Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0806

 

 

 

 

 

 

2021 12 01 128/ШШ2021/0806

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ц.Э

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/2** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шитгэл нөхөн бичилт төлүүлэх.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э миний бие Ү******* ОНӨТҮГ-ын даргаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны Б/**дугаартай захирамжаар томилогдож албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/2**дугаар захирамжийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан болно. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт гаргахын өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулсан сонсох ажиллагаа явуулаагүй, ажлын байрны үр дүнгийн гэрээг дүгнээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны Б/2**захирамж нь хуулийн хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр Б/2**тоот Нийслэлийн Засаг даргын Ц.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, мөн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... Мөн маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр Б/2**тоот захирамжийг нэхэмжлэгч Ц.Э-т холбогдуулан гаргасан ба нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул захиргааны акт гэж үзэх нь тодорхой байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэсэн байдаг.

Маргаан бүхий Б/2**дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй учир хууль бус захиргааны акт юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах цалин хөлс авах гэж заасан эрхийг хөдөлмөрийн эрхийг ноцтой зөрчсөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим байгаа. Үүнд өр нөлөөтэй байх, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэлтэй байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах, 24.1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулж үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан байгаа. 25.1 дэх хэсэгт захиргааны шийдвэр гаргаж ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах оролцогчийг сонсох тайлбар гаргуулах гэсэн 25, 26 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Ц.Э-ыг ажлаас чөлөөлөхдөө энэ заалтуудыг зөрчиж сонсох ажиллагаа хийж, тайлбар мэдүүлэг авах эрхээр нь хангаагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.4, 27.5, 27.6, 29.1 дэх хэсгүүдэд заасан хуулийн зохицуулалтуудыг мөн зөрчсөн байгаа. Ц.Э-тай захиргааны шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоосон сонсох ажиллагаа хийгээгүй зэрэг нь тус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ямар үйл баримтаар ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй тухайн үйл баримтыг тогтоох үүрэг даалгавар өгч түүнийг дүгнэх албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн эсэхэд үнэлэлт өгөх, үйл ажиллагаа үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнээгүй болох нь нотлогдож байгаа. Мөн хариуцагч нь ажлын байрны зорилго үндсэн зорилтыг биелүүлээгүй талаар нотлоогүй байж тайлбарыг тус чиглэлээр ирүүлсэн. Ц.Э-ыг ажлаас чөлөөлсөн 2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр Б/2**тоот маргаан бүхий акт нь Монгол улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох заалтуудыг тус тус үндэслэсэн. Монгол улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн 30.1.11 дэх хэсэгт орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагын хуралтай зөвшилцөн томилох, чөлөөлөх гэсэн заалт байгаа. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөхдөө ажилд томилох заалтыг барьж хууль хэрэглээний алдаа гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын Тэргүүлэгчдэд оруулах гэсэн заалтыг баримтлах ёстой байсан. Гэтэл Монгол улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуульд заасан тухайн шатны хуралтай зөвшилцөх гэсэн заалтыг зөрчсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын Тэргүүлэгчдэд оруулах гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн. Иймд уг захиргааны акт нь үндэслэж байгаа хууль тогтоомжоос эхлээд ажлаас чөлөөлж байгаа үндэслэл тодорхойгүй, хууль тогтоомж нь алдаатай захиргааны акт учир хүчингүй болгож Ц.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, мөн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч нь сонсох ажиллагаа хийгээгүй. Хуульд заасан дэс дарааллыг алдагдуулсан. Хууль зөрчсөн шийдвэр байсан учир хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр оролцож байна. Маргаан бүхий захиргааны акт дээр хуулийн үндэслэлийг буруу хэрэглэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явагдаагүй. Хууль зүйн үндэслэл буруу байсан. Тухайн байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулах зүйл буюу дотоод журам дээр контракт байгуулж ажиллана гэсэн байгаа. Нөгөө талаараа Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн тогтоолд ажил мэргэжил ур чадвараар тэнцэхгүй байгаа болсон гэдэг нь ажлаас халах үндэслэл болохгүй гэсэн. Уг ажлын байранд хөндлөнгийн байгууллагын ажлын комисс, дүгнэлт гарснаар ажил мэргэжлийн ур чадварын талаарх дүгнэлт гарснаар ажилдаа тэнцэх эсэх тухай тодруулснаар уг ажлын байранд тэнцэх талаар шийдэх байсан. Ингэснээр уг хүний ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдэх байсан. Гэтэл уг ажлын байранд мэргэжил таарахгүй гэсэн үндэслэл нь няцаагдаж байна. Гуравдагч этгээд уг ажлын байрны шаардлага мөн хангахгүй байгаа. Байгаль орчны мэргэжилтэн байх гэсэн шаардлага тавьсан байхад гуравдагч этгээд нь улс төр судлаач мэргэжилтэй. Орон нутгийн үйлдвэрийн газрыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар томилж, чөлөөлөх тухай асуудал байгаа. Энд процесс ажиллагаа мөн явагдаагүй. Эдгээр үндэслэлээр Б/2**дугаартай тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.2.2 дахь хэсэг болон тухай байгууллагад мөрдөгддөг дотоод журам зэргийг зөрчсөн учир хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Э-ын ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн маргаан бүхий актыг Нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд батлан гаргасан. Мөн нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд тавигдах хууль ёсны шаардлагыг хангаагүй, өөрийн хариуцсан ажлыг хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ц.Э-ыг ажилд томилсон шийдвэр нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/**дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг Ү******* ОНӨТҮГ-ын даргаар томилсон. Авилагтай тэмцэх газраас 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 05/6***дугаартай албан бичиг ирүүлсэн. Үүнд Ц.Э нь уг албан тушаалын шаардлагыг хангахгүй учир ажлын байрны тодорхойлолтын шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэхийг анхааруулсны дагуу акт гарсан гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүхэд болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан хэлбэрээр явуулсан. ... Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааны талаар заасан байдаг. Үүний дагуу сонсох ажиллагааг Ц.Э-тай холбоотойгоор утсаар хэлж мэдэгдсэн гэдгийг надад хэлж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн Б/2**дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжид техникийн алдаа гараад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтыг баримталсан гэсэн тайлбар байна. Маргаан бүхий актын сонсох ажиллагаа нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалах бүхий л зүйлийг хийсэн гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлж байна. Маргаан бүхий актын үндэслэх хэсгийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.2.2 дахь хэсгийг техникийн алдаагаар ингэж хийсэн гэдгийг тайлбарласан. Д.О-н эрх зүйн боловсролын байдал нь маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй байна гэсэн. Ажлын байрны тодорхойлолтод төрийн захиргаа удирдлага гэдэг үг байгаа. Ажлын туршлагын хувьд Ү******* ОНӨТҮГ-т дэд дарга хийдэг байсан учир энэ байгууллагыг аваад явах чадвартай хүн юм. Мөн нэхэмжлэгчийн ажлын хариуцлагын талаар дурдагдаж байна. Нэхэмжлэгч нь удаа дараа ажил таслах, хурал, зөвлөгөөн таслах үйлдэл гаргадаг байсны улмаас сахилгын шийтгэл авч байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. Энэ хүн нь уг албан тушаалд тохирохгүй гэдгийг эдгээр үйлдлээр харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Ц.Э-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/2**дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг зэргийг үнэлээд дараах үндэслэлээр иргэн Ц.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтуудыг дурдвал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн Ц.Э-ыг ажилд томилох тухай Б/**дугаар захирамжаар Монгол Улсын Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Э-ыг Ү******* ОНӨАТҮГ-ын даргаар томилон ажиллуулжээ[3].

Нэхэмжлэгч Ц.Э-ыг дээрх байдлаар ажиллаж байхад нь маргааны бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/2**дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байна[4].

Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйл. Орон нутгийн өмчийн талаарх Засаг даргын бүрэн эрх, 2. Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 2/ орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох; гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох заалтыг үндэслэн чөлөөлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Мөн Монгол Улсын Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., 30 дугаар зүйлийн 30.1.11. хууль тогтоомжид заасан бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг Хуралтай зөвшилцөн томилох, чөлөөлөх; гэж тус тус заажээ.

Мөн хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Засаг дарга нь захирамж гаргаж орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг Хуралтай зөвшилцөн томилж, чөлөөлөх зохицуулалттай байна.

Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралтай зөвшилцөлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Хариуцагчаас дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлээ ... нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд тавигдах хууль, ёсны шаардлагыг хангаагүй, өөрийн хариуцсан ажлыг хангалтгүй биелүүлсэн ... гэж тайлбарлажээ.

Дээрх үндэслэлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 05/6***дугаар албан бичиг ирсэн байна.

Авлигатай тэмцэх газраас 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 05/6***дугаар албан бичигт, Ү******* ОНӨТҮГ-ын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Ц*******ийн Э*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно.

Нэр дэвшигч нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухайн бүр гаргаж байх, мөн хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй.

Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хуулийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахыг анхаарна уу.

Харин Ү******* ОНӨТҮГ-ын даргын ажлын байрны тодорхойлолтын шаардлагад Байгаль орчны мэргэжилтэй, агрономи, ойн аж ахуйн чиглэлээр мэргэшсэн байхаар заасныг нэр дэвшигч Ц.Э нь хангаагүй байна.

Иймд тус албан тушаалд холбогдох хууль тогтоомж, ажлын байрын тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилохыг анхаарна уу. гэжээ[5].

Дээрх албан бичиг нь хоёрдмол /ажиллуулж болно, болохгүй/ утгыг агуулсан байх бөгөөд уг албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь анх нэхэмжлэгчийг Авлигатай тэмцэх газрын албан бичиг гарсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б/**дугаар захирамжаар маргаан бүхий ажилд томилсон байна.

Хэрэв хариуцагч нь Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч Ц.Э-ыг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн бол анхнаасаа томилохооргүй байжээ.

Гэтэл Авлигатай тэмцэх газрын албан бичгийг гарсан өдөр нэхэмжлэгч Ц.Э-ыг тухайн ажлын байранд томилогдох боломжтой гэж томилчхоод дараа нь буюу 5 сар 24 хоногийн дараа Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн чөлөөлж байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.Э-ыг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэж чөлөөлчхөөд мөн тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гуравдагч этгээд Ү.О*******ыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/2** дүгээр захирамжаар маргаан бүхий албан тушаалд томилсон нь мөн хууль бус бөгөөд үндэслэлгүй байна[6].

Тодруулбал, маргаан бүхий албан тушаалын тавигдах шаардлага нь Боловсрол: Боловсролын бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх, Мэргэжил: Байгаль орчны мэргэжилтэй, төрийн захиргааны удирдлага, Бизнесийн удирдлага Мэргэшил: Агрономи ойн аж ахуйн чиглэлээр мэргэшсэн байх гэжээ[7].

Гэтэл гуравдагч этгээд Ү.О******* нь дээд боловсролтой, улс төр судлал, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй байх бөгөөд агрономи ойн аж ахуйн чиглэлийн мэргэшилгүй байна[8].

Иймд мөн гуравдагч этгээд Ү.О*******ыг маргаан бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийлгээгүй гэх тайлбар мөн үндэслэлтэй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл. Оролцогчийг сонсох, 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйл. Сонсох ажиллагааг явуулах, 27.1. Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно., 27.2. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, захиргааны байгууллага нь Захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, энэ талаарх мэдэгдлийг хүргүүлэхээр байна.

Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь дээрх ажиллагааг хийж мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй байх бөгөөд мөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийхээр удаа дараа нэхэмжлэгчтэй утсаар холбогдоход нэхэмжлэгч хүрэлцэн ирээгүй гэх тайлбарыг гаргадаг боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/2**дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Ү******* ОНӨТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/2**дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ, 4.4. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор, 69 дүгээр зүйлийн 69.1. ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно., Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгож, түүнээс холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Нийслэлийн Засаг дарга /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/-д даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/2**дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Ү******* ОНӨТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид /Ц.Э-т/ 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Нийслэлийн Засаг дарга /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/-д даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 1-2 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтас ,14-15 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 6 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 21 дүгээр хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 67 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 168 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтас, 52 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтас, 36 дугаар хуудас