| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0818/з |
| Дугаар | 221/МА2025/0196 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0196
Д.Сийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Нэхэмжлэгч: Д.С
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/422 дугаар захирамжийн Д.Ст холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1041 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0818/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Сээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/422 дугаар захирамжийн Д.Ст холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1041 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан Д.Сийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Маргаан бүхий акт буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/422 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан хэсгийг үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмших газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн бөгөөд эдгээр үндэслэл бий болоогүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогддог.
3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийн тухайд, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэдгийг “...40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгч газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг хэрхэн, яаж зөрчсөн талаарх баримтыг гаргуулах хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгчийн захирамж гарсан байдаг. Шүүгчийн захирамжид захиргааны байгууллагаас энэ талаарх баримт байхгүй гэдэг тайлбарыг ирүүлсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй гэдэг нь нотлогддог бөгөөд энэ үндэслэлд анхан шатны шүүхээс тайлбар өгөөгүй үлдээсэн байна.
3.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийн тухайд, нэхэмжлэгч Д.С нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөр төлөх үүрэг, талуудын эрх, үүрэг гэх мэт зүйлийг тусгаснаар хэзээ, хэрхэн, яаж төлбөр төлөх нь тодорхойгүй болсон байдаг. Газар эзэмшүүлэх гэрээгээр газрын төлбөр жилийн 840 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэгч нь 2016-2018 оны төлбөрийг урьдчилан төлсөн нь банкны хуулгаар нотлогддог. Мөн 2019-2022 оны төлбөрийг тухай бүр төлж байсан нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг 2010-2015, 2017-2018 онуудад газрын төлбөрийг төлөөгүй гэж үзэхдээ газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар үнэлсэн боловч зөв үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, газрын төлбөр төлөх үүрэг хэзээ эхэлж үүссэн гэдгийг зөв тогтоогоогүй, анх газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж гарснаас хойш төлбөр төлөөгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
3.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх үндэслэлийн хувьд, нэхэмжлэгч Д.С нь газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ маш сайн биелүүлсэн тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэрийг гаргаж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэгч нь гэрээний үүргээ ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдолд газар эзэмших хугацааг сунгах, гэрээ байгуулах шаардлагагүй байсан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий газарт амины орон сууц бариулахаар “С б” ХХК-тай амины орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд энэ талаарх нотлох баримтыг үнэлж дүгнээгүйгээс гадна Коронавирус /Covid-19/ цар тахлын нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.
3.5. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмын талаар Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан бөгөөд захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нотлох баримт цуглуулж, сонсох ажиллагаа явуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмын агуулгатай нийцнэ. Энэ зарчмын агуулга нь захиргааны байгууллага хэн нэгний эрхэд халдсан шийдвэр гаргахын өмнө үр дагавар нь тусах, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс урьдчилан тайлбар авч үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц аргыг хэрэглэх зорилготой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө хийгдсэн ажиллагаа /сонсох ажиллагаа, бодит нөхцөл байдлыг тогтоох/-тай холбоотой нотлох баримт, маргаан бүхий захиргааны мэдэгдсэн баримт гаргуулах шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагчаас ийм баримт байхгүй гэдэг бөгөөд энэ нь шийдвэр гаргах ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч буй хэлбэр юм. Анхан шатны шүүх шийдвэр гаргах ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн эсхүл зөрчигдөөгүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй.
3.6. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших .... гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан бөгөөд хариуцагчид гэрээ дүгнэсэнтэй холбоотой барим байхгүй байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралд гэрээ дүгнүүлэх үүрэг нь зөвхөн нэхэмжлэгчид хамаарах биш, гэрээний хэрэгжилтийг хянан үзэж, алдаа зөрчлийг тухай бүр засуулах, урьдчилан сануулах үүрэг захиргаанд хадгалагдаж байгаа талаар мэтгэлцдэг. Захиргааны зүгээс газар эзэмшигч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд урьдчилан сануулах, тодорхой хугацаа тогтоох зэргээр боломж олгох нь захиргааны үйл ажиллагааны зорилго, зарчимд нийцэх ба харин захиргаанаас ийнхүү зөрчлийг арилгуулах боломжит арга хэмжээ авсаар байхад газар эзэмшигчийн зүгээс үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авах нь захиргааны эрх гэж тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолыг анзаарч үзэлгүйгээр энэ талаарх үйл баримтад дүгнэлт өгөөгүй.
Иймд анхан шатны шүүх нотлох баримт болон хуулийг буруу хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Сээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/422 дугаар захирамжийн Д.Ст холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “… 2010 оноос газар эзэмшиж эхэлснээс хойш үүргээ биелүүлж ирсэн, газрын төлбөрөө бөөнд нь төлж ирсэн тул төлбөр төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохыг шаардсан Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр газар эзэмшигчийг буруутгасан нь үндэслэлгүй” гэж тайлбарлана.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2010 оноос эзэмшиж эхэлснээс хойш газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу огт ашиглаагүй, захиргааны акт гарах хүртэлх газрын төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
3. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
3.1. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай” А/197 дугаар захирамжаар Д.Ст тус дүүргийн 20 дугаар хороо, Халзангийн ам нэртэй газарт 700 м.кв газрыг иргэний ахуй /амины хашаа/-н зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 0315264 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
3.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/193 дугаар захирамжаар Д.Ст олгосон газар эзэмших эрхийг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар сунгаж, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан.
Мөн дээрх захирамжийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 000083435 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 01110-2016/00482 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г дахин байгуулжээ.
3.3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/422 дугаар захирамжаар “... газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүй зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, ... газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр 86 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчид олгосон уг газар багтжээ.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмшигч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай ба (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
5. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
6. Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2010 оноос эзэмшиж, 2016 онд эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгуулж, газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2022 онд түүнийг хүчингүй болгох хүртэл олгосон зориулалтын дагуу огт ашиглаагүй болох нь 2013-2023 онуудын сансрын зураг, маргаан бүхий газарт хийсэн “... нэхэмжлэгчийн газар хашаалаагүй, газар дээр хоосон байв” гэх шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэргээр тогтоогдож байна.
7. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг хэрэглэх ба хэм хэмжээний эрх зүйн үр дагаврыг тодорхойлохдоо “тухайн эрх зүйн хэм хэмжээг адил тохиолдолд, өөр буюу дээд шатны шүүхийн шийдвэрт хэрхэн тайлбарласныг харгалзах” хууль тайлбарлах туслах аргыг ашиглах тохиолдол бий боловч эзэмшүүлсэн газрын байршил, хэмжээ, зориулалт тодорхой бөгөөд 2016, 2020 онд байгуулсан газар эзэмших гэрээнд мадаггүй тусгасан, хэргийн оролцогчдын хувьд энэ талаар маргаагүй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг цуцлах гэж буй үндэслэлийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан мэдэгдсэн зэргээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргааны үйл баримт өөр байх тохиолдолд уг аргыг хэрэглэхгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... энэ үйл баримтад холбогдох зохицуулалтыг Улсын дээд шүүхийн 2024 оны 59 дүгээр тогтоолоор хэрэг маргааныг шийдвэрлэх замаар тайлбарлачихсан” гэх тайлбарыг хүлээн авсангүй.
8. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий газарт амины орон сууц бариулахаар “С б” ХХК-тай амины орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүх үнэлж дүгнээгүй, ... Корона вирус цар тахлын нөхцөл байдлыг анхаарч үзээгүй” зэргээр тайлбарлан маргах боловч анх 2010 онд газар эзэмшүүлснээс хойш газрыг зориулалтын дагуу ашиглах хугацаа хангалттай байхад нэхэмжлэгчийн зүгээс газрыг зориулалтын дагуу ашиглахад чиглэсэн ямар нэг ажиллагаа явуулаагүй, 2019 онд тухайн газар дээр амины орон сууц захиалан бариулахаар байгуулсан гэх ажил гүйцэтгэх гэрээнд Д.С гарын үсэг зурж баталгаажуулаагүй, “талуудын хооронд төлбөрийн маргаан үүссэнээс гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд үүнийг газрыг зориулалтын дагуу ашиглахад чиглэсэн үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрх үүссэнээс хойш зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын маргаан бүхий акт 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/422 дугаар захирамжаар “эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Д.Сийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцэхээс гадна нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
9. Харин маргаан бүхий актад дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үед төлбөрийн үлдэгдэлгүй байсан бөгөөд 2019 он хүртэл жил бүр 840 төгрөгөөр, 2020 оноос жил бүр 38165 төгрөгөөр тооцож, газрын төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан газрын кадастрын системээс хэвлэсэн 2020-2023 оны төлбөр төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын I албаны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06/2136 дугаар албан бичгээр ирүүлсэн 01110-2016/00482 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдох бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14935 төгрөгийн илүү төлөлттэй гарчээ. /хэргийн 15, 109-110 дахь талд/
10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2010-2014 оны газрын төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй боловч маргаан бүхий акт гарах үед уг зөрчлийг арилгасан байхад үүнийг захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь учир дутагдалтай бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн “... 2010-2015, 2017-2018 онуудад газрын төлбөр төлөөгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт цуглуулсан нотлох баримтыг буруу үнэлсний зэрэгцээ хуулийг буруу тайлбарласан гэж дүгнэхээр байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/193 дугаар захирамжаар Д.Ст олгосон газар эзэмших эрхийг сунгах хүртэл газрын төлбөрийн асуудлаар хэргийн оролцогчид маргаангүй гэж тайлбарласныг анхан шатны шүүх харгалзаагүй байна.
11. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл дээрх байдлаар үгүйсгэгдэж байх боловч нэгэнт нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/422 дугаар захирамжийн нэхэмжлэгч Д.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.
12. Нэхэмжлэгчээс “... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, гарсан шийдвэр хүргүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа явуулах заалтыг зөрчсөн” гэж маргадаг боловч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшигч нарт хандан, олон нийтийн сүлжээгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Харин маргаан бүхий актыг нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хүргүүлж, баримтжуулаагүй нь буруу боловч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны эдгээр зөрчил нь маргаан бүхий актад дурдсан “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй буюу зөрчлийг үгүйсгэх бусад үр дүнд хүрэхээргүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/1041 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “40.1.5,” гэснийг хасч өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