Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0827

 

 

 

 

 

 

2021 12 07 128/ШШ2021/0827

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Г-с ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С

Гомдлын шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 029**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Р.Н, хариуцагч Т.С, Ц.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нар удирдах дээд байгууллагын албан бичгийн дагуу манай компанийн 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 029**** тоот шийтгэлийн хуудсаар 2016 онд 560**** регистрийн дугаартай Т Ө констракшн ХХК-аас бараа материал худалдан авах 688,***,***.** төгрөгийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авсан мэтээр хуурамч бичилт хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;, 18.1.4. хууль тогтоомжид заасан бусад үүрэг; гэж заасныг, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх, 4.1.2-д санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 68,***,***.** төгрөгийн нөхөн татвар, 20,***,***.** төгрөгийн торгууль, 16,***,***.** төгрөг алданги нийт 106,***,***.** төгрөгийн төлбөр ногдуулсан.

Манай компанийн хувьд 2016 онд Улаанбаатар төмөр зам ХХН-тэй цахилгаан хөдөлгүүр засварлах гэрээ байгуулсан. Гэрээт ажлын дагуу Т Ө констракшн ХХК-тай бараа материал худалдан авах тухай 1,***,***,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 1,***,***,000.00 төгрөг/-ийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, гэрээний дагуу бараа материалыг хүлээн авч, худалдан авалтын тооцоог нийлж, 2016 онд нийт 522,***,000.00 төгрөгийн /НӨАТ-гүй дүн 475,***,***.06 төгрөг/ кассын зарлага буюу бэлэн мөнгөөр, харилцах дансаар 6*,000,000.00 төгрөг, 2017 онд 66*,000,000.00 төгрөг нийт 7**,000,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 661,***,***.** төгрөг/-ийн төлбөрийг барагдуулж, 235,***,***.** төгрөг /НӨАТ-гүй дүн 213,***,***.** төгрөг/-ийн төлбөрийг барагдуулаагүй тооцоо нийлсэн актыг хавсаргаж, Татварын ерөнхий хуулийн 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх, 4.1.2-д санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан зэрэг анхан шатны баримтын дагуу бүртгэлээ хийж, тайлагнасан.

Гэтэл тухайн хяналт шалгалтаар нийт гэрээний 1,***,***,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 1,***,***,000.00 төгрөг/-ийн дүнгээс худалдан авалтын төлбөр төлөлтийн хувьд харилцах дансаар хийгдсэн 7**,000,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 661,***,***.** төгрөг/-ийн гүйлгээг бодит худалдан авалт гэж үзэж, бэлнээр хийгдсэн буюу кассын бэлэн мөнгөөр хийгдсэн 522,***,000.00 төгрөгийг /НӨАТ-гүй дүн 475,***,***.06 төгрөг/, барагдуулаагүй төлбөр болох 235,***,***.** төгрөг /НӨАТ-гүй дүн 213,***,***.** төгрөг/ нийт 7**,***,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 688,***,***.** төгрөг/-ийн гүйлгээг хуурамч бичилт хийсэн гэж үзэж төлбөр ногдуулсан нь хууль, эрх зүйн үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байгаа тул 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 029**** тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Иргэний хууль болон бусад Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар аливаа хуулийн этгээд бичгээр болон амаар гэрээ хэлцэл хийх эрхтэй. Иргэний хууль гэрээг заавал бичгээр байгуулснаар хүчин төгөлдөрт тооцогдоно. Мөнгөн төлбөрийг үүргийг дансаар болон бэлнээр хийж болно гэсэн байдаг. Тэгэхээр татварын улсын байцаагч дансаар хийсэн гүйлгээг үнэн зөв хийгдсэн гэж үзэж бэлнээр авагдсан хоёр талын бараа материал өгч авсан баримтыг хууль бус буюу хуурамч гэж үзэж татварын акт ногдуулсан. Хуурамч гэж үндэслэж байгаа баримт нь шийтгэлийн хуудас гарах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Татварын улсын байцаагч нар татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ хуульд нийцсэн бүрэн тодорхой шийтгэлийн хуудас бичиж байгаа бол ямар нэг баримт нотолгоо дээр үндэслэж тогтоогдсон байх ёстой. Гэтэл шийтгэлийн хуудас дээр дурдаж байгаа хуурамч, татварт ногдох орлогоос зайлсхийсэн гэж үзэж байгаа нь төрийн эрх бүхий байгууллага болон хөндлөнгийн этгээд тогтоогдоогүй улсын байцаагч нарын хувийн итгэл үнэмшил буюу баримтад тулгуурлаагүй шийтгэлийн хуудас ногдуулсан гэж үзэж байгаа тул уг актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тухайн улсын байцаагч нарын тавьсан шийтгэлийн хуудас нь үндэслэл бүхий болон эргэлзээгүй байх гэсэн шаардлагыг хангахгүй байна. Мөн шүүх хуралдааны явцад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гаргасан байна гэж үзэж байна. Энэ нь тогтоогдох боломжгүй байна учир нь Т Ө констракшн ХХК нь уг борлуулалтыг тайландаа тусгаагүй байна гэсэн тухай баримтаа гаргаж өгөөгүй. Гомдол гаргагч компанийг 688 сая төгрөгийн акт тавьсан нь огт үндэслэлгүйгээр ногдуулсан байна гэжээ.

