Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

 

     2023         02             15                                 2023/ШЦТ/62

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 2325000000074 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Бгийн Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-6 дугаар байрны гадна хохирогч О.Бтой маргалдаж, улмаар пивоны шилээр толгой тус газар цохиж, эрүүл мэндэд нь хуйханд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Б.Эын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2325000000074 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан: 

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-05-р тал/

-шүүгдэгч Б.Эын хохирогчийн эмчилгээний төлбөрт 55,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 7-р тал/

-хохирогч О.Бын мэдүүлсэн ...2023 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн үед би эхнэр П.Бгийн хамт найз Л.Гийнд очсон юм. Гийнх 4-6-р байранд амьдардаг юм. Гийнд очиход тэрээр эхнэр И болон хүүхдийнхээ хамт эрүүл байсан. Харин Б бид хоёр тэднийд очихдоо халамцуу очсон. Ингээд Г, И, Б бид нар 0.5 литрийн 1 шил архийг хувааж уусан. Тэгээд эхнэр бид 2 гэр лүүгээ явах гэтэл манай эхнэр явахгүй гэхээр нь би тэнд үлдээчихээд гэртээ очсон. Би гэртээ очиж хүүхдүүдээ харчихаад удалгүй буцаад Гийнд очсон. Тэгтэл манай эхнэр нэг хүнтэй яриад “намайг ирээд авчих” гэж байсан. Тэгэхээр нь би түүний гар утсыг аваад хэнтэй яриад байгаа юм бэ гэтэл дуугарахгүй байсан. Ингээд Г бид 2 түрүүлээд гадаа гарсан бөгөөд харин Иг манай эхнэрийг дагуулаад гараад ирээрэй гэж хэлсэн. Намайг гадаа гартал орцны үүдэнд манай эхнэрийн ажлын зүс таних Эрка /Б.Э / гэх залуу ирчихсэн зогсож байсан. Би түүнд хандан “чи яахаараа энд явж байдаг юм бэ” гэтэл тэрээр чи эхнэртээ агсан тавиад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёрын маргалдах чамд хамаатай юу гэтэл тэрээр хамаатай, би өмгөөлж хамгаалдаг хүн нь байна гэж хэлсэн. Би түүнд хандан “эхнэр та хоёрыг би мэднэ, чи нялх нойтон хүүхэдтэй юм байна лээ, би ч гэсэн 4 хүүхэдтэй, чи ахыгаа дэндүү доромжлоод байгаа юм биш үү” гэж хэлтэл тэрээр намайг гараараа цохиж унагаасан юм. Тэгээд толгой руу олон удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод түүний тэлээнээс барихад тэрээр гараараа миний толгой болон нуруу руу олон удаа цохисон. Тэгээд би Гт хандан цагдаа дуудаарай гэж хэлтэл Эрка нь хаанаас авсаныг нь мэдэхгүй, нэг архины шилээр миний толгой руу цохисон юм. Тэгтэл тус шил нь хагараад миний толгойноос цус гарсан. Тэгээд Эрка нь зугтаагаад явчихсан юм. Ингээд би эмнэлэг орж толгойдоо оёдол тавиулсан юм. Манай эхнэр нь тус Эрка гэх залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд байна гэж би бодсон бөгөөд Эрка гэх залуу шөнө манай эхнэр луу залгадаг байсан юм. Миний хувьд Эркаг цохиж зодоогүй бөгөөд намайг Эркагаас өөр хүн цохиж зодоогүй. Тухайн үед Эркаг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй бөгөөд миний хувьд халамцуу байсан юм. Би дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан хуйханд 1 тооны зүсэгдсэн шарх Э нь пивоны шилээр цохиж учруулсан. Харин цээжинд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт гэмтлийг тэрээр намайг газар унагаагаад дээрээс дэвсээд байсан бөгөөд тэр үед л учирсан байх. Толгойн зураг авхуулсан 55,000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-н 10,12-р тал/

-гэрч Л.Гийн мэдүүлсэн... 2023 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад манайд найз Б нь эхнэр Өлзийгийнхээ хамт халамцуу 1 шил архитай орж ирсэн юм. Ингээд манай эхнэр И бид 4 тус архийг нь хувааж уусан. Тэгтэл Өлзий нь утсаараа хүнтэй чатлаад байсан юм. Б тэгтэл эхнэртээ хандан “чи хэнтэйгээ чатлаад байдаг юм, гаръя гаръя” гэж уурласан. Тэгээд Б түрүүлээд явсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа би гадаа гартал Б нь орцны үүдэн дээр сууж байсан. Ингээд тамхилаад байж байтал цаанаас нэг залуу ирж байсан бөгөөд Б өөдөөс нь очоод юм яриад байсан. Тэгсэнээ учир зүггүй хоорондоо зодолдож эхэлсэн юм. Тэгэхээр нь очоод салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Би тэр залуугийн куртикнээс татахад тэрээр өөрөө куртик, цамцаа тайлаад нүцгэн болсон. Тэгээд тэр залуу гартаа пивоны шил бариад Бын толгой руу 1 удаа цохиж хагалсан юм. Тэгтэл Бын толгойноос цус гарсан юм. Энэ үед Б түүнийг тэвэрч байсан бөгөөд тэр залуу Быг түлхэж мултраад хувцасаа аваад явчихсан юм. Миний хувьд бараг эрүүл байсан, Б нилээн халамцуу байсан. Харин тэр залууг архи уусан эсэхийг мэдээгүй. Быг тэр залуугаас өөр хүн цохиж зодоогүй бөгөөд тэр залуутай Б л ноцолдоод зууралдаад байсан. Миний хувьд тэр хоёрыг салгах гэж л татсан болохоос боосон, цохисон үйлдэл хийгээгүй юм...гэх мэдүүлэг  /хх-ийн –р тал/

-гэрч П.Бгийн мэдүүлсэн:...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай нөхөр Бын төрсөн өдөр болж би түүний найзуудтай нь бааранд орсон юм. Баар хаагаад нөхөр бид 2 Гийн гэрт очсон. Тэгэхдээ 1 шил архи авч очсон. Гийнд би манай нөхөр, Гийн эхнэр бид 4 нөгөө архиа хувааж уусан юм. Тэгээд би согтоод ухаанаа алдсан бөгөөд нэг мэдсэн чинь би гадаа байсан бөгөөд миний хажууд И байсан. Харин цаана нөхөр Б, Г мөн манай ажлын Э нар нь хоорондоо зодолдоод байх шиг байсан. Бид 2 тухайн үед тэд нараас арай зайдуухан байсан юм. Би болиоч ээ гэж нилээн хашгирсан. Тэгтэл Э нь куртикээ аваад явчихсан. Тэгээд би байрны гадаа зогсож байтал нөхөр маань ирсэн бөгөөд тэгэхэд түүний нүүр нь цус болчихсон байсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд тухайн үед би юу болоод байгааг ойлгоогүй юм. Миний хувьд хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохиж зодсоныг хараагүй бөгөөд Баярцогг, Г, Э нар л хоорондоо бужигналдаад байсан. Би тухайн үед Этай холбоо барьсанаа ч мэдэхгүй байгаа бөгөөд юунаас болж хэрүүл зодоон болсоныг мэдээгүй. Үл ойлголцлоос л болсон гэж ойлгосон. Миний хувьд Этай хамт ажилладаг бөгөөд өөр ямар нэг холбоо хамаарал байхгүй ээ. Манай нөхөр намайг Этай хардсан л юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128 дугаартай...О.Бын биед хуйханд 1 тооны зүсэгдсэн шарх, цээжинд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно....гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/ ,

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаартай... Б.Эын биед цээж, хэвлий, нуруунд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно....гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/ ,

-шүүгдэгч Б.Эын яллагдагчаар мэдүүлсэн: 2023 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цагийн үед над руу надтай хамт ажилладаг эгч Б нь өөрийнхөө 99552580 дугаараас залгаж “намайг танихгүй айлд нөхөр маань зодчихлоо, энэ айлын хүмүүс нь намайг гэрээсээ гаргахгүй байна, намайг ирээд аваач" гэж ярьсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед би Хүрэнбулаг багийн 4-6 дугаар байрны 1-р орцны гадаа очоод Б эгч рүү залгатал тэрээр “одоо гарлаа” гэж хэлсэн. Удалгүй Б эгчийн нөхөр нь нэг найзтайгаа хамт гарч ирээд намайг харснаа “чи юу нь юм бэ” гээд над руу дайрсан юм. Тэгэхээр нь би Б эгч намайг дуудсан юм аа гээд түүний хэлснийг нөхөрт нь хэлтэл тэрээр уурлаад “чам шиг бацаан миний амьдралыг ингэж доромжлохгүй” гээд байсан. Тэгэхээр нь би согтуу хүнтэй юу ярихав гэж бодоод хаяаад цааш алхаж байтал тэр ах араас ирээд намайг дэгээдэж унагаасан. Би түрүүлж босоод явах гэтэл нөгөө найз нь “наад бацаан чинь яагаад байгаа юм бэ” гээд хүрч ирсэн. Ингээд би нилээн алхаад явж байтал араас нөгөө нөхөр нь “хоёулаа ахиад уулзана шүү дээ” гэж хэлэхээр нь би уулзанаа гэж хэлсэн. Тэгтэл тэр ах гүйж ирээд миний бүсэлхийгээр тэврээд гражны хана руу шахсан. Энэ үед нөгөө найз нь ирээд миний цамцаар хоолойг минь боосон юм. Тэгээд би боолгуулж байхдаа доошоо хартал газарт нэг пивоны шил байхаар нь авч намайг тэвэрч байсан Б эгчийн нөхрийн толгой руу 1 удаа цохисон. Тэгтэл шил хагарч тэр ахын толгойноос цус гарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-6 дугаар байрны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан шүүгдэгч Б.Э нь хохирогч О.Бтой хувийн шинжтэй маргааны улмаас пивоны шилээр толгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хуйханд 1 тооны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Эын үйлдлийн улмаас О.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч О.Бын мэдүүлсэн... Эрка нь хаанаас авсаныг нь мэдэхгүй, нэг архины шилээр миний толгой руу цохисон юм. Тэгтэл шил нь хагараад миний толгойноос цус гарсан. Тэгээд Эрка нь зугтаагаад явчихсан юм.....гэх мэдүүлэг, гэрч П.Бгийн мэдүүлсэн... Тэгээд би согтоод ухаанаа алдсан бөгөөд нэг мэдсэн чинь би гадаа байсан бөгөөд миний хажууд И байсан. Харин цаана нөхөр Б, Г мөн манай ажлын Э нар нь хоорондоо зодолдоод байх шиг байсан... гэх мэдүүлэг, гэрч Л.Гийн мэдүүлсэн... Тэгсэнээ учир зүггүй хоорондоо зодолдож эхэлсэн юм. Тэгэхээр нь очоод салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Би тэр залуугийн куртикнээс татахад тэрээр өөрөө куртик, цамцаа тайлаад нүцгэн болсон. Тэгээд тэр залуу гартаа пивоны шил бариад Бын толгой руу 1 удаа цохиж хагалсан юм. Тэгтэл Бын толгойноос цус гарсан юм...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128 дугаартай... О.Бын биед хуйханд 1 тооны зүсэгдсэн шарх, цээжинд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...  гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Эын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, О.Быг зодож, архины шилээр толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

-Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж дүгнэлт гаргахдаа: маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж прокурортой тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ялын агуулгыг ойлгож мэдэж байгаа гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч ял тохирсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага  оногдуулах үндэслэлтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч О.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч Б.Э хохирогчид учирсан хохиролд 55,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 7-р талд авагдсан/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

        Ахуйн хүрээний шалтгаангүй архидалт, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь уг гэмт хэрэг гарах болсон шууд шалтгаан нөхцөл болсон байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Бгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