| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0158/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 157
Өмнөговь аймаг дахь сум дундын эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: С.М,
Шүүгдэгч: М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн М А холбогдох 1728000000082 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Ш овогтой М А, /РД:
Шүүгдэгч М.А нь Ө аймгийн С сумын нутагт 2017 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хамтран амьдрагч М.О байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зодохдоо түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.А яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Тодорхойлох нь:
Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:О зодож байсан. Өөрөө бас хөөж туугаад байдаг. Хүнийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Цамцных нь захаар боосон. Одоо эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Сэврэй сумын 3 дугаар багийн нутаг болох Өлгий гэх газарт гэртээ байж байхад манай хамтран амьдрагч А малдаа яваад ирсэн. Би Ад зарах гэж байгаа үхрийг М эгчид зарахаар болсон шүү гэж хэлсэн чинь А “би тэр үхрийг О гэх найздаа талыг зарна, чи баян хүн зарах гэлээ гэж уурлаж босч ирээд миний хоолойг нэг гараараа шахаж багалзуурдаад гэрийн хана руу шахаж байтал гэрийн гадаа мотоциклийн дуу сонсогдоод манай гэрийн гадаа мотоцикльтой хүн ирсэн. Тэгтэл миний хоолойг тавьчихаад гэрээс гарахаар нь би араас нь гэрээс гартал тэр мотоцикльтой хүн манай төрсөн дүү Т байсан. Би А-д “чи сая гэрт намайг боогоод алчихгүй яасан юм гэхэд миний өөдөөс А “чамайг алчихвал танайхан гай болно, та нарыг бүгдийг чинь ална шүү гээд гараараа миний нүүр лүү 2 удаа цохиж автал манай дүү Т явж цагдаад хэлнэ гээд мотоциклио асаагаад явчихсан. Тэгтэл араас А мотоциклио асаагаад явахаар би гэрээс гараад явган яваад саахалт айл Т-ын гэрт нь очиж амарсан. Тэгээд удалгүй сумын цагдаа нар ирээд намайг сумын төв рүү авч явсан. Мөн 2017 оны 06 дугаар сарын 24-нд зуслан дээр гэртээ байж байхад үдээс хойш 16 цагийн үед А малаас хүрч ирээд намайг яагаад хоол цай хийгээгүй байна гэж хэлэхээр би өөдөөс нь “надад зав байсангүй, ишиг мал усалсаар байгаад зав гарсангүй гэхэд А уурлаад “чи алаг үзэлтэй, ах дүү нартаа хоол хийж өгдөг юм байна лээ, надад хоол хийж өгсөнгүй гээд миний хоолойг хоёр гараараа базаж аваад хоолойг шахаад газар унагачихаад нүүр лүү алгадаад байж байтал гадаа мотоцикльтой хүн ирсэн. Тэгээд намайг тавьсан.Тэгтэл манай ээж дүү Т хоёр гэрт ирсэн. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны үед байх Баяндалай суманд отроор явж байгаад Сэврэй сум руу А-тай ява маркийн мотоциклиор явсан. Тэгээд N замдаа жаахан зөөлөн яв гэж хэлэхэд замаас гарч мотоциклио зогсоочихоод “чи надад зам заадаг хэн юм бэ” гэж хэлээд намайг хоёр гараараа хоолойг боогоод арагш нь дарсан. Би тэгэхэд хэсэг хугацаанд ухаан алдсан байсан.яаж газар унасанаа мэдэхгүй байна. Тэгээд нэг сэрсэн чинь А миний гарнаас барьчихсан сууж байсан. Тухайн үед А бид хоёр явж байсан юм. Мөн 2017 оны 08 дугаар сарын 20-дын үед байх манай гэр отроор Баяндалай сумын Жаргалант гэдэг газарт гэртээ байж байхад намайг хардаад бид хоёр хэрэлдсэн чинь мөн намайг газар унагаагаад миний хоолойг боосон гадаа мотоцикль дуугарсан. Тэгээд би гэрт байсан хоёр бага хүүхдээ \хүү нь 6 настай, охин 4 настай \ аваад гадаа хотонд байсан. Тухайн үед А архи уусан согтуу байсан. Тэгээд мөн дараа нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би хүүхдээ аваад Сэврэй сум руу явах ажилтай гэхэд А мөн уурлаад “чи сум явж хэнтэй уулзах гээд байна” гэж хардахаар нь би өөдөөс нь “хэнтэй явдаг юм” гэж хэлээд өөдөөс нь юм шидсэн чинь А хүрч ирээд миний толгой руу 2 удаа цохиж авсан. Тэгээд би хүүхдээ аваад Сэврэй сум руу явсан. