Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

  2023         02         15                                       2022/ШЦТ/61

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Т.Д

Гэрч Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Т

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүхийн танхимд хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2225004410033 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 3-13 тоотод хохирогч Х.Бг өөрийн нөхөр Б.Отай хардаж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн орон байр болох байшингийн үүдэнд байсан модон сандлыг авч байшингийн хоймор хэсэгт байрлуулсан Самсунг маркийн 65 инчийн смарт зурагт руу шидэж дэлгэцийг хагалж, сандлыг хугалсан, мөн “АRHI” гэх бичиглэлтэй архины шилийг гал тогооны тавилга дээр байх шаазан эдлэл рүү шидэж хагалсан, буйдан дээр байрлах цүнхэн доторх эд зүйлийг гаргаж гоо сайхны Пэптид-9 нэртэй 1 ширхэг бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу нийт 3,274,910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч А.Бын мэдүүлсэн: Би 7 дугаар сарын 24-нд нөхрийгөө хайж явсан. Маргааш өглөө нь ажилтай байсан юм. Бгийнд орсон гэж хүн мэдээлэл өгсөн тул очсон. Б нь хаалгаа онгойлгож өгөхгүй байсан тул гудамжинд явж байсан хүнийг гуйж хашаан дээгүүр нь давуулж орж хаалгыг нь онгойлгуулсан. Б нь гаднаа байсан ба асуухад байхгүй гэсэн тул гэрт нь орсон. Ороход нөхөр маань айлын орон дотор хэвтэж байсан. Би маш их гомдож балмагдаж, уур хүрч модон сандал авч нөхрийгөө цохисон, мөн тал архитай шил байхад нь авч шидсэн чинь гал тогооны шүүгээний хэсэгт нь оносон. Урьд нь нөхрийгөө энэ айлаас авч байсан гэх мэдүүлэг,

-гэрч Б.Оын мэдүүлсэн: Батзоригийн хамт 12 цагийн үед Баасанжаргалынд очсон. Архи уусан байсан. Утсаар эхлээд ярьсан. Арын хаалгаар ороод ирээрэй гэсэн. Ороод 3-уулаа суугаад архи уусан. Тэгээд би согтоод унтсан байна лээ. Хүн цохиод байхаар нь сэрэхэд эхнэр ирсэн байсан. Би босоод чирэгдээд л гарсан. Өөр юм санахгүй байгаа. 2018 онд Бтэй танилцаж гэрт нь очиж байсан. Эхнэр ганц нэг очиж авч байсан гэх мэдүүлэг,

 2225004410033 тоот хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            - Хэргийн газар үзлэг хийсэн... хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундаргын 03-13 тоот хаягт байх ба үзлэгийг хашааны гаднаас эхлүүлж цагийн зүүний дагуу явуулахаар тогтов. Уг хашаа нь ертөнцийн зүгээр ургаш харсан ногоон өнгийн төмөр хаалга байна. хашаан дотор ороход ертөнцийн зүгээр зүүн хойд талд бор  хүрэн өнгийн модон байшин байх ба үзлэгийг байшин дотор орж үргэлжлүүлэхээр тогтов. Байшинд орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад хаалаганы хажууд хар саарал өнгийн буйдан байна. Түүний хажууд газарт засаж байрлуулсан ор байх ба түүний хажууд цагаан өнгийн номын тавиур байна...хар өнгийн 55 инчийн Samsung smart гэсэн бичиглэлтэй зурагт байх ба уг зурагтны голын дунд хэсэгт 7.9х 8.3 харьцаатай хагарал байна...уг зурагтны зүүн талд гол хэсгээрээ хуваагдаж хугарсан улбар шар өнгийн модон сандал байна...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-н 8-12-р тал/

