдаж буй нь өөрөө жигтэй хэмээн нийтэлсэн боловч энэ мэдээлийн үнэн зөвийг, тэдгээр нь бодит байдалтай нийцэж байгааг хариуцагч нь нотлоогүй тул дээрх мэдээллүүд нь нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх мэдээллүүд нь нэхэмжлэгч Л.О-ийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ГНС ХМХд уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ГНС хэвлэл мэдээллийн хэрэгслээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар нэхэмжлэгч Л.О-ийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хариуцагч ГНС ХМХд үүрэг болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч ГНС хэвлэл мэдээллийн хэрэгслээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН

 

Ш.ОЮУНТУУЛ