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны үед А алтанд явж ирчихээд хайгчаа хураалгачихлаа гэж уурлаад байсан. Тэгээд намайг хэл амаар доромжилоод \гичий минь\ чамаас болж хайгчаа хураалгачихлаа гэхэд би өөдөөс нь би чамайг алтанд яв гэж хэлээгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд намайг дарамталж байгаад 250.000 төгрөг авч Өмнөговь аймаг руу явж хайгчаа авчирсан. Би энэ хүнтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм байхгүй. Бид хоёр хамтран амьдраад 1 жил болж байна. Намайг байнга хардаж, дарамттай байдаг үүнээс болж хэрүүл маргаан хийж намайг удаа дараа зодож, хоолойг минь боож шахдаг байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүмүүс байгаагүй дандаа гэртээ хүнгүй байхад намайг цохиж зодож, хоолойг шахаж боодог байсан. Манай хоёр бага хүүхэд л хамт байдаг байсан. Намайг цагдаад хэлвэл ална гэж дарамталдаг байсан. А тэгж байгаад гайгүй болчих байлгүй дээ гэж бодож явдаг байсан учраас энэ тухай цагдаад мэдэгдээгүй юм. Сар болгон нэг удаа бид хоёр хэрүүл маргаан хийдэг үүнээс болж намайг цохиж зодож, хоолойг шахаж боодог байсан. Би Атай суухаас өмнө нь А гэдэг хүнтэй 10 гаруй жил амьдарсан. Тэгээд дөрвөн хүүхэдтэй болсон. А бид хоёрын гэрлэлтийн баталгаа байгаа одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Би Атай нууцаар 2015 оноос эхэлж явалдсан тэгээд А, А хоёр хоорондоо маргалдаад тэгээд би А-оос өөрөө салчихсан юм. Яг харж байсан хүн байхгүй харин манай дүү Т нь намайг нэг удаа цохиж зодож байхад харж байсан. Намайг нэг удаа зодуулчихсан байхад ирж байсан бусдаар бол харсан зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл алга. Би одоо хөдөө мал дээрээ ганцаараа байгаа тул дахин ирж чадахгүй, тэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Энэ хүнийг сайн танина, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Манай эхнэр О-тэй 2014 оноос эхэлж нууцаар явалддаг байсан юм. Тэгээд би эхнэр О-ээс 2016 онд салсан. Тэгэхэд энэ А манай эхнэртэй суугаад нэг гэрт орсон. Энэ хоёр сүүлдээ бүр ил цагаандаа гарсан. А согтуу хүрч ирээд надад агсам согтуу тавиад байдаг болсон. Би тэгээд сүүлдээ энэ хоёроос зугатаагаад эхнэр О-ээс салсан юм. Би 2006 онд О-тэй албан ёсоор гэрлэж нэг гэрт орж байсан. Бид хоёр 4 хүүхэдтэй болсон. Одоо хамгийн том хүү А.Л 14 настай, дараагийн хүү А.М 10 настай, А.М хүү 6 настай, А.С охин одоо 4 настай хүүхдүүд байгаа юм. Намайг 2-3 удаа цохиж зодож байсан. Гэхдээ тийм биед гэмтэл учрахаар зодож байгаагүй Би Ад “чи одоо манай авгайтай явахаа боль” гэж хэлэхэд А би танай эхнэр Од хайртай, салж чадахгүй гэж хэлдэг байсан. Тэгээд намайг явахгүй болохоор агсам согтуу тавиад зоддог байсан. Энэ хүн манай саахалт айл байсан ганцаараа хэдэн мал маллаад хөдөө байдаг хүн байсан. Эхнэр хүүхэд байхгүй. Апбан ёсоор шүүхээр салсан зүйл байхгүй, тэр гэрлэлтийн баталгаа одоо хаана байгааг мэдэхгүй байна хаягдаж алга болсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р
хуудас/,
Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.11.14- ний өдөр 17 цагийн орчимд хөдөө Өлгий гэх газраас манай охин Т 91719515 дугаарын утаснаас надруу залгачихаад цаашаа яриад манай эгчийг чи алах нуу гээд хашигачиж байгаад утас нь тасарчихсан. 40 орчим минутны дараа Т дахиж утсаар залгаад ээж цагдаа дуудаадах энэ А О эгчийг зодоод алахнээ гэж хэлсэн. Тэгээд би хэсгийн цагдаад дуудлага өгсөн. Би сумын төвд гэртээ байсан. О миний төрсөн охин. О-ийн зүүн нүд хөхөрч хавдсан байна. 2016 оны
5 сард манай охин О өөрийн нөхөр А гэх хүнээс салаад 2016 оны 11 сард энэ А гэх хүнтэй хамтран амьдарсан. О А салах болсон шалтгаан нь О А-той 2007 онд гэр бүл болж тусдаа гарч амьдраад дундаасаа 4 хүүхэдтэй байсан юм. Тэгтэл А гэх хүн гарч ирээд А-ыг дарамталж зодож байгаад хөөж явуулаад танай охиныг жаргаана гэж 2016.11 сард авч суугаад өдийг хүрч байгаа юм. А О нар гэр бүлийн баталгаагүй хамтран амьдрагч нар юм. Одоо Сэврэй сумын Бүйлсэн багийн Өлгий гэх газар нэг гэрт амьдарцгааж байгаа. Ер нь бол манай охин гэр бүлийнхээ асуудлыг надаас нуудаг. Миний мэдэхээр 2017.06.24-ний өдөр байсан санагдаж байна. Хөдөө А, О нарын гэрт очиход А манай охиныг зодчихсон. О-ийн хоолой нь улаан эрээн болсон байсан. Дараа нь 2017.08.20-ны үеэр хөдөө гэртээ А О бас зодож О-ийн хоолой багалзуур нь улаан эрээн мөртэй болсон байсан. Манайх намар болохоор сумын төвруу орчихдог болохоор зарим зүйлийг нь мэдэхгүй өнгөрөх юм их байдаг. 2016 оны өвөл сарыг нь санахгүй байна О-ийн нүд нь хөхөрсөн байсан. Тухайн үед би А О хоёр хоорондоо зодолдождээ гэж бодоод юм хэлэлгүй өнгөрч байсан. О 4 хүүхэдтэй. Хүүхдүүдийнх нь бага нь 4 настай том нь 13 настай. Хүүхдүүдийнх нь аав нь О-тэй өмнө нь албан ёсоор гэр бүл болж амьдарч байсан А байгаа юм. А О хоёр дундаасаа хүүхэдгүй. Миний мэдэхээр О цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Би Од нэг удаа цагдаад хэл гэж байсан боловч О цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Энэ удаад би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн юм. Миний охин нэг өдөр Ад зодуулаад алуулчихсан байвал яана гэсэн айдас надад байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22- 23-р хуудас/,
Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.11.14- ний өдрийн 18 цаг 15 минутын орчимд 88209974 дугаарын утаснаас С гэх хүн
дуудлага өгч мэдээлэхдээ Өлгий гэдэг газарт О хүнд зодуулчихлаа гэсэн дуудлага өгсөн. Уг дуудлагыг хүлээн авч 18 цаг 40 минутанд О-ийн гэрлүү явж 19 цаг өнгөрч байхад гэрт нь очсон. О өөрийн гэрийнхээ урд байх дүү Т-ын гэрт байна гэхлээр нь Т-ын гэрт очиж Од эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж үзлэг хийсэн. Үзлэг хийхэд О-ийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байдалтай, босохоор толгой эргээд байна гэсэн зовуурьтай байсан. Даралт хэвийн байсан. Тэгээд О Сэврэй суманд байх ээж Сугирын гэрт нь хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017.11,14- ний өдөр 17 цаг өнгөрч байх үед өөрийн эгч О-ийн гэрт очсон. Намайг очиход гэрийнхээ гадаа А гөлөг минь ална шүү гээд манай эгчийг зодоод байсан. А манай эгч О нүүрлүү нь цохиод зодоод байсан. Би цагдаа дуудах гэсэн чинь миний утсыг А булаагаад авсан. Би их айсан их уйлсан. Үснээс нь бариад толгойгий нь сэгсрээд нүдрүү нь цохиод байсан. О эгчийн нүд нь хөхөрсөн байсан. А эгчийг зодож биед нь гэмтэл учруулсан. О эгч А цохиогүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 25-р хуудас/,
Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 11 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг болох Бүйлсэн багийн Өлгий гэдэг газарт өвөлжөөн дээрээ малдаа явчихаад орой нь гэртээ ирсэн. Тэгээд цай уучихаад байж байтал манай эхнэр О “М эгчид нэг үхэр зарахаар болсон” гэж хэлэхээр би тэр үхрийг Од зарна гэсэн яасан юм бэ, мөнгөтэй хүнд зарах гэлээ гэж хэлчихээд босч очоод О нэг гараараа заамдаад хоолойг нь шахаад хана руу шахсан. Тэгтэл гадаа мотоцикльтой хүн ирэхээр би О тавьчихаад гэрээс гартал гэрийн гадаа мотоцикльтой Т ганцаараа ирсэн байсан. Тэгээд гадаа зогсож байтал О гарч ирээд “чи намайг гүйцээгээд алчихгүй яасан юм” гэхээр нь миний уур хүрээд өөдөөс “та нарыг алчихвал танайхан гай болно, цагдаа шүүхэд хэлээд явуулах юм бол гарч ирээд бүгдийг нь ална шүү гэж хэлээд О барьж аваад зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохиж аваад шанаа хавьд нь мөн нэг удаа цохиж автал Т хүрч ирээд намайг түлхчихээд цагдаа дуудна гээд мотоциклио асаагаад явчихсан. Тэгээд гэртээ байж байхад сумын цагдаа хүрч ирээд Сэврэй сум руу аваад явсан. Би уураа барьж чаддаггүй юм. Тэгээд О дандаа хоолойг нь шахаж боодог байсан. Би О-тэй 2014 онд анх танилцаад одоог хүртэл хамтран амьдарч байна албан ёсоор гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Би О-ийн хоолойг нь гараараа шахаж боодог байсан. Өөрөө намайг гэрээсээ хөөдөг. Тэгээд би уурандаа ийм үйлдэл хийдэг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 14-нд О-ийн зүүн талын нүд хөхөрчихсөн байдалтай байсан. Энэ гэмтлийг би Од учруулсан. Надаас болоод энэ хоёр салчихсан юм. Би О-тэй сууна гэж хэлээд тэгээд энэ хоёр салчихсан. Бид хоёр 2014 оноос эхлэн нууцаар явалдсан тэгээд явалдаж байгаад 2016 онд хамтран амьдрах болсон юм. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 ял дээр нэмж 1,2, 1.3 ялыг сонсгож байгааг би ойлгож байна. Би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг/хх-ийн 36-37, 53-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.11.17-ны өдрийн 570 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: М.О-ийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Фото зураг/хх-ийн 04-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-ийн 13-14-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 15-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт 2017 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хамтран амьдрагч М.О байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зодохдоо түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Ариунтулгын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь:
Хэрэгт хохирогчийн дараах мэдүүлгүүд авагджээ. Үүнд: ...Би Ад зарах гэж байгаа үхрийг М эгчид зарахаар болсон шүү гэж хэлсэн чинь А “би тэр үхрийг О гэх найздаа талыг зарна, чи баян хүн зарах гэлээ” гэж уурлаж босч ирээд миний хоолойг нэг гараараа шахаж багалзуурдаад гэрийн хана руу шахаж байтал гэрийн гадаа мотоциклийн дуу сонсогдоод манай гэрийн гадаа мотоцикпьтой хүн ирсэн...Тэгээд намайг дарамталж байгаад 250.000 төгрөг авч Өмнөговь аймаг руу явж хайгчаа авчирсан...гэх мэдүүлгүүдийг үндэслэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан гэж үзэж байх боловч “бусдад зарсан гэх үхэр” болон “дарамталж байгаад авсан” гэх 250.000 төгрөгний эх сурвалжийг тогтоох талаар ажиллагаа хийгээгүй, хохирогч болон шүүгдэгч нар нь ямар хуваарьт хөрөнгөтэй болох, тэдний дундын эд хөрөнгө байгаа эсэх талаар тодруулах ажиллагаа хийхгүйгээр хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлвэл дээрх эд хөрөнгийг хуваарьт болон дундын эд хөрөнгө гэдгийг нь нотлох ажиллагаа хийгээгүй байна гэж үзэж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч М.Ариунтулгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдлийн улмаас хохирогч М.