Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 231

 

 

 

                          

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч М.Сарантуяа,

            шүүгдэгч С.Өнөржаргал, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх  дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Сангажавын Өнөржаргалд холбогдох 201625012990 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Б-10 дугаар гудамжны 296 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Харчин овогт Сангажавын Өнөржаргал /РД: ЧН76091173/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч С.Өнөржаргал нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Сарантуяаг хашаанд шээлээ гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Өнөржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо бид хоёр хамт амьдарч байгаа. Сарантуяаг гэмтсэнээс хойш эмнэлэгт би сахиж одоог хүртэл асарч байна.

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Өнөржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:        

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн гэртээ М.Сарантуяагийн хамт байж байгаад гартал Зоригоотой таарсан. Бид гурав юм яриад сууж байхад Дүгэрээ залгаад манай гэрт такси бариад хүрээд ир жорлонгийн нүх ухаж байна. Шороог нь машин дээр ачихад туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Зоригоо, Сарантуяа хоёртой такси бариад Дарь-Эхэд байрлах Дүгэрээгийн гэрт очсон юм. Дүгэрээ зам дээр тосч аваад замаараа дэлгүүр орж 0.75 литрийн хараа архи хоёр шилийг авсан. Тэгээд бид нарыг очиход газар ухаж байсан эксватор эвдэрээд ажил хийгээгүй. Бид нар хоол хийж авсан архиа ууцгаасан. Архиа ууж дуусгаад дахиад дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн хараа архи аваад ууж дуусахад 19-20 цаг болж байсан. Тэгсэн Дүгэрээ, Зоригоо хоёр тасраад уначихсан байсан. М.Сарантуяа нь шээнэ гээд хашаан дотор суухаар нь “чи хашаанаас гараад шээчих” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд уур хүрээд гараараа шанаа руу нь хоёр удаа цохисоноо санаж байна. Нэг сэргэхэд хашаанаас хөл нь доголоод гараад явж байсан. Би жоохон сууж байгаад араас нь гараад М.Сарантуяа руу залгахад гэмтэлд хэвтэж байна гэж надад хэлсэн. Яваад очиход түнхний яс нь хугарсан хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. Тэгээд би хагалгааны төлбөрт 1.445.000 мянган төгрөгийг өгсөн. Эм тарианы мөнгө барагцаагаар 400-500 мянган төгрөг болсон /хх-27-28х/ гэжээ.

 

Хохирогч М.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дарь-Эхэд байдаг Өнөржаргалын найз шинэ хашаатай болсон гээд дуудахаар нь цуг очсон. Тэр айлд нилээн их архи уугаад согтсон. Тэгээд бие засах гэж гартал 00 байхгүй болохоор нь хашааны буланд очиж бие застал Өнөржаргал уурлаад ийм асуудал болсон. Өнөржаргал намайг өшиглөж гэмтээсний улмаас миний зүүн түнхний хугарал гэмтэл учирсан. Тэгээд түргэн дуудаж гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Өнөржаргал надад учирсан бүх зардлыг төлж барагдуулсан гэв.

 

Гэрч П.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Өнөржаргалтай анх Нийслэлийн 46 дугаар сургуульд анх 1984 онд нэг ангид орж танилцаж байсан. Одоо 20 гаруй жил найзууд явна. С.Өнөржаргал нь хамт олонч, хүнд тусархаг, нийтэч залуу. С.Өнөржаргал багадаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архи дарс, муу зуршлаас хол хүн дээ /хх-14х/ гэжээ.

 

Гэрч Ц.Дүгэржав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны задгайд газар авсан юм. 2016 оны 08 сарын 03-ны өдөр жорлонгийн нүх ухаж байгаад хүн хэрэгтэй болохоор нь Өнөржаргал руу 10 цагийн үед залгаад хаана байгаа талаар асуухад Зоригтбаатартай цуг байна гэхээр нь би таксигаар хүрээд ир шороо зөөх ажил байна гэж хэлсэн. Тэр хоёр ирэхдээ нэг эмэгтэйг дагуулж ирсэн. Уг эмэгтэйг Сарантуяа гэж танилцуулсан. Би зам дээрээс Өнөржаргалыг тосоод хашаан дээрээ очиход жорлонгийн нүх ухаж байсан эксватор нь эвдэрчихсэн. Тэгээд дэлгүүр ороод 0.75 литрийн хараа архи дэлгүүрээс авч уусан. Тэгээд нэг мэдсэн тасраад унасан байсан. Орой 23 цагийн үед сэрэхэд би ганцаараа үлдчихсэн Зоригтбаатар, Өнөржаргал нар яваад өгсөн байхаар нь би аяга шөл хийж идчихээд буцаад унтсан. Тэгсэн хоёр хоногийн дараа Зоригтбаатар над руу залгаад Өнөржаргал хамт явсан хүүхнээ зодчихсон юм байна нөгөө хүүхэн нь цагдаад өргөдөл бичээд өгчихсөн гэж Өнөржаргал надад хэлсэн. Энэ асуудлын талаар би тэр үед мэдсэн. Бид хоол хийж идсэн. Сарантуяа төмс ногоо арилгаж байсан. Маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Би С.Өнөржаргалтай 1988 онд танилцаж байсан. Бид хоёр багын найзууд байгаа юм. С.Өнөржаргалын зан төлөвийн хувьд даруу төлөв, хүнд тусархаг, нөхөрсөг зантай хүн. С.Өнөржаргал нь бага байхдаа сагсан бөмбөгийн спортоор хичээлэлдэг байсан. Сургуулийн хэд хэдэн удаагийн аварга. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Бид хоёр 20 гаруй жил найзалж байна /хх-15х/ гэжээ.

 

Гэрч Х.Зоригтбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:            

Би зурагтад 2016 оны 08 сарын 03-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ гараад явж байхад С.Өнөржаргал нь М.Сарантуяатай хамт явж байсан. Би очоод юм яриад байж байтал Ц.Дүгэржав нь Өсөхжаргал руу залгаад манай гэрт такси бариад хүрээд ир газар шорооны ажил хийж байна туслаад өг гэхээр нь бид гурав такси бариад яваад очсон. Ц.Дүгэржав бид гурвыг зам дээр тосч авсан. Замаараа дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи 2 шилийг аваад Ц.Дүгэржавын гэрт очсон. Очоод хоол хийх гээд байж байтал шороо ухаж байсан машин нь эвдэрсэн. Тэгээд бид нар ууцгаасан бөгөөд 2 шил архи дуусгаад дэлгүүрээс дахиад 2 шил 0.75 литрийн архи авах шиг болсон. Би сүүлд авсан 2 шил архийг ууж байгаад тасраад уначихсан байна лээ. Юу болсон талаар огт санахгүй байна. Нэг сэрэхэд С.Өнөржаргал хажууд байсан. Надаас явах уу гэж асуухаар нь тэгье гээд бид хоёр такси бариад зурагт руу явсан. Над руу С.Өнөржаргал нь хоёр хоногийн дараа залгаад би М.Сарантуяаг зодоод гэмтээчихсэн байна. Одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна гэнээ гэж надад хэлсэн. Яаж байгаад зодчихсон юм гэж асуухад дээр Ц.Дүгэржавынд  ууж байгаад зодчихсон байна гэж хэлсэн/хх-16х/ гэжээ.

 

2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10935 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Сарантуяагийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, шанаа мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна /хх-18х/гэжээ.

           

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан С.Өнөржаргалыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-23-28х/, Хохирогч М.Сарантуяагийн мэдүүлэг /хх-10-12х/, гэрч Б.Амаржаргал /хх-13х/, П.Наранбаатар /хх-14х/, Ц.Дүгэржав /хх-15х/, Х.Зоригтбаатар /хх-16х/ нарын мэдүүлгүүд, 10935 тоот шинжээчийн дүгнэлт /хх-18/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30-х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29х/, хохирлын баримтууд /хх-34х/ шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-30-34х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-35-36х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай байна гэж үнэллээ.

 

Шүүгдэгч С.Өнөржаргал нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Сарантуяаг хашаанд шээлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан өшиглөж, бие махбодид нь зүүн дунд чөмөгний далд хугарал, шанаа мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгчийн шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Өнөржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Өнөржаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

           Хохирогч М.Сарантуяагийн эмчилгээнд 1.344.884 төгрөгийн зардал гарсаныг шүүгдэгч С.Өнөржаргал тухайн үед нь төлж барагдуулсан байх тул хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирогч санал гомдолгүй гэсэн болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийг согтуурууулах ундаа хэрэглэсэн байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүхээс оногдуулах хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Өнөржаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Харчин овогт Сангажавын Өнөржаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өнөржаргалыг 3 /гурван/  жил,  1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өнөржаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Өнөржаргалд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Өнөржаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