Хариуцагч Ц.Б, Т.С нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.С, Ц.Б бид 52******* регистрийн дугаартай, цахилгаан хөдөлгүүр угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Г-с ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07/9** дугаар албан тоот, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 26180400198 томилолтын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэрэгжилтэд санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд тулгуурлан Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд татварын хяналт шалгалтын ажиллагааг хийж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 26029**** тоот шийтгэлийн хуудсаар 68,***,***.** төгрөгийн нөхөн татвар, 20,***,***.** төгрөгийн торгууль, 16,***,***.** төгрөгийн алданги нийт 106,***,***.** төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын хяналт шалгалтаар нийт 688,***,***.** төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч ... үүрэг хүлээнэ:, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, 18.1.14-д хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

2016 онд 560**** регистрийн дугаартай Тансаг өргөө констракшн ХХК-аас бараа материал худалдан авах 1,***,***,000.00 төгрөгийн /НӨАТ-гүй дүн 1,***,***,000.00 төгрөг/ гэрээ хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтаар хасалт хийж, тайлагнасан байна. Үүнээс 2016 онд тус байгууллагын харилцах дансанд 6*,000,000.00 төгрөг, 2017 онд 66*,000,000.00 төгрөг нийт 7**,000,000.00 /НӨАТ-гүй дүн 661,***,***.** төгрөг/ төгрөгийн төлөлтийг харилцах дансаар хийсэн байна. Бэлэн мөнгөөр буюу кассаар 7**,***,000.00 төгрөг /НӨАТ-гүй дүн 688,***,***.**/-ийн худалдан авалтыг хийгдсэн гэж тайлагнасан.

... Т Ө констракшн ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд бараа материал худалдан аваагүй, импортлоогүй атлаа авсан мэтээр тайлагнасан, худалдан авсан бараа материалгүй атлаа их хэмжээний бодит бус борлуулалт хийсэн гэж үзэж байгаа тул Г-с ХХК-ийн санхүү, татварын тайлан нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

... Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар энэ гомдлыг хянан хэлэлцэж татварын улсын байцаагч бидний шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэн 057 болон 09 тоот тогтоол гаргасан.

Иймд татварын улсын байцаагч Т.С, Ц.Б нарын хуулийн хүрээнд гаргасан 26029**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох талаар гаргасан Г-с ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газраас гаргасан удирдамж хяналтын дагуу тус компанийн 2016 оны татварын санхүүгийн бичиг баримтад хяналт шалгалт хийгээд гомдол гаргагчийн дурдсан зөрчлийн илрүүлж зөрчилд акт тавьсан. Уг актаар тавигдсан дүн нь 1,***,***.*** орчим байгаа. Энэ компани зүгээс борлуулалтаар хийгдсэн дүнг зөрчилд тооцоогүй хассан гэх кассаар хийсэн гэж ярьж байгаа 688 сая төгрөгт ногдох төлбөрийг нотлогдохгүй байгаа учир зөрчилд тооцож тухайн зөрчилд торгууль, алданги, нөхөн татвар 106 сая төгрөгийн татвар ногдуулсан. Энэ асуудлыг гомдол гаргагч компанийн зүгээс Нийслэлийн Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тухайн асуудлаар маргаан таслах зөвлөлөөс улсын байцаагчдын гаргасан акт нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байна гэдэг шийдвэрийг гаргасан үүнийг эс хүлээн зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Улсын байцаагч нарын зүгээс хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ санхүүгийн болон бусад холбогдох нотлох баримтыг шалгасны үндсэн дээр тухай актыг тавьсан учир хууль зөрчиж хууль бусаар гүтгэж акт тавьсан зүйл байхгүй. Иймд Г-с ХХК-ийн зүгээс тавьсан актын хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хяналт шалгалтын ажлыг хийгээд 1,***,***.*** төгрөгийн 661 сая төгрөгийн гүйлгээ нь нотлогдож, үлсэн 688 сая төгрөгийг борлуулалт нь нотлогдохгүй байсан учир шийтгэл хуудас ногдуулсан гэдгээ тайлбарласан. Татварын ерөнхий хуулийн нийтлэг хуулийн дагуу шуудангаар хүргүүлсэн гарын үсэг зуруулаагүй асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Манайхаас утсаар мэдэгдсэн харин утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж хавсаргаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ шүүхийн шийдвэр гарахад ач холбогдолтой биш гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Г-с ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 029**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах[1] тухай шаардлага бүхий гомдлыг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[2] хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нар нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07/9** дугаар албан тоот, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 26180400198 дугаар томилолтын дагуу Г-с ХХК-ийн 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийжээ.

