| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
2023 03 10 2022/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан шүүхийн танхимд хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2325000000005 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Бямбадашийн Д нь 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Согоот багийн нутаг дэвсгэрт “Согоотын даваа” гэх газрын ойд хууль бусаар 1.5536 шоо метр шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж Байгаль орчинд 262,022 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 08-76 ОРО улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Жаргалант сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б.Дын мэдүүлсэн: Би тэр модыг ой цэвэрлэгээний журмаар авч байна гэж ойлгож авсан.2 хөгшинд л хэрэглээний унанги мод авсан.Ямар нэг зөвшөөрөл,гоожин аваагүй.Авдаг гэдгийг мэдэхгүй.Миний буруу гэх мэдүүлэг,
2325000000005 тоот хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5-р тал/
-Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8-р тал/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 9-11-р тал/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай/ цагаан өнгийн 08-76 ОРО улсын дугаартай Бонго Пронтер маркийн 4,500,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл/ 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14-р тал/
-Эд мөрийн баримтаар,63ш 1.5536 шоо метр шинэс модыг тооцох тухай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р тал/
-хохирогч Д.Бийн мэдүүлсэн....Миний бие Орхон аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газарт Байгаль хамгаалагч ажилтай Жаргалант сумын засаг даргын албан бичгийн дагуу эрүүгийн 2325000000005 дугаартай хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Орхон аймгийн Дулаан-Уул багт оршин суух Бямбадашийн Д нь тус сумын Согоот багийн Согоотын даваа гэх газраас зөвшөөрөлгүй хууль бус мод бэлтгэж 262,022 төгрөгийн хохирол учруулсан байна. Б.Д нь мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, энэ талаар манай байгууллагад хандаж байгаагүй, мод бэлтгэх зөвшөөрлийг хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сард олгож дууссан. Түүнээс хойш дахин зөвшөөрөл олгогдоогүй байна. Дын учруулсан хохирол болох 262,022 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
-гэрч Ц.Чын мэдүүлсэн... 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн үед 3-н замын ногоон зурваст цэнэг усалгаа хийж байхад “Ачит-Эх” ХХК-ны замаар мод ачсан бонго маркийн тээврийн хэрэгсэл ирж яваа харагдахаар нь шалгахаар ойн ангийн жолоочийн хамт урдаас нь очоод вокзалын дэлгүүрийн гадаа зогсоогоод гоожин, бусад бичиг баримтыг шалгах гэхэд машины бичиг баримтыг Орхон аймгийн Цагдаагийн газрын экологийн цагдаад өчигдөр хураалгасан, гоожинг Булган аймгийн Орхон сумын байгаль хамгаалагч Амгалан-Одоос авсан, гоожингоо гэртээ орхисон гэсэн тайлбар өгсөн. Та нар яах гэж шалгах гээд байгаа юм бэ, би яасан юм бэ гээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд араас нь дагаж яваад замдаа цагдаад мэдэгдээд урдаас цагдаа ирээд тэгээд хүлээлгэж өгөөд явсан юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/
-Орхон аймгийн сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Х.Эын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай... Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 1.5536 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход, Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 262,022 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт /хх- ийн 29-30-р тал/,
-“Бэйкир Тилли Далайван Аудит” ХХК-ний Орхонг аймаг дахь салбарын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ОРА 02/02-03 дугаартай“... 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үнэлгээ хийгдсэн Монгол улсад 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орж ирсэн 08-76 ОРО улсын дугаартай цагаан өнгийн Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов ...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 35-40-р тал/,
-“А” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ОРХ/5437 дугаартай нэг хүний хөрөө 15,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 45-47-р тал/
