Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 155

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: С.М,
Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох 17280000000084 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, оршин суух, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан гэх Б овгийн Г Г, регистрийн дугаар,
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 9-9 тоотод Ц.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Г гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэртээ бууз хийгээд сууж байтал М ороод ирсэн. 100 татмаар байна гэсэн. Би эмнэлэг явж дүүгээ эргэх гээд байж байсан. Дүүгээ эргэж ирчихээд нэг юм авсан байсан. М 100 татах юмуу ороод ир гэсэн. М ороод ирсэн. Манай дүү орж ирээд агсан тавиад байхаар нь цагдаа дуудаад өгөөд явуулсан чинь намайг дүүгээ цагдаад өглөө гэсэн. Тэгэхээр нь чамд ямар хамаатай юм чи ч гэсэн яв гээд цохсон. Тэгээд яваад өгсөн. Шөнө унтаж байхад залгаад чи миний шүдийг хугалсан шүд хийлгэж өг гээд байсан. Би тэгэхээр нь харанхуй шөнө байна шүү дээ, өглөө болъё гэсэн. Удалгүй цагдаа дагуулаад ороод ирсэн. 4 шүд хугалсан. Эхлээд М манайд орж ирсэн. Намайг дуудаад гараад ир гээд гараад очтол 100 байна уу? Мөнгө байна уу? гэсэн. Тэгэхээр нь би байж бай би хоолоо өгчихөөд болъё гэж хэлсэн.
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой ажлаа тараад ажлын өрөөнд байсан хагас шил архиа аваад гарсан. Гэрлүүгээ явж байх замдаа нөгөө архиа ганцаараа уучихсан. Тэгээд гэрлүүгээ нэлээд халж аваад алхсан. Гэрийн гадаа ирээд хажуу айл болох Г гэрээр орсон. Тэгэхэд Г гэртээ бууз хийгээд сууж байсан. Тэгээд тэнд сууж байгаад бууз идчихээд гэртээ ороод байж байхад ажлаас дуудлага ирсэн ус алдаж байна гэсэн. Тэгээд буцаж ажил орчихоод ирээд галаа түлчихээд унтах санаатай хэвтэж байхад Г залгаад зуу татах уу гэхээр нь тэгье гээд би хувцасаа өмсөөд гэрт нь орсон. Тэгэхэд Г 1ш 0.75 граммын шар чингис архи тавьчихсан сууж байсан. Тэгээд нөгөө архийг нь хоёулаа хувааж уугаад юм яриад сууж байхад Г дүү гэх залуу гэрт нь ороод ирсэн. Тэр залуутай Г муудалцсан тэгж байсан чинь Г эхнэр цагдаа дуудаад дүүг нь цагдаад өгөөд явуулсан. Тэгэхээр нь биГт хандаж чи дүүгээ ингэж болохгүй гэж хэлсэн чинь Г надруу уурлаад чамд ямар хамаатай юм бэ гээд намайг хөл нүцгэн хөлөөрөө өшиглөөд авсан. Тэр нь миний уруул хэсэгт онож миний амнаас цус гарсан юм. Тэгсэн миний дээд талд байсан хиймэл шүд хугараад унасан. Би Г-т чи яаж байнаа гэхэд уучлаарай би дүүдээ уурласан уураа чамд гаргачихлаа гэсэн, би гэрт нь сууж байгаад гараад гэртээ ороод унтах гэж байхад Г миний утасруу залгаад чиний муу шүд чинь ямар үнэтэй юм бэ би төлөөд өгье гээд байхаар нь уур хүрээд шөнө 03 цаг болж байхад цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Урьд нь ч муудалцаж үзээгүй юм. Г дүүдээ уурласан уураа надад гаргасан байх гэж бодож байгаа. Би дээд талдаа хиймэл 4ш шүдтэй байсан тэр хугарсан доод жавж язарсан өөр гэмтэл байхгүй. Бид хөршүүд байгаа юм. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 04-р хуудас/,
Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой гэрт нөхөр болон хүүхдүүдийн хамтаар хоол хийгээд байж байхад хажуу хашааны М ороод ирсэн. Орж ирээд эмнэлэгт дусал хийлгэж байгаад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд бууз идээд идчихээд гэрээс гарсан нөхөр Г хүүхдэд хоол хүргэж өгнө гээд мөн гэрээс гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр гэртээ орж ирээд надад хэлэхдээ М 100 грамм байна уу гэж асууж байна, энэ архинаас өгчихөе гээд тэнд тавиатай байсан архийг гаргаж ирээд М-ыг дуудсан. М гэрт ирэхдээ гараа урчихсан юм ороод ирэхээр нь би гарыг нь боож өгсөн. Тэгээд тэр хоёр нөгөө архинаас 1, 2 татаж байгаад М гэрээс гараад явсан удалгүй М гэрт эргээд ороод ирсэн. Тэгээд байж байхад нь Г дүү Б гэдэг дүү нь согтуу ороод ирсэн. Тэгээд Г, Б нар муудалцаад Б агсраад байхаар нь би цагдаа дуудчихсан юм. Тэгсэн цагдаа ирээд Б аваад яваад өгсөн. Тэгсэн М дахин дахин Г-т хандаад чи дүүгээ цагдаад өглөө гээд байсан. Тэгэхээр нь би бас Мод хандаад ах дүү улсууд чи чимээгүй бай гэж хэлээд байсан юм.