| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0602/з |
| Дугаар | 221/МА2025/0182 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0182
“С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Г, Б.Л, Ц.У
Нэхэмжлэгч: “С-У” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал,
үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ч
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төв
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “С-У” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 05-2231003-24-I30002R, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05-2231003-24-I30264R дугаар мэдүүлгүүдийн “барааны ангиллын кодыг 9021.90.00 болгон засаад илгээ”, Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ч-ийн “код буруу байна” гэх аман шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1021 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, Н.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Л, Ц.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0602/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С-У” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ч, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвд тус тус холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “С-У” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 05-2231003-24-I30002R, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05-2231003-24-I30264R дугаар мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг 9021.90.00 болгон засаад илгээ”, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чийн “код буруу байна” гэх аман шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1021 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 63 дугаар зүйлийн 63.1.2, “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” Олон улсын конвенцийн 10 дугаар зүйлийн 2, 18 дугаар зүйл, Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “С-У” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 05-2231003-24-I30002R, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05-2231003-24-I30264R дугаар мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг 9021.90.00 болгон засаад илгээ”, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чийн “код буруу байна” гэх аман шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрт Гаалийн тухай хуулийн 2681 дугаар зүйлийн 2681.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлий 21.2-т заасныг илт үгүйсгэсэн буюу нийцээгүй дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүхийн баримталсан Гаалийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт нь хуулийн Зургадугаар дэд бүлэг бөгөөд энэ нь “Бараа мэдүүлэх” гэсэн гарчигтай, барааг мэдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Гэтэл энэ хэрэгт холбогдолтой 2 гаалийн мэдүүлэг нь “Гааль зөвшөөрөв” төлөвтэй буюу гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн барааг эзэнд нь олгон, чөлөөт эргэлтэд байгаа бараатай холбоотой үүссэн харилцаа юм.
3.2. Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн “Чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэ зөвийг шалгах” гэсэн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг үндэслэн шалгасан. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны “Заавар батлах тухай” А/82 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар”-ын 3.5, 3.5.2, 3.6, 3.7 дахь заалтуудыг үндэслэн дээрх 2 гаалийн мэдүүлгийн барааны ангиллын кодод засвар, өөрчлөлт оруулсан. Гэтэл шүүх хуралдаанд оролцуулсан 2 гэрчээс нэхэмжлэгч талаас барааны ангиллын кодын шийдвэртэй холбоотой асуултыг шууд тулган асуусан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 2 гэрчээс тухайн эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, тухайлбал хэрхэн хэрэглэдэг талаарх асуултыг асуух байтал шууд барааны ангиллын кодын шийдвэр гаргуулах асуултыг тавьсан нь алдаатай шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн 2 гэрчээс нэхэмжлэгч талын 05-2231003-24-130002 тоот гаалийн мэдүүлгээр “судас бөглөгч” гэж мэдүүлсэн бараатай холбоотой асуултуудыг л асууж тодруулсан боловч 05-2231003-24-130264 тоот мэдүүлгээр “зүрхний мэс заслын амплатцер” гэж мэдүүлсэн барааны ангиллын кодын шийдвэрийг “судас бөглөгч”-тэй ижил гаргасан.
3.3. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай Олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлд “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (цаашид “Уялдуулсан систем” гэх) гэж энэхүү Конвенцид хавсаргасан зүйл болон мөр, мөн тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий жагсаалт болон Уялдуулсан системийн тайлбар дүрмийг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг. Жагсаалтын дагуу барааг ангилахад Уялдуулсан системийн тайлбар дүрмийг дэс дараалан хэрэглэдэг.
