Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2019/02637/И |
Дугаар | 001/ХТ2021/01302 |
Огноо | 2021-10-29 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2021/01302
2021 10 29 001/ХТ2021/01302
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/00254 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар магадлалтай,
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
“Э” ТӨҮГ-т холбогдох
“Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020.08.28-ны Б/1499 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож Б.Б-ийг “Э” ТӨҮГ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 81,614,000 төгрөг, төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсарч ажилласны нэмэгдэл хөлс 41,650,708.52 төгрөг, 2014-2020 оны Хамтын гэрээний дагуу олгох үр дүнгийн урамшуулал 93,872,619.41 төгрөг, 2014.07.01-ний 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох еврогийн нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу 117,803,760 төгрөг бүгд 334,941,087.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
1. Б.Б нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/00254 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-ийг “Э” ТӨҮГ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Э ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, Төлөөлөгчийн газрын даргыг орлон, хавсран ажилласны нэмэгдэл нийт 148,848,576 төгрөгийг “Э үйлдвэр” ТӨҮГ-с гаргуулан Б.Б-т олгож, нэхэмжлэлээс үр дүнгийн урамшуулал, 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу авах нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу нийт 191 092 111 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/00254 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хянуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдээр энэ гомдлыг гаргаж байна. Нэг. Хуулийн 172.2.1 “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлийн талаар.
1.1. Б.Б нь 2013.10.07-оос /1131 тоот хөд.гэрээ /Э үйлдвэрийн Москва дахь Төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажилласан ба 2019.08.29-нд тус газрын тэргүүлэх менежерийн ажилд шилжих хүртлээ:
-Ажлын үр дүн, үнэлгээ хангалтгүй,
-Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан,
-Өөрөө хүсэлт гаргасан зэрэг ажил албан тушаал, ажлын байр өөрчлөх, өөр ажилд шилжүүлэх ажил олгогч болон ажилтнаас шалтгаалсан ямар нэг зүйл бий болоогүй, хариуцагч ийм баримт үндэслэлийг шүүхэд гаргаагүй байна.
1.2.Гэтэл үйлдвэрийн удирдлага түүнд “Дээрээс Москвад байж эмчлүүлэх шаардлагатай хүнийг томил гэж шахаад байна, цалин хөлс, нөхцөлийг чинь бууруулахгүйгээр тэргүүлэх менежерийн ажилд ажиллуулъя”, “Гэрээг нэг нэг жилээр сунгаад явна” гэсэн санал тавьсныг удирдлагатайгаа зөрчилдөөнд хүрэхгүй байх, өөрийнх нь хийж гүйцэтгэж ирсэн ажил, цалин хөлсөд нөлөөлөх өөрчлөлт орохгүй тул Б.Б зөвшөөрсөн ба энэ байдлаа шүүхэд хангалттай тайлбарласан.
1.3.Дээрх нөхцөл байдал нь Б.Б-тай 2019.08.29-нд 56/19/01 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулаад дараа нь 2019.09.19-нд Ерөнхий захирлын А/809 тоот тушаалаар батлагдсан журам, түүний хавсралтаар “Тэргүүлэх менежер”-ийн ажлын байрыг баталгаажуулсан ба энэхүү тушаал, түүний хавсралт одоо хүртэл хүчинтэй, Б.Б-ийн гэрээг дуусгавар болгосон Б/1499 тоот тушаал гарах, Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх маргаан шийдвэрлэх хүртэл хүчингүй болсон, өөрчлөлт орсон зүйлгүй /Хэрэгт тийм тушаал шийдвэр авагдаагүй/ байгаагаар батлагдана. Б.Б Б/1499 тоот тушаалаар гэрээ дуусгавар болох хүртэл Төлөөлөгчийн газрын даргын цалинтай адил цалин хөлс авч байсан, С.Болдбаатар 2019.12-р сард нас барсан байдал хэрэгт баримтаар авагдсан. Эдгээр үйл байдал нь Б.Б-ийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож байгаа, анхан шатны шүүх дүгнэлт хийсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-д заасан “Тэргүүлэх менежер”-ийн ажлын байр байнгын ажлын байр бөгөөд талууд тохиролцсоноор байнгын ажлын байранд жил бүр сунгагдах нөхцөлтэй гэрээ байгуулсан гэх үндэслэлийг хангалттай бий болгож байгаа болно. Энэ үндэслэлийг баримттай няцаасан тайлбар, үндэслэлийг хариуцагч тал гаргаагүй.
