| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0296/з |
| Дугаар | 221/МА2025/0181 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0181
“Б Э Т Э М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Эрдэнэбүрэн
Нэхэмжлэгч: “Б Э Т Э М” ХХК
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НА-22230000051 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 206.783.837,82 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг бүхэлд нь хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0906 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н
Хариуцагч А.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0296/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б Э Т Э М” ХХК-аас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НА-22230000051 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 206.783.837,82 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0906 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 3.1.12, 113 дугаар зүйлийн 113.1, 137.4 дэх хэсгийг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Б Э Т Э М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Татварын улсын байцаагчийн НА-22230000051 дүгээр актаар борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, нүүрс экспортолсны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулаагүй гэж 4 зөрчилд нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ тухай бичсэн. Гэтэл шүүгч зөвхөн АМНАТ-ын талаар маргасан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын талаар маргасан бөгөөд энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой. Шүүхийн шийдвэрт зөвхөн АМНАТ-ын татварын талаар маргасан гэж дүгнэсэн нь бусад зөрчлийг зөвшөөрсөн, хурлаар хэлэлцэгдээгүй мэт дүгнэгдэж байгаа нь шүүхийн шийдвэр нотлох баримт болон бодит байдалд нийцээгүй болохыг тодотгож байна.
3.2. “М М” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Б Э Т Э М” ХХК-тай “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулсан байна. “Б Э Т Э М” ХХК нь УБТЗ-аар нүүрс тээвэрлэхээр вагон захиалсан байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сард гэнэт вагон ачуулах хуваарьт орж, тухайн үед манай компанид ачуулах нүүрс байхгүй байсан тул “М м” ХХК нь манай компанийн вагоны захиалгын нэр дээр нүүрс экспортод гаргахаар ачуулсан.
УБТЗ-д вагоноор ачаа тээвэрлүүлсэн тээвэрлүүлэгчийн нэр солиулахаар бичиг өгсөн боловч вагоны захиалгын нэрийг өөр компанид шилжүүлбэл дараагийн вагоноор ачаа тээвэрлүүлэх хуваарь олгогдохгүй, мөн вагоны ачааны хуудас нь гаалийн мэдүүлэгтэй зөрж болохгүй гэсэн шаардлагыг тавьж байсан тул “Б Э Т Э М” ХХК нь “М м” компаниас нүүрс худалдан авч байгаа мэтээр гэрээ хийсэн гаалиар нүүрсний экспорт хийхэд гарал үүслийн бичиг шаардлагатай тул энэхүү гэрээн дээр үндэслэн “М М” ХХК нь “Б Э Т Э М” ХХК-ийн нэр дээр 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-ын нэгэн компанид нүүрс экспортолсон. Нүүрсний экспорт нь “Б Т Э м” ХХК-ийн нэр дээр 11- 2131009-21-E009558 дугаартай гаалийн мэдүүлгээр бүртгэгдсэн.
3.3. “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний эхэнд “А” тал буюу “М М” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Г Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа (цаашид “Худалдагч” гэх) гэж заасан бөгөөд 2 дугаар зүйлийн 2.1-д “Энэхүү гэрээний дагуу Монгол Улсын Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хөөтийн уурхайгаас олборлосон нийт 20000 /хорин мянга/ тонн 5000 ккал/тн илчлэгийн үзүүлэлт бүхий чулуун нүүрс энэхүү гэрээний зүйл байна” гэж гэрээ байгуулсан байна. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Гэрээний 3.1 дэх хэсэгт заасан нөхцөлөөр нийлүүлэх 1 тонн нүүрсний үнэ 115,000 төгрөг холбогдох татвар хураамж дүн /НӨАТ, АМНАТ/ Б тал хариуцна” гэж заасан байна. Татварын хуулинд нүүрс борлуулсан тал татвараа өөрөө тодорхойлж, тайлагнаж төлөхөөр хуульчилсан байхад “худалдан авагч тал нь НӨАТ, АМНАТ төлөхийг хариуцах” гэж гэрээнд тусган татвар төлөхөөс зугтах үйлдэл хийж, хууль зөрчин “нүүрс худалдах, худалдан авах” гэрээ хийжээ. Нөгөө талаас “Б Э Т Э М” ХХК, “М М” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр манай тал худалдан авагч тал бөгөөд худалдан авсан нүүрс нь манай компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд ББӨ, нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд худалдан авалтын хасалт хийх зардал, АМНАТ-ын хувьд “М М” компани борлуулсан нүүрс дээрээ дотоодын борлуулалтад 2.5%-аар ногдуулж, манайх хасалт хийж тайлагнах байтал худалдан авсан тал гэрээний заалтыг үндэслэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, АМНАТ ногдуулсан нь бусдад татвараас зайлсхийх боломжийг олгоод байна.
3.4. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг үндэслэн татварын албанд мэдээлэл өгсөн бөгөөд нэг талаас татвараас зайлсхийсэн үйлдлийг зогсоох, нөгөө талаас татвар төлөх үүрэг бүхий этгээдийг зөв тодорхойлуулж, эрх ашгаа хамгаалуулахыг зорьсон ч одоо хүртэл шалгаагүй байх тул татварын алба шалгаагүй, нүүрс экспортолсон этгээд АМНАТ төлөх ёстой гэсэн гомдлыг гаргасан. “М” ХХК нь нүүрс борлуулснаар дотоод борлуулсан нүүрс тул НӨАТ-ын и-баримт бичигдсэн байх ёстой. и-баримт бичигдсэн эсэх, “Б Э Т Э М” ХХК нь худалдан авалтын хасалт хийсэн эсэх талаарх мэдээллийг татварын албаны цахим сайтаас тодруулж болох бөгөөд “Б Э Т Э М” ХХК-ийн 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалтад МАК-аас авсан 1 ч төгрөгийн худалдан авалтын хасалтын падаан байхгүй болно. Татварын улсын байцаагчид хяналт шалгалтаар 2019-2021 оны НӨАТ-ын тайланг баталгаажуулж актад хавсаргасан мөн нотлох баримт болно. Мөн нөгөө талаас “М М” ХХК-ийн НӨАТ-ын худалдан авалтад М-аас худалдан авалтын хасалт хийгдсэн эсэх талаарх мэдээллийг татварын улсын байцаагчид тодруулах боломжтой тул тодруулж, нотлох баримт болгох боломжтой байсан ч хэрэгжүүлээгүй байх тул мөн “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа”-ны журмыг зөрчсөн. Иймд гомдол гаргасан. Шүүхийн хүсэлт гаргаж, МАК-аас лавлагаа авсан бөгөөд энэхүү лавлагаанд “Б Э Т Э М” компанитай хамтарч ажиллаагүй, “М М” ХХК-тай нүүрс худалдах худалдан авах гэрээ хийж нүүрс борлуулсан, төлбөр төлсөн, мөн шүүхэд БЗД-ийн Татварын хэлтсээс ирүүлсэн “М М” ХХК-ийн НӨАТ-ын худалдан авалтын хасалтын жагсаалтад “М” ХХК-ийн шивсэн и-баримтыг “М М” ХХК нь хасалт хийсэн байсан нь нотлогдож байгаа болно.
3.5. Татварын улсын байцаагч нь “Б Э Т Э М” ХХК-д татварын улсын байцаагчийн акт тогтоохдоо 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11-2131009-21-E00955R дугаартай гаалийн мэдүүлэг, “М М” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “М М” ХХК болон “Б Э Т Э М” ХХК-ийн хооронд байгуулсан “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-г үндэслэсэн нь буруу байна.Татварын улсын байцаагчид “Б Э Т Э М" ХХК-ийг нүүрс экспортолсон гэж үзсэн бол “Б Э Т Э М” ХХК болон “М М” ХХК-ийн хооронд байгуулсан “Нүүрс худалдах худалдан авах тухай" гэрээг үндэслэх биш экспортоор хүлээн авсан БНХАУ-ын этгээдтэй байгуулсан гэрээг үндэслэл болгох байсан. Мөн “Б Э Т Э М” ХХК нь “М М” ХХК-д худалдан авсан нүүрсний төлбөр төлсөн баримт огт байхгүй, мөн нүүрс худалдан авсан БНХАУ-ын этгээдээс орлого огт орж ирээгүй байхад шүүх шийдвэр гаргахдаа “Б Э Т Э М” ХХК болон “М М" ХХК-ийн хооронд байгуулсан “Нүүрс худалдах худалдан авах тухай” гэрээг үндэслэл болгосон тул шүүхийн шийдвэр нотлох баримтыг буруу үнэлж, бодит байдалд нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр болжээ.
“Б Э Т Э М” ХХК нь төмөр замаар нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ачуулах нүүрс байхгүйн улмаас “М М”-д нүүрс ачуулах хуваарь дээрээ нүүрс гаргасан буюу адилхан үйл ажиллагаа явуулдаг болохыг шүүх анхаарч үзээгүй болно. Тус компани нь 2021 онд нүүрс тээврийн болон гаалийн талбай түрээсэлсний орлого орж ирснийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тооцооллыг хийж өгсөн бөгөөд мөн Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн болно. Гэтэл хариуцагч нар шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа энэ тухай юу ч дурдаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр татварын улсын байцаагч буруу тайлбарласныг шүүгч хүлээн авч, шийдвэр гаргахдаа “Хаан банкны харилцах дансны гүйлгээнд үндэслэн” гэсэн нь шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцэхгүй байх үндэслэл болжээ.
3.6. Аливаа татвар хураамжийг татварын хуулиар тогтоох бөгөөд хэн хууль дүрэм зөрчинө тэр хуульд заасан хариуцлагаа хүлээх хууль ёсны зарчим байдаг байтал шүүхээс гэрээгээр татвар ногдуулж, гэрээнд заасны дагуу хариуцлагаас ангид байлгана гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Татварын улсын байцаагчид “Б Э Т Э М” ХХК болон “М М” ХХК-ийн хооронд байгуулсан “Нүүрс худалдах худалдан авах тухай” гэрээг магадлагч байцаагчид өгч магадалгаа хийлгэлгүйгээр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн даргад хүргүүлсэн байсан бөгөөд маргаан таслах зөвлөлийн хурлаар гэрээг хэлэлцүүлж, актыг хэвээр баталсан шийдвэр гаргасан. Манай компанид энэ гэрээг тайлбарлах, нотлох боломжоор хангаагүй бөгөөд тус компани нь худалдан авагч тал буюу татварын хувьд хасагдах зардлаар тооцогдох, нягтлан бодох бүртгэлийн хувьд борлуулсан бүтээгдэхүүний өртөгт тусгагдах зардал дээр үндэслэн шийдвэр гаргаж, гэрээг ойлгоогүй, зөв хэрэглээгүй болно.
“Б Э Т Э М” ХХК нь маргаан таслах зөвлөлийн хурлын дараа гэрээнд үндэслэн шийдвэр гарсан тул гэрээг дүр эсгэж хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг тогтоолгох, “М М” ХХК нь татвараас зугтаах үйлдэл гаргаж байгааг шалгуулахаар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг үндэслэн хүсэлтийг Нийслэлийн Татварын газар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Дараа нь албан бичгээ лавлахад эрсдэлийн үнэлгээ хийлгэж байгаа гэсэн хариуг утсаар өгсөн боловч одоо хүртэл манай компанид яаж шийдвэрлэсэн талаар хариу ирүүлээгүй байна. Нөгөө талаар татвар төлөгчид шалгуулах хүсэлт гаргахаас өөр ямар ч боломж байхгүй байсан ба харин татварын маргаан таслах зөвлөлд Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11.2-т заасны дагуу гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагын үүднээс актыг түдгэлзүүлэх эрх, татварын албанд татвараас зугтаасан эрсдэл байна гэсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийх эрх байсан. Татварын алба ажлаа хийгээгүй байхад шүүхээс “Б Э Т Э М” ХХК-ийн гомдлоор татварын алба нь “М М” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтөд хяналт шалгалт явуулаагүй гэдгээ албан бичгээр нотолсон" гэж дүгнэсэн нь буруу байна.