-хохирогч Х.Бгийн мэдүүлсэн... 18 цаг өнгөрч байхад Оын эхнэр Б манай гэрт орж ирээд юм хэлэлгүй үүдэнд байсан модон сандлыг аваад нөхөр рүүгээ уурлаж янхан гичий гэж орилоод байхаар нь би айгаад гэрээсээ гарч зугатаагаад ...Одоо би санахад тухайн үед О нь манай гэрт нэг танихгүй залуугийн хамт хоёулаа согтуу орж ирсэн юм. О нь хэлэхдээ “манайх байшин барьж байгаа юм, тэгээд би ажлаас зугтаагаад явж байна” гэж хэлсэн бөгөөд тэрээр 0,75 литрийн 1 шил архитай ирсэн. Тэгээд архиа О нь нөгөө залуугийнхаа хамт манай гал тогооны өрөөнд уусан бөгөөд би харин том өрөөний буйдан дээр ном уншиж байсан юм. Надад архинаасаа өгсөн боловч би амсаад уугаагүй юм. Тэгтэл нөгөө танихгүй залуу нь манай зурагтыг харчихаад “ямар том зурагт вэ, кино театрт байгаа юм шиг” гэж хэлж байсан юм. Тухайн үед манай зурагт асаалттай байсан. Тэгээд байж байгаад О нь би хэсэг унтая гэхээр нь би түүнд том өрөөндөө газраар ор засаж өгсөн.Тэгээд О унтаж, нөгөө танихгүй залуу нь манайхаас явсан юм. Ингээд би гадаа гарч зэрлэгээ зулгааж байхад нэг танихгүй залуу манай хашааг давж ирээд хашааны хаалга онгойлгоход Б орж ирсэн юм. Би Быг хашаа руугаа орох болон манай гэр лүү орох ямар нэг зөвшөөрөл өгөөгүй бөгөөд тэрээр надаас асуугаагүй шууд л яваад орчихсон юм. Тэгээд би Бын араас байшин руугаа ороход тэрээр гал тогооны үүдэнд байсан улбар шар өнгийн түшлэггүй сандлыг аваад манай том өрөө рүү орсон юм. Тэгэхээр нь би айгаад гэрээсээ гарч хашааны гадаа гарсан. Хэсэг хугацааны дараа гэртээ ороход нөгөө түшлэггүй модон сандал маань том өрөөний зурагтны доор газар салаад эвдэрчихсэн, зурагт маань хагарчихсан байсан. Том өрөөний буйдан дээр цүнхэн дотор байсан миний Пэптид-9 нэртэй гоо гайхны бүтээгдэхүүнийг гаргаж шидээд хагалчихсан байсан. Тэр гоо сайхны бүтээгдэхүүн маань хагараад зурагтны урд хэсэгт газарт байхаар нь би аваад дээш тавьчихсан юм. Мөн гал тогооны шүүгээн дээр байсан 7 ширхэг ком аяга, савны цуглуулгаас 1 том, 2 жижиг нь хагарчихсан байсан. Тэгээд Оын авчирсан архины шил нь газарт хэвтээгээр хагараагүй байсан юм. Гал тогооны өрөөнд байсан түшлэгтэй улбар шар өнгийн эвдэрчихсэн сандлын тухайд бол тухайн асуудалтай ямарч холбоогүй юм. Б нь 2 дахь удаагаа манай гэрт ирэхдээ намайг гэртээ байгаа эсэхийг харах гээд манай байшингийн хаалган талын цонх буюу зүүн талын цонхны төмөр хаалтыг татаад хадаасыг нь мулталсан юм. Гэхдээ би одоо хадаасаар нь буцаад хадчихсан тул үнэлүүлэх болон нэхэмжлэх зүйл байхгүй. Тэрээр 2 дахь удаагаа ирэхдээ манай хашааны урд хэсгийн хаалганы зүүн талын 1 банзыг суга татаж орж ирсэнийг би сүүлд түүнийг явсаны дараа мэдсэн юм.Тэр банзаа буцаагаад хадсан бөгөөд үнэлүүлэх болон нэхэмжлэх зүйл байхгүй. Б нь 3 дахь удаагаа манайд ирэхэд би түүнтэй хашааныхаа гадаа тааралдсан бөгөөд тэрээр манай хашаа руу ороогүй юм. Түүнийг хашааны гадна ямар байдалтай байсныг Жаянагүл гар утсаараа бичиж байсан бөгөөд одоо би бичлэгийг гаргаж өгнө...Хохирол нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 16, 60, 96-р тал/

