Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01369

 

2021           11            11                                          001/ХТ2021/01369

“............ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03648 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 522 дугаар магадлалтай,

“............ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

............т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 46,794,080 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ............ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгч “............ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Н.Шинэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............ нь 2018.10.25-ны өдөр манай байгууллагатай ЗГ1810137 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг 3.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэлтийн зориулалтаар авсан. Зээлийн үүргийн баталгаа болгож ............ийн нэг хүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 68 байр, 4 тоот 60,13 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь зээлээ гэрээнд заасан хугацааны дагуу төлөөгүй удаа дараа хоцролт гаргасан. Мөн төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй тул үндсэн зээл 35,000,000 төгрөг хүү 10,994,720 төгрөг нэмэгдүүлсэн хүү 784,360 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг нийт 46,794,080 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтад дурдсан зээл төлөх хуваарийн дагуу би гэрээний хугацаанд нийт 11 040 462 төгрөгийг үндсэн зээлийн хамт зээлдүүлэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон. Би энэ хугацаанд 5 151 000 төгрөг төлснийг 10 994 720 төгрөгийн хүүнээс хасч тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хэргийн материалд нотлох баримтыг эх хувиар өгөх үү, нотариатаар баталгаажуулж өгөх үү гэдэг нь нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн эрхийн асуудал учраас нотариатын зардлыг төлөх үүрэг хүлээгээгүй. Иймээс нэхэмжлэгчийн илүү нэхэмжилж байгаа 5 904 618 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03648 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ............ээс 46 794 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ББСБ ХХК-д олгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ............ийн өмчлөлийн /нэг иргэний өмч/ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах............дугаарт бүртгэлтэй, 60.13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч ............ББСБ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462 120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ээс улсын тэмдэгтийн хураамжид 462 120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ББСБ ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 522 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ............ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч талаас доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэйгээр гаргасан бөгөөд талуудад уг захирамжийг танилцуулаагүй, бичгээр гардуулан өгч гомдол гаргах эрхээр хангаагүй. Мөн нэхэмжлэгч талаас нотариатын зардалд төлсөн 15,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага болон татгалзлын үндэслэлийг нотлох нь хуулиар тогтоосон үүрэг юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхээр нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгөхөөр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохтой холбоотой асуудал нь нэхэмжлэгч талд байгаа тул уг нотариатын зардал нь хохиролд тооцогдохгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах байдлаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлд хамаараагүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “............ББСБ” ХХК нь хариуцагч ............т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,794,080 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 5,889,462 төгрөг, нийт 40,889,462 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 5,904,618 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Хэрэгт байгаа баримтаар, 2018.10.25-ны өдрийн ЗГ18/10/137 дугаартай зээлийн гэрээний дагуу “............ББСБ” ХХК нь ............т 35,000,000 төгрөгийг жилийн 46.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, ............ нь үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 15,930,540 төгрөг нийт 50,930,540 төгрөгийг буцааж төлөхөөс 5,151,000 төгрөгийг төлсөн, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс зээл олгох гэрээ, гэрээний үүргийг хангуулахаар ипотекийн гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байна. Нэхэмжлэгч нь 2019.10.15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний хугацаагаар тодорхойлсон, хариуцагч нь 46,040,462 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн /хх-10/ баримтаас үзэхэд гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд үндсэн зээл 35,000,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 10,994,720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 784,360 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 46,794,080 төгрөгийг хариуцагч биелүүлэх ёстой гэж үзсэн шүүхийн дүгнэлт, тооцоолол үндэслэлтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 453 дүгээр зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж зааснаар хариуцагч нь үүргээ биелүүлэх ёстой байна.

Уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй юм.

Шүүх нотариатын зардалд нэхэмжилсэн 15,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн, үүнд хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа уг зардал нь нотлох баримт бүрдүүлэх зохигчийн үүрэгтэй холбоотой тул хохирол биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Уг зардал нь хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд хандахад гаргасан хохирол тул буруутай этгээд буюу хариуцагч хохирлыг арилгах үүрэгтэй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03648 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 522 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.БАНЗРАГЧ

                        ШҮҮГЧИД                                        Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                 Х.СОНИНБАЯР