3.7. “Б Э Т Э М” ХХК нь аль болох тус компанийн нүүрс биш гэдгийг тодорхойлуулахаар шүүхэд лавлагаа тодорхойлолт авахаар хүсэлт гаргаж гаргуулсан боловч шүүх зөв үнэлж дүгнээгүй болохыг дээр тайлбартаа дурдсан. Шүүх экспортолсон нүүрсийг төмөр замаар тээвэрлэсний төлбөрийг хэн төлсөн болохыг тодорхойлуулахаар УБТЗ-аас лавлагаа авахад Хаан банкны 50770***** дугаартай, Э овогтой Г гэсэн нэртэй данснаас 80,553,900.0 төгрөгийг төлсөн гэсэн лавлагаа ирсэн. Энхбаяр овогтой Ганбаатар нь “Б Э Т Э М” ХХК-д ажилладаггүй бөгөөд “Б Э Т Э М” ХХК-ийн данснаас ийм гүйлгээ гараагүй болохыг дансны хуулгаар нотлогдож байгаа тул энэ нь “Б Э Т Э М” ХХК-ийн нүүрс биш болохыг нотолж байна.
“Б Э Т Э М” ХХК нь шүүхэд нүүрс экспортлоогүй болох тухай бүхий нотлох боломжтой баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан өгсөн боловч шүүхээс эдгээр нотлох баримт нь үгүйсгэж чадахгүй байна гэж дүгнэсэн бодит байдалд нийцэхгүй.
3.8. “М М” ХХК-ийн харилцах дансны талаар Хас, Хаан банк манайд эзэмшдэггүй, Голомт банкны дансаар гүйлгээ хийгээгүй гэсэн лавлагааг шүүхэд ирүүлсэн ба “М М” ХХК-ийн гүйлгээ хийдэг данс байрладаг Худалдаан хөгжлийн банк нь “нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг Банкны тухай хуулийн 7.2.3-т “заалтыг үндэслэн буцаав” гээд дансны хуулгыг гаргаж өгөөгүй болно. Гэтэл шүүхээс нотлох баримтыг хэрэгт нотолгооны ач холбогдолтой эсэхийг үл хамааран бүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гэжээ. Вагоноор нүүрс тээвэрлэсэнтэй холбоотой зардлыг “М М” ХХК гаргасан эсэхийг тодруулах, экспортолсон нүүрсний үнэ дансаар орж ирсэн эсэхийг тодруулах нь манай компанийн нүүрс экспортлоогүй болохыг нотлоход маш ач холбогдолтой тул “дансны хуулгыг өгөхгүй” гэсэн мэдээллээр манай компанийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Нөгөө талаас “М М” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй бөгөөд захирал Ганбаярыг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байсан ба түүнийг гэрчээр оролцуулах шаардлагагүй гэж дүгнэсэн, тус компаниас ирүүлсэн мэйлээр ирүүлсэн баримтыг нотлох баримт гэж үнэлсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.
Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. “Б Э Т Э М” ХХК-иас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НА-22230000051 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 206.783.837,82 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт зааснаар “Б Э Т Э М” ХХК-ийг дотоодоос коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс худалдан авч, 2021 онд экспортод гарган борлуулсан орлогод ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж төсөвт төлөөгүй, борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тайлагнаагүйг тус тус Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан зөрчилд тооцсон байна.
3. Анхан шатны шүүхээс дээрх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлийн хүрээнд “... нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн учраас нүүрсийг экспортлосон, энэ утгаараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн гэж үзсэн нь Ашигт малтмалын тухай хууль, Гаалийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөхгүй тул нөхөн ногдуулалтын акт хууль зөрчсөн болох нь нотлогдохгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт хамааралгүй буюу нотолгооны ач холбогдолгүй баримтыг үнэлэхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө: 47.16.2.экспортолсон;”, 47.19-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд 47.10, 47.11-д заасны дагуу тайлагнаж төсөвт төлнө” гэж тус тус заасан.
5. Тодруулбал, 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр хуульчилсан.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус хуулийн 47.1 дэх хэсгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх этгээдийн хүрээг өргөтгөж, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар өөрчлөн найруулсан байна.
6. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр дээрх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож; Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хэсгийг хүчингүй болгосон бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тогтоожээ.
7. Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу 2021 онд дотоодоос коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс худалдан авч, экспортод худалдан борлуулахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (үндсэн, нэмэлт)-ийг тооцон төлөх буюу ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч (экспортод гаргасан этгээд) байхаар хуульд заасан нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу зөөж тээвэрлэсэн тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг хамаарахгүй, АМНАТ төлөгч биш” гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Учир нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11-2131009-21-Е00955R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хавсралтууд, дагалдах баримтууд болох “Бараа тээврийн хэрэгсэл пүүлсэн тухай акт”, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0121009255 дугаартай магадлан шинжилгээний дүгнэлт зэргээр нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийн нэрээр нүүрсийг экспортлосон, нүүрс хүлээн авагч БНХАУ-ын “П Ю” компаниас “Б Э Т Э М” ХХК-ийн ХААН банк дахь 517627**** тоот юанийн харилцах дансанд 2021 оны 9-10 дугаар сард “payment for coal” гэх гүйлгээний утгатай, нийтдээ 2,330,795 юанийг хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б Э Т Э М” ХХК нь 2021 онд дээрх гаалийн мэдүүлгээр 3361.9 тонн боловсруулаагүй нүүрс экспортод гаргасан бөгөөд ингэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй болох нь нэгэнт тогтоогдож байх тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
9. Улсын дээд шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тогтоолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсгэж буй ашигт малтмал экспортлосон этгээд гэх ойлголтын хууль зүйн агуулга нь ашигт малтмалыг газрын хэвлийгээс салган авч гадаад улс руу худалдсан, худалдахаар ачуулсан этгээдийг хамааруулах агуулгатай, харин худалдах, худалдан авах харилцааны явцад тухайн ашигт малтмалыг зөөсөн, тээвэрлэсэн этгээдэд хамааралгүй гэж дүгнэснээс үзэхэд ч нэхэмжлэгчийн тухайд худалдан авсан нүүрсийг экспортод гаргасан байх тул дээрх хуульд заасан үүргийг хүлээнэ.
10. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд;
10.1. “М М” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “М а М” ХХК-тай байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 687-1421 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Хөөтийн уурхайгаас 10,000 тонн нүүрс авахаар тохиролцсон.
10.2. “М М” ХХК /худалдагч/ болон “Б Э Т Э М” ХХК /худалдан авагч/-иудын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/30 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний 2.1, 3.2, 4.2-т заасан зохицуулалт ёсоор худалдагч нь 20,000 тонн нүүрсийг худалдах бол худалдан авагч нь нүүрсийг экспортлосон тохиолдолд аливаа татвар, хураамжийг дангаар хариуцах нөхцөлийг тохиролцсон ба уг гэрээний асуудлаар шүүхийн маргаан гараагүй болохыг ч нэхэмжлэгч тайлбарлана.
10.3. “Б Э Т Э М” ХХК /худалдагч/ нь БНХАУ-ын Өвөрмонголын “П Ю” компани /худалдан авагч/-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр BTRM/2021-20 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 20,000 тонн нүүрсийг худалдах, ингэхдээ нүүрсийг тээвэрлэх зардлыг хариуцан БНХАУ-ын Эрээн хот хүргэх нөхцөлийг тохиролцсон байна.
11. Анхан шатны шүүхийн цахим шуудангаар ирүүлсэн “М М” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/14 дүгээр албан бичигт “... манай компани 2021 онд БНХАУ-ын Эрээн хотын “Х х” компанитай хийсэн гэрээний дагуу Хөөтийн уурхайгаар худалдан авсан өөрийн нэр дээрх нүүрсээ 2022 онд хилээр гаргаж, татварын тайлангаа хуулийн дагуу тайлагнасан” гэх тайлбар болон тус хуулийн этгээдийн 2022 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, “М а (М)” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 02/1045 дугаартай албан бичигт “… “М М” ХХК-тай 2021, 2022 онд нүүрс худалдан гэрээ байгуулж хамтран ажилласан, “Б Э Т Э М” ХХК-тай хамтын ажиллагаа байхгүй ба нүүрс нийлүүлж байгаагүй” гэх тайлбарыг тус тус маргааны үйл баримтуудтай харьцуулан дүгнэхэд “Б Э Т Э М” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш гэх үндэслэл тогтоогдсонгүй.
12. Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар дээрх зөрчилд нийтдээ 206.783.837,82 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь холбогдох хуульд нийцэхээс гадна нэхэмжлэгчийн тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