| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0156/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 156
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Б,
Шүүгдэгч: Д.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П-д холбогдох 1728000000079 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ээж, 2 дүүгийн хамтаар тоотод оршин суух, 2002.10.28-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жил 10 сар хорих ял, 2013.11,07-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн,
Шүүгдэгч Д.П нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ө аймгийн Г сумын төвд Шугшаа зочид буудалд байрлаж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хаалга 4 ширхэг, сандал 3 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, ширээ 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бусдад 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Д.П-г гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө ажил дээрээ ирэхэд манай буудлын үйлчлэгч Д урд шөнө буудалд байрлаж байсан хүмүүс буудлын гадна талын 2 модон хаалга, мөн дотор талын буудлын 2 өрөөний хаалга, байрлаж байсан өрөөнийхөө 3 ширхэг сандал, 1 ширээ, мөн ус буцалгагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг эвдчихсэн. Тэгээд цагдаа дуудаад өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд буудлын өрөөнд ороход эд зүйлүүдийг эвдэж хэмхэлсэн байдалтай байсан. Тухайн үед мэдээгүй цагдаа дээр очоод эд зүйл эвдсэн хүнийг П гэдэг нэртэй хүн гэж мэдсэн. Энэ хүн манай буудалд учирсан 2.000.000 төгрөгийг бүрэн барагдуулж төлсөн. Манай байгууллагын данс руу хийсэн байсан. П-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 11 дугаар сарын 06-ны шөнө Ө аймгийн Г сумын төвд гэртээ унтах гэж байхад буудлаас нэг хүн залгаад хажуу талын хүмүүс унтуулахгүй хаалга нүдээд байна гэж хэлсэн. Би тэгээд Шугшаа-Уул буудал дээр хүрээд очиход П нэртэй хүн өрөөнд хашгичаад байж байхаар нь П-ыг унтаж амар, хажуу талд байрлаж байгаа хүмүүс унтаж чадахгүй байна гэж хэлтэл П хамт явсан залуу тэр хоёр одоо амарлаа гэж хэлсэн. Би тэгээд гэртээ хариад байж байтал буудлаас залгаад нөгөө залуу хаалга үүдээ эвдээд байх шиг байна гэж хэлэхээр дахиад хүрээд очиход буудлын гадна талын давхар хаалгыг эвдсэн байдалтай байхаар нь би хоёр давхарт гараад очтол буудалд байрлаж байсан өрөөний хаалга, дотор нь байсан өрөөний модон ширээ 1 ш, мөн түшлэгтэй модон сандал 3 ш, ус буцалгагч 1 ширхэг эд зүйлийг эвдсэн байсан. Мөн хажуу талын буудлын хаалгыг нь эвдэлчихсэн байсан тэгээд би энэ тухай цагдаад мэдэгдсэн юм. Манай буудалд байрлаж байсан П гэдэг залуу манай ажлын гадаах хаалга, дотор өрөөний хаалга 4 ширхэг, мөн өрөөний сандал 3 ширхэг, модон ширээ 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг эвдсэн байсан Энэ залуу нэг танихгүй хүнтэй хамт байсан. Архи уусан согтуу байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би Г суманд П, Б, Е бид дөрөв ирсэн. Бид дөрөв Шивээхүрэн боомт дээр нүүрсний машин барьдаг ажилтай. Гурвантэс суманд ирж амарч усанд орж үсээ засуулах гэж ирсэн юм. Урд шөнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01 цагийн үед П нь бид нарын буусан буудал болох Шугшаа-Уулд агсан тавиад хоносон. П нь буудлын өрөөний хаалгыг өшиглөж эвдсэн. Буудлын дотор талын 2 өрөөний хаалгыг эвдэхийг нь харсан. Би П-ыг гадна хаалга эвдэхийг хараагүй. Мөн П нь бид нарын буусан өрөөний ширээ болон сандалнуудыг эвдэхийг нь харсан. Тэгээд түүнийг тэврээд дээрээс нь дараад хэвтсэн. Тэгж байсан чинь шөнө цагдаа ирсэн түүнийг аваад явсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би Д, Е, П нарын хамт Гурвантэс суманд ирсэн. Бид нар сумын Шугшаа Уул нэртэй буудалд буусан. Суманд бид нар амралтын өдөр тааруулаад ирсэн ба үсээ засуулъя, усанд орьё гэж ирсэн. Урд шөнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 цагийн үед манай П