Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2370

 

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/02370

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А С

Хариуцагч: Б.Т

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 468.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Н, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Г.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус байрны 0000 тоотод оршин суугч Б.Т нь 2017 оны 03 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийг хуульд зааснаар төлөх ёстой. Өөрөө мэдсээр байж төлдөггүй тул шүүхэд хандсан. Энэ хүн намайг СӨХ-ны захирал гэдгийг мэднэ. Би 2017 оны 05 дугаар сарын 23-наас энэ сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Нөхөр н.Болд нь надтай хэд хэд уулзаж мөнгийг төлнө гэдэг боловч өдийг хүрсэн. Иймд хуульд зааснаар хариуцагч Б.Тгаас 468.440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: СӨХ үнэхээр юмаа хийдэггүй. Манайх байрны мөнгөө төлөөд явж байгаа. Ямар нэгэн хурал хийхгүйгээр сөх гарч ирсан. СӨХ хурал хийдэггүй, хуралдаа суудаггүй. Энэ байрандаа 9 дэх жилдаа амьдарч байгаа боловч СӨХ-ны захиралыг танихгүй. СӨХ-ны захирал ч манай байранд амьдардаггүй. Би сөхийн төлбөрийг төлөх ёстой гэдгээ ойлгож байгаа. Манай лифт зогсчихоод ажиллахгүй байсан. Сан хэцүү, автомашины зогсоол байхгүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй, оршин суугч нарын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлээгүй. 468.440 төгрөгийг бүгдийг нь төлөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Б.Тд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 468.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Т нь 2017 оны 03 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 468.440. төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарласан тайлбар, Төрийн банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбоо ажлаа хийдэггүй, төлбөрийг бүгдийг төлөхгүй гэж тайлбарлан маргадаг боловч Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-д зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж зааснаар холбогдох зардлыг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны захиралыг сонгоогүй, хуралд оролцдоггүй, тайлангийн хуралд очдоггүй зэрэг нь түүнийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тэрээр Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-т заасан дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох, 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох эрх, үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч Б.Т нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэгч Б.А сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй юм.

Б.А сууц өмчлөгчдийн холбоо нь 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б.А сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын №01 тогтоолоор Г.Нг гүйцэтгэх захиралаар томилсон болох нь гэрчилгээ, СӨХ-ны даргыг томилох тухай хурлын шийдвэрээр тогтоогдсон байна.

Б.Т нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3, 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрхтэйгээс гадна, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох хуульд заасан үүргийн дагуу 2017 оны 03 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны төлөгдөөгүй дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлс 468.440 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Б.Тгаас 468.440 төгрөг гаргуулж Б.А сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Б.Тгаас 468.440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгаас 14.703 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА