| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 118/2024/0058/з |
| Дугаар | 221/МА2025/0193 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0193
Х.Лгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэгч: Х.Л
Хариуцагч: Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гуравдагч этгээд: Т.А
Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай” 02 дугаар тогтоол, “сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 118/ШШ2025/0001 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э
Гуравдагч этгээд Т.А
Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 118/2024/0058/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Лгаас Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай” 02 дугаар тогтоол, “сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 118/ШШ2025/0001 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Лгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. “… Х.Л нь Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд Завхан аймгийн Баянтэс сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 1 дүгээр тойрогт сонгогдож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд оролцох гэсэн боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон, бүрэн эрх нь зөвшөөрөгдсөн тул Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр сумын Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөхийг татгалзсан нь хууль бус юм.
3.2. Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь хурлын төлөөлөгчөөр зөвшөөрөгдсөн үйлдлийн дараа буюу хурлын Төлөөлөгч болсны дараа хориглох зохицуулалт юм. Хоёр шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд аль хурлын төлөөлөгчөөс татгалзах эрх нь төлөөлөгчөөр сонгогдсон хүний үндсэн эрх байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.Лгаас Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай” 02 дугаар тогтоол, “сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.
2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... хоёр шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд аль хурлаас татгалзах эрх нь төлөөлөгчөөр сонгогдсон хүний эрх байхаар байтал шууд бусад төлөөлөгч нар нь татгалзаж байгаа нь Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхэд ноцтой халдсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь Хурлын төлөөлөгчөөр зөвшөөрөгдсөн үйлдлийн дараа буюу Хурлын төлөөлөгч болсны дараа хориглох зүйл байх учир миний сумын Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан сумын Хурлын тогтоол хуульд нийцээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар сумын тогтоолоор Т.А-г сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг минь хязгаарласан” гэж тодорхойлон маргасан.
2.2. Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “...Х.Л нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс дахин баталгаажуулах нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хязгаарлалтыг зөрчихөд хүргэх тул сумын Хурлын бүрэн эрхийн дагуу түүнийг хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэн хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж, гуравдагч этгээд нь “...нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд халдсан асуудал учраас түүнийг зөвшөөрөхгүй, сумын Хурлын эдгээр тогтоолууд нь бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн бөгөөд хууль ёсны захиргааны актууд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчин төгөлдөр байхад аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг батламжлахгүй байгаа нь хуульд нийцэхгүй” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
3. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаас үзэхэд;
3.1. Нэхэмжлэгч Х.Л нь 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиар Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэгэн зэрэг нэр дэвшиж, сонгогчдын олонхын санал авснаар тухайн хоёр шатны хуралд аль алинд нь сонгогджээ.
3.2. Улмаар Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшин, олонхын санал авч сонгогдсон 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолоор баталсны дотор Х.Л багтсан байна.
3.3. Үүний дараа Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолоор олонхын санал авсан 21 нэр дэвшигчээс нэр бүхий 20 нэр дэвшигчийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн боловч “Нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тухай” 02 дугаар тогтоолоор Х.Л нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн гэх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан түүний бүрэн эрхийг зөвшөөрөхөөс татгалзжээ.
3.4. Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.4, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т заасныг тус тус үндэслэн Төлөөлөгчдийн олонхын санал авсан Т.А-г сумын Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн байна.
4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно”, 6 дугаар зүйлийн 6.5-д “Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно” гэж,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: 40.1.2. өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх”, 46 дугаар зүйлийн 46.5-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна” гэж тус тус заасан.
5. Хуулийн эдгээр зохицуулалтуудыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, хуульд заасан болзол, шаардлага хангасан нэр дэвшигчийн хувьд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх эрх нээлттэй боловч зэрэг сонгогдсон нөхцөлд гагцхүү аль нэг шатны Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой.
Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сонгуулийн дүн гарснаас хойш хуулиар тогтоосон хугацаанд багтаж анхдугаар хуралдааныг хийж, түүгээр Төлөөлөгчдийн бүрэн эрхийг олонхын саналаар хүлээн зөвшөөрсөн нөхцөлд нэр дэвшигчийн “Хурлын Төлөөлөгч”-ийн бүрэн эрх баталгааждаг.
6. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “... аймгийн Хурлын төлөөлөгчөөр ажиллахаар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж, эрх үүргээ хэрэгжүүлж эхэлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул сумын Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллах боломжгүй тул маргаан бүхий тогтоолууд хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
7. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... /-ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.
8. Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүссэн буюу сэргэх боломжтой байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.
9. Маргаан бүхий тохиолдолд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоол гарснаар нэхэмжлэгч Х.Лгийн хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, мөн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор түүнийг тухайн Хурлын Ёс зүй, хүний эрх, хууль зүйн асуудал хариуцсан хөгжлийн хороонд хуваарилсан зэргээс үзэхэд Х.Л нь нэгэнт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч болж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллах боломжгүй гэж үзнэ.
10. Энэ хэсгийн 4-т зааснаар хоёр шатны Хуралд зэрэг нэр дэвших эрхтэй ч сонгогдсон нөхцөлд давхар ажиллахыг хуулиар хориглосон учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийнх нь бүрэн эрх нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн нэхэмжлэгч Х.Лгийн хувьд сумын Хурлын Төлөөлөгчөөр ажиллах нь шүүхээс сэргээн тогтоох боломжтой эрх, хууль ёсны ашиг сонирхол гэх ойлголтод хамаарахгүй тул түүний гаргасан “... хоёр шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд аль хурлын төлөөлөгчөөс татгалзах эрх зөрчигдсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Маргааны энэ нөхцөлд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшиж, олонхын санал авсан нэр дэвшигч нь түрүүлж зарлагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын анхдугаар хуралдаанаас өмнө аль шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллах, эсхүл бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ холбогдох Хуралд илэрхийлсэн байх шаардлагатай.
11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг “тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, олонхын санал авсан нэр дэвшигчийн “Хурлын Төлөөлөгч”-ийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоол гаргасны дараа /хоёр шатны хуралд сонгогдсон/ уг Төлөөлөгч өөрөө тухайн шатны Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээсээ татгалзах эрхтэй” гэж тайлбарлах нь “хоёр шатны Хуралд давхар ажиллахыг хязгаарлах” зарчимд нийцэхгүй.
12. Ийм нөхцөлд тэрээр “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-д оролцох, тухайн шатны Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд дээрх хуульд заасны дагуу түүний сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзэхгүй.
13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.2, 56 дугаар зүйлийн 56.2-т заасан журмын дагуу Завхан аймгийн Баянтэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон 20 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр тэдний бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн ба хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу олонхын санал авсан Т.А-г сумын Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулахаар шийдвэрлэж “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 08 дугаар тогтоолыг гаргасан нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгч Х.Лгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
14. Дээрх байдлаар анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 118/ШШ2025/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