Г бас чамд хамаагүй гэж хэлээд байсан. Тэгээд би гараад бие засчихаад нүүрс аваад ороод ирсэн чинь М-ын амнаас цус гарчихсан байхаар нь яасан юм бэ гэсэн чинь Г ёстой баларсан ах дүү улсуудын дундуур ороод байхаар нь өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд М-оос ёстой миний буруу уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би М-ыг гэртээ харьж амар маргааш уулзъя гэж хэлсэн. Тэгээд гараад явсан тэгсэн чинь М удалгүй эргэж залгаад хиймэл шүд хугарсан байна шүдний мөнгө өг гээд залгаад байсан. Тэгсэн Г өглөө болъё одоо амар гэж хэлсэн. Тэгээд унтаж байсан чинь үүд тогшихоор нь тавиад өгсөн чинь М цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд цагдаа нар Г-ийг аваад явсан юм. Зодолдсон зүйл байхгүйГ л дүүдээ уурлаад М дундуур нь орсон чинь уурандаа өшиглөсөн байх. М-ын дээд хиймэл шүд нь дундуураа хугарсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 08-р хуудас/,
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой гэртээ гэр бүлээрээ бууз хийгээд сууж байхад хамар хашааны М гэрт ороод ирсэн. Тэгээд бууз ид гээд бууз хийж өгсөн. Тэгсэн М бууз идчихээд гэрээс гарсан араас нь би гарахад М шартаж үхлээ мөнгө байна уу? 100 грамм байна уу гэсэн. Тэгэхээр нь гэрт нэг юм байгаа би хойшоо явж бэрд хоол хүргээд ирье гэж хэлээд явсан. Хоол хүргэж ирээд М руу залгаад ороод ир гэж хэлсэн. Удалгүй М ороод ирэхээр нь тэнд байсан 0.75 граммын дээрээс нь нэг хоёр татсан архиа гаргаж ирээд Мод 2 удаа хийж өгсөн. Мөн би өөрөө 2 удаа татсан. Тэгээд М гараад явсан эхнэр бид хоёр орондоо орчихоод байж байхад хаалга тогшихоор нь хаалга тайлсан чинь М ороод ирсэн. Тэгээд нэг хийгээтэх гээд 1 хийлгэж уусан. Би өөрөө бас нэг татсан. Тэгээд сууж байхад манай дүү Б согтуу орж ирээд надруу агсарсан. Тэгэхээр нь би эхнэрээрээ цагдаа дуудуулсан, удалгүй цагдаа ирээд манай дүү Б аваад явсан. Тэгээд сууж байхад М надруу хандан чи дүүгээ цагдаад өгдөг юу юм бэ гээд байсан. Тэгэхээр нь би ах дүү хоёр чамд хамаагүй гэсэн надруу дахин дахин тэгж хэлээд байхаар нь чамд хамаагүй чи гэртээ харь гэж хэлсэн. Тэгж байгаад зайл гээд өшиглөсөн чинь уруул хэсэгт нь оносон. Тэгсэн амнаас нь цус гоожсон түүнийг нь манай эхнэр цэвэрлэж өгсөн. Тэгсэн дээд талын үүдэнд байсан 4ш хиймэл шүд нь хугарсан байсан. Тэгээд удалгүй М гараад яваад өгсөн Тэгээд гэртээ ороод М надруу залгаад шүдний мөнгө өгөөтөх гээд байсан. Тэгэхээр нь би өглөө өгьө гэхэд одоо өг гээд байсан. Тэгээд гэртээ унтаж байхад М цагдаа дагуулаад ирсэн ийм зүйл болсон юм. Өс хонзон байхгүй. М надад чи муу төрсөн дүүгээ цагдаад өгдөг юу юм бэ гээд дахин дахин тэгээд байхаар нь уур хүрээд хөл нүцгэн хөлөөр нэг өшиглөчихсөн чинь уруул дээр нь оночихсон юм. Хиймэл шүд нь хугарсан уруул нь язарсан байсан. Архи бага зэрэг уусан байсан. Хиймэл шүдийг нь хугалсан тэр шүдийг нь хийлгэхээр 300.000 мянган төгрөг өгсөн байгаа одоо дахин 200.000 мянган төгрөг өгнө” гэсэн мэдүүлэг /хх-ийын 16-17-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.17-ны өдрийн 566 дугаартай дүгнэлтэд: Ц.М-ын биед тархины доргилт, 5 шүд унасан, дээд уруулын зулгаралт, доод уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Таван шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 10-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-р хуудас/,
Хохиролд 1.200.000 төгрөг хохирогч Ц.М шилжүүлсэн баримт /хх-ийн 35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2017 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 9-9 тоотод хохирогч Ц.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.17-    ны өдрийн 566 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ц.М-ын биед тархины доргилт, 5 шүд унасан, дээд уруулын зулгаралт, доод уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Таван шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэснээр тогтоогдож байна.
Хохирогч Ц.М гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч Г.Г 1.500.000 төгрөгийг төлсөн болох хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г-ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналыг багасгаж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,
9,    36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:


1.    Шүүгдэгч Боржигон овгийн Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.    Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.М 1.500.000 төгрөгийн төлбөр төлсөн, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.