| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0151/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 154
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: С.М,
Хохирогч: Б.Б,
Иргэдийн төлөөлөгч: С.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О, Б.О,
Шүүгдэгч: Т.Ө, Д.О,
Нарийн бичгийн дарга: П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Ө, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.О нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1728000000028 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овгийн Т Ө /РД: / гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Я овгийн Д О /РД: /
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Т.Ө нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Б хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Яллагдагч Д.О нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Ө-ын биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Т.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Буруугаа хүлээж байна” гэв.
Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Базаад шахаад түлхсэн. Явган суугаад араа арагшаа савах шиг болсон. Тэгээд хутгалагдсан байсан. О хүн хутгалчихлаа шүү дээ гэсэн. Арай үгүй байлгүйдээ гээд үнэмшээгүй. Ийм зүйл болсон. Өөр хэлэх зүйлгүй” гэв. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өглөө Өмнөговь аймгийн Ноён сумын 2-р багийн нутаг болох Сэрүүн гэдэг газраас малаа хайх, мөн хаваржаан дээр байгаа машинаа авах гэж явсан. Тэгээд тэр өдөртөө хөдөөгүүр явж байгаад Ө орой 20 цагийн үед очсон. Тэгэхэд Ө гэртээ байгаагүй эхнэр Гантулга 3 хүүхдүүдтэйгээ хамт гэртээ байцгааж байсан. Тэгээд байж байтал Ө гэртээ ирсэн. Би тэгээд Ө-ын гэрт нь хоночихоод маргааш өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 15-нд явах гэж байтал Ө намайг хаашаа явах гэж байгаа юм, Э гэрээр нь орох юм гэхэд би Эд очно гэхэд Ө Э-аас мотоциклийн сэлбэг авах гэсэн юм хамт явъя гээд надтай хамт явсан. ... Б-ы гэрт очиход тэнд хоёр танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэр хоёр хүн Ө бид хоёрт шанаганы дундуур монгол архи хийж өгөхөөр бид хоёр түүнийг уучихаад гол дээр байгаа үхрээ цааш нь туучихаад Э гэрт нь очиход гэрт нь гэрийн эзэн Э байсан. Тэгээд бид хоёрт нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи гаргаж ирэхээр нь тэр архинаас Ө, Э бид гурав хувааж уучихаад тэр архийг дуусгасан. ...Ө бид хоёр Э ахын гэрээс гарчихаад Г очиж гүүний айраг ууя гэж хоорондоо ярилцаад Г очсон. Тэгэхэд гэрийн эзэн Г ах эзгүй малдаа явчихсан байсан. Гэрт нь эхнэр О, О гэрт нь унтаж байсан. Тэгээд О-тэй мэнд мэндчихээд бид хоёр гэрт нь сууж байж байхад О 1 литр орчим монгол архи өгсөн. Тэгтэл О сэрээд боссон. Тэгээд тэр архийг О бид хоёрт аягалаад өгөхөд Ө бид хоёр нэг аяга уучихаад айраг уугаад сууж байсан. Тэгээд О бид хоёр хоорондоо наадам, морь мал яриад сууж байхад бид хоёрын яриан дундуур Ө орж ирээд Ө Оыг “та Ганзагат баг дээр таараад надад нэг шил архи авч өгч чадаагүй, надад тэмээ өгнө гэж худлаа хэлсэн, хорголоо тоолсон мянгат" гэж хэлтэл О Ө-ын өөдөөс “тухайн үед архи өгч чадаагүй нь үнэн, харин би өгнө гэсэн тэмээгээ өгнө гэвэл хүнд өгчихдөг юм, чамайг хоёр алд дээс олоод ирвэл тэмээгээ барьж өгнө” гэж хэлэхээр Ө гэрээс гараад удалгүй нэг дээс барьчихсан орж ирээд О-ыг “одоо өгөөтөх гээд дээсээ барьчихаад Ө О-ы гарнаас хойш нь түлхтэл