Тус хяналт шалгалтаар 2016 онд 560**** регистрийн дугаартай Т Ө констракшн ХХК-аас 688,***,***.** төгрөгийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авсан мэтээр хуурамч бичилт хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ;, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;, 18.1.4. хууль тогтоомжид заасан бусад үүрэг; гэж заасныг, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх, 4.1.2. санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3. Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7. Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр маргаан бүхий 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 26029**** дугаар шийтгэлийн хуудсаар 68,***,***.** төгрөгийн нөхөн татвар, 20,***,***.** төгрөгийн торгууль, 16,***,***.** төгрөг алданги нийт 106,***,***.** төгрөгийн төлбөр ногдуулжээ.[3]

Гомдол гаргагч Г-с ХХК-аас дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Татварын Ерөнхий газар болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлүүдэд гомдол гаргаж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар, Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр тогтоолуудаар маргаан бүхий улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 26029**** дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна[4].

Гомдол гаргагч Г-с ХХК-аас Т Ө констракшн ХХК-тай байгуулсан гэрээний дагуу харилцах дансаар төлснөөс гадна 2016 онд 522,***,***.** төгрөгийн төлөлтийг кассын зарлага буюу бэлэн мөнгөөр, 235,***,***.** төгрөгийг барагдуулаагүй тул тооцоо нийлсэн акт үйлдсэн байхад хуурамч бичилт хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, хариуцагч нараас 688,***,***.** төгрөгийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авч төлбөр төлсөн нь баримтаар нотлогдоогүй гэж тус тус маргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл. Холбогдогч, 3.1 дүгээр зүйлийн 2. Холбогдогч дараахь эрхтэй:, 2.7. өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, 2.9. зөрчлийн хэрэгтэй танилцах, 7.2 дугаар зүйл.Шийтгэл оногдуулах шийдвэр, 7.2 дугаар зүйлийн 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна, 6. Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэл болон зөрчлийн хэрэгтэй танилцах эрхтэй байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлэх үүрэгтэй байна.

Маргаан бүхий тохиолдолд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч нар нь холбогдогчийн хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлээгүй мөн маргаан захиргааны актыг хуульд заасан журмын дагуу танилцуулж, гардуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаас үзвэл, холбогдогчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 03 дугаар тэмдэглэл, Г-с ХХК-ийн дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тооцоо, Татварын улсын байцаагчийн 26029**** тоот актыг танилцуулсан болон гардуулсан тэмдэглэл, Шийтгэлийн хуудсын хувийг гардуулсан тухай тэмдэглэл зэрэгт холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г*******өөр гарын үсэг зуруулаагүй байна.

Хариуцагч нарын зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ажиллагаануудыг утсаар ярьж хийж байсан гэх тайлбарыг гаргадаг боловч энэ талаарх баримт зөрчлийн материалд болон шүүхэд гаргаж өгсөн тайлбар, түүнд хавсаргасан баримтуудад энэ талаарх баримтууд авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч нар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс[5] хойш буюу 3 хоногийн дараа 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г-с ХХК-ийн гүйцэтгэх захирал, зөрчилд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г*******өөс мэдүүлэг авсан байх бөгөөд ингэхдээ байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хаяг, ажилчдын тоо, сарын дундаж цалин зэрэг ерөнхий мэдээллийг асууж тодруулжээ[6].

Харин 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа гомдол гаргагч Г-с ХХК-ийн гүйцэтгэх захирал, зөрчилд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г*******т танилцуулаагүй байна.

Мөн түүнчлэн, гомдол гаргагч кассын зарлага буюу бэлэн мөнгөөр төлбөр төлсөн болон барагдуулаагүй төлбөрт тооцоо нийлсэн акт үйлдсэнтэй холбоотой баримтуудыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн, хариуцагч нар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус баримтуудыг гаргаж өгөөгүй гэж маргадаг.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа талуудын баримт хүлээлцсэн акт[7] хэрэгт авагдсан байх боловч тус актад 1. 2016 оны 1-ээс 12 дугаар сарын тайлан, 2. Худалдан авалтын дэвтэр 2016 оны 01-ээс 12 дугаар сар, 3. Гэрээнүүд гэснээс үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэдэн хуудас, ямар материалыг зөрчилд холбогдогчоос гаргаж өгч шалгуулсан, холбогдогчоос гаргаж өгсөн баримтуудад одоо гаргаж өгсөн, өгөөгүй гэж маргаж буй баримтууд байсан эсэх нь тодорхойгүй байх тул энэ үйл баримттай холбоотой асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч нар нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн оролцоог хангаж, эрхийг бүрэн эдлүүлээгүй, маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан журмын дагуу танилцуулж, гардуулаагүй байх бөгөөд мөн холбогдогчийн анхан шатны хэдэн төрлийн ямар, ямар баримтуудыг шалгаж, маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн нь тодорхойгүй байх тул уг асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, Т.С нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 029**** дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана. гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7, 2.9, 7.2 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 029**** дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 
 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 6-7 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 68-69 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 84 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 17-23 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтас 157 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтас 161-162 дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтас, 8 дугаар хуудас