Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 00530

 

        Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02946 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.С, Т.З, Ч.З нарт холбогдох

           Ш.Ч-г “Икс лэнд констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болон тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, Т.Д-тэй хамтран эзэмшдэг газрын нас барагч С.Б-т ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тус тус тогтоож, ногдох хэсгийг гаргуулан холбогдох бүртгэл хийлгэх, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугаарын эзэмшигчээр тогтоож, холбогдох бүртгэл хийхийг тус тус даалгах, хүү Б.Б-ийг өвлүүлэгч С.Б-ын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Нас  барагч С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, “И” ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг тогтоолгох, мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016868 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, нас барагч С.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт тус тус бүртгэлтэй орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагч Т.З, хариуцагч П.С-ын өмгөөлөгч Ц.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд С.Б-тай танилцсан. Тухайн үед ОХУ-аас мотоциклийн сэлбэг оруулж ирэн Нарантуул зах дээр борлуулдаг байсан. Бид 2006 онд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. С.Б 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бидний дундын хөрөнгө хөнгөн бетоны үйлдвэрийг 152 500 000 төгрөгөөр үнэлүүлээд 154 500 000 төгрөг болгож, дүрмийн сангаа нэмэгдүүлснийг миний бие мэдээгүй бөгөөд нас барсных нь дараа мэдсэн. Энэхүү хөнгөн бетоны үйлдвэрийг ажиллуулж олсон ашиг орлогоор “И” ХХК-ийн болон С.Б-ын нэр дээрх Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06, 07 тоот үл хөдлөх хөрөнгө, Д.Д-тэй хамтарч газар авсан. Одоо Ч.З-ын нэр дээр байгаа Ланд круйзер маркийн 83-38 УБЧ улсын дугаартай автомашин, порше маркийн 90-90 УБД, 10-30 УНБ улсын дугаартай автомашинууд, утасны дугаарууд зэрэг маргаан бүхий хөрөнгүүд үүссэн. Хамтран ажиллах гэрээний дагуу “И” ХХК-ийг бид хоёр үүсгэн байгуулсан. С.Б бид 2 хамтран ажиллах хугацаандаа хамтран амьдарч, хүү Б.Б-ийг 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрүүлсэн. Би хүүгээ асраад бичиг баримт хөөцөлдөх төвөгтэй байсан тул “И” ХХК-ийг С.Б-ын нэр дээр шилжүүлсэн. Энэхүү байдлыг далимдуулан С.Б дангаараа хөнгөн бетоны үйлдвэрийг үнэлүүлэн шилжүүлсэн байсан. С.Б 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барж, түүнийг төрүүлсэн эцэг, эх, дүү н.Б бид нарын хооронд хөрөнгийн маргаан бий болсон.

Иймд “И” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоож, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 119 дүгээр байрны 6 тоот Ү-2205040301 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Д.Д-тэй хамтран эзэмшдэг газрын нас барагч С.Б-т ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоох, ногдох мөнгийг гаргуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгах, хүү Б.Б-ийг өвлүүлэгч С.Б-ын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоож бүртгэл хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч П.С, Т.З нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт компани хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй байхаар хуульчлагдсан. Компанийн хөрөнгө хувьцаанаас ялгаатай ойлголт юм. Хэрэв хөрөнгө нийлсэн холилдсон гэж үзвэл тэр нь Ш.Ч-г компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэл биш. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6, 7 тоот орон сууцыг С.Б нь “И” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч байхдаа Т.Д-тэй хамтарч бий болгосон хөрөнгө юм. Ш.Ч-ийн хөрөнгө ороогүй. Анх Т.Д гараж барих зорилгоор авсан бөгөөд дараа С.Б-ын нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан. Ланд круйзер маркийн 83-33 УБЧ дугаартай, Порше маркийн 90-90 УБД дугаартай, 10-30 УНБ улсын дугаартай автомашинуудыг миний хөрөнгөөр авсан тул Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгон, оногдох мөнгийг нэмж гаргуулах, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, 99119192, 9114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр Ш.Ч-г тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах шаардлага гаргасан бөгөөд дээрх автомашин болон утасны дугаарууд С.Б-ын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд эдгээр автомашин, утасны дугааруудыг худалдаж авахад Ш.Ч-ийн хөрөнгө ороогүй учраас Ш.Ч-г эзэмшигчээр тогтоох үндэслэлгүй юм.

