| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2019/02092/И |
| Дугаар | 102/ШШ2019/02309 |
| Огноо | 2019-09-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2019/02309
| 2019 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2019/02309 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б-тай 2008 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бидний хүү С.И 2014 оны 7 дугаар сарын 30-нд төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Г.Б нь тухайн үед өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх сонирхолгүй байсан тул миний бие өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Бид зан харилцаа, гэр бүлийн гадуурх харилцаанаас болж 2017 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү С.И нь Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хүслэн” хувийн цэцэрлэгт суралцдаг бөгөөд сарын 180,000 төгрөгийн төлбөртэй. Мөн хувцас хэрэгсэл бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү С.И-д хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б нь Стэй 2008 оноос харилцаатай цаашид амьдарч хүү Г.И төрсөн бөгөөд миний хүү болох нь үнэн болно. Д.С нь гэр бүлээс гадуурх харьцаа үүсгэж гэр бүл салахад хүрсэн. Тэтгэмж тогтоолгоход миний бие татгалзах шаардлага байхгүй, хүүгээ эхийн асрамжд үлдээнэ. Нэхэмжлэгч Д.С нь хүү Итэй уулзуулахгүй гэдэг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Г.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан.
Д.С болон Г.Б нарын хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү С.И төрсөн болох нь №8125000106 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд тэднийг 2017 оны 12 дугаар сараас тусдаа амьдрах болсон үеэс хүү С.И нь эх Д.С-ийн асрамжинд өсч, торниж байгаа нөхцөл байдлын талаар талууд маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэнэ.
Түүнчлэн хүү С.И-д эцэг Г.Б-гаас тэтгэлэг гаргуулж олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүд болон хүүхдийн эрх ашигт нийцнэ.