1.4.Гэтэл давж заалдах шатны шүүх 53 тоот магадлалдаа ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар “2019.09.19-нд Ерөнхий захирлын А/809 тоот тушаалаар Төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоо батлагдсаны дараа 2019.08.29-нд 56/19/01 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулсан, энэ гэрээний талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдол, хүсэлт гаргаагүй гэж нотлох баримтыг гуйвуулж /магадлалын 14 дэх тал/, хуулийн зохицуулалтыг тэс хөндлөн тайлбарлажээ.
1.5. Б.Б-тай байгуулсан 56/19/01 тоот Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр энэхүү гэрээг дуусгавар болгоно гэсэн нь гэрээ дуусгавар болох хуулийн 8 үндэслэлийг багтаасан нийтлэг, ерөнхий зохицуулалт бөгөөд тухайн гэрээнд онцлон хэрэглэх гэж байгаа бол ажилтанд ойлгомжтой байдлаар тухайлан заах ёстой. Ер нь Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 37 дугаар зүйлийг нийтлэг байдлаар дурдах нь түгээмэл байдаг. Харин түүнийг хэрэглэж ажилтны эрх, ашиг сонирхлыг хөндөхдөө тухайлсан заалтын тухай ярьдаг. Энэ хэргийн маргааны гол үндэслэл нь Б.Б-ийн ажиллаж байсан ажлын байр байнгын ажлын байр байсан, үүнийг баталгаажуулсан А/809 тоот тушаалд өөрчлөлт ороогүй тухай асуудал юм. Дээрх байдлуудаас үзэхэд давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хуулийг ерөнхий байдлаар, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
1.6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 00254 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноороо ажилгүй байсан хугацааны олговроос гадна хөдөлмөрлөх эрхийн хүрээнд дутуу авсан нэмэгдэл хөлс, нэмэгдэл, жилийн үр дүнгийн урамшууллын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа хууль зүйн үндэслэлийг 53 тоот магадлалд огт заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, Хамтын гэрээгээр зохицуулсан ажилтны нэмэгдэл, урамшуулал авах эрх, хөдөлмөрийн үр дүнг хууль бусаар хязгаарлан хохироож, шүүх зөрчигдсөн эрхийг хамгаалах, иргэн хамгаалуулах Үндсэн хуулийн 16-ийн 14 дэх заалт болон Шүүхийн тухай хуулийн 4.1.2-т заасан зарчмыг зөрчиж байна. Ажилд буцаан тогтоох үндэслэлгүй гэж үзвэл эдгээр олговроос бусад эрхээ хамгаалуулах явдал нь хаагдахгүй нээлттэй үлдэх ёстой.
Хоёр. Хуулийн 172.2.2 “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлийн талаар. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийн хариуцагчид давуу байдал олгож шүүхийн өмнө эрх тэгш мэтгэлцэн оролцох эрхийг зөрчсөн. Үүнд:
2.1.Энэ хэргийн анхан шатны шүүх хурал 2021.03.09-нд болсон. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаанд албажиж 2021.03.24-нд бэлэн болсныг шүүх мэдэгдэж нэхэмжлэгч мөн өдөр гардан авсан. Энэ хэргийн хариуцагч нь “Э” ТӨҮГ гэх хуулийн этгээд бөгөөд шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд гардан авах боломжтой. Гэтэл шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4-т заасан хугацаанд гардан авалгүй 14 хоносон тул шүүх шуудангаар хүргүүлжээ. Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа дуусгавар болсон тул мөн хуулийн 119.7-д заасан нөхцөл 4 дүгээр сарын 7-ны өдрөөр бий болж шүүх хэргийг 2021.04.08-нд 399 тоот бичгээр давж заалдах шатны шүүхэд хүргүүлж Ерөнхий шүүгчийн 2012.04.09-ний 64 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэр албажжээ.
