| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/56 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/56
2023 02 09 2022/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан шүүхийн танхимд хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Дид холбогдох эрүүгийн 2325000000009 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Пунцагийн Дийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт хууль бусаар 1.2911 шоо метр нойтон шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 1,030,688 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хууль бусаар бэлтгэсэн 1.2911 шоо метр шинэс модыг, 15-05 СЭҮ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг, Шинэ хорооны 23-22 тоот хашаа руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч П.Дийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтийг гардаж авч танилцсан. Түлээгүй болчихоод мод хийж машинаараа авсан гэх мэдүүлэг,
-2325000000009 тоот хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын аж ахуйн хашаанд байгаа 28ш 1,2911м куб хэмжээтэй мод, улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө зэргийг Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 8-р тал/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай/ саарал өнгийн 1505 улсын дугаартай Тоёота ипсум маркийн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг/ 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 9-11-р тал/
-хохирогч Б.Мын мэдүүлсэн....Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Манай байгууллагад ирсэн тоотод дурьдагдсанаар иргэн П.Д нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж өөрийн хашаа руу тээвэрлэсэн хэрэг үйлдсэн байна. Иймд төрийн нэрийн өмнөөс хохирогчоор тогтоогдон оролцож 1,030,668 төгрөгийг нэхэмжилж байна. П.Д мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Ямар нэгэн байдлаар иргэн П.Д нь мод бэлтгэх зөвшөөрлийг авах талаар хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,
-гэрч Ц.Чын мэдүүлсэн...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэдийн мэдээллээр Цагаанчулуут багийн арын ууланд мод бэлтгээд байна гэсний дагуу шалгалтын ажиллагаа хийхэд Пунцагийн Д мод бэлтгэх эрхийн бичиг /гоожингүй/ босоо нойтон мод унагаад тээврийн хэрэгслээрээ тээвэрлээд хашаандаа буулгасан байсныг үзэж тоолоод Байгаль орчин аялал жуулчлалын хашаан дотор зөөж буулгаад манаачид хүлээлгэн өгсөн. Нийт 1 метрийн урттай 28 ширхэг мод байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/
-“А” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ОРА :1001266 дугаартай “...1505 улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Ipsum маркийн автомашины үнэлгээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов ...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 42-45-р тал/,
-Орхон аймгийн сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Х.Эын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай... Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 1,2911 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход, Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 1,030, 688 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт /хх- ийн 54-55-р тал/,
-Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тухай...28ш мод... гэсэн тэмдэглэл /хх-ийн 56-58-р тал/
-Шүүгдэгч П.Дийн яллагдагчаар мэдүүлсэн... Би гэртээ эхнэр хүүхэд, 3 настай ачийн хамтаар амьдардаг. Эхнэр маань 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ОХУ-ын “Улаан Үүд”-рүү автобустай явж байгаад ‘Талуут нуур” гэдэг газар авто осолд орсон. Түүнээс хойш гэрийн асаргаанд байдаг. Манай гэрт тогтсон ажил төрөл эрхэлдэг хүн байхгүй. Гэртээ галын түлээгүй болоод 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн гэрийнхээ хойд талын Баян-Өндөр хайрханы хажуугийн Ар булаг гэх газраас 2 ширхэг ургаа модыг унгасан. Тухайн модны мөчир унасан, үзүүр нь хугарсан, харагдах байдлаасаа хуурай мод байсан. Мөн доод хэсэгтээ үмхэрсэн байсан. Би тухайн газраас мод бэлтгэхдээ ганцаараа явсан. Би өөрийнхөө цахилгаан хөрөөгөөр 1 метрийн хэмжээтэй хөрөөдөж, өөрийнхөө 15-05 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн гэр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 23-22 тоотод эхнийхээ модыг буулгаад дараагийн модоо ачиж ирээд гэртээ буулгаж байхад Байгаль хамгаалагч Чинбат хашаанд ирж газар дээрээ баригдсан. Тэгээд Чинбатын хамтаар мод бэлтгэсэн газраа зааж өгч үлдсэн модоо ачиж Байгаль хамгаалагч нарын мод хураасан хашаанд буулгасан. Дараа нь хашаанд буулгасан байсан моднуудаа байгаль хамгаалагч нарын мод хураасан хашаанд буулгасан. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 66-70-р тал/
-1505 улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн тоёота Ipsum маркийн автомашины Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 79-р тал/,