    Хүү Б.Б-ийг өвлүүлэгч С.Б-ын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах шаардлага гаргасан бөгөөд С.Б бидний төрсөн хүү бөгөөд өвчний учир нас барсан. Хүү маань албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ба Ш.Ч-ийн хүү Б.Б миний хүүгээр овоглогдсон бөгөөд С.Б-ын хүүхэд биш болох нь шүүхийн шинжилгээгээр батлагдсан. Ш.Ч болон миний хүү С.Б 2006 оноос хойш хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч нэг жил болоод хоорондоо маргалдаж, хамтарч ажиллаж чадахгүй болсон. Ш.Ч 6 удаа шунахай сэтгэл гаргаж хуурамч бүртгэл хийж миний хүүгийн компанийг өөрийн болгох гэж явсан нь нотлогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

      Хариуцагч Ч.З шүүхэд гаргасан тайлбартаа: С.Б М хадгаламж зээлийн хоршоонд зээлийн төлбөртэй тул уг төлбөрийг барагдуулсны дараа автомашинуудыг шилжүүлэхэд татгалзахгүй. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   Хариуцагч П.С, Т.З нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хүү С.Б 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч нэхэмжлэл гарган төрсөн эцэг, эх болох П.С, Т.З-д холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгө болон түүний өөрсдөд ногдох хэмжээний талаар маргаан үүсгээд байгаа. Ш.Ч нь талийгаач С.Б-ын төрсөн эцэг, эх болох бид хоёрыг хууль ёсны өвлөгч биш гэж маргаж байгаа учраас талийгаачийн төрсөн эцэг, эх болохын хувьд бид өөрсдийгөө хүүгийнхээ хууль ёсны өвлөгч мөн бусад өвлөгчтэй адил хэмжээгээр өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй гэж үзэж байгаа учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.1, 515.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгосонтой холбогдуулан өвлөгдөх хөрөнгүүдийн ногдох хэсгийг тогтоолгож, “И” ХХК-ийн хувьцааны оногдох хэсгийг тогтоож, мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016868 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг, С.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6, 7 тоот орон сууцнаас ногдох хувийг тогтоож өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч Ш.Ч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Эд нарын өвлөхийг хүссэн хөрөнгийн 50 хувийн өмчлөгч нь би бөгөөд үлдэх хэсгийг миний хүү Б.Б бүхэлд нь өвлөх эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Б-тай хамтран ажилласныхаа үр дүнд тус газрыг хамтран эзэмшинэ гэж тохиролцсон боловч хамтран ажиллаагүй учраас С.Б нь газрыг хамтран эзэмших эрхгүй. Мөн газар эзэмших эрхийн хугацаа дууссан, өнөөдөр уг газар хэний эзэмшилд байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар шаардлагаа нотлохгүй байгаа тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн газар эзэмшихтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ч-г "И" ХХК-д 76 250 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх "И" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, бүртгэл хийлгэхийг даалгах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоот Ү-2205040301 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох холбогдох бүртгэл хийлгэхийг даалгуулах, Д.Д-тэй хамтран эзэмшдэг газрын талийгаач С.Б-т оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгож, оногдох мөнгийг нэмж гаргуулах, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь заалтыг баримтлан Б.Б, Т.З, П.С нарыг талийгаач С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Б.Б-ийг "И" ХХК-ийн 33.34 хувийн, П.С-ыг 33.33 хувийн, Т.-г 33.33 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б-ийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Ч-г, гуравдагч этгээд Т.Д-тэй хамтран эзэмшдэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 154/0191 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрын эзэмших эрхийн эзэмшигчээр Б.Б-ийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Ч-г, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 7 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөигийн өмчлөгчөөр хариуцагч Т.З, П.С нарыг 83-38 УБЧ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн ачааны автомашинуудын өмчлөгчөөр хариуцагч П.С-ыг, Худалдаа хөгжлийн банкны 452541338, 452541339, 456058112 тоот дансны эзэмшигчээр Б.Б-ийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Ч, хариуцагч Т.З нарыг тус тус тогтоож, Б.Б-ийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Ч-гээс 89 333 333 төгрөг гаргуулан хариуцагч П.С-т 14 666 666 төгрөг, хариуцапч Т.З-д 74 666 667 төгрөг олгож, сөрөг нэхэмжлэлээс гуравдагч этгээд Т.