2.2. Гэтэл хариуцагч “Э” 2021.04.15-нд давж заалдах гомдол ирүүлснийг анхан шатны шүүх мөн өдрөөр хүлээн авч 2021.04.16-ны 434 тоот бичгээр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Хариуцагчийн төлөөлөгч бүрдэл дутуу баталгаажаагүй “Тусгаарлалтын баталгааны хуудас”, “Эмнэлгийн хуудас” хавсарган гар бичмэлээр 2021.03.24-өөс 2021.04.12-ныг дуусталх хугацааг /Юуны хугацаа нь ойлгомжгүй/ сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг өргөдөлдөө хавсаргажээ. Уг нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол эмнэлгийн истор, байгууллагын цагийн бүртгэл, тусгаарлах байрны бүртгэл гэх зэрэг баримтаар нотлох бүрэн боломжтой. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.3-т заасан ажиллагаа хийгдээгүй, хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй гомдлыг анхан шатны шүүх хүлээн авч шилжүүлэн давж заалдах шатны шүүх мөн хүлээн авчээ.
2.3.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ байдлыг болон хуулийн үндэслэлийг танилцуулж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэх ёсгүй гэдгийг тайлбарлаж хүсэлт гаргасан боловч давж заалдах шатны шүүх 2021.05.20-ны 14 тоот тогтоол гаргахдаа “Хариуцагч 2021.04.15-нд давж заалдах гомдол гаргасан нь хугацаандаа байна” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.5, 119.7, 120.3 дахь заалтыг буруу ойлгон хэргийн оролцогч хариуцагч талд хууль бусаар давуу байдал олгожээ. Ийм улаан цайм юм шүүхэд байж болохгүй.
2.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ зөрчил нь ноцтой бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Учир нь: Хэрвээ хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхээс шүүх татгалзсан бол нэхэмжлэгч тал давж заалдах гомдлоосоо татгалзахаар итгэмжлэгч Б.Б төлөөлөгчид саналаа илэрхийлсэн байсан бөгөөд 00254 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болох байсан.
Гурав. Хуулийн 172.2.3 “Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлийн талаар.
3.1.Маргааны гол зүйл нь Б.Батхуягийн ажиллаж байсан ажлын байр байнгын уу, түр ажлын байруу гэдэг асуудал, Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан үндэслэлээр талууд хүсэл зориг нэгдэн байгуулсан уу гэдэг асуудал. Хуулийн 23.2.2 дахь заалтад “...талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” гэж томьёолсон ба энэхүү тохиролцооны хэлбэр, агуулгыг Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт “...Харин энэ зүйлийн 23.2.2,-т дээрх гэрээг “талууд харилцан тохирлцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино.” гэж тодорхой тайлбарласан, анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх Ерөнхий захирлын Б/2622 тоот тушаалаар ажил олгогч ажилтны хооронд түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ гэж хуульд байхгүй түр гэрээ гэсэн дураараа дүгнэлт хийсэн нь хууль бус байна.
3.2.Давж заалдах шатны шүүх Ерөнхий захирлын 2020.05.27-ны өдөр баталсан Москва дахь Төлөөлөгчийн газрын газрын тэргүүлэх менежерийн орон тоо хасагдсан гэсэн дүгнэлт хийхдээ:
-Уг орон тоог тушаалаар баталсан А/809 тоот тушаал/хэргийн 92-100 тал/ өөрчлөгдөөгүй,
-Энэ хувиар гэгч нь “Э-ийн дүрэм” /хэргийн 113-118 дахь тал/-ийн 5.1.1 дэх заалтад нийцээгүй,
-Б.Б-ийг чөлөөлсөн Б/1499 тоот тушаал энэ үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр гараагүй,
-Ерөнхий захирлын 2017.10.17-ны ХБ-113-14/998 тоот Э-ийг төлөөлөх “Ерөнхий итгэмжлэл” /хэргийн 159 дэх тал/ Б/1499 тоот тушаал гарах үед хүчинтэй байсан,
-Корона вирусын... сөрөг нөлөөллийг бууруулах тухай 2020.04.29-ний хуулийн 13.2.5 дахь заалт /Москва хот хөл хорионд орсон, Монгол,ОХУ-ын хооронд хил хорьсон/ зэрэг нотлох баримт, маргааны үйл байдлыг харьцуулан үнэлээгүй нэг талыг барьсан байна.
3.3.Хариуцагч тал Б.Б-ийн ажлыг яагаад өөрчлөх болсон, уг ажлын байр яагаад “түр ажлын байр” болох, цалин хөлсийг хэвээр хадгалсны учир, яагаад орон тоо хасагдсан /Хөд.хууль 40.1.1/ үндэслэлээр Б/1499 тоот тушаалын үндэслэлийг нотлоод байгаагаа үндэслэлтэй тайлбарлаж нотлох баримт гаргаж мэтгэлцэх ёстой боловч ийм зүйл болоогүйд анхан шатны шүүх зөв дүгнэлт өгсөн. Иймд хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж магадлалыг хүчингүй болгон, шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангасан нэмэлт өөрчлөлт оруулж зөвтгөнө үү. Дашрамд дурдахад: Б.Б хуульд заасан тэтгэврийн нас хүрсэн учир хөдөлмөрийн эрхээ хуулийн дагуу сэргээлгэж, уг эрхтэйгээ холбоотой олговор, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллаа аваад зохих хөнгөлөлтөө эдлэн тэтгэвэртээ гарах боломжтой гэжээ.
5. Хариуцагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурь илэрхийлжээ
6. Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2021.09.17-ны өдрийн 001/2021/00455 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
1.Магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоос хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж, гомдлын үлдэх хэсгийг хангахгүй орхих хуулийн үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан “Э” ТӨҮГ-ын Москва хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020.09.01-2021.02.22 хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор 81,614,00 төгрөг, Төлөөлөгчийн газрын даргыг орлон, хавсран ажилласны нэмэгдэл хөлс 41,650,708 төгрөг, хамтын гэрээний дагуу 2014-2020 оны үр дүнгийн урамшуулал 93,872,619 төгрөг, 2014.04.14-ний 45/234 дугаар нэмэлт гэрээний дагуу нэмэгдэл /нийгмийн/ 117,803,760 төгрөг нийт 334,941,087 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. /1 дүгээр хавтас 1-7,25,101-103/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.
3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-ийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, нэмэгдэл хөлс нийт 148,848,576 төгрөгийг “Э” ТӨҮГ-с гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэлт хийсэн боловч нэмэгдэл хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулж, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.
4. Анхан шатны шүүх Б.Б-ийн ажлын байр байнгын ажлын байр, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. Үүнд:
4.1 Хугацаагүй байгуулах ёстой гэрээг хугацаатай байгуулсан эсэх эсвэл хугацааг тохирч тогтоосон эсэх, ажилтны ажлын байр байнгын орон тооных мөн эсэх талаар дүгнэлт хийж, зөрчигдсөн ажилтны эрхийг сэргээх тохиолдолд тухайн ажлын байр бодитой байгаа эсэх зэрэг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны бүхий л нөхцөлүүдийг харгалзан хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоох эсэх үр дагаврыг шийдвэрлэнэ.