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.11.17-ны өдрийн 570 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: М.О-ийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхи хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 27-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.А нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлээ байнга үйлдсэн болох нь хохирогч М.О-ийн: ”...2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Сэврэй сумын 3 дугаар багийн нутаг болох Өлгий гэх газарт гэртээ...хоолой шахсан, 2017 оны 06 дугаар сарын 24-нд зуслан дээр гэртээ байж байхад үдээс хойш 16 цагийн үед ...надад хоол хийж өгсөнгүй гээд миний хоолойг хоёр гараараа базаж аваад хоолойг шахаад газар унагачихаад нүүр лүү алгадаад..., дараа нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны үед байх Баяндалай суманд отроор явж байгаад Сэврэй сум руу А-тай ява маркийн мотоциклиор явсан. Тэгээд замдаа жаахан зөөлөн яв гэж хэлэхэд замаас гарч мотоциклио зогсоочихоод “чи надад зам заадаг хэн юм бэ” гэж хэлээд намайг хоёр гараараа хоолойг боогоод арагш нь дарсан. Би тэгэхэд хэсэг хугацаанд ухаан алдсан байсан...., 2017 оны 08 дугаар сарын 20-дын үед байх манай гэр отроор Баяндалай сумын Жаргалант гэдэг газарт гэртээ байж байхад намайг хардаад бид хоёр хэрэлдсэн чинь мөн намайг газар унагаагаад миний хоолойг боосон..., дараа нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би хүүхдээ аваад Сэврэй сум руу явах ажилтай гэхэд А мөн уурлаад “чи сум явж хэнтэй уулзах гээд байна” гэж хардахаар нь би өөдөөс нь “хэнтэй явдаг юм” гэж хэлээд өөдөөс нь юм шидсэн чинь А хүрч ирээд миний толгой руу 2 удаа цохиж авсан 2017 оны 09 дүгээр сарын 10-ны үед А алтанд явж ирчихээд хайгчаа хураалгачихлаа гэж уурлаад байсан. Тэгээд намайг хэл амаар доромжилоод \гичий минь\ чамаас болж хайгчаа хураалгачихлаа гэхэд би өөдөөс нь би чамайг алтанд яв гэж хэлээгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан....гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.А, хохирогч М.О нар нь 2016 оноос эхлэн 2017 оны 12-р сарыг хүртэл 1 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа, энэ хугацаанд шүүгдэгч нь нийт 6 удаа хохирогчийн бие махбод, эрүүл мэндэд халдсан үйлдэл нь хохирогчийн мэдүүлэг болон хэргээ хүлээн мэдүүлсэн М.А яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.О-тэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан болох нь ...бүгдийг чинь ална, ална шүү, гичий минь ...гэх үг хэллэг хэрэглэн хохирогчийн хоолойноос нь гараараа багалзуурдах үйлдэл удаа дараа хийж, улмаар ухаан балартан унагахад хүргэж байсан зэрэг үйлдлээр нь тогтоогдож байна гэж дүгнэв.
Хохирогч, шүүгдэгч нар нь “хамтран амьдрагч” нар болох нь тэдний мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн гэж үзэв.
Хохирогч М.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл алга” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч М.А бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас шүүгдэгч М.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.А үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд байнга халдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ш овгийн М А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д 7 /долоо/ сарын хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 7 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас шүүгдэгч М.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.