“С У” ХХК-ийн 05-2231003-24-130002, 05-2231003-24-130264 тоот гаалийн мэдүүлгүүдэд хавсаргасан бичиг баримт, БНСУ-ын Engain компанийн болон БНХАУ-ын Lifetech Scientific (Shenzhen) компанийн цахим хуудас дахь мэдээлэл, Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/020 тоот албан бичгийг тус тус үндэслэн Уялдуулсан системийн 1 дүгээр тайлбар дүрмийн дагуу 9021.90.00 кодод ангилах шийдвэрийг гаргасан. Аливаа бараа бүтээгдэхүүнийг ангилахад зүйлийн гарчиг болон хэсэг, бүлгийн тайлбар нь тэргүүн зэргийн ач холбогдолтойг тодорхойлж, эдгээрийг юуны түрүүнд анхаарч үзэх ёстойг тодруулж байгаа юм. Мөн “Олон улсын конвенцийн 5 дугаар ботид тайлбарласан байна” гэсний хувьд Уялдуулсан системийн Тайлбар бичгийн 5 дугаар ботид маргалдаж байгаа Зүйл 90.18 болон 90.21-д ангилагдах барааны талаарх тайлбарын аль аль нь байдаг тул ямар тайлбарыг үндэслэн шийдвэрийг гаргасан нь тодорхойгүй байна.
3.4. Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ч-ийн кодыг нягтлан шалгах талаар Гаалийн ерөнхий газрын дэргэдэх байгууллага болох Бүрдүүлэлтийн цахим төвд өгсөн чиглэл нь дээрх конвенцийн 18 дугаар зүйлд заасан “тайлбар” огт биш юм. Харин гаалийн байгууллагын хуулиар олгосон үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, удирдамж чиглэлээр хангаж ажилласан, гаалийн байгууллагаас гаргасан шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэхэд чиглэсэн үйлдэл юм.
Энэхүү маргаан нь гаалийн байгууллага, гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгжийн хооронд үүссэн маргаан болохоос биш конвенцийн хэлэлцэн тохирогч талуудын хооронд гарсан маргаан гэж үзэж конвенцийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг орхигдуулан шууд 2 дугаар заалтыг үндэслэж заалтыг хэрэглэх үндэслэлгүй, алдаатай дүгнэлт гаргасан байна.
3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан хариу тайлбарыг дутуу, мушгин гуйвуулсан, ойлгомжгүй, үл ойшоосон байдлаар тусгаснаас гадна Олон улсын конвенци, гаалийн тухай хууль тогтоомжийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд “С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтэс, Бүрдүүлэлтийн цахим төвд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. “С-У” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ч, тус газрын Бүрдүүлэлтийн цахим төвд тус тус холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “С-У” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 05-2231003-24-I30002R, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05-2231003-24-I30264R дугаар мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг 9021.90.00 болгон засаад илгээ”, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чийн “код буруу байна” гэх аман шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
2.1. Ингэхдээ нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шаардлагын үндэслэлээ “... гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгч, экспортлогчоос дагалдуулан ирүүлсэн баримт бичгийн дагуу барааны БТКУС-ын кодыг 9018.90.00 гэж мэдүүлсэн учир мэдүүлэгч өөрчлөх буюу зөрүүлэх эрхгүй, хүлээн авагч тал зөвшөөрөөгүй байхад гаалийн байгууллага 9021.90.00 болгон засч илгээ гэж шийдвэрлэснээр төлөх татварт өөрчлөлт орсон” гэж тодорхойлсон.
2.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хувьд татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэгчийн мэдүүлсэн зүрхний амплатцер, судас бөглөгч гэх бараанууд нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн дагуу зүйл 90.21-д хамаарах тул гаалийн бүрдүүлэлт хийж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлж, татвар хураамжийг зөв ногдуулахын тулд барааны кодыг өөрчилсөн, улсын байцаагчийн 01/24 дүгээр дүгнэлтээр зөрчлийг тогтоосон, “код буруу байна” шийдвэрийн хувьд гаалийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж удирдамж чиглэлээр хангаж ажилласан үйлдэл” гэж тайлбарлаж маргасан.
3. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах журмыг буруу хэрэгжүүлж, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь … гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, …үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд … шинжээчийг томилж болно”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагаа явуулна: 56.1.3. хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, ... шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж тус тус заасан.
Эдгээр зохицуулалтыг агуулгаар нь хамтатган тайлбарлавал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
Ингэхдээ хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримтыг тохирох нотолгооны хэрэгслээр бэхжүүлж цуглуулах, хуулиар тогтоосон журмын дагуу бүрдүүлэх нь шүүх нотлох зарчмын агуулгад нийцнэ.
5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “шинжээчийн дүгнэлт гаргуулах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо ... шинжээч томилж тодруулах асуудал нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэсэн атлаа Хавдар судлалын үндэсний төвийн эмч нараас гэрчийн мэдүүлэг авч, нэхэмжлэгч хуулийн этгээдийн мэдүүлсэн эмнэлгийн хэрэгслийн зориулалтыг тодруулах нь нотолгооны ач холбогдлын хувьд боломжтой гэж дүгнээд, нэр бүхий 2 эмчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, ... маргаанд хамаарах эмнэлгийн хэрэгслийн зориулалт, түүний хэрэглэх нөхцөл, үйлчлэлийн талаар болон БТКУС-ын код ангиллын хувьд алинд дүйцэх талаар хариулсан мэдүүлэгт үндэслэн, нэхэмжлэгчийн маргаж буй “код буруу байна, 9021.90.00 болгож засаад илгээ” гэх захиргааны шийдвэр, үйл ажиллагааг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
6. Шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудал нь хэрэгт ач холбогдолтой эсэх талаар зөрчилтэй дүгнэлт хийсний зэрэгцээ шинжээчийн тусгай мэдлэгээр тогтоовол зохих асуудлыг өөр нотолгооны хэрэгслээр бүрдүүлсэн нь нотлох баримт цуглуулж, үнэлэх зарчимд нийцэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тодруулбал, шинжээч нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхээс өгсөн даалгаврын дагуу холбогдох хуулиар тогтоосон горим, дараалал, бүрдүүлбэрийн хүрээнд шинжилгээний явц, үр дүнг илэрхийлсэн дүгнэлт гаргах үүрэгтэй этгээд бөгөөд ийнхүү дүгнэлт гаргах шинжээчид “тусгай мэдлэг, чадвартай байх” шаардлагыг хуулиар тогтоосон учир тусгай мэдлэг шаардах асуудлаар гагцхүү шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох зарчимд нийцнэ.
Харин “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн” гэж гэрчийг тодорхойлсон нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий үйл явдалд биечлэн оролцсон, эсхүл энэ тухай мэдэж байх агуулгыг илэрхийлэх бөгөөд нотлогдвол зохих үйл баримтын бодит байдлыг тогтооход илүү хамааралтай нотолгооны хэрэгсэл байдаг.
Энэ тохиолдолд, гаалийн мэдүүлэгт заасан барааны үндсэн шинж, зориулалт, хэрэглэх нөхцөлтэй уялдан тодорхойлогдох барааны ангилал кодыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардагдахаар, цаашлаад шинжээчийн дүгнэлтээр ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохоор байхад магадгүй шинжээчээр ажиллах боломжтой тусгай мэдлэг бүхий этгээдээс авсан гэрчийн мэдүүлгийг хуульд заасан нотолгооны хэрэгслээр цуглуулсан нотлох баримтыг гэж тооцох, улмаар шийдвэрийн үндэслэл болгож үнэлэх боломжгүй юм.
