Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 19

 

Н.Ут холбогдох эрүүгийн

Хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд, Ялтан Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан ялтан Н.Уийн давж заалдах гомдлоор тухайн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шаншин овогт Н.У нь. ДЖ97081507 регистрийн дугаартай, 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эмээ, ах, дүү, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 6-30 тоотод оршин суудаг.

Ялтан Н.У нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие Н.У  нь 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Би Говь-Алтай аймгийн шүүхэд Эрүүгийн хэргийн 17.5.1-ээр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус ялаа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хорих байранд хоригдож байгаа. Энэ үйлдэлдээ би маш их гэмшиж байна. Миний бие Ирээдүй гэдэг 2 настай хүүхэдтэй. Хүүхэд маань одоогийн байдлаар Бадарч овогтой жавзангийн хамт амьдарч байгаа. Эмээ маань 65 настай Миний хүү Ирээдүй хөхнөөсөө гараагүй, хөхдөг учир би хүүгээ санаад хэцүү байна. Үүнээс хойш үлдсэн цагаа тасдахгүй цагт нь ирж байна. Иймээс энэ бодлуудыг харгалзан үзэж дахин хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Ялтан Н.У нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдьэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон ажлыг хийж байгаад 298 цагийн ажлыг хийхээс зайлсхийж, Говь-Алтай аймгийн Прокурорны газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн дүгнэлтийг хүлээн авч Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжаар Н.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлэгх ялыг хорих ялаар солих тухай шүүгчийн захирмж гарчээ.

Тус шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн Н.Ут оногдуулсан ялыг хорих ялаар сольсон нь түүний хувийн байдалд тоироогүй байна. Н.Уийн бага насны буюу хөхнөөсөө гараагүй 2 настай хүүхэдтэй, хүү Ирээдүйг 65 настай эмээ Б.Жавзан нь асарч байгаа гэсэн хувийн хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан хорих ялаас чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ч.ЭНХТӨР

           ШҮҮГЧИД                                 Б.АРИУНБАЯР

                                                             Ш.БАТТОГТОХ