| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0160/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 158
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Б.Б,
Шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Б У холбогдох 1728000980094 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв,
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд тоотод оршин суух, 2003.07.29-ний өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 7 сарын хугацаагаар хойшлуулсан, Т овгийн Б У, /
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.У нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэхийн 14-р гудамж 18 тоот хашаанд Б.Ц эрүүл мэндэд халдан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.У гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Тэр улсууд гарч ирээд хэрүүл хийгээд надруу дайраад, би жаахан согтуу байсан. Зууралдаж байсан чинь энд тэндээс чангаагаад байсан. Би л гэмтэл учруулсан байх. Би эхлээд хүргэнтэй нь муудалцсан. Ц эгч хүүхдүүдтэйгээ гарч ирээд өмөөрөөд ийм зүйл болсон. Манай авсан хашаанд байсан. Би хөдөө яваад байдаг учраас эхнэр хүүхэдтэй хамт өвөлжихгүй юу гээд хамт байлгаж байсан. Манай ажлынхан ажилдаа явах гээд манайд ирсэн байсан. Өдөр явна хоол унд идээд дайлж цайлаад байж байсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед манай хүргэн Ууганбилэг гадаа хүүхдийн хувцасаа эвхээд байж байхад нь манай хажуу айлын У ирээд манай хүргэнийг банк хүргээд өг гэхэд тэр завгүй байна гэсэн. Тэгээд хэрүүл болсон юм билээ. Тухайн үед би гэрээс гараад ирэхэд У-г заамдаад зогсож байхаар нь У эхнэрийг дуудах гээд гэрт очиход тэр бас зугатаасан бололтой байхгүй байсан. Буцаж ирээд У-ийг чи яаж байгаа юм бэ гэхэд тэр яадгийн та нар муусайн юу юм гэсэн. Тэгээд цагдаа дуудах юм болж байхад У нэг мэдсэн сүх барьчихсан байж байхаар нь миний уур хүрээд чи яасан даварсан юм гэж хэлээд хүрзний ишээр цохих гэхэд хий цохьсон. Тэгсэн У нөгөө барьж байсан сүхээрээ цохих гэхээр нь би амбаарт орсон. Тэгээд би буцаж гарч ирээд чи яагаад байгаа юм гээд хүрзний ишээр цохих гэхэд бас хий цохьсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн, Хурдан ирэхгүй бол энд хүн алах нь гэж хэлсэн. Тэгээд хоёр цагдаа ирээд У-ийг аваад явсан. У агсан тавьж байхдаа манай гэрийн хошлонг тасдахаар нь би яаж байгаа юм бэ гээд хүрээд очиход тэр гартаа барьж байсан хүрзний хугархай ишээр миний хоёр гарын шуунд цохиод чирэхдээ миний хөлний өвдөгийг шалбалсан. Гомдолгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10, 11-р хуудас/,
Гэрч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:’’...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан санагдаж байна. Би тэр өдөр эмнэлэг явах гээд гэрийн гадаа хүүхдийнхээ хувцсыг янзалж байхад тэр хашаанд байдаг ах согтуу ирээд намайг банк яваад өг гэж хэлэхээр нь ах би завгүй байна хүүхдээ эмнэлэг авч явах гэж байна гэхэд тэр чи ганц унаатай нь юм уу гээд байсан. Тэгэхээр нь би үгүй л дээ би завгүй байна завтай байсан бол яваад өгнө ш дээ гэж хэлсэн. Тэгсэн тэр гараараа миний хувцаснаас зуурч байхдаа овоо бацаан юмаа, чи миний улан доороос гарахгүй шүү хэзээ нэгэн өдөр чи надтай таарна шүү гээд элдэвээр хэлээд заамдаад байхаар нь би түуний гарыг нь тавиулах гээд байхад гэрээс хадам ээж Ц гараад ирсэн. Тэгээд нөгөө согтуу хүн та нар намайг польдож байна уу гээд байсан ээж нөгөө хүний гарыг нь салгах гэж байгаад салгасан. Тэгсэн нөгөө ах та нар ингэдэггүй юм гээд нүүрсний хашаа руугаа ороод нүүрсний чулуу бариад байсан. Тэгж байснаа сүх бариад туулгахаар нь бид нар амбаарт гүйгээд орцгоосон чинь араас орж ирээд бид нарыг цохих гээд байхаар нь сүхийг нь булааж авах гэж зууралдсан. Тэгж байхад сүх газар унасан. Тэгсэн хадам ээж бид нарыг салгах гэж ирэхэд тэр эмэгтэй хүн гэж тоохгүй цохиод байсан. Тэр амбаараас гараад явсан би амбаарт үлдчихээд гэрлүүгээ орсон. Манай хадам ээж ч гэсэн гараад явсан намайг хадам ээж битгий амбаараас гараарай гэж хэлээд гарсан. Тэгж байтал цагдаа нар ирээд нөгөө согтуу хүнийг аваад явсан. Манай амбаар гэр хоёр үргэлждээ байсан. Би тэр хүнийг огт танихгүй тэгэхэд л ганц удаа харсан. Тэр залуу хадам ээжийн гэрийн хойно байдаг байсан. Амбаарт байхад бужигналдаад байсан яг юу болоод байгааг сайн анзаараагүй харин амбаараас гараад юу болсныг хараагүй гадаа шуугилдаад байсан. Би амбаараасаа гэрлүүгээ орсон хадам ээж намайг гэрээсээ битгий гараарай гэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.19-ний өдрийн №493 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ц-ийн биед 2 гарын шуу, баруун гарын 3-р хурууны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18-р хуудас/,
Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан санагдаж байна. Тэр өдөр манай ажлын газрын хүмүүс гэрт ирээд архи уусан байсан. Гэрээс гараад өмнө талын гэрийн хүний хүргэнийг нь банк ороод ирье гэж хэлсэн чинь өөдөөс томроод завгүй байна би яахаараа явдаг юм бэ гэж хэлэхээр нь би уурлаад маргалдаад барилцсан. Тэгсэн гэрээс нөгөө залуугийн хадам ээж нь гарч ирээд над руу дайрсан. Ц-тай хэрэлдэж маргалдаад тэднийхийг нүү гэж хэлээд сүх барьж байгаад болиод, гэрийн хошлонг нь таслах гэж байснаа болиод янз янзын зүйл болсон. Тэгж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би түүнийг цохьсон үйлдлээ сайн санахгүй байна их л уур хүрсэн. Дээрээс нь архи уучихсан байсан. Би бодохдоо түүнийг өшиглөсөн ч байж мэднэ түлхээд унагасан ч байж мэднэ. Тэдний гэрийнх нь хошлонг нь таслах гэж байсан. Тэгээд сүхээр гэрийн үүднийх нь амбаарыг цохьсон байсан. Ц миний өөдөөс мод барьчихаад дайраад байсан Тэгэхээр нь уур хүрсэн юм. Би Цгаас өөр хүн цохиогүй, хүргэнтэй нь зууралдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Саатуулах байрны бүртгэл /хх-ийн 38-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2003.07.29-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэхийн 14-р гудамж 18 тоот хашаанд Б.Ц бие эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.19-ний өдрийн №493 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ц-гийн биед 2 гарын шуу, баруун гарын 3-р хурууны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 18-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдолгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй “ гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Б.У бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.У-өд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9
36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овгийн Б У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.0 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.У-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй,
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.