-Шүүгдэгч Б.Дын яллагдагчаар мэдүүлсэн... Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жаргалант сумын Согоот багийн Согоотын даваанаас ой цэвэрлэгээний шугамаар унианга моднууд бэлтгэж өөрийн Вонго портер маркийн цагаан өнгийн 08-76 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж яваад Арцатын даваанд байх гэртээ очиж хэд хонож байгаад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад Орхон аймаг руу орж ирээд явж байгаад Байгаль орчны байцаагч нартай тааралдаж намайг түр саатуулж, цагдаагийн газарт авч ирсэн. Надад ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, би нойтон мод унагаагүй, унианга модыг тайрч авсан, ой цэвэрлэх журмаар түүж, бэлтгэсэн. Би ганцаараа бэлтгэсэн, хэн нэгэнтэй хамт бэлдээгүй. Би өөрийнхөө хөрөөгөөр мод бэлтгэсэн...Ингэхдээ нэг хүний гар хөрөөгөөр модоо бэлтгэсэн юм. Би уг хөрөөг мод бэлтгээд гэрлүүгээ машинтай харьж явах замдаа алга болгочихсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/
-08-76 ОРО улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Киа Бонго маркийн автомашины Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 76-р тал/,
-08-76 ОРО улсын дугаартай Киа Бонго маркийн автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 86-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт: Шүүгдэгч Б.Д 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Согоот багийн нутаг дэвсгэрт “Согоотын даваа” гэх газрын ойд 1.5536 шоо метр шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, уг модыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр өөрийн хувийн эзэмшлийн 08-76 ОРО улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Жаргалант сумаас Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт тээвэрлэж байгаль орчинд 262,022 төгрөгийн шууд хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллгааны тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Согоот багийн нутаг дэвсгэрт “Согоотын даваа” гэх газар ойгоос 1.5536 шоо метр шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 262,022 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг модоо 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 08-76 ОРО улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Жаргалант сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 34.5 дахь хэсэгт заасан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр, зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл болох нь,
хохирогчийн төлөөлөгч Д.Бийн мэдүүлсэн... Орхон аймгийн Дулаан-Уул багт оршин суух Бямбадашийн Д нь тус сумын Согоот багийн Согоотын даваа гэх газраас зөвшөөрөлгүй хууль бус мод бэлтгэж 262,022 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд төрийн нэрийн өмнөөс хохирогчоор тогтоогдон оролцож 262,022 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Д мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Чын мэдүүлсэн... 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн үед 3-н замын ногоон зурваст цэнэг усалгаа хийж байхад “Ачит-Эхт” ХХК-ны замаар мод ачсан бонго маркийн тээврийн хэрэгсэл ирж яваа харагдахаар нь шалгахаар ойн ангийн жолоочийн хамт урдаас нь очоод вокзалын дэлгүүрийн гадаа зогсоогоод гоожин, бусад бичиг баримтыг шалгах гэхэд машины бичиг баримтыг Орхон аймгийн Цагдаагийн газрын экологийн цагдаад өчигдөр хураалгасан, гоожинг Булган аймгийн Орхон сумын байгаль хамгаалагч Амгалан-Одоос авсан гоожингоо гэртээ орхисон гэсэн тайлбар өгсөн ба та нар яах гэж шалгах гээд байгаан би яасан юм бэ гээд машинаа асаагаад яваад өгсөн...гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,шүүгдэгч Б.Дын яллагдагчаар мэдүүлсэн”... Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жаргалант сумын Согоот багийн Согоотын даваанаас ой цэвэрлэгээний шугамаар унианга моднууд бэлтгэж өөрийн Вонго портер маркийн цагаан өнгийн 08-76 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж яваад Арцатын даваанд байх гэртээ очиж хэд хонож байгаад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад Орхон аймаг руу орж ирээд явж байгаад Байгаль орчны байцаагч нартай таарсан...Надад ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, би нойтон мод унагаагүй, унианга модыг тайрч авсан, ой цэвэрлэх журмаар түүж, бэлтгэсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, 35 дугаар зүйлийн 35.2.Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар... энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно” гэснийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ... би нойтон мод унагаагүй,унианга модыг тайрч авсан,ой цэвэрлэх журмаар түүж, бэлтгэсэн...гэж мэдүүлжээ.
