Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/00432

 

2019 оны 02 сарын 22 өдөр           Дугаар 183/ШШ2019/00                     Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, Л.Г-д холбогдох,

 

                Зээлийн гэрээний үүрэгт 200 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Бын аавынхан ахын охины нөхөр болох Д.Д нь түүнтэй уулзаж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд жилийн дөрвөн улиралд амьдрах зориулалтай таун-хаус барьж байгаа ажил зогсох гээд байна, санхүүжилт хэрэгтэй байгаа тул 120 000 000 төгрөгийг богино хугацаанд зээлээч, эхний байруудаа ашиглалтанд оруулангуутаа зээлсэн мөнгөө, хүүтэй хамт өгье гэж хүсэлт тавьсан. Миний хувьд тухай үед ураг төрлийн хамаатан садан байсан тул итгээд өгөхөөр болж 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 120 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулан мөнгийг өгсөн. Удалгүй хугацаа өнгөрч мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, барилга арай ашиглалтанд ороогүй байна гэсэн. Гэтэл нэг хэсэг холбогдох боломжгүй болж, сураглатал М ХХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерээр ажилд томилогдон явсан байсан. Зээлдүүлэгч Д.Б нь зээлдэгчийг үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч хариуд нь хэсэг хүлээчих, өгнө гэсэн хариу өгсөөр байсан. Гэтэл сүүлдээ тухайн барилгад иргэд орон сууц өмчлөөд эхэлсэн, зарагдаад дууссан байгааг бид мэдсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Дд холбогдуулан гомдол гаргасан боловч Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй, иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой, иргэний хэрэг маргаан байх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Үүний дараагаар Монгол улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан ч мөн л адил иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлбэл зохих асуудал хэмээн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард Д.Дийн барилгыг тухайн үедээ хариуцан бариулж байсан түүний найз, бизнесийн хамтрагч Л.Г нь Д.Бтай холбогдон, ярилцсаны үндсэн дээр Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Л.Гтай Баталгааны гэрээ байгуулсан. Уг баталгааны гэрээний дагуу Л.Г нь 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч буюу Д.Дийн хүлээсэн үүргийн биелэлтийг бүрэн хангуулах үүрэг хүлээх, үүрэг гүйцэтгэгч нь үүгээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч нь өөрийн эд хөрөнгө /мөнгө/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангах, Д.Д зээлдэгчтэй Д.Б зээлдүүлэгчтэй 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 200 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор үүрэг гүйцэтгэгч буюу Д.Бд төлөхөөр тохиролцож байгуулсан. Гэвч одоог хүртэл баталгааны гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй байгаа нь намайг эдийн засгийн асар их хохиролд оруулаад байгаа учраас эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Г нь Д.Дтэй найзууд юм. Д.Д эрүүгийн хэрэгт шалгагдаад байна чи баталгаа гаргаад өгчих гэж гуйсан тул гаргаж өгсөн. Иймд баталгааны гэрээний дагуу шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

         Хариуцагч Л.Гт холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 200 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Д.Б шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

         Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Нэхэмжлэгч Д.Б нь 120 000 000 төгрөгний хүү, өнгөрсөн цаг хугацаа, мөнгөний ханш зэргийг харгалзан гүйцэтгэвэл зохих үүргийг 200 000 000 төгрөг гэж тохиролцон 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Баталгааны гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

         Хариуцагч Л.Г нь найз Д.Д эрүүгийн хэрэгт шалгагдаж байна туслаач миний өмнөөс баталгаа гаргаад өгөөч гэж гуйсны дагуу нэхэмжлэгч Д.Бтай баталгааны гэрээ байгуулсан, баталгааны гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргадаг.

 

          2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Д.Б болон Д.Д нарын хооронд байгуулсан 120 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 200 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор хариуцагч Л.Г нэхэмжлэгч Д.Бд төлөхөөр тохиролцон баталгааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. /хх-11 дүгээр хуудас /

 

        Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “ Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч Д.Д хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгүүлэгч Д.Бын өмнө биелүүлээгүй тохиолдолд уг үүргийг гуравдагч этгээд Л.Г өөртөө хүлээж 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр  байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр хэлцэл байна. Мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж заасан нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анхны шаардлагаар үл маргах журмаар төлбөр төлөх үүргийг баталгаа гаргагчаас шууд шаардах эрхтэйгээр хуульд заасан байх тул нэхэмжлэгч баталгаа гаргагч Л.Гаас шаардах эрхтэй байна.      

 

       Харин үүрэг гүйцэтгэгч  Д.Д үүрэг гүйцэтгүүлэгч Д.Б нарын хооронд 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 120 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай,  сарын 2 хувийн хүүтэй байхаар тохиролцсон байх тул үүрэг гүйцэтгэгчид Зээлийн гэрээний дагуу 124 800 000 төгрөгийн үүрэг үүссэн байна. /хх-ийн 6 дугаар  хуудас/

 

       Иймд баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 124 800 000 төгрөгийг хариуцагч Л.Гаас гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гаас 124 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 163 740 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 781 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