-гэрч Э.Эын мэдүүлсэн...Би тухайн дуудлага мэдээлэл дээр 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчим очиход гэрийн эзэн Б гэх эмэгтэй байсан. Тэр эмэгтэйгээс юу болсон талаар асуухад манай найзын эхнэр гэрт ирээд уурлаад байхаар нь би найзыгаа эхнэртэй нь гэртээ орхиж гараад тэр хоёрыг гэрээс гарахаар нь буцаж гэртээ орж ирэхэд манай гэрийн эд зүйлийг устгаж гэмтээсэн байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэж ярьж байсан. Би эвдэрсэн гэх зүйлийг нь Б гэх гэрийнх нь эзнээр заалгуулж хэргийн газрыг үзлэг хийсэн. Гэрийнх нь зүйл эмх замбараагүй болсон. Хоймор хэсэгт нь хананд байрлуулсан зурагт нь баруун доод хэсэгтээ юмаар цохиж хагалсан байдалтай байсан. Уг зурагтны урд хэсэгт улбар шар өнгийн сандал хугарч эвдэрсэн байсан. Гал тогооны хэсэгт нь шалан дээр архины шил хажуу хэсэгт нь хагархай шилнүүд байсан. Гал тогооны шүүгээн дээрх хөх өнгийн аяга болон сав хагарсан байдалтай байсан. Том өрөөний булан хэсэгт байх тавиур дээр байсан хоёр ширхэг саарал өнгийн шилэн эд зүйл хагарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-гэрч Б.Оын мэдүүлсэн...Би 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр найз Зоригоогийн хамт 1 шил архи аваад уух газар олдохгүй болохоор нь 13 цагийн үед Бгийн гэрт орж Зоригоотой авч очсон 0.5 литрийн 1 шил архиа уучихаад би согтоод Бгийн гэрт тасраад уначихсан байсан. Намайг унтаж байх хойгуур Зоригоо гэртэй харихаар явчихсан байсан. Тэгээд намайг унтаж байхад манай эхнэр Б орж ирээд чи энд юу хийж байгаа юм гэж хэлээд намайг хатуу юмаар цохиж миний үснээс зулгааж авч гараад машиндаа суулгаж гэр лүү авч явсан. Би Бгийн гэрт очихоосоо өмнө 0.75 литрийн 1 шил архи уучихсан очсон. Манай эхнэр намайг Бгийн гэрт байсан модон сандалаар цохьсон. Би Бгийн үүдний амбаарт архи ууж байгаад тасраад уначихсан байсан сандалыг хараагүй...Намайг сэрэхэд эхнэрээс өөр хүн байгаагүй. Тэр байшинд юу болсныг би мэдэхгүй. Нэг мэдсэн намайг эхнэр сандалаар цохиж байсан... Би тухайн үед зүс таних Зоригоогийн хамт Бгийн гэрт согтуу очсон юм. Тухайн үед Зоригоо бид найз Баттулгынд архи уусан бөгөөд Зоригоо нь Баттулгын найз юм. Би харин Баттулгатай найз бөгөөд Зоригоог Баттулгын найз гэдгээр л мэднэ. Зоригоо бид 2 Бгийнд орохдоо 0,75 литрийн нэг шил архитай орсон юм.Тэгээд Бгийн байшингийн гал тогооны өрөөнд Б, Зоригоо бид 3 нөгөө архиа хувааж уусан бөгөөд Зоригоо хундага тойруулж байсан. Тиймээс Бг архи уусан эсэхийг би мэдэхгүй байна, миний хувьд тус архийг талдаа орж байхад тасарчихсан байсан юм. Тийм ээ, би өөрийн гэсэн ухаантай юу болж байгааг мэдэж байсан. Би ороод л гал тогооны өрөөнд нь суусан бөгөөд тэгэхэд эд зүйлс нь зүгээр хэвийн байсан.... Нэг мэдсэн чинь манай эхнэр Б нь Бгийн гэрт ороод ирчихсэн намайг 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд гараараа мөн миний толгой руу 1-2 удаа цохисон. Тэгээд намайг үсдээд чирээд Бгийн гэрээс авч гарсан юм. Тухайн үед би Бгийн гэрийн том өрөөнд хувцасны шкафных нь урд газраар зассан орон дээр унтаж байсан бөгөөд намайг эхнэр маань тус өрөөнөөс авч гарсан юм...Би бодохдоо гал тогооны ширээг өшиглөөд дээр нь байсан архины шил, аяга, тавгыг хагалчихлаа гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 25, 28, 100-р тал/

-гэрч Н.Бын мэдүүлсэн...Намайг гэртээ амарч байхад Б над руу залгаад О над руу залгаад байна гэрт ирчихэж магадгүй чи хүрээд ирээч гэж намайг 12 цагийн үед дуудаж би гэрт нь очсон. Намайг Бгийн гэрт очиход Б ганцаараа байсан. Хүүхдүүд нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу аавынхруугаа явчихсан гэж ярьж байсан. Тэгэд бид хоёр хоорондоо юм ярингаа би зурагтаар нь бичлэг үзэж сууж байгаад би 15 цагийн үед гэртээ харихаар явсан. Бгийн гэрт байсан зурагт нилээд том зурагт байсан. Би марк болон инчийг нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/

