| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/61 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0050/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2318000000030 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* 1990 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр******* аймгийн******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй,******* боловсролтой,*******мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ***, урьд ***( удаагийн ял шийтгэгдэж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч *******-ийн бие, эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хэргийн 2/, хохирогч *******-ийн мэдүүлэг /хэргийн 11, 13/, гэрч *******-ийн мэдүүлэг /хэргийн 15/, гэрч ******* мэдүүлэг /хэргийн 17/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хэргийн 21-22/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...Согтуудаа ийм зүйл хийсэн.
...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Ахиж алдаа гаргахгүй” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд ******* нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Зурагтын 2-13 тоотод хамтран амьдрагч *******-ийн бие, эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3/;
-Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* гэх хүнтэй хамтран амьдраад 6 жил болж байна. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан зүйл байхгүй, бид хоёрын дундаас гарсан 2 хүүхэд байдгаас гадна миний 3 хүүхдийн хамт ам бүл долуулаа Дархан сумын 7 дугаар баг Зурагтын 6-61б тоот хаягт оршин суудаг юм.
Өчигдөр орой манай нөхөр ******* нь архи уучихсан согтуу өөрийн танил Тайван гэх хүний гэрт байхдаа 20-21 цагийн орчимд намайг хажууд хамт хэвтсэнгүй гэх шалтгаанаар гэнэт л уурлаж миний толгой нүүр болон зүүн талын хөл рүү хөлөөрөө өшиглөж мөн газар унагаж байгаад дээрээс дэвсэж зодож цохисон юм.
*** ах болон ***, манай нөхөр ******* нар тус өдөр нийлж 2 шил 0.75 литрийн Хараа архи уусан байсан юм. Ингээд л уг асуудал болсон юм.
*******ын хувьд урд өмнө 2022 оны 08 дугаар сард согтуу байхдаа миний баруун мөр орчимд хутгаар хатгаж байсан. Уг асуудал Цагдаагийн байгууллагад шалгагдаж ******* нь шүүхээр хариуцлага хүлээсэн. Тэрнээс өөрөөр ийм асуудал урд өмнө болон түүнээс хойш огт болж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/;
-Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...************** хоёртой 12 цагийн орчимд тааралдаад *** ахын гэрт очсон. Тэнд *** ах, *******,******* бид нар хамт 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи ууцгаасан. Ингээд уг архийг ууж байгаад*******ийн нөхөр ******* түрүүлээд унтаад өгсөн байхаар нь би цагийг нь санахгүй байна орой 21 цагийн орчимд байх******* бид хоёр гадагш гарчхаад ороод ирэхэд ******* сэрчихсэн. Тэгээд яг юу яриад уурлаад байгааг нь би мэдээгүй, уурандаа **************ийн толгой болон хөл хэсэг рүү гар, хөлөөрөө хэд хэдэн удаа цохисон мөн газар унасан байхад нь ч өшиглөж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/;
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ байхад гаднаас 12 цагийн орчимд манай бэр дүү *** болон манайхаас холгүй байдаг *******,******* нар манайд ирсэн. Анх орж ирэхдээ гаднаас эрүүл ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх би тэр талаар нь сайн санахгүй байна, ингээд орж ирэхдээ гаднаас авч ирсэн 2 шил 0.75 литрийн Хараа архийг бид нар хамт хувааж уусан. Би архи ууж байгаад түрүүлээд согтоод унтаад өгсөн, би дээрх хүмүүсийг ирэхээс өмнө архи уучихсан байсан юм. Намайг унтаж байгаад орой сэрэхэд ******* эхнэр******* газар унагачихсан дээрээс нь өшиглөж байсан. Тухайн үед Амгаланбайгал салгаж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/;
-“...*******-ийн биед “тархи доргилт, зүүн нүд, зүүн шилбэ, дээд уруул, зүүн тавхайд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч *******-ийн бие, эрх чөлөөнд халдаж “тархи доргилт, зүүн нүд, зүүн шилбэ, дээд уруул, зүүн тавхайд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Хохирогч *******-т учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр түүний биед халдан зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч *******, хохирогч *******- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар эдлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан үзэж Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******-т хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөртэй холбоотой баримт, нэхэмжлэл ирүүлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