зөв зүгээр байж байгаад агсан тавьсан. П нь ганцаараа буудал дотор согтуу хашгичаад агсан тавьсан. Ганцаараа солиороод яваад байсан. Д бид хоёр түүнийг тайвшруулах гэж их үзсэн. Гэвч П тайвшраагүй улам л агсан тавиад байсан. П нь өрөөнд байсан ширээ сандал, өрөөний хаалга, нөгөө өрөөний хаалга зэргийг эвдэлсэн. Би уг үйлдлийг нь харж байсан. Улмаар цагдаа П-ыг аваад явсан. Д бид хоёр харсан. П-ыг юм эвдсэн дараа буудлын ресепшин охин ирсэн байсан. Е нь юу болсныг огт мэдээгүй унтаж байсан. П нь архи уусан байсан. Харахад бол гайгүй юм шиг байсан. Би 2 лааз пиво уусан байсан. Бараг согтоогүй эрүүл шахуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Шүүгдэгч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ө аймгийн Г сумын төвд байрлах “Шугшаа уул” нэртэй буудалд найз Д, Б, Е нартай хамт орцгоосон. Тэгээд буудлаас гарч караокед орж нэг цаг хэртэй дуулж сууж байгаад тэнд нэг шил архи 0.75 граммын Эден нэртэй архийг дөрвүүлээ хувааж ууж дуусгаад кароакеноос гараад буудалдаа ирсэн. Замаараа дэлгүүрээс нэг шил 0.5 граммын архи аваад буудалдаа ирцгээсэн.Тэгээд тэр гурав тэр архинаас уугаагүй би бараг бүгдийг уучихаад тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь өрөөний ширээ, сандал, дотор өрөөний хаалга, гадаа үүдний хаалга зэргийг эвдчихсэн байсан. Тэгээд цагдаа ирээд намайг цагдаагийн газар дээр авчирсан. Би эвдсэн буудлын үйлчлэгч, хамт архи уусан Д, Б, Е нар эвдсэн гэж хэлсэн. Намайг эд зүйлийг эвдэж байхад Б хориод дийлээгүй гэсэн. ...би тасрахаараа юм эвдэж сүйтгэдэг зантай, архи уухгүй 4 жил гаран болсон. Тэгээд их амархан согтсон байсан. Хаалгыг нь хөлөөрөө өшиглөөд эвдсэн, тэр ширээ сандлыг мөн хөлөөрөө өшиглөөд эвдсэн. ...би тэр гуравтай маргалдаж зодолдсон зүйл байхгүй би тухайн үед өрөөний эд зүйлийг эвдсэн. Архи уугаад тасарсан байна гэхдээ нэг сэрээд харахад сандал ширээ нь эвдэрчихсэн байсан. Би тэгээд буудлаас гараад эргээд орох гэтэл гадаах хаалга нь цоожтой байхаар хөлөөрөө өшиглөөд эвдсэн юм. Би тухайн үед буудлын 3 ширхэг модон сандал, модон ширээ 1 ширхэг, модон хаалга 4 ширхэг мөн жижиг ус буцалгагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг эвдсэн. Учирсан хохирол болох 2.000.000 төгрөгийг нь төлсөн. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
“Ашид билгүун” ХХК-ийн 2017.11,09-ний өдрийн №ӨМА/127 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Модон хаалга 4 ширхэг 320.000 төгрөг, ширээ 1 ширхэг 200.000 төгрөг, сандал 3 ширхэг 105.000 төгрөг, ус буцалгагч 1 ширхэг 15000 төгрөг нийт 640.000 төгрөг гэжээ. /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 10-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд “Шугшаа уул” зочид буудалд байрлаж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хаалга 4 ширхэг, сандал 3 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, ширээ 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг гэмтээж, бусдад 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “Ашид билгүүн” ХХК-ийн 2017.11.09-ний өдрийн №ӨМА/127 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр нийт 640.000 төгрөгийн хор уршиг учирсан бөгөөд шүүгдэгч Д.П нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид 2.000.000 төгрөгийг төлж, бусдад төлөх төлбөргүй болсон болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э “Энэ хүн манай буудалд учирсан 2.000.000 төгрөгийг бүрэн барагдуулж төлсөн. Манай байгууллагын данс руу хийсэн байсан. П-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг болон хохирол төлсөн баримтаар тус тус тогтоогож байна,
Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Иймд шүүгдэгч Д.П-ыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,
36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овгийн Д П-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх
ч биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.