4.2 Б.Б нь 2013 оноос “Э” ТӨҮГ-ын Москва хот дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байгаад 2019.08.28-ны өдрийн Б/2622 дугаар тушаалаар тэргүүлэх менежерийн ажилд томилогдож, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан, 2020.08.28-ны өдрийн Б/1499 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
4.3 Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8.4.-т ...гэрээг 1 жилийн хугацаатай байгуулав, 7.1.-д Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэн энэхүү хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж тусгаж, талууд гарын үсгээ зуржээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол гэрээ дуусгавар болдог байна.
Байнгын ажлын байр нь “ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ” гэж мөн хуулийн 3.1.15-д тайлбарласан.
Нэхэмжлэгчийн ажиллаж байгаа байгууллага нь “Э” ТӨҮГ-ын ОХУ дахь Төлөөлөгчийн газар буюу үндсэн байгууллага бус төлөөлөгчийн газар тул түүний албан тушаал “байнгын ажлын байр” гэх шинжийг бүрэн агуулсан гэж үзэхэд учир дутагдалтай, ямар шалтгаанаар ийнхүү гэрээг хугацаатай байгуулж буйг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй хэдий ч талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаа тохирсныг буруутгах боломжгүй юм. Б.Б нь “Э” ТӨҮГ-ын ОХУ дахь Төлөөлөгчийн газрын даргын ажилд орохоосоо өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байгаагүй ба улмаар тэргүүлэх менежерийн ажилд орохдоо гэрээг хугацаатай байгуулсанд гомдол гаргаагүй байв.
Түүнчлэн, Байгууллагын эрх зүйн байдал, ажлын байрны онцлог, байршил, албан тушаалын чиг үүргээс үзвэл талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д заасан “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулах шаардлагыг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолоос зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй байна.
5. “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020.08.28-ны өдрийн Б/1499 дүгээр тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйл, 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8.4, Гадаад харилцааны бодлогын газрын даргын 2020.08.25-ны өдрийн 128/130 тоот албан бичгийг баримталж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. Уг тушаалд зааснаар Б.Б-тай байгуулсан гэрээний хугацаа дуусч байгаа гэх үндэслэлээс гадна ажил олгогчийн 2020.05.27-ны өдөр баталсан Москва дахь Төлөөлөгчийн газрын орон тооны хуваарийн дагуу бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн эрхэлж байсан тэргүүлэгч менежерийн орон тоо хасагдсан гэсэн тул гэрээг сунгах боломжгүй гэж үзсэн агуулгатай байхад анхан шатны шүүх гэрээг дуусгавар болгосон дээрх хоёр үндэслэлийг бус зөвхөн хугацаа тогтоосон талаар буюу нэг үндэслэлийг эрх зүйн хувьд дүгнэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.
Нэхэмжлэгчийн ажиллаж байх үеийн Төлөөлөгчийн газрын орон тоо бүтцийг үзвэл дарга, тэргүүлэх менежер, нягтлан бодогч, менежер, аж ахуйн ажилтан гэсэн 5 орон тоотой байсан ба Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн 2020.05.28-ны өдрийн тушаалаар дарга, нягтлан бодогч, менежер гэсэн 3 орон тоотой болж, тэргүүлэх менежер, аж ахуйн ажилтан гэсэн 2 орон тоо хасагджээ. /хх-73,76,100, 231, 232/
Ажил олгогчийн зүгээс орон тоо хасагдах болсон талаар 2020.06.15-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгджээ. Аливаа байгууллага өөрийн үйл ажиллагааг ямар бүтцээр явуулах, ажилтнуудынхаа ажил үүргийг хэрхэн хуваарилах, ажлын зохион байгуулалтыг өөрчлөх нь тухайн байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд төлөөлөгчийн газрын орон тоо, бүтцийг баталсан ажил олгогчийн шийдвэр ажилтны хөдөлмөрлөх эрх, Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон журам, зарчмыг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй, уг шийдвэр нь хүчин төгөлдөр, ажил олгогчийн шийдвэрээр нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдсан тул ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна.