-“Х” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 877 дугаартай “...2022 оны 04 сард Сайн электрониксийн Эрдэнэт салбараас Самсунг брэндийн 65 инч Смарт телевизорийг 3.149.910 /гурван сая нэг зуун дөчин ес есөн зуун арван төгрөг/...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 34-36-р тал/,

-Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай...Иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах дэвтэр” гэх бичигтэй цагаан өнгийн хавтастай 80 хуудастай дэвтэр байв. Уг бүртгэлийн дэвтрийн эхний хуудасыг нээж үзэхэд дээд талын баруун булан хэсэгт 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэх бичиглэлтэй байх ба уг дэвтэрний 3 дахь хуудасны эхний нүүрний 55 дугаар жагсаалтны тоо бүртгэлийн дугаар гэх хэсэгт “Зөрчил” гэх бичиглэлтэй байх ба Гомдол гаргагчийн нэр гэх хэсэгт “Б 95341851” гэх бичиглэлтэй байх ба Цаг минут гэх хэсэгт 23 цаг 46 минутаас 23 цаг 47 минут гэсэн бичиглэлтэй байх ба Гомдол мэдээллийн утга гэх хэсэгт “Даваат Ундрага 03-13 тоотод нөхөртэйгөө хардаж гэрийн эд зүйл эвдэлсэн” гэх бичиглэлтэй байх ба... гэх тэмдэглэл /хх-ийн 46-р тал/

-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын төв “Иргэдээс гомдол хүлээн авах дэвтэр”-ийн хуулбар /хх-ийн 47-48-р тал/

-Эд зүйлд /улбар шар өнгийн модон сандал/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-57-р тал/

-“Б” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02/02-74 дугаартай...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар шаазан эдлэл, модон сандалны үнэлгээ 85,000 төгрөг болж байна... гэх дүгнэлт /хх-ийн 63-67-р тал/

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-78-р тал/

-Бгээс гаргаж өгсөн цагаан өнгийн хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80-81-р тал/

-гэрч А.Жмэдүүлсэн... Би 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэртээ амарч байхад Б 19 цагийн орчим манай гэрт орж ирээд “Б манай гэрт ирээд зурагт руу маань сандал авч шидээд хагалчихлаа би зугтаагаад танай гэрт ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бтэй хамт гэрт очиход зурагтных нь баруун талын булан хэсэг нь хагарчихсан урд талд нь улбар шар өнгийн модон сандал нь 2 хэсэг болоод хуваагдчихсан, гал тогооны шүүгээн дээр байдаг аяга тавганы ком нь хагарчихсан тэр хавиар нь хагархай шил болчихсон, зочны өрөөнд нь байсан тавиур дээр нүүрний саарал өнгийн шилтэй 1 ширхэг ком хагарчихсан байсан. Тэгэхээр нь Б бид хоёр гэрийнх нь зургийг дараад гэрээс нь гарч хашааных нь гадна талд гараад цагдаагийн газар луу явах гэж байхад Б цагаан өнгийн тоёота истима маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд Б нь Бгийн хашааны гадна талд ирж зогсоод дотроос нь Б танихгүй 2 хүний хамт машинаасаа бууж ирээд Бг машинд суу манай нөхөр Оыг олж өг гэж хэлээд хувцаснаас нь татаад байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд Б нь миний гар утсыг газар унагаачихсан. Тэгэхээр нь би Бд чи болиоч гэж хэлээд Бг салгаж аваад шууд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 98-р тал/

-гэрч Б.Бмэдүүлсэн:..Тэгээд буцах замдаа О нь ийшээ нэг айлд орьё гэж хэлсэн. Тэгээд О бид хоёр 0,75 литрийн 1 шил архи авч 17-р сургуулийн арагшаа нэг хашаа байшинтай айлд очсон. Нэг хүүхнийд очсон бөгөөд тэр хүүхэн гэртээ ганцаараа байсан. Тэгээд О би тэр айлын хүүхэн бид гурав нөгөө архиа уусан бөгөөд архи дуусаж байхад О нь унтлаа гээд тэр айлын том өрөөнд газраар хэвтсэн юм. Тэгэхээр нь би айлаас гарч явсан юм. Ийм л үйл явдал болсон. Тухайн үед тэр зурагтыг харчихаад нумарсан ямар гоё зурагт вэ гэж хэлж байсан бөгөөд зурагт нь хананд өлгөсөн, их том зурагт байсан. Тэгж хагарсан зүйл харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 103-р тал/

 

-“А” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ОРХ/5294 дугаартай... Пэптид-9 нүүрний ком 40,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 106-108-р тал/

-Шүүгдэгч А.Бын яллагдагчаар мэдүүлсэн... 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ нөхөр О дүү Баянмөнх, мөн манай охин Хонгорзул, хүү Амарсанаа, охин Анужин нарын хамт байж байтал 11 цагийн үед нөхрийн утас дуугарч тэрээр гэрээсээ гарч явсан юм. Тэгтэл 13 цагийн үед над руу таньдаг хүн маань залгаж “танай нөхөр энд 17-р сургуулийн хойд талд өндөр залуугийн хамт нөгөө хүүхнийхээ гэр лүү орж явна гэж хэлсэн юм. Нөгөө хүүхэн гэдэг нь манай нөхөртэй 2018 оноос хойш гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаа Б гэдэг эмэгтэйг хэлж байгаа юм. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ залгатал “одоо удахгүй харилаа” гэж хэлчихээд ахиад утсаа аваагүй юм. Би 20 гаруй удаа залгасан. Тэгээд би 15 цагийн үед машинтайгаа ганцаараа Бгийн гэрийн гадаа очсон юм. Би түүний гэрийг мэддэг юм. Би хашаа руу нь орох гэтэл цоожтой байсан бөгөөд хашаан завсараар харахад байшингийнх нь цонхны хөшиг хаалттай хүнгүй мэт байхаар нь буцаад гэртээ очсон юм. Ахин би 16 цагийн үед ганцаараа Бгийн гэрт очиход Б нь хашаан дотроо зэрлэг зулгаагаад ганцаараа зогсож байсан юм. Тэгэхээр нь гудамжинд явсан зүс үл таних нэг залууг гуйгаад хашаа даваад хаалгыг нь онгойлгоод өгөөч гэж хэлсэн. Тэр залуу хашаа даваад надад хаалга онгойлгож өгөхөөр нь би дотогшоо орсон. Энэ үйл явдлыг Б харж байсан юм. Би Бгээс О байна уу гэтэл тэрээр байхгүй гэж хэлсэн. Тэгээд би байшин руу нь ортол араас Б дагаж орж ирсэн. Тэгээд хаалганых нь хажууд байшин дотор манай нөхөр Оын пүүз байсан. Тухайн үед тэднийх харанхуй, бүх хөшигөө хаачихсан байсан. Би том өрөө рүү шагайгаад харахад манай нөхөр том өрөөнийх нь газар ор засчихсан хөнжил дотор согтуу унтаж байсан юм. Тэгээд би нөхрийгөө цохиж аваад, алгадаад хашгирч хэл амаар доромжилсон юм. Ингээд нөхрийгөө босгож аваад явах гэж байхдаа би нөхөр лүүгээ архины шил шидсэн юм. Тэгэхдээ би гал тогооны ширээн дээр байсан архины шилийг авч хаалганы хажууд гутлаа өмсөж байсан нөхөр лүүгээ шидсэн юм. Энэ үед гэрт Б байхгүй байсан. Мөн тэдний гэрээс гараад хашааны дотор ч гэсэн Б байхгүй байсан. Тэгээд би нөхрийгөө машиндаа суулгаад гэртээ харьсан юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 121-122-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч А.Б нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 3-13 тоот хохирогч Х.Бгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөрийн нөхөр Б.Оыг авахаар очихдоо гудамжинд явж байсан хүнийг гуйж хашаан дээгүүр нь давуулж хашааны хаалгыг нь онгойлгуулж ороод, улмаар байшинд ороход газарт зассан орон дотор унтаж байсан нөхрөө хараад уурлаж бачимдан модон сандал авч шидэхэд ойролцоо гэрийн хойморт нь байсан зурагтыг онож хагалсан ба нөхрөө орноос нь босгож авч гарахдаа гал тогооны хэсэгт нь байсан тал архитай шилийг шидэж аяга савыг нь онож хагалсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь А.Б нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 3-13 тоотод байрлах хохирогч Х.Бг өөрийн нөхөр Б.Отай хардаж, улмаар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,  хохирогчийн орон байр болох байшингийн үүдэнд байсан модон сандлыг авч санаатай шидэж байшингийн хоймор хэсэгт байрлуулсан Самсунг маркийн 65 инчийн смарт зурагтын дэлгэцийг хагалж, сандлыг хугалсан, мөн архины шилийг гал тогооны тавилга дээр байх шаазан эдлэл рүү шидэж хагалсан, буйдан дээр байрлах цүнхэн доторх эд зүйлийг гаргаж гоо сайхны Пэптид-9 нэртэй 1 ширхэг бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу нийт 3,274,910 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга: Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хангалтгүй явагдсан. Хэргийн газрын үзлэг хуульд нийцээгүй, зөрчилтэй. Хэргийн газрын үзлэгээр хэргийн газрын нөхцөл байдлыг гэрэл зургаар бэхжүүлээгүй. Хохирогчийн өөрөө авсан гэрэл зургуудыг хавсаргасан нь хууль зөрчсөн. Хэргийн нөхцөл байдлын тухайд, яг тухайн үед гэрт О, Б нараас өөр хүн байгаагүй. Бын үйлдэл бол гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэх гэж бачимдаж яваа эхнэр хүний үйлдэл. Орон байранд хууль бусаар нэвтэрч дураар авирласан хэргийн шинжгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав: Б нь нөхрөө хайж яваад тэнд байгааг мэдээд очсон. Харин Баасанжаргал нь “би танай нөхөртэй унтаагүй” гэж хэлсэн. Гэрт ороход нөхөр нь ор засуулсан унтаж байсан. Тэр айлын эд хөрөнгийг эвдэж гэмтээх санаа зорилготой очоогүй, нөхрөө авах гэж л очсон. Нөхрөө унтаж байгааг хараад цочирдож сандал авч нөхөр рүүгээ шидсэн. Ер нь бол сандал яаж хугарсныг шалгаагүй. 6 сарын дараа сандлыг авч эд мөрийн баримт болгосон. Гэм буруугүй гэж үзэж цагаатгана уу гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Прокуророос шүүгдэгч А.Быг, хохирогч Х.Бг өөрийн нөхөр Б.Отай хардаж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, Самсунг маркийн 65 инчийн смарт зурагт руу шидэж дэлгэцийг хагалж, сандлыг хугалсан, мөн архины шилийг гал тогооны тавилга дээр байх шаазан эдлэл рүү шидэж хагалсан, буйдан дээр байрлах цүнхэн доторх эд зүйлийг гаргаж гоо сайхны Пэптид-9 нэртэй 1 ширхэг бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу нийт 3,274,910 төгрөгийн хохирол учруулсан гэж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  буюу бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгчийн үйлдэл, тухайлбал, хүнээр хашааны хаалгыг нь онгойлгуулж улмаар түгжээгүй байсан байшинд /гэрт нь/ орсон үйлдэлд “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон” гэмт хэргийн шинжгүй,

-мөн, айлын хойморт зассан орон дотор унтаж байгаа нөхрөө хараад уурлаж бачууран сандал авч шидсэн нь зурагтыг нь онож хагалсан, мөн гал тогооны хэсэгт нь байсан архитай шилийг авч нөхөр рүүгээ шидсэн нь шүүгээн дээр байсан шилэн аяга савыг онож хагалсан үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрийн шинж үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.

Хэргийн нөхцөл байдлын талаар шүүгдэгч яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө... Ахин би 16 цагийн үед ганцаараа Бгийн гэрт очиход Б нь хашаан дотроо зэрлэг зулгаагаад ганцаараа зогсож байсан юм. Тэгэхээр нь гудамжинд явсан зүс үл таних нэг залууг гуйгаад хашаа даваад хаалгыг нь онгойлгоод өгөөч гэж хэлсэн. Тэр залуу хашаа даваад надад хаалга онгойлгож өгөхөөр нь би дотогшоо орсон. Энэ үйл явдлыг Б харж байсан юм. Би Бгээс О байна уу гэтэл тэрээр байхгүй гэж хэлсэн. Тэгээд би байшин руу нь ортол араас Б дагаж орж ирсэн. Тэгээд хаалганых нь хажууд байшин дотор манай нөхөр Оын пүүз байсан. Тухайн үед тэднийх харанхуй, бүх хөшигөө хаачихсан байсан. Би том өрөө рүү шагайгаад харахад манай нөхөр том өрөөнийх нь газар ор засчихсан хөнжил дотор согтуу унтаж байсан юм. Тэгээд би нөхрийгөө цохиж аваад, алгадаад хашгирч хэл амаар доромжилсон юм. Ингээд нөхрийгөө босгож аваад явах гэж байхдаа би нөхөр лүүгээ архины шил шидсэн юм. Тэгэхдээ би гал тогооны ширээн дээр байсан архины шилийг авч хаалганы хажууд гутлаа өмсөж байсан нөхөр лүүгээ шидсэн юм. Энэ үед гэрт Б байхгүй байсан...гэж,хохирогч мэдүүлэг өгөхдөө ...18 цаг өнгөрч байхад Оын эхнэр Б манай гэрт орж ирээд юм хэлэлгүй үүдэнд байсан модон сандлыг аваад нөхөр рүүгээ уурлаж янхан гичий гэж орилоод байхаар нь би айгаад гэрээсээ гарч зугатаагаад.... нэг танихгүй залуу манай хашааг давж ирээд хашааны хаалга онгойлгоход Б орж ирсэн юм...Тэгээд би Бын араас байшин руугаа ороход тэрээр гал тогооны үүдэнд байсан улбар шар өнгийн түшлэггүй сандлыг аваад манай том өрөө рүү орсон юм. Тэгэхээр нь би айгаад гэрээсээ гарч хашааны гадаа гарсан... гэж, гэрч О мэдүүлэхдээ... Нэг мэдсэн чинь манай эхнэр Б нь Бгийн гэрт ороод ирчихсэн намайг 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд гараараа мөн миний толгой руу 1-2 удаа цохисон. Тэгээд намайг үсдээд чирээд Бгийн гэрээс авч гарсан юм. Тухайн үед би Бгийн гэрийн том өрөөнд хувцасны шкафных нь урд газраар зассан орон дээр унтаж байсан бөгөөд намайг эхнэр маань тус өрөөнөөс авч гарсан юм... гэж тус тус мэдүүлсэн байна.Эдгээр нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан,нөхцөл байдлын талаар зөрүүгүй мэдүүлсэн байна.

Шүүгдэгч А.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол...”гэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй буюу хэргийн тухайн үеийн нөхцөл байдал нь, тухайлбал, бусдын эрхийг үл хайхарсан, өөрийн эрх ашгийг дээгүүр тавьсан, ёс суртахууны хэм хэмжээнээс хэтэрсэн, Гэр бүлийн тухай хуулийн  10.3-д заасан “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх...” үүргийг бүдүүлгээр зөрчсөн зохисгүй үйлдлийг хараад ухамсаргүйгээр хийсэн үйлдлийг санаатай гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүгдэгч, хохирогчийн гэрт ороод хохирогчийн эсрэг ямар нэг санаатай үйлдэл хийгээгүй, зөвхөн тэнд байсан өөрийн хууль ёсны нөхрийн үйлдэл, байгаа байдалд гомдож уурлаж бачимдаж хийсэн үйлдэл тогтоогдсон.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдлийн улмаас Х.Бгийн гэрийн эд зүйл хагарч гэмтэж хохирол учирсан боловч хэргийн нөхцөл байдлын улмаас шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь, гэрээсээ гарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, өөр эмэгтэйн гэр оронд архи ууж, улмаар зассан орон дотор нь унтаж байгаа нөхрийгөө харсан үедээ хийж байгаа өөрийн үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирна гэдгийг ухамсарлах боломжгүй байсан байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай ба болгоомжгүй хэлбэртэй байна”, 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч А.Бын үйлдэлд санаатай гэмт хэргийн өөрийн үйлдлийг ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн шинж үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Бд холбогдулан Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.

Харин хохирогч Х.Б нь эд хөрөнгөндөө учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд нь тухайн үед мөрдөгч бэхжүүлж аваагүй, харин хохирогчоор өөрөөр нь зургийг нь авахуулж хэрэгт хавсаргасан, мөн эд мөрийн баримтыг бэхжүүлж хураахдаа 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн үйл баримтын ул мөрийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бэхжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрснийг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг эвдэрхий модон сандалыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагаатгагдсан этгээд нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1,5,8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон                 

                                                 ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг шаргал өнгийн эвдэрхий модон сандалыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 4. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

        

      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д .АРИУНЦЭЦЭГ