7. Маргааны үйл баримт, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд;
7.1. “С-У” ХХК нь 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 05-2231003-24-I30002R дугаар мэдүүлгээр БНСУ-ын Engain Co.,Ltd компаниас 3 нэр төрлийн судас бөглөгч (EGgel S Plus 150-350, 350-560, 560-710 Embolization implant inserter, intravascular)-ийг барааны ангиллын 9018.90.00 кодоор, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05-2231003-24-I30264R дугаартай мэдүүлгээр БНХАУ-ын Lifetech Scientific (Shenzhen) Co.,Ltd компаниас 1 төрлийн зүрхний амплатцер (Cera tm PFO Occluder, LT-PFO-1818, LT-PFO-2518)-ийг барааны ангиллын 9018.39.00 кодоор тус тус мэдүүлэн хүлээн авч, чөлөөт эргэлтэд гаргасан.
7.2. Үүнээс хойш 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсээс “С-У” ХХК-ийн импортоор оруулж ирсэн дээрх барааны ангилал буруу хэмээн, кодыг засаад илгээх чиглэлийг баримт бичгийн гаалийн улсын байцаагчид өгсний дагуу тэдгээр мэдүүлгүүд “засварт буцаасан” төлөвт шилжиж, улмаар барааны ангиллын кодыг 9021.90.00 болгон засч өөрчилсөн.
Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч “... нэхэмжлэгчийн 2020-2022 оны гаалийн мэдүүлгүүдийн үнэн зөв байдлыг нягтлах зорилгоор Б.Бадамцэцэг нарын 4 гаалийн улсын байцаагч хяналт шалгалт хийж “барааны ангиллыг БТКУС-ын “9021” бус “9018” кодоор мэдүүлж, татвараас зайлсхийсэн” зөрчил гаргасныг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр дүгнэлтээр илрүүлсэн. Үүнийг үндэслэж дээрх мэдүүлгүүдийн кодыг өөрчлөх шийдвэр гарсан” гэж тайлбарлажээ.
7.3. Харин “С-У” ХХК-ийн хувьд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Б, Д.О, Ч.М, З.Ц нарт холбогдуулан, улсын байцаагчийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлээр хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр энэ хэсгийн 7.1-д заасан бараа буюу судас бөглөгчийн зориулалт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
8. Нэхэмжлэгчээс энэ хэсгийн 7.3-т заасан улсын байцаагчийн 01/24 дүгээр дүгнэлт нь одоо хүчингүй болгуулахаар шаардаж буй хариуцагчийн амаар гаргасан гэх захиргааны шийдвэр, үйл ажиллагааны үндэслэл болсон гэж тайлбарлан маргаж байгаа нөхцөлд “С-У” ХХК-иас а/ Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ч болон Бүрдүүлэлтийн цахим төвд, б/ Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.Б нарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг нэгтгэн шийдвэрлэх, эсхүл гаалын улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн эсэхийг захиргааны хэргийн шүүхээс эцэслэн шийдвэрлэсний дараа “барааны ангилал буруу, код засч илгээ” гэх агуулга бүхий захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шийдвэрлэвэл зохилтой байжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, ... хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасан ба маргааны хувьд харилцан хамаарал бүхий буюу хоорондоо уялдаатай үйл баримт бүхий хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлттэй байх зарчимд нийцэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад ач холбогдолтой.
9. Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ч нь “код буруу байна” гэх шийдвэрийг хэрхэн гаргаж, ямар зарчмаар хэлбэржүүлж мэдэгдсэн болох, нөгөөтээгүүр Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төв нь 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ямар үндэслэл, шаардлагаар аль бүртгэл системд “С-У” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 05-2231003-24-I30002R, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05-2231003-24-I30264R дугаар мэдүүлгүүдийн барааны ангиллын кодыг 9021.90.00 болгон засч өөрчилсөн эсэх зэргийг шүүхээс баримт бичиг буюу цахим сүлжээ бүртгэлийн системд үзлэг хийх зэргээр маргааны үйл баримтад хамааралтай уг нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай.
10. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, шийдвэрт нөлөөлөхүйц дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасны зэрэгцээ хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтыг эргэлзээгүй тогтооход хамааралтай буюу ач холбогдолтой нотлох баримтыг дутуу цуглуулснаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг арилгах буюу нотлох баримт цуглуулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