Эрх зүйн эдгээр асуудлыг бүрэн дүгнээгүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нэхэмжлэлээс “ажилд эгүүлэн тогтоох, олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй” болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
6. Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн, энэ зөрчлийг залруулах нь хяналтын шатны шүүхийн үүрэг болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” гэж заажээ.
Б.Б нь тэргүүлэх менежерийн албан тушаалд ажиллаж байхдаа 2019.12.19-нөөс Төлөөлөгчийн газрын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан нь тогтоогдсон ба 2019.12.19-2020.07.07 хүртэл хугацааны нэмэгдэл хөлс 41,650,708 төгрөгийг нэхэмжилсэн.
Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үйл баримтыг зөв дүгнэсэн боловч нэмэгдэл хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй, анхан шатны шүүх хуулийн уг хэм хэмжээг хэрэглэсэн нь үндэслэлтэй боловч хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүйгээс тус тус хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ албан тушаал хавсран ажилласан тул ажил олгогч ажилтанд нэмэгдэл хөлс олгох үүрэгтэй бөгөөд Б.Б нь албан тушаал хавсран ажилласан, нэмэгдэл хөлс олгох урьдчилсан нөхцөл тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон буюу нэмэгдэл хөлс олгоход хамаарахгүй үйл баримтад хамааруулж уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Нэмэгдэл хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргасан эсэх талаар:
7.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий болон тусгай зохицуулалт юм. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж, 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж тусгай хугацааг тус тус заажээ. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг. Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон эсвэл сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг нотлоогүй байна.
Нэхэмжлэгч хэд хэдэн шаардлага гаргасан, шаардлага тус бүрт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа өөр өөр байж болох бөгөөд нэмэгдэл хөлсний тухайд эрх зөрчигдсөн үеэс 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах байтал нэхэмжлэгч нь 2020.09.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2020 оны 6 сараас өмнөх хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, харин хугацаандаа байгаа 2020 оны 07 сард буюу 07 сарын 7 хүртэл 5 хоног хавсран ажилласны нэмэгдэл хөлс буюу 3,348,164 төгрөгийг шаардах эрхтэй, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.
8.Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2014 оны хамтын гэрээний 3.17, 2016-2020 оны хамтын гэрээнд зааснаар 2014-2020 оны үр дүнгийн урамшуулалд 93,872,619 төгрөг, 2014.07.01-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу нэмэгдэл, нэмэгдэл хөлс 117,803,760 төгрөгийг тус тус шаардсан боловч ажил олгогч энэ хугацааны урамшуулалд 20,233,466 төгрөгийг олгосон баримтыг шүүхэд ирүүлсэн, нэмэгдэл нь Төлөөлөгчийн газрын даргаар ажиллах үеийн буюу уг албан тушаалын дагуу байгуулсан нэмэлт гэрээ байх ба өөр ажилд орсноор өмнөх хөдөлмөрийн гэрээ, нэмэлт гэрээ мөн адил дуусгавар болсон учир нэмэгдэл шаардах эрхгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрт тавигдах хэлбэрийн шаардлагыг хуульчилсан бөгөөд энэ нь давж заалдах, хяналтын шатны шүүхэд ч хамаарна. Хуулийн 118.5-д зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, ямар нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснийг тодорхой заах шаардлагыг давж заалдах шатны шүүх баримтлаагүй байх тул мөн залруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар магадлалын 1 дэх заалтад “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Э” ТӨҮГ-аас 2020 оны 7 сарын 01-нээс 07 сарын 07 хүртэл хугацааны нэмэгдэл хөлс 3,348,164 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлээс “Э” ТӨҮГ-ын Москва хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020.09.01-2021.02.22 хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор 81,614,00 төгрөг, Төлөөлөгчийн газрын даргыг орлон, хавсран ажилласны нэмэгдэл хөлс 38,307,544 төгрөг, хамтын гэрээний дагуу 2014-2020 оны үр дүнгийн урамшуулал 93,872,619 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний 45/234 дугаар нэмэлт гэрээний дагуу авах нэмэгдэл нийт 334,941,087 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 1,216,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР