Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/02371

 

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/02371

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Б.У.М ББСБ ХХК /РД: ............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт оршин суух, Х овогт Б-ын Б /РД: ................./-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 121,770,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У.М ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Б  нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагаас Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 52.45 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах 18 м/кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалан 53,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж одоог хүртэл үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй байна.

Энэ 53,000,000 төгрөгийг нэг дор шууд аваагүй, үүний задаргааг хэлбэл, 2015 оны 5 дугаар сарын 20-нд 30,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 9-нд 10,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 20-нд 3,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 4-нд 2,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 4-нд 3,000,000 төгрөг, нийт 53,000,000 төгрөг болж байгаа. Сүүлийн 5 удаагийн зээлийг олгохдоо гэрээ байгуулаагүй, Б.Б  нь тухайн үеийн манай компанийн гүйцэтгэх захирлыг танидаг байсан тул ирж уулзаад итгэлцлийн үндсэн дээр шууд санхүүжилтүүдээ авсан байдаг. Мөн Б.Б  нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталгаа бичиж өгсөн байгаа. Тийм учраас бид зээлийн хүүг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 68,770,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 53,000,000 төгрөг, зээлийн хүү 68,770,000 төгрөг, нийт 121,770,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд: Хариуцагч Б.Б  нь Б.У.М ББСБ ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 53,000,000 төгрөг, зээлийн хүү 68,770,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үндсэн зээлийн гэрээгээр талууд 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Сүүлийн зээлийн гэрээний мөнгийг нэхэмжлэгч тал бэлнээр өгсөн гэж байгаа боловч шууд данс руу шилжүүлж байсан. 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний сунгалт хийгдээгүй тул үндсэн зээлийг 53,000,000 төгрөг гэж тооцох ямар ч боломжгүй юм. Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан зээлийн нэмэлт гэрээ гэж байгаа. Хариуцагч Б.Б  30,000,000 төгрөгөөс тодорхой хэсгийг төлсөн. Ингээд талууд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 17,661,000 төгрөг болохыг харилцан тооцож тохирсон, зээлийн гэрээний хугацааг 24 сар болгосон. 17,661,000 төгрөгийг нэмэлт гэрээ байгуулснаар хойш төлөөгүй. Үүнтэй хариуцагч тал маргахгүй. Мөн энэ өдрөөс хойшхи зээлийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа. Үндсэн зээлийн 30,000,000 төгрөгийг хүлээж авсан дээр маргахгүй. 53,000,000 төгрөгт оруулж тооцож байгаа 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 3,000,000 төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас Б.Б од бэлнээр өгсөн гэж байгаа боловч манайх сая хурал дээр гаргаж өгсөн банкны баримтаас харвал энэ мөнгийг Б.Б од биш Б.М гэдэг хүний данс руу шилжүүлж, түүнд зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Б.М болон Б.Б  нар нь уг банк бус санхүүгийн байгууллагын удирдлагуудыг мэддэг байсан. Б.Мягмар нь зээл хүсэж очиход нь барьцаа байхгүй учир Б.Б ын барьцаатай хөрөнгө дээр зээл олгож болно гэсний дагуу Б.Б ын зөвшөөрөлгүйгээр хоорондоо шилжүүлсэн байдаг. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи шилжүүлсэн мөнгийг Б.Б  хүлээж аваагүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үндсэн зээл болох 30,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Үүнээс 13 сая гаран төгрөгийг төлөөд хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 17,661,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүний хүүг болон үндсэн зээлийн хэтэрсэн хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.У.М ББСБ ХХКнь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 121,770,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.У.М ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-той 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ЗБГҮ15/05/20/02 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 180 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот 0 өрөө орон сууц, мөн байрны 18 м/к талбай бүхий авто зогсоолыг барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.У.М ББСБ ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ЗБГҮ15/05/20/02 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Б од 30,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба хариуцагч энэ зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж авсанаа хүлээн зөвшөөрсөн, мөн зохигчид дээрх ЗБГҮ15/05/20/02 тоот зээлийн гэрээнд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт оруулж, үндсэн зээл 17,661,000 төгрөг, хугацааг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ.

Энхүү зээлийн нэмэлт гэрээнээс үзвэл үндсэн зээлийн үлдэгдэл 17,661,000 төгрөг ба гэрээний хугацаа 20118 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна. Хариуцагч Б.Б  нь нэмэлт гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл, хүүний төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээний 1.3-т зээлийн хүү 5 хувь/ гэж зааснаар хариуцагч хүү төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Б.Б-оос үндсэн зээлийн үлдэгдэл 17,661,000 төгрөг, хүү 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл буюу 25 сарын хүүнд /17,661,000:100=176,610, 176,000х5=883,050, 883,050х25=22,076,250/ 22,076,250 төгрөг, үндсэн зээлд 17,661,000 төгрөг, нийт 39,737,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.У.М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч Б.У.М ББСБ ХХКнь хариуцагч Б.Б-д 2015 оны 7 дугаар сарын 9-нд 10,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 20-нд 3,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 4-нд 2,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 4-нд 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлож чадаагүй, зээлийн энэ мөнгөн хөрөнгийг Б.Б од хүлээлгэж өгсөн санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгөөгүй тул зээл, хүүний төлбөрт нийт 82,032,750 төгрөг гаргуулах шаарлагыгг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн нэхэмлэгч Б.У.М ББСБ ХХКнь хариуцагч Б.Б-той үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 39-58 тоот 3 өрөө орон сууц, мөн байрны 18 м/к талбай бүхий авто зогсоолыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байсан боловч барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос 39,737,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.У.М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82,032,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 766,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б оос 356,636 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР