| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0071/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/71 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/71
2023/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Ж.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жын Цт холбогдох 2312000000055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Жын Ц /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгой хорооллын 50-01 тоотод 2023 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн эхнэр Ц.Утэй гэр бүлийн маргааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, Ц.Уийн зүүн нүдэн тус газар хөлөөрөө цохиж түүний биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Болсон явдалд харамсаж байна. Би шатахуун түгээх станцад ажилладаг. Тухайн өдөр мөсний баяр болоод манай баг түрүүлсэн бөгөөд манай хэд нэг тийшээ оръё гэхээр нь би эхнэртээ намайг ирээд авчих гэсэн чинь арай болоогүй байна, аавынд очсон байна гэсэн. Тэгээд бид хэд “Арвис”-т ороод дахиад эхнэр рүү залгаад ирээд авчих гэтэл би өөрөө алхаад хүрээд ир гэсэн. Тэгээд би хадмындаа очсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000055 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Уийн мэдүүлсэн:..2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай нөхрийн ажлын газрынхан нь мөсний баяр болж байгаа, тэмцээнтэй гээд явсан. Орой 23 цагийн орчимд гэж санаж байна, манай нөхөр Ж.Ц нь миний дугаар руу залгаад очих арай болоогүй байна гэхээр нь би хоёр хүүхдээ аваад өөрийнхөө аавынд очоод байж байтал манай нөхөр дахиж залгаад “Арвис” бааранд байна, ирээд ав гэж хэлсэн. Ингээд очиж авах гээд байж байтал дахиж залгаад би одоо очиж байна наанаа байж бай гээд Ж.Ц манай аавынд ирээд бид нар гэр рүүгээ харьсан. Гэртээ очоод байж байтал Ж.Ц нь манай аавыг танай аав айлын хашаанд гуйлгачилж буусан гэж ярихаар нь чи миний аав, ээжийг доромжилдог юу юм гэхэд үргэлжлүүлээд чи ер нь яах гэж тэнд очсон юм, өчигдөр очсон биз дээ гэхээр нь би уурлаад бид хоёрын дунд хэрүүл үүссэн бөгөөд хэрүүл хийж байгаад Ж.Ц гэнэт модон сандлаар миний толгойн орой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Энэ үед нь би толгойгоо дараад газарт уначихсан байхад Ж.Ц миний зүүн талын нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний нүд тэр дороо овойгоод хавдсан. Яг энэ үед манай бага насны хоёр хүүхэд ааваа та болиоч гэж орилоод Ж.Ц намайг зодохоо больсон. Би энэ үед утсаараа аав, ээжийгээ дуудах гэтэл миний гар утсыг булааж аваад өгөхгүй байсан. Миний зүрх өвдөөд байна гэхэд Ж.Ц эмнэлэг рүү түргэн дуудаж өгсөн боловч эмнэлгийн машин ирэхэд намайг үзүүлэх юм уу гэхээр нь би нүд аймар хавдсан болохоор ичээд үзүүлэхгүй гэхэд Ж.Ц өөрөө гараад буцаагаад явуулчихсан. Ингээд би Ж.Цоос гар утсаа аваад гэрээсээ гараад явж байхдаа цагдаа дуудсан бөгөөд би машинаа аваад өөрийн аавындаа очиж ээжийгээ аваад буцаад ирэхэд хоёр цагдаа манай нөхрийг гэрээс аваад гарч байсан. Манай нөхөр цагдаа нарт хандаж наад эмэгтэй чинь согтуу байгаа, цуг авч явж согтолтыг нь шалга, наад эмэгтэй чинь сая согтуу машин жолоодсон гээд би цагдаа нартай хамт Цагдаагийн газарт ирж согтолт хэмжигч багажаар шалгуулахад надаас согтолт илрээгүй юм. Манай бага насны хоёр хүүхэд л байсан. Өөр хүн байгаагүй. Архи уусан байсан. Гэхдээ тийм их согтуу байгаагүй, болсон асуудлаа өөрөө маш сайн санах ёстой гэж бодож байна. Манай нөхөр намайг өмнө нь зодож, цохиж байгаагүй. Толгой орой хэсгээрээ хавдсан, зүүн нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Би гомдолтой байна. Би зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирч байгаадаа маш их гомдож байна. Миний зүрх их өвддөг гэдгийг мэдсээр байж намайг байн, байн уурлуулдагт нь би гомдож байна. Манай нөхөр Ж.Ц нь архи уусан үедээ их түргэн ууртай, ширүүн, догшин үг харилцаатай, эрүүл саруул үедээ бол гэр орныхоо ажлыг маш сайн хийдэг хажуугаар нь ганцаараа ажиллаж амьдарлаа авч явж байгаа. Уг нь сайн хүн байгаа юм. Би нөхрөө засрах байх, архи уухаараа агсан тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэгээ болих байх гэж их найддаг байсан. Одоо бол дахиж найдах арга алга. Намайг ийм болтол зодох хүртэл нь хүндэлж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цын мэдүүлсэн:...Ж.Ц ахыг өмнө нь эхнэрээ зодож, цохиж байсан талаар бол огт мэдэхгүй. Ганц нэг удаа хэрүүл, маргаан хийж байсныг нь бол мэднэ. Миний ах Ж.Ц нь жаахан түргэн уур ааштай. Тэрнээс биш гэр бүлдээ бол халамжтай, гэр бүлийн ахуйн ажилд их сайн. Гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, хүмүүстэй тэр бүр хэрүүл, маргаан хийгээд байдаггүй, алиа хошин зантай л хүн байгаа юм. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгой хорооллын 50-01 тоотод эхнэр, 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Архангай аймгийн Цэнхэр суманд “Тэс петролиум” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай. Цэргийн албыг 2003 оноос 2004 онд Улаанбаатар хотод хааж байсан. Яг хэд дүгээр цэргийн ангид алба хааж байсан талаар нь би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цын мэдүүлсэн:... Манай охин 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой 21 цагийн орчим гэж санаж байна, өөрийн бага насны хоёр хүүхдийн хамт манайд ирсэн бөгөөд 23 цагийн орчимд гэж санаж байна, манай хүргэн Ц манайд ирсэн бөгөөд ирэхдээ халамцуу архи уусан бололтой байсан. Ингээд манай хүргэн эхнэр, хүүхдээ аваад явсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад манай охин Ц.У нь зүүн нүдээ тэс цохиулсан манайд орж ирсэн бөгөөд Цт зодуулсан гэж ярьж байсан. Ж.Ц нь их согтоогүй, жаахан халамцуу бололтой л байсан. Манай охин 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой манайхаас нөхөр, хүүхдийнхээ хамт гарах үедээ бие нь зүгээр, ямар нэгэн шарх гэмтэлгүй байсан. Ингээд шөнө 01 цаг өнгөрч байхад манайд ирэхдээ толгой их өвдөөд байна, зүүн нүд хавдаад хөхөрчихсөн, манай нөхөр Ц зодчихлоо, би цагдаа дуудчихаад танайд ирлээ гэж ирээд ээжийгээ аваад буцаад явсан юм. Манай хүргэн Ц архи уугаагүй үедээ их зөв харилцаа хандлагатай хүн шиг л харагддаг. Ер нь тэр бүр бол архи уугаад яваад байдаггүй хүн байгаа юм..гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Цын мэдүүлсэн:...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Надад энэ яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Би хүлээн зөвшөөрнө. 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай ажлын газрын цасны баяр болж би тухайн баяртаа ороод орой 23 цагийн алдад харих гээд эхнэрээ хаана байгаа талаар асуухад аавындаа байна гэсэн бөгөөд би хадам аавынд очоод эхнэр, хүүхдийн хамт гэр рүүгээ явсан. Ингээд гэртээ харьсан. Би эхнэртээ хандаж чи намайг очиж авахгүй яасан юм гээд маргалдаж эхэлсэн бөгөөд манай эхнэр гэнэт уурлаж миний толгой руу телевизорын удирдлага шидээд миний толгой руу цохисон. Ингээд би огцом уурлаж эхнэрээ модон сандлаар нэг хоёр удаа толгой руу нь цохисон. Тэр үед газар унасан байхад нь би хөлөөрөө нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, ингээд өөр ямар нэгэн маргаан болоогүй байж байтал манай эхнэр гараад явчихсан. Гэтэл цагдаа ирж намайг авч явж эрүүлжүүлсэн юм. Манай бага насны хоёр хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Би толгой хэсэгт нь тавцан дээрээ хээтэй улаан эрээн сандлаар хоёр удаа цохисон. Би өөрийн эхнэр Ц.Уээс уучлалт гуйсан бид эвлэрсэн. Манай эхнэр Ц.У эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан бөгөөд төлбөр, мөнгийг нь төлсөн. Манай эхнэр намайг уучилсан гэж хэлсэн. Би өмнө эхнэрээ зодож, цохиж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 41 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ц.Уийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 34-35 хуу/
Эд зүйл хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой хорооллын 50-01 тоотод 2023 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Ц.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Ж.Цтоо зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц нь 2023 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгой хорооллын 50-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Ут гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн сандлаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Ц.Уийн мэдүүлсэн “гэртээ очоод байж байтал Ц нь манай аавыг танай аав айлын хашаанд гуйлгачилж буусан гэж ярихаар нь чи миний аав, ээжийг доромжилдог юу юм гэхэд үргэлжлүүлээд чи ер нь яах гэж тэнд очсон юм, өчигдөр очсон биз дээ гэхээр нь би уурлаад бид хоёрын дунд хэрүүл үүссэн бөгөөд хэрүүл хийж байгаад Ц гэнэт модон сандлаар миний толгойн орой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Энэ үед нь би толгойгоо дараад газарт уначихсан байхад Ц миний зүүн талын нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний нүд тэр дороо овойгоод хавдсан. Яг энэ үед манай бага насны хоёр хүүхэд ааваа та болиоч гэж орилоод Ц намайг зодохоо больсон” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/,
гэрч Б.Цын мэдүүлсэн “Манай охин 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой 21 цагийн орчим гэж санаж байна, өөрийн бага насны хоёр хүүхдийн хамт манайд ирсэн бөгөөд 23 цагийн орчимд гэж санаж байна, манай хүргэн Ц манайд ирсэн бөгөөд ирэхдээ халамцуу архи уусан бололтой байсан. Ингээд манай хүргэн эхнэр хүүхдээ аваад явсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад манай охин Ц.У нь зүүн нүдээ тэс цохиулсан манайд орж ирсэн бөгөөд Цт зодуулсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ж.Цын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,
хохирогч Ц.Уийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 41 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Ц нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ц нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ж.Ц нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгой хорооллын 50-01 тоотод 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 05-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Уийгээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн сандлаар зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Цт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын
газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Ж.Ц нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ж.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Ц.У нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Ж.Цыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ._
Шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 2 /хоёр/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Цыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Цт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 2 /хоёр/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Ж.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Цын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