Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/77

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0028/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2318000000047 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* , *** оны *** дүгээр сарын 10-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа *** ажилтай, ам бүл ***, урьд *** удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дархан зах"-ын хашаан дотор хамт архи ууж байсан *******-тай маргалдсаны улмаас түүний баруун гуяны ард хэсэгт хутгаар нэг удаа хатгаж “баруун гуяны ард хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-5/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 8/, хохирогч *******-ын мэдүүлэг /хэргийн 13/, гэрч *******,******* нарын мэдүүлэг /хэргийн 17-18, 21-22/, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29-30/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 31-32/, яллагдагч *******-гийн мэдүүлэг /хэргийн 47-48/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-: “...Би архи хэтрүүлэн хэрэглэснээсээ болоод ийм үйлдэл гаргасан. Үнэхээр гэмшиж байна.” гэх мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *******нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дархан зах"-ын хашаан дотор хамт архи ууж байсан *******-тай маргалдсаны улмаас түүний баруун гуяны ард хэсэгт хутгаар нэг удаа хатгаж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Уг үйл баримт нь: “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5/;

 

-Хохирогч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд өөрийн найз *******той хамт Дархан сумын 07 дугаар багт байрлах захын хашаан дотор явж байгаад *******ын зүс таних хоёр хүнтэй тааралдаад 0,5 граммын Хараа нэртэй нэг шил архи аваад хувааж уусан. Тэгээд Дархан захын мах зардаг байшингийн гадна зогсож байгаад би *******гэх хүнтэй маргалдсан. Учир нь *******ах захаа мэдэхгүй, намайг хүндэлж харьцсангүй гээд байхаар нь чи зүгээр бай насандаа байгаарай гэж хэлэхэд мах зардаг байшин руу гүйж ороод дотроос хутга барьж гарч ирээд миний ар талаас баруун гуя руу нэг удаа хутгаараа хатгасан. Тэгээд тухайн үедээ би хутгалсан гэж бодоогүй тоглоод байна гэж бодоод байж байтал миний өмд нойтон болоод бие эвгүйрхээд доошоогоо суусан. Тэгэхэд миний хажууд байсан ******* эмнэлэг болон цагдаагийн газарт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/;

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд өөрийн найз *******-тай хамт Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан зах дээр явж байгаад миний танил найзууд болох *******-, *** хоёртой тааралдаад хамт нэг шил 0.5 граммын архи хувааж уусан. Тухайн үед архи ууж байхад манай найз *******-, *******- хоёр жаахан маргалдаад ах захаа мэдсэнгүй энэ тэр гээд байсан. Тэгж байснаа *******- ах мах зардаг лангуутай байшин руу гүйж ороод удалгүй гарч ирэхдээ зүүн гарныхаа ханцуйн дотроос хутганы хар өнгийн иш ил гарчихсан гарч ирэхээр нь би наадах чинь хутгатай байна гэж хэлээд найзыгаа өөрийнхөө ард татаж оруулаад *******- ахын хоёр гарнаас нь барьж аваад хутгыг нь булааж авах гээд чадаагүй. Тэгээд надаас зугтаад *******-тай очиж зууралдаад газар унасан. Тэгэхэд нь би очоод *******- ахыг *******-аас салгасан. Тэгэхэд *******- наадах чинь миний баруун гуя руу хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь арай үгүй байлгүй дээ гээд харахад баруун гуяных нь ар талаас цус гараад өмдийг нь норгочихсон байсан. Тэгэхэд хажууд байсан Отгоо ах *******- ахын гарнаас хутгыг нь булааж аваад мах зардаг байшингийн үүдэнд байх хогийн сав руу хутгыг нь хийчихсэн. Тэгэхээр би эмнэлэг болон цагдаагийн газар руу дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18/;

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд өөрийн танил дүү *******-тай хамт Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан зах дээр явж байгаад *******-гийн танил хоёр хүнтэй тааралдаад хамт нэг шил 0,5 граммын архи хувааж уусан. Тэгээд бид нар мах зардаг байшингын гадна зогсож байхад **************- гэх залуутай жаахан маргалдаад байх шиг байсан. Би *******-, *******, *******- гурваас жаахан зайтай тамхи татаад зогсож байсан. Тэгэхэд ******* *******- ах манай найз *******-ыг хутгалчихлаа гээд орилхоор нь би яваад очиход *******гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан зогсож байхаар нь би гарнаас нь булааж аваад махны лангууны байрны гадна байх хогны саванд тухайн хутгыг нь хийчихсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22/;

 

-“...*******-ын биед “баруун гуяны ард хатгагдаж, зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид  эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30/;

 

-*******-д тусламж үзүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүгдэгч *******-гийн үйлдлийн улмаас хохирогч *******-ийн биед “баруун гуяны ард хатгагдаж, зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30/-ээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

 

Шүүгдэгч *******нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирогчийн баруун гуяны ард хутгаар хатгаж, зүссэн үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж, хохирогч *******-д учирсан гэмтэл нь шүүгдэгчийн дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж тус тус үзэв.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 240 /хоёр зуун дөчин цаг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Хохирогч *******-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ууланд байна, очих боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэж хариулсан байх боловч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлт ирүүлээгүй мөн түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай талуудын саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 Хохирогч *******- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч гэмт хэргийн улмаас түүний биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэлээ.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 23 см урттай, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгийг устгахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 23 см урттай, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГЭРШИХБӨРТЭ