| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2019/01574/И |
| Дугаар | 183/ШШ2019/01816 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2019/01816
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2019/01816
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, ... тоот хаягт байрлах А ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... гудамж Н СӨХ-д холбогдох,
Гэм хорын хохирол 850 018 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагч Н СӨХ-ны захирал П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ :
Тус “А” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Н хотхон ... тоот, Y2206019361 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч билээ. Уг байр нь 10 давхар барилгын 10 давхарт байдаг ба 2016 онд худалдан авснаас хойш байнга дээврээс шууд манайхруу ус алддаг юм. 2017 он, 2018 он, 2019 онуудад дээврээс ус алдаж ихээхэн хэмжээний хохирол учруулах бүрт “Н” СӨХ болон “Б” конторын жижүүрийн утсанд удаа дараа дуудлага өгч тухай бүрт нь үзүүлж харуулж байсан ба тус бүр дээврээ засаж өгнө үү, манай хохирлыг арилгаж өгнө үү хэмээн бичгээр өргөдөл өгч байсан боловч өдийг хүртэл шийдэж өгсөнгүй. Энэ хугацаанд бид 2017 онд нэг удаа, 2018 онд нэг удаа хэсэгчилсэн засварыг өөрийн хөрөнгөөр хийсэн боловч 2018 оны 4 дүгээр сард дахин дээврээс ус алдаж манай угаалгын өрөө, унтлагын өрөө, коридорын өрөөний ханын цаас бүхэлдээ хөндийрч, хоёр унтлагын өрөөний болон коридорын паркетан шал зарим хэсгээрээ дэвтэж товойж гарч ирсэн. Тухайн үед бид тухайн байранд хараахан нүүж ороогүй, эзэнгүй байсан тул дээврийн ус их хэмжээгээр манайд тунаснаас доод айлруу ус алдсан ба уг айл манайхыг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа юм.
Бид СӨХ, конторын жижүүрийн утсанд тухай бүр дуудлага өгч, сангийн ажилтнуудад нь үзүүлж харуулж байсан. Тухайн үед СӨХ-ны дарга нь хариулт өгөхдөө “Мансарданд айл оруулах зориулалтгүй, конторын дарга нь хамаатнаа оруулснаас манайх дээвэрлүү гарах эрхгүй болсон болохоор ус зайлуулах хоолойнд бөглөрсөн хогийг зайлуулах боломжгүй болсноос боллоо” хэмээн хариулж байсан бол 2019 оны 5 дугаар сард ус алдсаны дараа уулзахад “манайх дээврийн түлхүүрийн хувийг авсан, бид нар гарч цэвэрлэж байгаа” гэсэн боловч одоо бороо орох бүрт нэмж ус гоожсоор байгаа юм. Бид бороо орох бүрийд хувин тавьж ус тосдог тул дахин засвар хийхэд асар хүндрэлтэй байгаа юм.
2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “В” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан хийлгэж хохирол засварын 770 018 төгрөгийн үнэлгээ, мөн үнэлгээ хийлгэсэн төлбөр 80 000 төгрөг төлсөн. Иймд манай эд хөрөнгөнд хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан нийт 850 018 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Н СӨХ-ны захирал П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “А” ХХК-ийн дээр байдаг лифтний өрөөнд А ХХК үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй бөгөөд айлд түрээслэдэг. Тус айлын дээрээс ус гоожсонд СӨХ-ны буруутай үйл ажиллагаа байхгүй, нэхэмжлэгчийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК манай Н хотхоны барилгыг барьсан, тэгээд манай лифтний өрөөнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, айл амьдруулдаг, уг айл нь дээврийн борооны ус зайлуулах хоолой уруу хог хийж бөглөснөөс болж нэхэмжлэгчийн дээврээс ус гоожсон, СӨХ-оос дээвэрлүүгээ гарах ямар ч боломж байхгүй, энэ айл хаалгаа түгжчихдэг, бид айлын хаалга дураараа эвдэж орох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Н СӨХ-д холбогдуулан нэхэмжлэгч А ХХК нь гэм хорын хохиролд 850 018 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч А ХХК нь “ ... манайх 10 давхар барилгын 10 давхарт байдаг ба 2016 онд худалдан авснаас хойш байнга дээврээс шууд манайхруу ус алддаг, энэ талаар СӨХ-д мэдэгдсэн боловч арга хэмжээ авч өгөөгүй тул Вендо ХХК-иар үнэлгээ хийлгэж, засварын 770 018 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн төлбөр 80 000 төгрөг нийт 850 018 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.
Хариуцагч Н СӨХ-ны захирал П.Э нь “...А ХХК манай Н хотхоны барилгыг барьсан, тэгээд манай лифт болон цахилгааны шит байдаг техникийн өрөөнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, айл амьдруулдаг, уг айл нь дээврийн борооны ус зайлуулах хоолой уруу хог хийж бөглөснөөс болж нэхэмжлэгчийн дээврээс ус гоожсон, СӨХ-оос дээвэрлүүгээ гарах ямар ч боломж байхгүй, энэ айл хаалгаа түгжчихдэг, бид айлын хаалга дураараа эвдэж орох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ” гэж тайлбарлажээ.
Зохигчид Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Н хотхон ... тоот орон сууцны дээврээс ус гоожсон үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй, харин лифт болон цахилгааны шит байдаг техникийн өрөөнд айл амьдардаг, уг айл нь дээврийн борооны ус зайлуулах хоолойнд хог хийж бөглөсөн, дээвэрлүү гарах хаалга түгжснээс болж СӨХ дээвэртээ гарч цэвэрлэгээ хийх боломжгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргаж байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх ... зэрэг эд хөрөнгө” зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байх тул дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах ажлыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцахаар байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Н хотхон ... тоот орон сууцны дээврээс ус алдан түүний улмаас засвар үйлчилгээ хийхэд 770 018 төгрөгийн зардал шаардлагатай болох нь хөрөнгө үнэлгээний В ХХК-ийн гаргасан тайлан, хөрөнгийн үнэлгээг гаргахад 80 000 төгрөгийн зардал гарсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас гэм хорын хохиролд нийт 850 018 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. /х.х-ийн 7-12 дугаар хуудас/
Хариуцагч Н СӨХ нь лифт болон цахилгааны шит байдаг техникийн өрөөнд сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон талаарх гомдол, нэхэмжлэлээ гаргах, уг гэм хорын хохирлыг учруулсан буруутай этгээдээс шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н СӨХ-оос гэм хорын хохиролд 850 018 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ж.СЭМЖИД
Д.МӨНХЦЭЦЭГ