-“А” ХХК-ний 2023 оны 01-р сарын 06-ны өдрийн ОРХ:5651 дугаартай ...Цахилгаан хөрөөний одоогийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 60,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч П.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр 1.2911 шоо метр нойтон шинэс модыг бэлтгэж, уг модыг 15-05 СЭҮ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хорооны 23-22 тоот хашаа руу тээвэрлэж байгаль орчинд 1,030,688 төгрөгийн шууд хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл,номдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч П.Дийн, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт ойд хууль бусаар 1.2911 шоо метр нойтон шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, 15-05 СЭҮ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хорооны 23-22 тоотод хашаа руу тээвэрлэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 34.5 дахь хэсэгт заасан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр, зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл болох нь хохирогчийн төлөөлөгч Б.Мын мэдүүлсэн... Манай байгууллагад ирсэн тоотод дурьдагдсанаар иргэн П.Д нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж өөрийн хашаа руу тээвэрлэсэн хэрэг үйлдсэн байна. Иймд төрийн нэрийн өмнөөс хохирогчоор тогтоогдон оролцож 1,030,668 төгрөгийг нэхэмжилж байна. П.Д мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Ямар нэгэн байдлаар иргэн П.Д нь мод бэлтгэх зөвшөөрлийг авах талаар хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Чын мэдүүлсэн...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэдийн мэдээллээр Цагаанчулуут багийн арын ууланд мод бэлтгээд байна гэсний дагуу шалгалтын ажиллагаа хийхэд Пунцагийн Д мод бэлтгэх эрхийн бичиг /гоожингүй/ босоо нойтон мод унагаад тээврийн хэрэгслээрээ тээвэрлээд хашаандаа буулгасан байсныг үзэж тоолоод Байгаль орчин аялал жуулчлалын хашаан дотор зөөж буулгаад манаачид хүлээлгэн өгсөн. Нийт 1 метрийн урттай 28 ширхэг мод байсан ...гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Д нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, 35 дугаар зүйлийн 35.2.Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар... энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно” гэснийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж ойн санд хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргасангүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн газар нутгийн ойд хууль бусаар 1.2911 шоо метр нойтон шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 1,030,688 төгрөгийн хохирол учруулсан, бэлтгэсэн 1.2911 шоо метр шинэс модыг, 15-05 СЭҮ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг, Шинэ хорооны 23-22 тоот хашаа руу тээвэрлэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг гаргуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 3 нугалж нөхөн төлүүлэх буюу 3,092,068 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж,
-шүүгдэгч П.Д өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Хууль эрх зүйн мэдлэггүйгээс боллоо. Хохирлыг би нөхөн төлөх болно гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
-шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эхнэр нь хүнд өвчний улмаас асаргаанд байдаг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, үүрэг хүлээлгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө, Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа 1.2911 шоо метр 28 ширхэг нойтон шинэс модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус улсын орлого болгох, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 15-05 СЭҮ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналтай гэж,
-шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа:Гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлнө, тээврийн хэрэгслийг улсын орлого болгуулахад хэцүү байна. Хэвтэрт асаргаанд байгаа гэр бүлийн хүнээ уг машинаар эмнэлэг рүү зөөдөг юм. Эхнэр энэ оны 7 дугаар сард зам тээврийн осолд орж хэвтэрт байдаг, эхнэрээ эмнэлэг хооронд зөөж үзүүлдэг гэж тус тус санал гаргажээ.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч П.Д нь ойгоос 1.2911 шоо метр мод бэлтгэж ойн санд 1,030,688 төгрөгийн шууд хохирол учруулсан талаар хохирогчийн төлөөлөгч мэдүүлэхдээ... хохирогчоор тогтоогдон оролцож 1,030,668 төгрөгийг нэхэмжилж байна...гэж, улсын яллагч “...учруулсан хохирлыг гаргуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар хохирлыг 3 нугалж нөхөн төлүүлэх буюу 3,092,068 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно”, 49.3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж зааснаас үзвэл, нөхөн төлбөрийг улсын байцаагч оногдуулах бөгөөд улсын байцаагчийн актыг үндэслэн шүүх гаргуулж болно. Гэтэл шүүгдэгч П.Дийн байгаль орчинд учруулсан хохиролд улсын байцаагч нөхөн төлбөр тавьсан эсэх нь тодорхойгүй, баримт авагдаагүй, хохирогчийн төлөөлөгч мөн нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгчээс шууд учруулсан хохирол 1,030,688 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин улсын байцаагчийн нөхөн төлбөр оногдуулах эрх нь нээлттэй хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор... албадан гаргуулна“ гэж заасан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1ш цахилгаан хөрөө, Орхон аймгийн Байгаль аялал жуулчлалын газрын хашаанд хадгалагдаж буй 1.2911 мкуб хэмжээтэй 28 ш нойтон шинэс модыг тус тус улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,
-харин, хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн амьдралын нөхцөл боломжийг харгалзан эзэмшилд нь үлдээж, уг тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулан хохирлыг төлүүлж, илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Пгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дид шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Доос байгаль очринд учруулсан хохирол 1,030,668 төгрөгийг төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулан хохирол төлүүлж, илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн 15-05 СЭҮ улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цахилгаан хөрөө, Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хашаанд хадгалагдаж байгаа 1.2911 мкуб хэмжээтэй 28 ширхэг нойтон шинэс модыг тус тус улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