О “одоо гадаа харанхуй байна маргааш өглөө болъё” гэж хэлтэл Ө дахиад О-ы зүүн мөрнөөс базаад түлхтэл О сууж байгаад Ө-ын нүүр лүү гараараа хоёр удаа цохиж авсан. Тэгтэл Ө босч очоод Оы хажуу тал руу 1-2 удаа өшиглөөд автал гадаа ор засч байсан О эгч гэрт орж ирээд тэр хоёрыг жижиг гэр нураахнээ, гадаа гарч зодолдоцгоо гэж хэлэхээр би очоод Ө-ын хөлнөөс татаад боль гэж хэлээд татаж байтал Ө миний нуруу руу нэг юмаар шаачих шиг болсон. Тэгтэл О орж ирээд Өыг “чи ямар мангар юм бэ Б хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхэд миний нуруу руу жирс гээд халуун оргиод явчихсан. Би тэгээд гадаа үүдний хавьд хэвтэж байгаад жаахан унтсан байх нэг сэрээд харахад Өын гэрийн гадаа нь ирчихсэн байсан. Тэгээд удалгүй сумын эмч нар ирээд намайг эмнэлэг рүү авч явах шаардлагатай байна гэж хэлээд намайг Ноён сумын эмнэлэг рүү аваад явсан. Миний биед Ө гэмтэл учруулсан, миний баруун талын далны хавьд хутгаар хутгалсан үүнээс болж надад гэмтэл гарсан. ...миний гутлын түрүүнд байсан хутгыг аваад намайг хутгалчихсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхүй, нэмж шалгуулах зүйл байхгүй. Бид хоёр багийн найзууд болохоор хэн хэндээ ямар нэгэн байдлаар гомдох зүйл байхгүй, миний бие одоо зүгээр байгаа” гэх мэдүүлэг/хх-16-17 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Ө мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны өглөө Б манай гэрт хоночихоод үхрээ гол руу оруулна гээд явах гэхэд би Б замаараа Эхаар орвол хамт явъя би тэр хүнээс мотоциклийн сэлбэг авах ёстой гэж хэлээд Бтой хамт явсан. ...Батсайханы гэрт очиход тэнд хоёр танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэр хоёр хүн Б бид хоёрт шанаганы дундуур монгол архи хийж өгөхөөр бид хоёр түүнийг уучихаад гол дээр байгаа үхрээ цааш нь туучихаад Э гэрт нь очиход гэрт нь гэрийн эзэн Э байсан. Тэгээд бид хоёрт нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи гаргаж ирэхээр нь тэр архинаас Б, Э, бид гурав хувааж уучихаад тэр архийг дуусгасан. ...Э ахын гэрээс яваад Г очиж гүүний айраг ууя гэж хоорондоо ярилцаад Г очсон. Тэгэхэд гэрийн эзэн Г ах эзгүй малдаа явчихсан байсан гэрт нь эхнэр О, О гэрт нь унтаж байсан. Тэгээд Отэй мэнд мэдээд бид хоёр гэрт нь сууж байж О 1 литр орчим монгол архи өгсөн. Тэр архийг О бид хоёрт аягалаад өгөхөд Б бид хоёр нэг аяга уучихаад айраг уугаад сууж байсан. Тэгэхэд О, Б хоёр хоорондоо наадам, морь мал яриад сууж байхад би тэр хоёрын яриан дундуур орж ирээд Оыг би “та Ганзагат баг дээр таараад надад нэг шил архи авч өгч чадаагүи, надад тэмээ өгнө гэж худлаа хэлсэн, хорголоо тоолсон мянгат гэж хэлтэл О миний өөдөөс “тухайн үед архи өгч чадаагүй нь үнэн , харин би өгнө гэсэн тэмээгээ өгнө гэвэл хүнд өгчихдөг юм, чамайг хоёр алд дээс олоод ирвэл тэмээгээ барьж өгнө” гэж хэлэхээр би гэрээс гараад мотоцикль дээр нэг дээс байхаар түүнийг аваад буцаад гэр орж ирээд О “одоо өгөөдөх гээд дээсээ барьчихаад О гарнаас хойш нь түлхтэл О тэгэхэд “одоо гадаа харанхуй байна маргааш өглөө болъё” гэж хэлэхээр би Оы зүүн мөрнөөс базаад түлхтэл О миний нүүр лүү гараараа хоёр удаа цохиж авсан. Тэгээд би Оы хажуу тал руу 1-2 удаа өшиглөөд авсан. Тэгтэл гадаа ор засч байсан О эгч гэрт орж ирээд тэр нар жижиг гэр нураахнээ, гадаа гарч зодолдоцгоо гэж хэлтэл Б боль гээд миний хөлнөөс татахаар нь би Бын баруун талын дал хавьд нь нэг удаа хутгаар дүрчихсэн. Тэгтэл Б “найзыгаа шаачихлаа шүү дээ” гэж хэлэхээр хартал Б доошоо хараад газар хэвтсэн. Тэгтэл гаднаас О орж ирээд намайг “чи ямар мангар юм бэ Б хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхэд би гар утсаараа ах М хурдан хүрээд ирээ би Б хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэрийн эзэн Г, М хоёр хамт ирэхээр М ахын машинаар Б аваад би гэртээ авчираад яаралтай сумын төв эмчид хэлж түргэн дуудсан. Тэгээд удалгүй сумын эмч нар ирээд Б аваад явахаар би араас эхнэр Г хамт Ноён сум руу явсан. Миний биед О гэмтэл учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй Бид хоёр хоорондоо эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/ Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед би хүн хутгалчлаа гэж ирээд сум хүргээд өгөөч гэхээр би өөрийн машинтайгаа ирсэн. Тэгсэн Б платикны гадаа доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би хаана чинь хутгалсан юм гэхэд дал руу хутгалсан гэсэн. Хувцсыг нь тайлаад үзсэн чинь далан дээр нь хутга орсон сорви байсан. Тэгээд Б машинд суулгаад Ө-ын гэрт очсон. Тэнд Б буугаад би сумын төв орж эмч дуудсан. Тэгсэн түргэний тэргээр явахгүй гээд миний машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг буцах гэж байхад Ө-ын шанаа нь хавдартай байсан” гэх мэдүүлэг/ хх-ийн 24-25 дугаар хуудас/ Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байсан. Манай тэр өдөр унага барьж уясан. О унага татаад өдрийн бүтэн болсон. Баруун зүгээс мотоцикльтой 2 хүн ирсэн байсан. Тэгсэн Ө, Б хоёр ирсэн. Гэрт орж ирээд О-г татаж босгоод тэр гурав юм яриад сууж байсан. Гэнэт О тэр хоёр алд дээс байвал тэмээг чинь өгье өнөө шөнө аваад яваарай О хэлсэн. Эргээд ороод ирэхэд Ө, О хоёр зодолдож байсан. Та хоёр битгий зодолдоод бай гэж Б хэлсэн. Тэгсэн Ө Бийн өөрийнх нь хутгыг аваад эргэсэн. Тэгсэн Б Ө-ын хөлнөөс тэврээд байхаар нь Ө гараа арагш нь савах шиг болсон. Тэгсэн Бийн нуруун хэсэгт хутгалчих шиг болохоор нь чи хүн хутгалчихла гэсэн чинь Ө би хүн хутгалаагүй байлгүй дээ гээд хутгыг хаяаад Бийн хувцсыг сөхөж үзсэн. Тэгсэн хутга орсон мөртэй байсан. Б гадаа доошоо хараад хэвтэж байсан. М ирээд Б, Ө хоёрыг аваад явсан. Би ах нь юм чинь О чамайг хацар хэсэгт нь Өыг цохиж байсан. Ө, Б хоёр манайд ирэхдээ халамцуу ирсэн. Хүрэн иштэй үзүүртэй эвхдэг хутга байсан” гэх мэдүүлэг /ххийн 33-36 дугаар хуудас/ Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 15- нд би гэртээ унтаж байсан. Тэгтэл мотоцикльтой хүн исрэн босоод гартал Ө, Б хоёр ирсэн. Тэгсэн надаас мотоциклийн поршин бүс сурсан. Тэгсэн надад байсан сэлбэгээ өгөөд байж байтал цагаан сараар ирээгүй гээд байхаар нь манайд байсан 0.75 граммын хагса шил архи байснаа гаргаж өгчөөд юм яриад сууж уугаад Г-ийнх унаганы үрсэнд явна гээд явсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Хохирогч, иргэний нэхэмжлэгч оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүүгээ барьж унага уячихаад орой М-ы гэрт байж байсан. Утсаар Ө яриад би Б хутгалчихлаа гэхээр нь би худлаа хэлээд бай О утсаа өг гээд ярьсан. Манай эхнэр Ө Б хутгалчихлаа эмнэлэг явах ажилтай боллоо хүрээд ир гэсэн. Тэгсэн ирсэн Б доошоо хараад хэвтэж байсан. Очоод үзсэн ар нуруу хэсэгт цамц хутгалсан болтой мөр байсан. Тэгээд М-ы машин хийгээд суудал дээр нь хэвтээд сумын төв аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/ Шүүгдэгч Т.