“Ойн тухай” хуульд ойгоос мод бэлтгэх,ойг арчлах цэвэрлэх үйл ажиллагаа, ойд хориглох үйл ажиллагааны талаар заахдаа ... уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх” гэж,
28 дугаар зүйлийн 28.1-д “Ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, экологийн тэнцлийг хадгалан хамгаалах зорилгоор энэ хуулийн 28.2.1-д заасан арчилгааг зөвхөн ойн мэргэжлийн байгууллага, цэвэрлэгээг ойн мэргэжлийн байгууллагаас гадна ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэн гэрээгээр хийнэ”гэж,
29 дүгээр зүйлийн 29.1.7-д “...иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах”ыг хориглох” гэж тус тус зааж хуульчилсан тул шүүгдэгчийн “ойг цэвэрлэсэн гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд ойг цэвэрлэх үйл ажиллагаа нь зөвхөн ойн мэрэгжлийн байгууллатай байгуулсан гэрээний үндсэн дээр хийгддэг ажиллагаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж ойн санд хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Согоот багийн нутаг дэвсгэрт, “Согоотын даваа” гэх газрын ойд хууль бусаар 1.5536 шоо метр шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж Байгаль орчинд 262,022 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 08-76 ОРО улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Жаргалант сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг гаргуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 3 нугалж нөхөн төлүүлэх буюу 786,066 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж,
-шүүгдэгч Б.Д өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Хууль эрх зүйн мэдлэггүйгээс боллоо. Хохирлыг би нөхөн төлсөн.Би хөдөлмөрийн чадвар алдсан,ээжийн хамт амьдардаг.Машинаараа амьжиргаагаа залгуулдаг тул машиныг маань үлдээж өгнө үү гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргасангүй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
-шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролоо төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан,Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлэгийн хяналтын комиссын дүгнэлт, шийдвэр /хх-ийн 83-85-р тал/ээр шүүгдэгч Б.Д нь 70%иар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээж, шүүх хуралдаанаас завсарлага авч байгаль орчинд учруулсан хохирол 262,000 төгрөгийг төлсөн.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: шүүгдэгчид нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа 1.5536 шоо метр 63 ширхэг хуурай шинэс модыг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгох, мөн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн эзэмшлийн 08-76 ОРО улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналтай гэж,
-шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа:Гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлсөн.Би хөдөлмөрийн чадвар алдагдалтай, ээжийн хамт амьдардаг. Машинаараа амьжиргаагаа залгуулдаг тул машиныг маань үлдээж өгнө үү,би хохиролыг төлөх болно гэж тус тус дүгнэлт санал гаргасан.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч Б.Д нь ойгоос 1.5536 шоо метр мод бэлтгэж ойн санд 262,022 төгрөгийн шууд хохирол учруулсан талаар хохирогчийн төлөөлөгч мэдүүлэхдээ... хохирогчоор тогтоогдон оролцож 262,022 төгрөгийг нэхэмжилж байна...гэж, улсын яллагч “...учруулсан хохирлыг гаргуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар хохирлыг 3 нугалж нөхөн төлүүлэх буюу 786,066 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно”, 49.3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж зааснаас үзвэл, нөхөн төлбөрийг улсын байцаагч оногдуулах бөгөөд улсын байцаагчийн актыг үндэслэн шүүх гаргуулж болно. Гэтэл шүүгдэгч Б.Дын байгаль орчинд учруулсан хохиролд улсын байцаагч нөхөн төлбөр тавьсан эсэх нь тодорхойгүй, баримт авагдаагүй, хохирогчийн төлөөлөгч мөн нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгчээс шууд учруулсан хохирол 262,022 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч төлсөн байна.
Харин улсын байцаагчийн нөхөн төлбөр оногдуулах эрх нь нээлттэй хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор... албадан гаргуулна“ гэж заасан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн Байгаль аялал жуулчлалын газрын хашаанд хадгалагдаж буй 1.5536 мкуб хэмжээтэй 63 ш хуурай шинэс модыг улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,
-харин, хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн амьдралын нөхцөл боломж,хувийн байдлыг харгалзан эзэмшилд нь үлдээж, уг тээврийн хэрэгслийн үнэ 4,050,000 төгрөгөөс байгаль орчинд учирсан хохирол болох 262,022 төгрөгийг нөхөн төлсөн тул хасаж 3,787,978 төгрөгийг, мөн гар хөрөөний үнэ болох 15,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбадашийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг шүүхээс оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,787,978 төгрөг/ 4,050,000- 262,022/, гар хөрөөний үнэ болох 15,000 төгрөг, нийт 3,802,978 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн цагаан өнгийн 08-76 ОРО улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хашаанд хадгалагдаж байгаа 1.5536 мкуб хэмжээтэй 63 ширхэг хуурай шинэс модыг улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