Д-тэй хамтран эзэмшдэг газар эзэмших эрхийг өвлөх эрхтэй болохоо тогтоолгож, ногдох хэсгээ гаргуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 дугаарыг өвлөх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх өмчлөгч, эзэмшигч нарыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Авто Тээврийн Үндэсний төв, Худалдаа хөгжлийн банк ХХК, Нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Т.З, П.С нараас үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 1 491 683 төгрөгийг хуваан, нэхэмжлэгч Ш.Ч-ээс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2 614 817 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч Ш.Ч-ийн "И" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэхдээ “...Дээрхээс дүгнэхэд Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д “нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах” гэсэн байдлаар нэмэгдсэн болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Компанийн дүрмийн сан 152 500 000 төгрөгөөр нэмэгдэхдээ компанийн хувьцааны тоо нэмэгдээгүй, харин хувьцааны үнэ нэмэгдсэн байх тул Ш.Ч-ийн би 1 000 000 төгрөгт ногдох хувьцаа л бэлэглэсэн болохоос, 76 250 000 төгрөгт ногдох хувьцааг С.Б-т бэлэглээгүй тул энэхүү хөрөнгөдөө ногдох хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэнэ гэх шаардлага үндэслэлгүй байна. “И" ХХК-ийн дүрмийн санд нэмэгдэж, бүртгэгдсэн хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмж нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан Ш.Ч, С.Б нарын дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн боловч мөн хуулийн 108.8 дахь хэсэгт зааснаар Ш.Ч нь өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй болохоос өөрт ногдох хэсэгтээ компанийн хувьцааг шаардах эрхгүй тул түүний “И” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж” үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: шүүхээс хөрөнгө оруулсан болохыг тогтоосон атлаа Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчээр тогтоож шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Шүүх нэхэмжлэгч нь талийгаачийн хөрөнгүүдэд миний хөрөнгүүд холилдсон байх тул хувааж шийдвэрлэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэлгээг хийж, улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө бий болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Нас барагч бид хоёр 2006 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан хамтран ажилласан бөгөөд гэрээний 1.1, 1.2, 3.1, 3.3-т зааснаар гэрээний талууд үйл ажиллагааны үр дүнд олсон бэлэн мөнгөний 50, 50 хувийг гарган жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй болох, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон эд хөрөнгө нь хамтран өмчлөх дундын өмч байх гэж зааснаар миний бие бүх хөрөнгийг гаргаж, хамтран ажилласан хөнгөн бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж хамтран ажилласан. Энэхүү хөнгөн бетоны үйлдвэрийг ажиллуулсан ашгаар одоогийн талийгаачийн нэр дээрх маргаан бүхий хөрөнгүүд бүтсэн. Иймд оногдох хэсгийг гаргаж шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хариуцагч П.С, Г.З нар өв хүлээн авах хүсэлтдээ “И” ХХК-ийн хувьцааг хүлээн авах талаар дурдаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөгдөх энэхүү хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байхад компанийн хувьцааг 3 тэнцүү хувааж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.С, Г.З нар давж заалдах гомдолдоо: С.Б, Ш.Ч нap 2006 онд 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2009 онд гэрээний хугацаа дуусч гэрээний үүрэг дуусгавар болсон. Мөн хамтран ажиллах гэрээнд компанид хөрөнгө оруулна гэж тохироогүй. Түүнчлэн Ш.Ч "И" ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоох шаардлага гаргасан бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах эрх бүхий этгээд тодорхойгүй байхад шүүх Ш.Ч-г "И” ХХК-ийн дүрмийн санд 76 250 000 төгрөгийн хөрөнгө орсон болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Талийгаач С.Б-ыг нас бартлаа аав, ээжтэйгээ хамт амьдарч байсан нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдох бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан. Шүүх "Өв хүлээн авах хүсэлтдээ Т.Д-тэй хамтран эзэмшдэг газрыг хүлээн авах талаар дурдаагүй тул" гэж дүгнэсэн бөгөөд тухайн үед Т.Д-тэй хамтран эзэмшдэг газрын талаар мэдээгүйгээс хүүгийн бүх хөрөнгийг өвлөн авах хүсэлтээ нотариатад гаргасан бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарласан.

Иймд “Ш.Ч-г И ХХК-ийн дүрмийн санд 76 250 000 төгрөгийн хөрөнгө орсон болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.Д-тэй хамтран эзэмшдэг газрын С.Б-т оногдох хэсгээс П.С, Т.З өвлөх эрхтэй болохыг тогтоож” шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Ч хариуцагч Т.З, П.С, Ч.З нарт холбогдуулан “И” ХХК-д хөрөнгө оруулсан болон тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ү-2205040301 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, Д.Д-тэй хамтран эзэмшдэг газрын нас барагч С.Б-т ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тус тус тогтоож, ногдох хэсгийг гаргуулан холбогдох бүртгэл хийлгэх, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугаарын эзэмшигчээр тогтоож, холбогдох бүртгэл хийхийг тус тус даалгах, хүү Б.Б-ийг өвлүүлэгч С.Б-ын өвлөгдөх бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч Т.З, П.Б нар эс зөвшөөрч  нас  барагч С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, “И” ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг тогтоолгох, мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016868 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, нас барагч С.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040300, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт тус тус бүртгэлтэй орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.Ч, нас барагч С.Б-тай 2006 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байх явцдаа 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “И” ХХК-ийг үүсгэн байгуулсан, 2006 оны 01 дүгээр сараас 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтран амьдрах хугацаандаа 2007 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүү н.Б-ийг төрүүлсэн, 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр С.Б нас барсан, тэдний хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон дундын хөрөнгийг Ш.Ч нь өөрийн “Ч” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн бүртгэлийн ажиллагааг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаангүй болно.  

Харин зохигчид нас барагч С.Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх бүх хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, “И” ХХК-д оруулсан хөрөнгө, эзэмших хувьцааны тоо хэмжээний талаар маргадаг боловч хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүйгээс шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх боломжгүй.

Нэхэмжлэгч Ш.Ч, нас барагч С.Б нар анх компани үүсгэн байгуулахдаа хоорондоо гэрээ байгуулсан, хэн нь хичнээн хэмжээний хөрөнгө оруулсан, эзэмших хувьцааны тоо хэмжээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, компанийг үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримт болох компанийн дүрэм хэрэгт бүрэн эхээрээ авагдаагүй учраас нэхэмжлэгчийн компанид оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, хувьцааны ногдолыг тодорхойлоход учир дутагдалтай байна.  

Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “...Худалдаа хөгжлийн банкны 452541338, 452541339, 456058112 тоот дансны эзэмшигчээр Б.Б-ийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Ч, хариуцагч Т.З нарыг тус тус тогтоож” шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцсэнгүй. Тодруулбал, банкин дахь дансны эзэмшлийн талаархи шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хэн аль нь гаргаагүй, энэ талаар хуульд заасан журмын дагуу тайлбар болон нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй, Худалдаа хөгжлийн банкинд дээрх данснууд байгаа эсэх, эдгээр нь хувь хүний эсвэл хуулийн этгээдийн эзэмшилд бүртгэлтэй байдаг, цаашилбал энэ 3 дансанд мөнгөн хөрөнгө бий эсэх талаар нотолсон баримтгүй. 

Түүнчлэн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хэрэгт авагдсан материалтай хариуцагч Т.З, Ч.З нарыг танилцуулаагүй зөрчил байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2018/00679 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч П.С, Т.З нарыг давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                                           ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                Д.БАЙГАЛМАА