Ө мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 08 дугаар сарын 14-нд өглөө 09 цагийн үед Өмнөговь аимгиин Ноен сумын нутаг болох Сайншанд гэдэг газарт гэрээсээ гараад сумын төв орчихоод замаараа малаа харчихаад орой 22 цагийн гэртээ ирэхэд манаи гэрт Б ганцаараа ирчихсэн байсан. Тэгээд Б манайд хоночихоод 2017 оны 08 дугаар сарын 15-ны өглөө Б босчихоод үхрээ гол руу оруулана гээд явах гэхэд би Б-г замаараа Эхаар орвол хамт явъя би тэр хүнээс мотоциклийн сэлбэг авах ёстой гэж хэлээд Бтой хамт явсан. ...Батсайханы гэрт очиход тэнд хоёр танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэр хоёр хүн Б бид хоёрт шанаганы дундуур монгол архи хийж өгөхөөр бид хоёр түүнийг уучихаад гол дээр байгаа үхрээ цааш нь туучихаад Э гэрт нь очиход гэрт нь гэрийн эзэн Э байсан. Тэгээд бид хоёрт нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи гаргаж ирэхээр нь тэр архинаас Б, Э, бид гурав хувааж уучихаад тэр архийг дуусгасан. ...Э ахын гэрээс яваад Г очиж гүүний айраг ууя гэж хоорондоо ярилцаад Г очсон. Тэгэхэд гэрийн эзэн Г ах эзгүй малдаа явчихсан байсан. Гэрт нь эхнэр О, О гэрт нь унтаж байсан. Тэгээд О-тэй мэнд мэдээд бид хоёр гэрт нь сууж байхад О 1 литр орчим монгол архи өгсөн. Тэр архийг О бид хоёрт аягалаад өгөхөд Б бид хоёр нэг аяга уучихаад айраг уугаад сууж байсан. О, Б хоёр хоорондоо наадам, морь мал яриад сууж байхад би тэр хоёрын яриан дундуур орж ирээд О-ыг би “та Ганзагат баг дээс таараад надад нэг шил архи авч өгч чадаагүй, надад тэмээ өгнө гэж худлаа хэлсэн, хорголоо тоолсон мянгат гэж хэлтэл О миний өөдөөс “тухайн үед архи өгч чадаагүй нь үнэн , харин би өгнө гэсэн тэмээгээ өгнө гэвэл хүнд өгчихдөг юм, чамайг хоёр алд дээс олоод ирвэл тэмээгээ барьж өгнө” гэж хэлэхэд би гэрээс гараад мотоцикль дээр нэг дээс байхаар түүнийг аваад буцаад гэрт орж ирээд О “одоо өгөөдөх гээд дээсээ барьчихаад О гарнаас хойш нь түлхтэл О тэгэхэд “одоо гадаа харанхуй байна маргааш өглее болъё” гэж хэлэхээр би О-ы зүүн мөрнөөс базаад түлхтэл О миний нүүр лүү гараараа хоёр удаа цохиж авсан. Би О-ы хажуу тал руу 1-2 удаа өшиглөөд авсан. Тэгтэл гадаа ор засч байсан О эгч гэрт орж ирээд тэр нар жижиг гэр нураахнээ, гадаа гарч зодолдоцгоо гэж хэлтэл Б боль гээд миний хөлнөөс татахаар нь би Б-ын баруун талын дал хавьд нь нэг удаа хутгаар дүрчихсэн. Тэгтэл Б “найзыгаа шаачихлаа шүү дээ” гэж хэлэхээр хартал Б доошоо хараад газар хэвтсэн тэгтэл гаднаас О орж ирээд намайг “чи ямар мангар юм бэ Б хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхэд би гар утсаараа ах М хурдан хүрээд ирээ би Б хутгалчихлаа гэж хэлсэн. Г, М хоёр хамт ирэхээр М ахын машинаар Б аваад би гэртээ авчираад яаралтай сумын төв эмчид хэлж түргэн дуудсан. О бид хоёрыг маргалдаж байхад бид хоёрын дундуур орж ирэхээр би Бийн зүүн далны хавьд нэг удаа хутгалчихсан. Б хутгалсан хутга нь жижиг, улаан өнгийн иштэй эвхдэг хутга байсан. Би тэр хутгыг Бийн гутлын түрүүнээс сугалж аваад Б хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-56-57 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн Ноён сумын 2-р багийн нутаг болох Чулуут гэдэг газарт байгаа Г-ийн гэрт ява маркийн мотоциклиор очиход тэнд гэрийн эзэн Г, түүний эхнэр О нар байсан. Тэгээд би тэр айлын унагыг нь уячихаад ойр зуурын ажлыг хийгээд байж байгаад орой 19 цагийн үед Г-ийн гэрт жаахан унтаж байтал гэрт хоёр хүн орж ирэхээр би сэрээд хартал тэр хүн нь Ө, Б хоёр байхаар тэд нартай мэнд мэдээд хамт гэрт сууцгаасан. Тэгэхэд Г-ийн эхнэр бид нар 1 литр орчим монгол архи өгөхөөр нь тэр архинаас нэг аяга уучихаад нөгөө хоёрт өгөх гэтэл тэр хоёр архи уухгүй айраг ууя гээд айраг уугаад байсан. Тэгээд Б бид хоёр хоорондоо наадам, морь мал яриад сууж байтал яриан дундуур Ө орж ирээд намайг Ганзагат баг дээр таараад нэг шил архи авч өгч чадаагүй, надад тэмээ өгнө гэж худлаа хэлсэн, хорголоо тоолсон мянгат гэж хэлэхээр би өөдөөс тухайн үед архи өгч чадаагүй нь үнэн, харин би өгнө гэсэн тэмээгээ өгвөл хүнд өгчихдөг юм, чамайг хоёр алд дээс олоод ирвэл тэмээгээ барьж өгнөө гэж хэлтэл Ө гэрээс гараад нэг дээс олс барьчихсан орж ирээд одоо өгөөдөх гээд дээсээ бариад над руу түлхсэн. Тэгэхээр би одоо гадаа харанхуй байна маргааш өглөө болъё гэж хэлэхэд Ө миний зүүн мөрнөөс базаад түлхэхээр би сууж байгаад Ө-ын нүүр лүү хоёр удаа цохиж авсан. Тэгтэл Ө босоод миний хажуу тал руу 1-2 удаа өшиглөөд авсан. ...О эгч гэрт орж ирээд тэр нар жижиг гэр нураахнээ, гадаа гарч зодолдоцгоо гэж хэлээд Ө-ын гараас таттал Б хоёр өвдгөөрөө мөлхөөд Ө-ын баруун хөлийг нь тэврээд тэр хоёр цаашаа болсон. Тэгтэл гэнэт О Ө-ыг ямар мангар юм бэ Б хутгалчихлаа шүү дээ гэж хэлэхэд Б гэрийн үүдний босгон дээр хэвтэж байгаа харагдсан. Тэгтэл удалгүй айлын эзэн Г, М хоёр хүрч ирээд юу болов оо гэхэд О гэхэд Ө энэ Б хутгалчихлаа гэж хэлсэн. М, Г хоёр Б, Ө нарыг аваад явсан. Би тэгээд тэр айлдаа хоносон. Би өдөр орос архи уусан байсан. Гэхдээ болсон зүйлийг тод санаж байна. Би Ө-ын нүүр, толгой руу цохиж гэмтэл учруулсан. Энэ хоёр орой ирэхдээ жаахан архи уусан согтуу байсан. Гэрт ямар нэгэн эд зүйл эвдэрсэн зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 60- 61 дүгээр хуудас/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017.08.22-ны өдрийн Прокурорын тогтоол /хх-1, 3 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017.08.22-ны өдрийн Мөрдөгчийн санал /хх-2, 4 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-5 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлтүүд/-д: “Хэрэг учрал болсон гэх газар Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэр сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урд байрлах ба хэрэг болсон газарт ирэхэд цагаан өнгийн бүрээстэй 2х3 хэмжээтэй дөрвөлжин платикын майхан байх ба майнхны хаалга нь зүүн урд буландаа цахилгаанаар татах хэсэгтэй, уг платик майхны гадаа ява мотоцикль дотуур олгой хаймар, олгой хаймарны хойгуур сүлжиж хийсэн сур мөн 1.5 метр урттай 21 сантиметрийн хэмжээтэй шургааг мод байх ба майхны гадаа уутан дотор хийсэн түлээ 2 ширхэг ууттай байлаа. Майхны урд хаалгаар ороход баруун урд буландаа хөнжил гудас хураалттай, дээд талд тэмээний ноосон уяа баруун талын хана хэсэгт хөнжил гудасыг уяагаар тогтоосон байдалтай, дээд хэсэгт жи-мобайл суурин хар өнгийн утастай утасны дугаар нь 98800076 гэсэн дугаартай байлаа. Баруун хойд хэсэгт цагаан өнгийн сагс, сагсан дотор бор өнгийн эмэгтэй хүний цүнх өлгөсөн, сагсан дотор гоо сайхны хэрэгсэл, хойд талаараа айлын хүнсний эд зүйл болон 60 литр цагаан савтай гүүний айраг байлаа. Зүүн хойд буланд 6 талтай нимгэн төмрөөр хийсэн зуухтай байв. Уг хэргийн газраас хэрэгт ач холбогдол бүхий цус мэт зүйл илрээгүй болно. Хэргийн газраас кадр зураг бэхжүүлэн авлаа” /хх-6-10 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017.08.21-ний өдрийн Прокурорын зөвшөөрөл /хх-11 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл “Бор өнгийн 19 сантиметр урттай, хутганы ажлын хэсэг нь 8 сантиметр урттай, хутганы ажлын хэсэг цоолборлож цохисон амьтны зурагтай, KongLong Staless гэсэн бичигтэй нугарч /эвхдэг/ хутгыг хураан авав” /хх-12 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай 2017.09.01-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-13-14 дүгээр/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №400 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Г-н дүгнэлтэд: 1. Т.Ө-ын биед баруун, зүүн дээд зовхины цус хуралт, баруун, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-42 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №406 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Г-н дүгнэлтэд: 1. Д.О-ы биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 44 дүгээр хуудас/ Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №401 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Г-н дүгнэлтэд: 1. Б.Б-ийн биед цээжний хөндийн хутгалагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 47 дугаар хуудас/ Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.10.26-ны өдрийн №1058 дугаар дүгнэлт: 1.2. Б.Б-ийн биед баруун далны дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цээжний хөндийн цус хуралт нь баруун далны дээд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас баруун уушиг гэмтсэнээс үүсчээ. /хх-ийн 114 дүгээр хуудас/ Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн засаг дарга Д.Чимэдийн 2017.09.08-ны өдрийн №196 дугаар “Т.Ө нь ам бүл тав, эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/ Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн засаг дарга О.На-н 2017.08.28- ны өдрийн №64 дугаар “Т.Ө нь ам бүл тав, эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/ Шүүгдэгч Т.Ө-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-64 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкнуудын байгуллагын Т.Ө-ын дансны мэдээлэлийн тодорхойлолт /хх-ийн 64- 70 дугаар хуудас/ Шүүгдэгч Т.Ө-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71 дүгээр хуудас/, Өмнөговь аймаг Улсын бүртгэлийн хэлтэсийн 2017.09.11-ний өдрийн 1/993 дугаар тодорхойлолт “Д.О /КЗ73081218/, Т.Ө /КЗ86100911/ нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна” /хх-ийн 75 дугаар хуудас/ Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн засаг дарга О.Н-н 2017.08.31- ний өдрийн №64 дугаар “Д.О нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/ Шүүгдэгч Д.О-ы иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-73 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.О-ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкнуудын байгуллагын Д.О-ы дансны мэдээлэлийн тодорхойлолт /хх-ийн 77-82 дугаар хуудас/ Эвлэрлийн гэрээ 2017.09.14-ний өдөр “Б.Б-ийн эмчилгээний зардалд 1000000 төгрөг төлсөн, одоо биеийн эрүүл мэнд сайжирсан гомдолгүй, ямар нэг нэхэмжлэх зүйлгүй тул эвлэрсэн” /хх-ийн 89 дүгээр хуудас/ Эвлэрлийн гэрээ 2017.09.28-ны өдөр “Т.Ө-ын биед учирсан гэмтэл арилсан биеийн эрүүл мэнд сайн одоо Д.О-д гомдолгүй, ямар нэг нэхэмжлэх зүйлгүй тул эвлэрсэн” /хх-ийн 90 дүгээр хуудас/ Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2017.10.17-ны өдрийн 590 дугаар “Б.Бийн 2017.08.16-2017.08.21-ний хооронд мэс засалгэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийг хуулбарлаж хүргүүлэв” Б.Бийн өвчний түүх /хх-ийн 99-112 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгч Т.Ө нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Б хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “ ” гэсэн мэдүүлэг /хх-33-34/, мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Е-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Ө-ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх бүрэлдэхүүн өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв. Шүүгдэгч Т.Ө гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №401 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Г-н “Б.Б-ийн биед цээжний хөндийн хутгалагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/, Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.10.26-ны өдрийн №1058 дугаар “Б.Б-ийн биед баруун далны дээд хэсэгт цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээжний хөндийн цус хуралт нь баруун далны дээд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас баруун уушиг гэмтсэнээс үүсчээ” /хх-ийн 114 дүгээр хуудас/ гэсэн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Зэвсэг гэж бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болох ба шүүгдэгч Т.Ө нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг болох хутгыг хэрэглэсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б боль гээд миний хөлнөөс татахаар нь би Б-ын баруун талын дал хавьд нь нэг удаа хутгаар дүрчихсэн...” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл “Бор өнгийн 19 сантиметр урттай, хутганы ажлын хэсэг нь 8 сантиметр урттай, хутганы ажлын хэсэг цоолборлож цохисон амьтны зурагтай, KongLong Staless гэсэн бичигтэй нугарч /эвхдэг/ хутга 1 ширэхгийг хураан авав” /хх-12 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Ө хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ хутгыг зэвсэг болгон хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ө-ад шүүх хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримт болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Т.Ө-ад хорих ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь хохирол төлбөрт “Эвлэрлийн гэрээ 2017.09.14-ний өдөр “Б.Б-ийн эмчилгээний зардалд 1000000 төгрөг төлсөн, одоо биеийн эрүүл мэнд сайжирсан гомдолгүй, ямар нэг нэхэмжлэх зүйлгүй тул эвлэрсэн” /хх-ийн 89 дүгээр хуудас/” байх тул шүүгдэгч Б.Б бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Бор өнгийн 19 сантиметр урттай, хутганы ажлын хэсэг нь 8 сантиметр урттай, хутганы ажлын хэсэг цоолборлож цохисон амьтны зурагтай, KongLong Staless гэсэн бичигтэй нугарч /эвхдэг/” хутга 1 ширхэгийг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв. Шүүгдэгч Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Т Ө-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч , Я овгийн Д О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Өад 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-ад оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Д.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.Ө, Д.О нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 сантиметр урттай, бор модон бариултай, хутганы ажлын хэсэгт цоолборлож цохисон амьтны зурагтай, KongLong Staless гэсэн бичигтэй нугарч /эвхдэг/ 1 ширхэг хутгыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Ө-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ З.ТӨМӨРХҮҮ