| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/00947/И |
| Дугаар | 183/ШШ2019/01537 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2019/01537
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2019/01537
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ... тоот хаягт байрлах, “Д” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ... тоотод оршин суух, А.Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 62 541 604 төгрөг гаргуулах, гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д” ХХК нь А.Цтэй 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч А.Ц нь зээл, зээлийн хүүгийн төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн хүүний 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 62 541 604 төгрөгийг хариуцагч А.Цгээс гаргуулан, барьцаа хөрөнгөөр хангуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Д ХХК-тай 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан нь үнэн юм. Тухайн үед зээлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн н.Б 20 000 000 төгрөгийг хүүтэйгээр зээлж, өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод байрлалтай 49,84 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. н.Бтай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү, алдангид 8 000 000 төгрөгийг төлсөн ба зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй байсан. н.Б Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, зохигчдын эвлэрлийг баталж шүүх шийдвэрлэсэн. 2017 оны 05 дугаар сард н.Б А.Цг Д ХХК-тай уулзуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод байрлалтай 49,84 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанд байршуулж 25 000 000 төгрөгийг н.Б хувийн дансруу шилжүүлсэн байдаг. А.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Д ХХК-тай зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй байдаг ба зээлийн төлбөр төлөөгүй шалтгаан нь дээрх 25 000 000 төгрөгийг бэлнээр болон хувийн дансаар хүлээн аваагүй учир түүнийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй ба Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-д “Зээлийг зөвхөн гэрээг байгуулсан зээлдэгчид хүлээлгэн өгч баримт үйлдэнэ” гэж заасныг зөрчсөн. Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан кассын зарлагын баримт дээр зурагдсан бэлэн мөнгө хүлээн авсан гэх гарын үсэг нь хариуцагч А.Цгийн гарын үсэг биш ба тухайн үед дээрх баримт дээр гарын үсэн зурж байгаагүй болно. Дээрх баримт дээрхи гарын үсгийг нэхэмжлэгч байгууллага нь дуурайлган зурсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК зээлийн гэрээний үүрэгт 62 541 604 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар хариуцагч А.Цгээс шаардаж байна.
Хариуцагч А.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, өөрөө захиран зарцуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 00001232 дугаар “Зээлийн гэрээ” байгуулж 25 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, мөн өдрөө №00001232 дугаар “Барьцааны гэрээ” байгуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ... тоот, 49,84 м.квадрат талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг зээлийн барьцаанд бариулсан үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, Б.Б гэгч этгээдэд нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн тул үүрэг үүсээгүй үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй гэж маргасан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.07.10-ны өдрийн 4274 дугаар “Д” ХХК-ний кассын зарлагын ордер гэх баримтад 2017.05.22-ны өдрийн зээлийн шимтгэл гэх 250 000 төгрөгийн төлсөн хэсэгт, зээл олгов гэх 25 000 000 төгрөгийн баримтын хүлээн авсан хэсэгт зурагдсан гарын үсэг А.Цгийн гарын үсэг мөн гэх шинжээчийн дүгнэлт, хариуцагч А.Ц маргаан бүхий зээлийг аваад өөрт нь төлвөл зохих өр төлбөрөө барагдуулсан гэх гэрч Б мэдүүлэг зэргээр хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна. /х.х- 41-42, 154-156/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч нь гэрээний зүйл болсон 25 000 000 төгрөгийг авсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг 1870 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна./х.х-137-138,154-156 /
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т зээлийн гэрээний хугацаа 12 сар байх ба зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дууссан учраас хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчсөн байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагч А.Ц зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна
Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор тус тус заасан тул 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 00001232 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иймд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдөр хүртэл 23 сар 27 хоногийн хүү 29 856 541 төгрөг /1 сар 1 250 000 төгрөг, 1 хоногт 40 983 төгрөг/, гэрээний 2.4-т “зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасанд нийцэж байх тул нэмэгдүүлсэн хүү 5 971 308 төгрөг, /29 856 541 x 20 хувь/, үндсэн зээл 25 000 000 төгрөг, нийт 60 827 849 /25 000 000+ 29 856 541 + 5 971 308/ төгрөгийг хариуцагч А.Цгээс гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан байна. /х.х-ийн 139- 140/
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ...” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 00001232 дугаар барьцааны гэрээ хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., 9.4.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй байх тул 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 00001232 дугаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иймд А.Цд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 60 827 849 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 713 755 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд хариуцагч гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар А.Ц -ээс 60 827 849 / жаран сая найман зуун хорин долоон мянга найман зуун дөчин ес / төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК /РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 713 755 /нэг сая долоон зуун арван гурван мянга долоон зуун тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар А.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ... тоот, 49,84 м.квадрат талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цгээс 462 089 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